Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1173

 

105/2019/1598/Э

 

 

 

 

 2019          11            21                                              2019/ДШМ/1173    

 

Т.Э-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1638 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906000002122 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... Э-, 1997 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “....... ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх .... түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Т.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Камел” нэртэй баарны гадна хууль сахиулагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Төмөрбаатарын Э-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хантаазыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Э- давж заалдах гомдолдоо: “...Намайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Харин 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар шийтгэсэн нь миний холбогдсон зүйл ангид зааснаар хамгийн бага ял оногдуулсан хэдий ч миний хөдөлмөрлөж сард олдог мөнгөн дүнтэй дүйцүүлэхэд 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжгүй байна. Учир нь, би 2019 оны 7 дугаар сарын 27-ноос эхлэн “Мак Цемент” ХХК-д гэрээт ачигчийн операторчноор ажилд орж, 1 сарын үндсэн цалин 600.000 төгрөг /шүүх хуралдаан дээр хэлсэн/, үүн дээр нэмж хээрийн ангийн нэмэгдэл, ачилтын нэмэгдэл зэргээс шалтгаалан зарим сар үндсэн цалингаас илүү цалин авах үе байдаг. “Голомт” банкинд З.000.000 гаруй төгрөгийн цалингийн зээлтэй бөгөөд хэрэгт материалаа хавсаргасан байгаа. Мөн аав Төмөрбаатар, ээж Бурмаа, дүү Энхмаа нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд би гэрээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж гэр орныхоо санхүүгийн тал дээр туслалцаа үзүүлдэг. Миний ажиллаж буй байгууллага нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, 12 дугаар сараас 3 дугаар сар хүртэл өвлийн улиралд сул зогсолт хийдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон торгуулийн ялыг 12 сар болгон өөрчилж өгнө үү. Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд цаашид дахиж алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Шүүх хэрэв боломжтой гэж үзвэл миний хувийн байдлыг харгалзан үзэж надад дахин нэг боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшдэг. Мөн хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан тул Т.Э-өд оногдуулсан торгохыг ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Э-өд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Камел” нэртэй баарны гадна талбайд пиво ууж байхдаа хууль сахиулагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын  “согтууруулах ундаагаар үйлчлэх зориулалтын газарт нь орж уу” гэсэн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн тэднийг зүй, зохисгүй үгээр хэлж, газарт унаган өшиглөх, мөрдсийг нь тасдах, албаны хантаазыг нь урах зэргээр албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь “...”Камел” баарны тусгай зөвшөөрлийг шалгачихаад гадагшаа гарах үед гадна талбайд  20-25 орчим насны 2 залуу пиво уучихсан зогсож байхаар нь “амрыг ирье, залуучууд архи согтууруулах ундааны зүйлийг гудамжинд ууж хэрэглэж болохгүй шүү, согтууруулах ундаагаар үйлчлэх зориулалтын газарт нь орж ууж хэрэглээрэй” гэж хэлэхэд Т.Э- гэх залуу нь “та нарыг бид нар хүлээх ёстой юм уу, архи ууж байгаа хүмүүсийг та нар яадаг юм бэ” гэх зэргээр хэлж зүй бус үйлдэл гаргаад байсан учир тэр залууг хэн гэдэг хүн болохыг нь тогтоож шалгах зорилгоор хэсэг рүү авч орох гэтэл дагаж явахгүй эсэргүүцэл үзүүлсэн. ...Дэмчиг, Жамсран бид гурав гараас нь татаж байтал тэр залуу миний баруун гарт өчилт хийж намайг газарт унагаачихаад “та нарыг ална” гээд миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, миний мөрдсийг татаад салгачихсан учир би түүнийг түлхэж, биеэсээ зайлуулан буйдан дээр суулгасан. ...Мөн тэр үед миний өмсөж байсан албаны хантааз урагдсан. ...” /хх 14-15/,

 

хохирогч Г.Дэмчиг нь  “...Нэг залуу орилж чарлан цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжлон, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байдалтай сааданд сууж байсан. ...Мөнх-Эрдэнэ, Жамсран бид гурав тэр залууг дагуулан “Сүлд-66” дугаар хэсгийн байр луу авч орж шалгах гэтэл эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчийг цохиж биед нь халдаж дэслэгч Мөнх-Эрдэнэ рүү дайрч түүнийг өчөөд газар унагачихаад дээрээс нь өшиглөх гэхээр нь би очоод тэр залуугийн араас нь татаж салгаад хэсгийн байр руу авч орсон. Хэсгийн байранд ороод тэр залуугийн бичиг баримтыг шалгах гээд зогсож байтал дахин орилж, чарлан “хөөе ахлагчаа” гээд над руу нулимж дайраад байхаар нь ахлагч Жамсран түүнийг “боль” гээд надаас холдуулахад баруун гараараа хэсгийн байрны галын хорны төмөр савыг цохиод суурь нь мултарчихсан. ...” /хх 17-18/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, тэдгээрийн хууль ёсны шаардлагын эсэргүүцэн хүч хэрэглэсэн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

гэрч Б.Навчаагийн “...хоёр гартаа 2 шил пиво барьсан залуу нь бид нарт хандаж “та нарыг хүлээж байх ёстой юм уу, дэслэгч ээ, ахлагчаа” гээд бид нарыг цолоор нь дуудаад байснаас болж цагдаагийн алба хаагч нар болон тэр хоёр иргэний хооронд үл ойлголцол гарч дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нь тэр хоёр залууг дагуулан явж “цагдаагийн хэсэг рүү орж бичиг баримтыг чинь шалгая” гэж хэлсэн. Гэтэл нэг нь “би та нарыг дагаж явахгүй” гэж эсэргүүцэл үзүүлэн, Мөнх-Эрдэнэ, Жамсран нартай зууралдаж ноцолдоод, өмсөж байсан хувцсаа тайлж шидээд, гудамжинд орилж чарлаад эхэлсэн...намайг гав аваад ирэхэд согтуу залуу нь Мөнх-Эрдэнийн гараас гавыг булааж аваад цаашаа шидчихсэн...ахлах ахлагч Дэмчиг нэмэлтээр ирж Жамсран, Мөнх-Эрдэнэ, Дэмчиг гурав тэр залууг гавлан хэсгийн байр луу авч орсон. Энэ үед тэр залуу эсэргүүцэл үзүүлээд байсан учир нилээд их ноцолдож байгаад гавласан...ахлах ахлагч Дэмчигийн хавирга нь хөндүүртэй болчихсон байна гэж ярьж байсан. Харин дэслэгч Мөнх-Эрдэнийн чигчий хуруунаас нь цус гарсан байдалтай, нэг талын мөр нь хөндүүртэй гээд хөдөлж чадахгүй байсан ба Дэмчиг, Мөнх-Эрдэнэ нарын албаны хувцас нь тоос шороо болчихсон, Дэмчигийн хантааз нь урагдчихсан байгаа харагдсан. ...” /хх 19-20/,

 

гэрч Р.Жамсрангийн өгсөн “...Гадаа пиво ууж болохгүй гэж шаардлага тавихад Э- гэгч нь өөдөөс үг хэл болон үйлдлээрээ эсэргүүцэл үзүүлэн, бичиг баримтаа шалгуулахгүй байхаар нь хэсгийн байр луу авч орж бичиг баримтыг нь шалгах санаатай дагуулан явах гэтэл  эсэргүүцэл үзүүлж Мөнх-Эрдэнэ бид хоёртой ноцолдсон...тэр залууг дийлэхгүй байсан учир “Сүлд-66” дугаар байранд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Дэмчигийг дуудаж ирүүлэн бид гурав хамтарч нөгөө залууг хэсгийн байр луу авч явах гэтэл уг залуу Мөнх-Эрдэнийг гараараа татаж хавираад газар унагачихаад дээрээс нь дараад авсан учир Дэмчиг бид хоёр очиж тэр залууг салгаж авах үед арагшаа гараараа тохойлдож Дэмчигийн гэдэс рүү цохисон...хэсгийн байр луу оруулахад дахиад л орилж агсам тавиад хэсгийн байрны галын хорны төмөр савыг өшиглөөд янз бүрийн үйлдэл гаргаад байсан учир түүнийг эрүүлжүүлсэн. ...”  /хх 21-22/,

 

Т.Э-ийн яллагдагчаар өгсөн “...би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, цагдаагийн алба хаагч нарын хохирлыг барагдуулсан. ...” /хх 6-7/ гэх мэдүүлгүүд,

 

хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын дүрэмт хувцас болох хантааз урагдсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-12/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Э-ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний хууль сахиулагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Дэмчиг нарын  хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан “...торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг 12 сараар тогтоох, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1638 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН                                         

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН