Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00438

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2435 дугаар магадлалтай

Д.А-ын нэхэмжлэлтэй

“Т” ТӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А- нь 2014 оны 10 дугаар сараас “Т” ТӨҮГ-т хэвлэлийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирлын Б/28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар, Буянт-Ухаа 2 хорооллоос орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн баримтыг хуурамчаар бүрдүүлж, орон сууцны зээл авсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан заалтыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон талуудын мэтгэлцээнээр ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй байна. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Д.А-ын хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний хөдөлмөрлөх чиг үүрэгтэй холбоотой баримт бичиг биш юм. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрмээр тухайн байгууллагад хэн нэгэн этгээд бэлнээр орлого өгснийг нотолж байгаа баримт болохоос албан хэрэг хөтлөлтийн журамд заасан баримт бичиг биш юм. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ орон сууцны захиалгын гэрээтэйгээ холбон үзэж тус баримтыг Д.А-ыг үйлдсэн гэж буруутгасан. Тухайн үед Монгол банкнаас санхүүжилт байхгүй гээд банкны зээл судлуулах хугацаа хойшилсон. Ингээд ХААН банкнаас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээл олгохоор шийдвэрлэсэн. Д.А-ыг урьдчилгаа төлбөрийн баримтаа авчрахыг шаардсан, байгууллагаас баримтаа авах гэхэд 13 291 200 төгрөг ороогүй гээд баримт өгөөгүй юм билээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан бодогч н.Алтангэрэлд дээрх мөнгийг бэлнээр тушаасан, гэтэл тэр баримт нь ороогүй байна гэсэн асуудал гарч ирсэн байдаг. Ажил олгогч энэ баримтаар төлсөн мөнгө кассанд ороогүй гэж байгаа учир нэхэмжлэгч нь н.Алтангэрэлээс энэ мөнгийг тусдаа нэхэмжлэх болно. Ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас нь халсан байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ баримтыг үйлдсэн Д.А-д хамааруулж үзээд байгаа бол тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн гэрээний хамааралтай зөрчил биш юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, Б.Итгэлбат нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А- нь “Т” ТӨҮГ-т хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан. Манай захиалгаар баригдсан Буянт-Ухаа 2 хорооллоос орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулсан. Ажилтан ямар нөхцөлөөр орон сууц худалдаж авдаг вэ гэхээр 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн 70 хувьд ипотекийн зээлд хамрагдах замаар орон сууц худалдаж авах журамтай. Банкнаас ипотекийн зээл авахдаа 30 хувиа манай байгууллагын дансанд төлсөн байх буюу манай “Т” ТӨҮГ-ын дансанд байршуулж, төлсөн баримтыг нь банкинд өгөх зарчимтай байдаг. Тухайн үед Д.А- урьдчилгаанд төлөх 13 291 200 төгрөг төлөөгүй байсан гэдгийг бид нар мэдээгүй. Манайд 2017 оны хавар аудитын шалгалт орж, Д.А-ын урьдчилгаанд төлсөн 13 291 200 төгрөг хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн байдаг. Ингээд Д.А-аас өөрөөс нь тайлбар авахад би мөнгөө төлсөн гэж ярьсан. Тухайн үед манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч н.Алтангэрэл ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд маргаан үүсэж тодруулга авахад Д.А- нь тус мөнгийг өөрөө төлөөгүй болох нь нотлогддог. Ингээд төлөөгүй гэдэг байдал тогтоогдсоны дараа Д.А- 2017 оны 04 дүгээр сарын 15-ны үед байгууллагын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Ипотекийн зээл нь 2017 оны 03 дугаар сарын 20-нд гарсан. Бид хүсэлт гаргаж ХААН банкнаас нотлох баримт гаргуулсан. Зээлийн хувийн хэрэгт нь “Т” ТӨҮГ-ын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт байдаг ба үүнд байгууллагын нэр гэдэгт ТОСК, мөнгө тушаагч гэдэгт Д.А-, гүйлгээний утга хэсэгт Буянт-Ухаа 2, 1014-14 тоот урьдчилгаа 20 хувь, 13 292 100 төгрөг гэж бичээд доор нь нягтлан бодогч Алтангэрэл гэж бичсэн баримт байсан. Дараа нь энэ мөнгө ороогүй байна гэсэн асуудал яригдахад мөнгөө төлсөн гэж өөрөө худал хэлсэн. Гэтэл төлөөгүй болох нь тухайн үед ажиллаж байсан нярав, нягтлан нарын мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс Д.А-ыг байгууллагын итгэл эвдсэн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээ бол өргөн агуулгатай, олон харилцааг зохицуулдаг. Зөвхөн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг зохицуулдаггүй. Д.А- нь энэ үйлдлээрээ ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж үзэж байгаа. Мөнгөний баримт нь санхүүгийн анхан шатны баримт болж нэг хувь нь няравт байх ёстой боловч тэр нь байдаггүй. Иймд Д.А-ыг ажлаас халсан захирлын Б/28 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ыг урьд эрхэлж байсан “Т” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 25-ныг хүртлэх ажлын 95 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 584 765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.А-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогч “Т” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 306 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2435 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Д.А- нь “Буянт-Ухаа 2” хорооллоос орон сууц худалдаж авсан бөгөөд урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 19 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан. Гэтэл 13 292 100 төгрөгийг дутуу төлж байгууллагад хохирол учруулсан бөгөөд энэхүү үйлдлээ нуун дарагдуулж байгууллагын кассанд бэлнээр тушаасан гэсэн хуурамч орлогын баримт бүрдүүлэн залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсан нь хожим илэрсэн юм. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо анх 30 хувиа төлөх ёстой байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцсон нь буруу болсон гэж үзэж байна.

Зөрчил үйлдсэн хугацаа гэж тухайн зөрчлийг үйлдэж дууссан өдрийг хэлнэ. Гэтэл Д.А- нь 13 292 100 төгрөгийг төлөлгүй нуун дарагдуулж явсаар 2017 оны 04 дүгээр сард хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн байдаг. Энэ санхүүгийн зөрчил илэрсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байсан.

2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ дүгнэлт хэсгийн 4 дүгээрт бэлэн мөнгөний баримтыг хуурамчаар үйлдсэн талаар нотлох баримт байхгүй байгаа тул түүнийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх ноцтой зөрчил гаргасан байна гэж зөв дүгнэсэн бөгөөд 6 сар өнгөрсөн учир шийтгэл ногдуулах боломжгүй гэж үзсэн. Байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь 2016 оны 11 дүгээр сард чөлөөлөгдөж шинэ нягтлан бодогч томилогдсон байдаг. Байгууллагын санхүү бүртгэлээр тушаасан мөнгө бүртгэгдээгүй байдаг. Гэтэл Д.А- би өмнөх нягтлан бодогчид мөнгө тушаасан мэтээр хуурамч кассын баримт өмнөх нягтлан бодогчоор бичүүлэн ирж залилан мэхлэх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. Энэ талаар нэхэмжлэгч талын мэдүүлэг, тайлбараар нотлогдож байхад шүүх бэлэн мөнгөний баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотлох баримт байхгүй буюу шалгаж тогтоосон аудитын дүгнэлт алга гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт байхаар заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлж үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2, 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, үнэлэх ёстой байсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.

3. Д.А- нь “Т” ТӨҮГ-ийн Захиргаа, санхүүгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тушаал дээр Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн гэж харьяалах газар хэлтсийн нэрээр тушаал гаргасан байтал шүүх Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн хоёрыг өөр ажлын байр мэтээр дүгнэсэн нь буруу байна. Түүний ажлын байрны нэршил нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой бичигдсэн байхад шүүх уг нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж үзэлгүй буруу дүгнэлт гаргасан байна. Ажлын байрны нэршилтэй холбоотой асуудлаар зохигчид маргаагүй болно.

“Т” ТӨҮГ нь иргэн Д.А-ын хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлээс үүдэж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Залилан мэхлэх замаар байгууллагадаа 13 сая төгрөгийн хохирол учруулсан ажилтанг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь байгууллагын бусад ажилтнуудад үлгэр дуурайлалгүй, сахилга батгүй, хөдөлмөрийн дотоод журам үйлчилдэггүй байдлыг өөгшүүлсэн болно гэж үзсэн.

“Т” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчөөгүй, Д.А-ын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Д.А-ын энэхүү үйлдэл ёс зүйгүй, гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд ажил олгогчийн итгэлийг эвдсэн тул ажил олгогчийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 2435 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.А- нь “Т” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.А-ыг “Т” ТӨҮГ-т хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад нь “Т” ТӨҮГ нь ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 тушаалаар “... “Буянт-Ухаа 2” хорооллоос орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөр төлсөн баримтыг хуурамчаар бүрдүүлж зээл авсан нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.47.-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хуурамчаар бүрдүүлсэн гэх баримт нь нэхэмжлэгч Д.А-аас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “захиалсан орон сууцны урьдчилгаа” төлбөрт 13 292 100 төгрөгийг төлсөн тухай Бэлэн мөнгөний орлогын баримт байх бөгөөд тус баримтад хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаж, нягтлан бодогч гарын үсгээ зурсан байна.

Баримтаар тушаасан мөнгө байгууллагын дансанд ороогүй гэх боловч байгууллагад мөнгө хүлээлгэн өгснөө нотлосон бэлэн мөнгөний баримт болоод баримтад дарагдсан байгууллагын санхүүгийн тэмдэг, түүнд  зурагдсан нягтлан бодогчийн гарын үсгийг хуурамч, хууль бусаар үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал, үндэслэлээ хариуцагч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс захиалсан орон сууцны урьдчилгаанд бэлнээр тушаасан 13 292 100 төгрөг байгууллагын дансанд ороогүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч Д.А- банкнаас олгох  орон сууцны зээлд хамрагдахын тулд түүний урьд тушаасан мөнгө байгууллагын дансанд ороогүй болохыг мэдсэний дараа тухайн төлбөрийг дахин төлсөн нь түүнийг урьд нь энэ төлбөрийг хийгээгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасныг ажил олгогч тогтоогоогүй атлаа энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтаар  нотлоогүй байх боловч ажилтны гаргасан зөрчилд хариуцлага тооцох хуульд заасан хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Иймд ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01774 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2435 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч “Т” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД