Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1638

 

 

 

 

 

 

 

 

  2019        10          28                                  2019/ШЦТ/1638

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

            улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

            шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан ҮД:06-78 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Эөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 2122 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Т.Э

            Холбогдсон хэргийн талаар:

            Т.Э нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн “Камео” нэртэй баарны гадна Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын биед нь хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: ...Тэгээд өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болж шууданч цагдаа, ахлах ахлагч Жамсран, бичээч, цагдаагийн ахлах ахлагч Навчаа нарын хамтаар Ч-6 дугаар чиглэлд буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар сарын Сансарын тунель орчимд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд хариуцсан эргүүлийн чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд буюу шөнө 03:10 цагийн үед Сансарын тунелийн Камел баарны тусгай зөвшөөрлийг шалгачихаад гадагшаа гарах үед гадна талбайд үл таних 20-25 орчим насны 2 залуу гартаа шилтэй пиво барьсан, түүнийгээ уучихсан зогсож байсан юм. Тэгээд ахлах ахлагч Жамсран бид 2 нөгөө залууд хандаж амрыг эрье, залуучууд архи согтууруулах ундааны зүйлийг гудамжинд ууж хэрэглэж болохгүй шүү, согтууруулах ундаагаар үйлчлэх зориулалтын газарт нь орж пиво ууж хэрэглээрэй гэж хэлсэн юм. Гэтэл хар өнгийн савхитай, хар өнгийн цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй Төмөрбаатарын Т.Э гэх залуу нь та нарыг бид нар хүлээх ёстой юм уу, Архи ууж байгаа хүмүүсийг та нар яадаг юм бэ гэх зэргийн зүйл хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр залууд хандаж цагдаагийн алба хаагч бид танд хууль ёсны шаардлага тавьж байна шүү, та наад ууж байгаа пивоо аваад дотогшоо сууж байсан газартаа ороод уугаад дуусгачих гэж хэлсэн юм. Гэтэл тэр залуу өөдөөс хэл амаар доромжлоод чадахгүй, пизда минь энэ тэр гэх зэргийн зүй бус үйлдэл гаргаад байсан учир тэр залууг хэний хэн гэдэг хүн болохыг нь тогтоож шалгах зорилгоор Сүлд-66 дугаар хэсэг рүү авч орох гэтэл тэр залуу цагдаагийн алба хаагч нарыг дагаж явахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн албаны хувцас болон биед халдаж эхэлсэн юм. Ингээд Жамсран бид 2 уг залуугийн үйлдлийг таслан зогсоож Сүлд-66 дугаар хэсэг рүү авч орох гэж оролдсон боловч эсэргүүцэл үзүүлээд байсан учир Сүлд-66 дугаар хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарыг дуудахад ахлах, ахлагч Г.Дэмчиг ирсэн юм. Тэгээд Дэмчиг, Жамсран бид 3 нөгөө иргэний үйлдлийг таслан зогсоож бичиг баримтыг нь шалгах зорилгоор гарнаас нь татаж байтал тэр залуу миний баруун гарт өчилт хийж намайг газар унагаасан юм. Энэ үед миний баруун талын мөр эвгүй болж хөдлөхгүй байсан ба тэр залуу намайг газар унагаачихаад та нарыг ална гээд миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд тэр залууг тэнд нь гавлаж Сүлд-66 хэсэг рүү оруулж бичиг баримтыг нь шалгах гээд байж байтал дахин орилж чарлаад Сүлд-66 хэсгийн байрны хананд тогтоосон байсан галын хорны савыг гар цохиж, хөлөөрөө өшиглөөд эвдчихсэн юм. Тэгээд над руу дахин дайраад чамайг би хэвтээгээс ална гээд намайг барьж аваад миний мөрдөсийг татаад салгачихсан учир би түүнийг түлхэж, биеэсээ зайлуулан буйдан дээр суулгасан юм. Гэтэл тэр залуу чамайг би хэвтээгээс ч гэсэн ална гэж хэлээд миний зүүн гарнаас барьж байгаад хөлөөрөө миний толгой руу өшиглөөд авсан юм. Тэгээд л түүний үйлдлийг зогсоож Сүлд-112 дугаар чиглэлийн алба хаагч нарт өгч Гүнт-120-д эрүүлжүүлсэн юм. Миний толгой хөндүүртэй, баруун талын мөр хөндүүртэй хөдөлгөж болохгүй байна. Мөн миний баруун гарын чигчий хурууны хэсэгт шалбарчихсан байгаа тул би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Мөн тэр үед миний өмсөж байсан албаны хантааз урагдсан учир гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Дэмчигийн өгсөн: ...Тэгээд би хэсгийн байрнаас гарч Сансарын тунелийн арк руу гүйж очиж үзэхэд мөрдөгч, дэслэгч Мөнх-Эрдэнэ, цагдаа, ахлах ахлагч Жамсран нар 2 залууг саатуулан шалгаж байсан ба 1 залуу нь орилж чарлаж цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжлон, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байдалтай, гудамны саадан дээр суусан байдалтай байсан юм. Тэгээд би явж очоод тэр орилоод байсан залууд хандаж амрыг эрь? Та яагаад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд байгаа юм бэ, наашаа босоод ир гэж хэлэхэд тэр залуу босохгүй, орилоод  суугаад байсан юм. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Жамсран бид 3 тэр залууг дагуулан Сүлд-66 дугаар хэсгийн байр руу авч орж шалгах гэтэл тэр залуу эсэргүүцэл үзүүлээд цагдаагийн алба хаагчийг цохиж биед нь халдаж эхэлсэн юм. Тэгээд дэслэгч Мөнх-Эрдэнэ тэр залуугийн баруун гар талд гарсан, ахлагч Жамсран зүүн гар талд нь гарч би хойд талаас нь бариад авч явах гээд байж байтал тэр залуу гэнэт дэслэгч Мөнх-Эрдэнэ рүү дайрч түүнийг өчөөд газар унагаачихаад дээрээс нь очоод өшиглөх гэхээр нь би очоод тэр залуугийн араас нь татаж Мөнх-Эрдэнээс салгаад зайцуулж байтал тэр залуу дахин орилж чарлаад дайрч давшлаад байхаар нь ахлагч Жамсран бид 2 нийлж байгаад тэр залууг гавлаж Сүлд-66 хэсгийн байр руу авч орсон юм. Хэсгийн байранд ороод тэр залуугийн бичиг баримтыг шалгах гээд зогсож байтал тэр залуу дахин орилж хөөе ахлагчаа гээд над руу нулимж дайраад байхаар нь ахлагч Жамсран түүнийг боль гээд надаас холдуулж байтал тэр залуу баруун гараараа хэсгийн байрны галын хорны төмөр савыг цохиод суурь нь мултарчихссан юм. Тэгж байгаад Сүлд-112 дугаар авто эргүүлийн чиглэлийн алба хаагч нарыг дудуаж, тухайн этгээдийг эрүүлжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Навчаагийн өгсөн: ...Тэгээд дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нь тэр 2 залууд хандаж амрыг эрье, архи согтууруулах ундааны зүйлийг гудамжинд хэрэглэж болохгүй, наад пивоо зориулалтын газарт нь ороод уучихаарай гэж хэлсэн юм. Гэтэл 2 гартаа 2 шил пиво барьсан залуу нь бид нарт хандаж та нарыг хүлээж байх ёстой юм уу, дэслэгч ээ, ахлагч аа гээд бид нарыг цолоор нь дуудаад байсан юм. Үүнээс болж цагдаагийн алба хаагч нар болон тэр хоёр иргэний хооронд үл ойлголцол гарсан ба дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нь тэр 2 залууг дагуулан явж цагдаагийн хэсэг рүү орж бичиг баримтыг чинь шалгая гэж хэлсэн юм. Гэтэл тэр 2 залуугийн нэг нь би та нарыг дагаж явахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн Мөнх-Эрдэнэ, Жамсран нартай зууралдаж ноцолдоод, өмсөж байсан хувцсаа тайлж шидээд, гудамжинд орилж чарлаад эхэлсэн юм. Тэгээд тэр залуу эсэргүүцэл үзүүлээд байсан учир дэслэгч Мөнх-Эрдэнэ намайг гав аваад ир гэж хэлсэн учир би Сүүлд-66 дугаар хэсгийн байр руу орж гав аваад гавыг дэслэгч Мөнх-Эрдэнэ дээр хүргэж өгөхөд нөгөө согтуу залуу нь Мөнх-Эрдэнийн гарнаас нь гавыг булааж аваад цаашаа шидчихсэн юм. Тэгэхээр нь би буцаж Сүлд-66 дугаар байр руу ахлах, ахлагч Дэмчигт болж байгаа асуудлыг хэлэхэд ахлах, ахлагч Дэмчиг нэмэлтээр гарч ирж Жамсран, Мөнх-Эрдэнэ, Дэмчиг нар хамтарч уг залууг гавлан Сүлд-66 дугаар хэсгийн байр руу авч орсон юм. Энэ үед тэр залуу эсэргүүцэл үзүүлээд байсан учир нилээд их ноцолдож байсан гавлаж авсан юм. Тэгээд Сүлд-66 дугаар хэсгийн байранд орчихоод тэр залуу бас л орилж чаралж байгаад хэсгийн байрны хананд тогтоосон байсан галын хорны савыг өшиглөөд мулталчихсан юм. Тэгээд сүүлд нь авто эргүүлийн алба хаагч нар ирж тухайн этгээдийг авч явж эрүүлжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Жамсрангийн өгсөн: ...Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын Түнелийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. ...Т.Э гэх залууг хэсгийн байр руу авч явах гэтэл уг залуу дэслэгч Б.Мөнх-Эрдэнийг гараараа татаж хавираад газар унагаачихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Эийн: ...би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул цагдаагийн албан хаагч нарын хохирол барагдуулж Мөнх-эрдэнэ, Дэмчиг нарт бэлэн 300.000 төгрөгийг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

- Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын дүрэмт хувцас болон биед гэмтэл учирсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Мэргэжлийн боловсролын үнэмлэх, Суурь боловсролын гэрчилгээ, шагнал, урамшлууд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн засаг даргын тодорхойлолт, “МАК ЦЕМЕНТ” ХХК-н тодорхойлолт, Т.Эийн “Голомт” банкны дансны хуулга /хх-ийн 40-45, 46-53, 55, 87, 88-100 дугаар тал/,

- Хавтаст хэрэгтэй танилцсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын тэмдэглэл /хх-ийн 65, 67 дугаар тал/,

- Шүүгдэгч Т.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 35, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Т.Э нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн “Камео” нэртэй баарны гадна Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын биед нь хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг, гэрч Б.Навчаа нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Эийг гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нар хохиролд 150.000 төгрөгийг тус тус авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 65, 67 дугаар тал/,

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Т.Эөд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгч Т.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг, мөн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Т.Эөд оногдуулсан торгуулийн ялыг түүний цалин хөлс, орлогын байдлыг нь харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Э ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э ийг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хантаазыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах шүүхэд  гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ