Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Г.Хатанцэцэг,

            ялтан түүний өмгөөлөгч З.Ганчимэг, Т.Мөнхцэцэг,

            хохирогч Б.Э,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Г-д холбогдох 201526020457 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Г-Г, Улаанбаатар хотод 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Ногоон чулуут 1” дүгээр гудамжны 22 тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар: УМ90110114/

 

Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын урд талын автобусны буудлын орчим хохирогч Б.Э-ныг “эмэгтэй хүнийг үсдэж, машин руу чирсэн үйлдлийг нь таслан зогсоох гэж шаардлага тавьсан”-ны төлөө зодож, танхайн сэдэлтээр бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Спортын төв ордон”-ны орчим Б.С-тэй “явган хүний гарцаар гарахдаа автомашин руу цохилоо” гэж маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.С-д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ээс 3,800,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, 1 ширхэг “СиДи”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд цахим сүлжээ ашиглан оролцож гаргасан тайлбартаа: “... намайг танхай сэдэлтээр хохирогч биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллаж байгаад гомдолтой байна. 2015 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Өргөө” кино театрын автобусны буудал дээр надтай хамт явж байсан А.Ганцэцэгийг Б нь зодож танхайрч байхад нь болиоч гэж хориглоход улам догшин авирлаж, намайг боож дараад хүч хэрэглэн чирч, ТҮЦ-ний ард зодох гэхээр нь би айж сандараад хавсарч унаган зугтсан... Хохирогч миний бие нь санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй.

Иймд дээрх байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянан үзэж, хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

            Ялтан өмгөөлөгч З.Ганчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй нэгтгэн шалгуулахаар давж заалдах гомдол гаргаж байсан. Энэ нь шинэ Эрүүгийн хууль үйлчилж эхлэснээс шалтгаалан ач холбогдолгүй болсон тул уг гомдлын үндэслэлээс татгалзаж байна.

Г.Г хохирогчид төлөх ёстой хохирлоос 900,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа.

Тэрээр танхайн сэдэлтээр хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж зүйлчилснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчоос үүдэлтэй. Хохирогч Ганааг барьж аваад нэг удаа алгадаж газар унагасан. Тэгэхээр нь Г “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд хохирогч Б.Э- Г-тэй зууралдаж, цамцны захаар нь боож, машины капут дээр дарж унагаж байгаа нь хэрэгт авагдсан дүрс бичлэгт тодорхой харагддаг. Ийм байхад Г.Г-ийг танхайн сэдэлтээр бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа учраас дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хянан үзэж, Г.Г-дэд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Ялтан өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Хохирогч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан. Г.Г-д нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Харин хэрэг давж заалдах шатанд хянагдах явцад шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн тул түүний үйлдлийг тус хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 900,000 төгрөг төлсөн, хохирлын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлт зэргийг нь харгалзан 4 жил хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болохгүй гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Г-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Г.Г-д нь:

1. 2015 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын урд талын автобусны буудлын орчим хохирогч Б.Э-ныг “эмэгтэй хүнийг үсдэж машин руу чирсэн үйлдлийг нь таслан зогсоох гэж шаардлага тавьсан”-ны төлөө зодож танхайн сэдэлтээр бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

 

- Хохирогч: “... 2015 оны 4 дүгээр сарын 23-ны орой... тамхи авах санаатай “Өргөө” кино театрын урд талын автобусны буудал руу алхаж байтал нэг эмэгтэйг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зодоод, үсдэж чирээд байхаар нь “больцгоо” гэж хэлсэн. Тэгтэл машин дотроос нэг залуу гарч ирээд намайг заамдаж аваад, түлхсэн. Би газар өгзөгөөрөө унаад босч ирээд нөгөө залуутай барьцалдаж авснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа...” /1-р хх-25-26, 85/,

- Гэрч Б.Цэндсүрэнгийн: “... Хадаа гэх миний таних таксинд явдаг залуугийн хамтран амьдрагч Ээгий гэх эмэгтэй хамалцуу ирээд миний хажууд зогссон. Тэгтэл автобусны буудал дээр 92-24 УБК улсын дугаартай, хар өнгийн суудлын автомашин ирснээ цонхоор нь нэг эмэгтэй “Ээгий чи муу өрөө төлөөрэй, чи ямар овоо байна аа” гэж хашгираад бууж ирээд Ээгийг үсдээд автобусны буудал дээгүүр чирээд байсан. Би нөгөө эмэгтэйд хандан “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэхэд “та нарт хамаагүй, ална шүү” гээд дайраад, тоосон шинжгүй байсан... Тэгээд машин руугаа чирч оруулах явцад нэг залуу шаардлага тавьж “чи болиоч наад хүнээ аллаа” гээд зодуулж байсан Ээгийг татаж авах гэхэд, нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан уг машины жолооч болох залуу бууж ирээд залууг заамдаж аваад “ТҮЦ” рүү ар дагз хэсгээр нь цохиулаад газар цемент дээр унагасан. Унагасны дараа маш чанга дуу гарсан учир тэр жолооч залуу тэр залууг цохьсон юм уу, савсан юм уу алингаар нь уг үйлдлийг хийснийг хэлж мэдэхгүй байна...” /1-p хх-33-35/,

- Гэрч Э.Жамсрандоржийн: “... “Өргөө” кино театрын автобусны буудал дээр зогсч тамхи авах гэтэл Ганаа нэг эмэгтэйтэй маргалдаад үсдэж чирээд, машин руу оруулах гээд байсан. Тэр үед “ТҮЦ”-ний хавьцаа зогсч байсан нэг ах “та нар больцгоо” гээд Ганааг үсдээд цохиод байх шиг байсан. Г- машинаас буугаад маргалдаж байснаа заамдалцаж аваад “ТҮЦ”-ний араар ороод, гарч ирээд машинд суугаад хөдөлсөн...” /1-р хх-86-87, 224-225/,

- Гэрч А.Ганцэцэгийн: “... Би юмаа нэхэж Ээгийтэй маргалдаж үсдэлцсэн. Энэ үед огт танихгүй өндөр туранхай эрэгтэй ирээд намайг алгадаад авсан. Энэ үйл явдлыг Г хараад машинаас бууж ирэхэд тэр залуу Г-ийг боогоод машины урд хэсэг рүү дараад байсан. Тэгэж байснаа хамт “ТҮЦ”-ний араар орсон. Удалгүй Г гарч ирсэн...” /1-р хх-229-230/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогч биед баруун чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6529 дүгээр дүгнэлт /1-р хх-44/,

- Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын автобусны буудлын орчимын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-20-23/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Спортын төв ордон”-ны орчим Б.С-тэй “явган хүний гарцаар гарахдаа автомашин руу цохилоо” гэж маргалдан зодож, хувийн таарамжгүй харьцааны улмаас хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Д.С-ийн: “... 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө найз Одончимэг, Ховор-Эрдэнэ нарын хамт Спортын төв ордны урд талын явган хүний гарцаар гарч явж байтал “Эстима” загварын автомашин миний зүүн талаас орж ирээд миний гарыг шүргэсэн. Тэгсэн жолооч нь бууж ирээд яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь би болон манай найзууд машиныг чинь цохиогүй, бид нар ингээд явъя гэсэн... Гэтэл жолооч Спортын төв ордны урд талын харанхуй булан руу дагуулж яваад заамдаж хоолойг боосон. Энэ хүн бол Гансүлд...” /1-р хх-218-220/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Янжинлхамын: “... Мөнхсүрэн эгч ганцаараа машин барьж ирж намайг авсан. Алтангэрэлийг асуухад Г ахтай чинь хамт 2-3 хүнтэй муудалцаад үлдсэн гэсэн. Спортын төв ордны харалдаа автобусны буудал дээр очиход замын эсрэг талд Г-д нэг залуутай маргаад, бие биенээ заамдсан, хажууд нь Алтангэрэл зогсч байсан... Г ахыг машинаас буухад тэр залуу цохих шиг болсноо зугтаасан. Г араас нь хөөсөн... Тэр залууг зодож цохиж байгааг би хараагүй. Харин машины хаалга онгойлгоод буугаад ир нэг нэгээрээ үзье гээд Г-ийг машинаас буухад цохиод авах шиг болсон...” /1-p хх-222-223/,

- Гэрч У.Алтангэрэлийн: “... Багшийн дээдээр эргээд явган хүний гарц өнгөрөхөд согтуу залуу 2 охинтой хамт зөрөхдөө машин руу өшиглөөд өнгөрсөн. Тэгэхэд Г яаж байна аа гэхэд, тэр нэг машины марк хэлээд төмөр стимо унаад ингэдэггүй юм гэж хэлсэн. Г бууж очоод юу гээд хуцаад байна гэхэд, тэр залуу Г-ийг хойш гараараа түлхээд хоёулаа халз үзэх үү гээд заамдаад авсан. Харилцан заамдалцсан ба тэр залуу үзэх үү гээд байсан... Энэ үед Мөнхсүрэн Янжинлхамыг авахаар явсан...” /1-р хх-226-228/,

- Гэрч Х.Одончимэгийн: “... Спортын төв ордны явган хүний гарцан дээр найз С, Ховор-Эрдэнэ нарын хамт гарч байх үед “Эстима” загварын машин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед С машины хажуу тал дээр 2 гараараа тулсан. Тэгээд зам хөндлөн гарах үед нөгөө машин буцаж ирж зогсоод, жолооч нь цонхоороо машин яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь Саруул-Эрдэнэ өшиглөөгүй шүү хөгшөөн гэсэн. Жолооч нь бууж ирээд С-Э-ийг Спортын төв ордны урд талын харанхуй хэсэг рүү дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед Саруул-Эрдэний хоолойг боосон байдалтай байсан...” /1-р хх-233/,

- Гэрч М.Ховор-Эрдэнийн: “... автомашин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед С машины хажуу тал дээр хоёр гараараа тулсан. Тэгээд зам хөндлөн гарах үед нөгөө машин буцаж ирээд, жолооч нь яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэсэн... Тэгэхээр нь бид нар уучлаарай ахаа бид нар ингээд явлаа гэж хэлсэн. Жолооч нь С-ийг Спортын төв ордны урд талын харанхуй хэсэг рүү дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед С-ий хоолойг боосон байдалтай байсан...” /1-р хх-234/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогчийн биед хүзүү, баруун далны дээд хэсэг, дагзны баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13586 дугаар дүгнэлт /1-р хх-236/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Г.Г-ын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэж, “бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан”, “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу ял оногдуулан, зарим хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ.

 

“Өргөө” кино театрын урд талын автобусны буудал орчмын камерийн бичлэг болон тухайн хэрэг явдлыг нүдээр харсан гэрч Г.Цэндсүрэн, Э.Жамсрандорж, А.Ганцэцэг нарын мэдүүлгүүдээр Г.Г-д нь хохирогч Б.Энхтайваныг зүй ёсны шаардлага тавьсны төлөө зодож хүнд хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд “... хэргийг танхайн сэдэлтээр, санаатай үйлдээгүй...” гэх Г.Гансүлдийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.

 

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас үзэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон байх тул Г.Г-ийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу хөөн хэлэлцэх зургаан сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байна.

 

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг “танхайн сэдэлтээр үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиас хассан учир хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинжээр нь шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилэх үндэслэлтэй байна. Энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж, өмнөх хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг дээш татсан ч доод хэмжээг мөн доошлуулсан учраас хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Иймд Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуулиар хассан учир анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял болгон хөнгөрүүлж, ялын тодорхой хэсгийг өршөөлд хамруулахын зэрэгцээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэл, хор уршиг зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 1 дэх заалтад “Шүүгдэгч-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн... гэм буруутайд тооцсугай” гэснийг “Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-дийг 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-дийг 7 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

- 4 дэх заалтад “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 8 /найм/ жил хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдсэн 6 /зургаа/ жил хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоосугай” гэж,

 

- 5 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан, түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Ялтан нь хохирогч Б.Э-ны хохиролд 900,000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН