Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2042

 

Ц.Туяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Туяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

           

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад албадан дуудлага худалдаа болсон бөгөөд барьцааны зүйл болох миний өмчлөлийн орон сууц худалдан борлуулагдаагүй. Тиймээс анх шүүхэд гаргасан дуудлага худалдааг түр хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ийнхүү ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Билгүүнтэй уулзаж төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүй шууд миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн хууль бусаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний бие мэдсэн. Хуулийн дагуу дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь дуудлага худалдаанд орох эрхтэй. Мөн дуудлага худалдаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл өмчлөгч Ц.Туяа миний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа үнийн саналыг аваагүй нь өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа болсон. Хэт бага үнээр төлбөр авагч талд тооцон шилжүүлэх гэж байгаа хууль бус ажиллагаанууд нь надад болоод миний гэр бүл, үр хүүхдүүдэд маш их хохиролтой, эрхийг минь ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар хийсэн үйлдлийг тогтоож, барьцааны зүйлийг дахин дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Билгүүнээс 81 525 665 төгрөг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Билгүүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргий 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр, 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Билгүүн зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ц.Туяа 34 тоот орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч А.Билгүүн, өмчлөгч Ц.Туяа нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а байрны 3 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 88 130 000 төгрөгөөр, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байр, 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84 000 000 төгрөгийн 70 хувь буюу 58 800 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “Ориент инвест” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Баясгалан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд зах зээлийн ханшийн дагуу үнэлэгдсэн. Хэт бага үнэлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахсан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Туяагаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар худалдан борлуулах, тэр бүү хэл 2 дахь дуудлага худалдааны тал үнээр төлбөр авагч талд шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа нь миний болон гэр бүлийн минь эрх ашигт ноцтой нөлөөлж байна. Төлбөр авагч буюу “Ориент инвсст” ББСБ ХХК нь өөрийн зээлийн гэрээний үүрэгт үйлчилгээний зориулалттай байр, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийг үйлчилгээний зориулалттай байраар хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй. Миний зүгээс шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтийг минь хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч миний бие хуулийн мэдлэггүй бөгөөд өөрийнхөө эрх ашгийг бүрэн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадаагүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Туяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

       Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар хариуцагч А.Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 81 525 665 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байрны 34 тоот, 42.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

         Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй бөгөөд Ц.Туяагийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15/226, А.Билгүүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/281 тоот тогтоолоор тус тус битүүмжилж /хх-38/, 1 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/283, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/284 тоот тогтоолоор тус тус хураан авсан /хх-40/ ажиллагаанд гомдол гаргаагүй, уг ажиллагаа хүчинтэй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг явуулахад нэхэмжлэгч нь 1 өрөө орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба уг саналыг төлбөр авагч зөвшөөрснийг үндэслэн уг орон сууцны албадан дуудлага худалдааны доод үнийг 84 000 00 төгрөгийн 70 хувь буюу 58 800 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаархи шүүхийн дүгнэлт зөв юм.

          Нэхэмжлэгч Ц.Туяа нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул уг хөрөнгийн үнэлгээний санал гаргах эрхгүй.

 

Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3/23546 тоот мэдэгдэл, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хамт Ц.Туяа /хх-43/-д тус тус шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

          Ц.Туяагийн өмчлөлийн 1 өрөө орон сууц болон А.Билгүүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсан /хх-43/ боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасан 2 дахь дуудлага худалдааг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр товлож явуулахад мөн худалдан борлогдоогүй /хх-47/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хх-46, 49-50/.  

 

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралд Ц.Туяа ирээгүй, харин А.Билгүүн оролцсон байна. Уг хурлын  протоколоос үзвэл барьцааны зүйл болох дээрхи 2 үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг хариуцагч байгууллага санал болгосон ба төлбөр авагч зөвшөөрчээ.

 

          Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу явагдсан байна.

         

          Нэхэмжлэгч Ц.Туяа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхээ хэрэгжүүлсэн талаар баримтгүй, анхан шатны шүүх уг эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар тухайлан тодруулах ажиллагааг явуулаагүй ч нэхэмжлэгчид боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсныг буруутгах боломжгүй.

 

          Төлбөр төлөгч А.Билгүүний төлбөрийн хэмжээ нь 81 525 665 төгрөг, барьцаа хөрөнгийн нийлбэр дүн талуудын тохиролцсоноор 209 000 000 /125 000 000+ 84 000 000/ төгрөг боловч үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул дээрхи үнийг зах зээлийн үнэ гэж тодорхойлох боломжгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаагаар орсон бол доод хэмжээ нь 104 500 000 төгрөгөөр худалдан борлогдох боломжтой байгаагаас дүгнэвэл төлбөрийн нийт үнэтэй дүйцэхгүйц байна гэж дүгнэхээр байна.

 

          Нэхэмжлэгч Ц.Туяад шүүх 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн, тэрээр өмгөөлөгч Н.Баярхүүгийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ба шүүх хуралдаан /хх-146/ дээр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ гаргаагүй тул өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангаагүй гэх түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

          Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хууль мэдэхгүй байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3 дахь заалтад холбогдох заалтыг “7.2” гэж буруу тодорхойлсныг анхааруулав. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Туяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө    гардан   авах   үүргээ  биелүүлээгүй нь хяналтын  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА    

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА