Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2015/0009/З |
Дугаар | 17 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 17
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Монгол стандарт” ХХК-ний тухай нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: “Ногоон ази сүлжээ” төрийн бус байгууллага
“Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосоны давхацсанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д газар ашиглуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан тул уг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрээ гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-ийн захирал Д.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч Э.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, гуравдагч этгээд “Ногоон ази” ТББ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, иргэдийн төлөөлөгч Б.Юмжирдулам нар ирсэн байна, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол Стандарт” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Монгол стандарт” ХХК нь Нийслэлийн Налайх дүүргийн нутагт Элстэй нэрт газарт Ашигт малтмалын хайгуулын 15051Х тоот лицензийг 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор авсан. 2010 оны 06 дугаар сараас эхлэн барилгын материалд ашиглах элсний нөөцийг тогтоохоор хайгуулын ажлаа эхлэх гэж бэлтгэлээ хангаж байх үед хэсэг Солонгос улсын иргэд бидэнтэй уулзаж “Уг газарт их хэмжээний цагаан тугалганы нөөц байж болзошгүй, хөрөнгө оруулалт хийж хамтран ашиглая” гэсэн санал тавьж уулзсан. Бид хүлээн зөвшөөрөөгүй, элсний олборлолтын чиглэлээр ажиллах гэж байгаа талаараа хэлсэн боловч их хэмжээний мөнгө санал болгож манай лицензтэй талбайг худалдан авахаар оролдсон. Мөн тэд цагаан тугалгын олборлолт дуусахаар дээр нь нөхөн сэргээлт хийчихээд баячуудын тоглоом болох гольфийн иж бүрэн талбай байгуулж өгье гэх мэт зүйлийг санал болгож байсан боловч бид хүлээн зөвшөөрөөгүй. Манай хайгуулын зөвшөөрөлтэй талбайд “Ногоон Ази” ТББ-ын гэх хүмүүс оюутнууд авчран манай хашааг нурааж мод тарьж эхэлсэн ба Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын зөвшөөрөлтэй гэж байсан боловч уг зөвшөөрөл нь АМХЭГ-ын 15051Х дугаартай лицензийн газартай давхцаж байх тул газар чөлөөлүүлэх тухай гомдлыг Эрдэнэ сумын Засаг даргад гаргасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 тоот захирамжаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-д газар олгосон нь үндэслэлгүй болохыг тогтоож, газар чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Мөн уг захирамжийн 2 дахь заалтад: “Ногоон Ази сүлжээ” ТББ-д газар ашиглалтыг шилжүүлэхийг үүрэг болгосон боловч “Ногоон Ази сүлжээ” ТББ уг шийдвэрийг илтэд үл хүндэтгэж 2012 оны 05 дугаар сараас эхлэн дахин манай талбай дээр мод тарьж эхлэн, энэ үйл ажиллагаандаа их дээд сургуулийн оюутнуудыг оролцуулан бидний эсрэг турхирч, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа буруу суртал ухуулга явуулж манай компаний нэр хүндэд халдсан тул бид арга буюу Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгох, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 тоот захирамжаар манайтай давхцуулж олгосон “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын газрыг чөлөөлөхөөр шийдвэр гарсан, энэ захирамжинд “Ногоон Ази сүлжээ” ТББ гомдол гаргаагүй мөртөө үл хүндэтгэсээр өдий хүрсэн тул уг шийдвэрийг гүйцэтгэхийг Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монгол Стандарт” ХХК-ний өмгөөлөгч С.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол стандарт” ХХК нь анх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 05 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн гол утга нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 283 тоот захирамжийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2009 онд Ашигт малтмалын газраас Төв аймгийн Эрдэнэ сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэг хоёрын хооронд байрлах “Элстэй” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар хайгуулын лизенц авсан. 2010 оны хавар тухайн газартаа үйл ажиллагаа явуулж эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс очсон хашаа барьж байсан. Энэ талаар тодруулж асуухад “Ногоон ази” ТББ Төв аймгийн Эрдэнэ сумаас газар эзэмших зөвшөөрөл авсан гэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед нь “Монгол стандарт” ХХК-иас энэ үйл ажиллагаагаа зогсоо гэж албан шаардлагыг тавьж байсан ч манай хайгуулын үйл ажиллагаа явуулах талбайг чөлөөлж өгөөгүй. Үүнээс болоод 2010 оноос хойш Налайх, Багануур дүүргийн шүүхээр маргаантай явж байгаад, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой маргаан байсан учраас Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 09-ны А/266 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйл 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А-283 тоот захирамжаар “Ногоон ази” ТББ-д газар олгосон үндэслэлгүй болохыг тогтоож, тухайн газрын өөр газар шилжүүлэх олгох тухай захирамжийг гаргасан байдаг ч тухайн захирамжаа биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн А-283 тоот захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн захиргааны акт шийдвэр гараагүй. Хариуцагч талаас тайлбарлахдаа 2011 онд өөр газар олгох боломжтой байсан. Одоо бол газар олгох ямар ч боломжгүй болсон гэж сумын Засаг даргынхаа захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлэх байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой байсан гэж хэлж байна. Тухайн үед Ашигт малтмалын газарт өргөдлөө өгч байж хайгуулын лизенцийг авдаг байсан. Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгоод, “Ногоон ази” ТББ-д өөр газар шилжүүлэх тухай олгосон захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Захирамж гарсан цаг хугацаанд газрыг өөр газар шилжүүлж олгох боломжтой байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийн анхан шатны шүүх шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалд “Ногоон ази” ТББ-г хуулийн этгээд мөн юмуу биш юм уу гэдгийг хангалттай нотлоогүй байна гэж дүгнэсэн байдаг. “Ногоон ази” ТББ нь газар эзэмших эрхийг авахдаа Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Энэ “Ногоон ази” ТББ-аас нотлох баримтаар өгсөн аж ахуйн нэгжийн гэрчилгээнээс тогтоогдсон. Анх 2013 онд Монгол улсад хуулийн этгээдээр бүртгүүлсэн байдаг. Энэ нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймээс Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 онд “Ногоон ази” ТББ-д олгосон газар эзэмших тухай А/266 тоот захирамж нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газрын тухай хуулинд иргэн аж ахуйн нэгж газар эзэмших, ашиглах бол тухайн шатны Засаг даргад хүсэлт гаргана гэж заасан. Хилийн цэсийн хувьд “Элстэй” гэх газар орчим нь Эрдэнэ сумын газар нутагт ордог. “Монгол стандарт” ХХК нь Эрдэнэ сумын Засаг даргад газар эзэмшиж ашиглах тухай хүсэлт гаргаагүй. “Ногоон ази” ТББ-г газар эзэмших эрх авахаас өмнө түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авсан гэж байгаа боловч энэ талаар мэдээллийн санд оруулаагүйн улмаас давхцал бий болсон. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын А/266 тоот захирамжийг хүчингүй болгуулж, А-283 тоот захирамжийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ардын Их Хурлын 1982 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 131 дүгээр зарлигаар Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийг баталсан байдаг. Энэ эрх хэмжээний хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн байдаг. Улсын Их Хурлаас 1996 онд “Элстэй” гэх газрыг Налайх дүүргийн хилийн цэсэнд оруулсан байдаг ч 1998 онд Эрдэнэ сумын хилийн цэсэд оруулсан. 2009 онд “Ногоон ази” ТББ-д газар эзэмшүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд давхцалтай гэж харагддаг. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахдаа зурган байдлаар сумаас зөвшөөрөл авах ёстой байсан ч боловч зөвшөөрөл аваагүй. Энэ байдлаас бол давхцал үүссэн. Энэ маргаан нь олон жилийн өмнөөс эхэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан энэ хоёр захирамж нь аль аль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тухайн хоёр захирамжийг урьдчилсан журмаар хандсан бол шийдвэрлүүлж болох байсан ч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн. Энэ байдал нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ямар нэгэн хүсэлт өгөөгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ногоон ази” ТББ, “Монгол стандарт” ХХК хоёрын хоорондох маргаан хилийн цэсийн асуудлаас болж маргасан. Энэ маргаан нь Засаг дарга нарын эрх хэмжээнээс үүдэлтэй. Улсын Их Хурлын 24-р тогтоол гарч Налайх дүүргийн хилийн цэсийг тогтоохдоо Эрдэнэ сумын хилийн цэсийг тогтоогоогүй орхисон байдаг. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 131-р зарлиг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгох эрх хадгалагдсан байдаг. Иймээс Эрдэнэ сумын Засаг дарга нь “Ногоон ази ” ТББ-д болон иргэдэд газар олгосон байдаг. Харин “Монгол стандарт” ХХК нь Эрдэнэ сумын Засаг даргаар дамжуулан ашигт малтмалын газарт хандаж тусгай зөвшөөрлийн лизенц аваагүй. Нэгэнт “Ногоон ази” ТББ-д газар олгосон захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ маргааны гол нь А-283 тоот захирамж гарсанаар эхэлсэн. Тус А-283 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Газрыг чөлөөлөх гэдэг эрх хэмжээ Засаг даргад олгогдоогүй байна гэж үзэж, Налайх дүүргийн 4-р шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Ногоон ази” ТББ нь байгаль орчин ногоон хөгжлийн яам болон Эрдэнэ сумын Засаг даргатай хамтран “Ногоон хэрэм” байгуулах талаар үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн үндсэн байгууллагаас “Ногоон ази” ТББ-г Монгол улсад “Ногоон хэрэм” байгуулж байгаа гэж дэлхийн 76 орноос шалгаруулж “Амьдралын хөлс” гэсэн шагнал өгсөн. “Ногоон ази” ТББ 6 аймгийн газар нутагт ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Булган аймагт ногоон төгөлийг тухайн сумын иргэдэд хоршоо байгуулаад хүлээлгэж өгсөн байдаг. Энэ маргааны хүрээнд Эрдэнэ сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгосон уу? Налайх дүүргийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар олгосон уу гэдэг асуудал яригдаж байгаа. УИХ 42-р тогтоол гаргахдаа Засгийн газарт сумдын хилийн цэс тогтоож УИХ-д оруулж ирэхийг даалгасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас Эрдэнэ сумын хилийн цэсийг тогтоосон тогтоол гаргаж УИХ-д оруулаагүй болохоор Ардын их хурлын 1982 оны 131 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ийм учраас “Ногоон ази” ТББ хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллагын зүгээс хугацаа дууссаны дараа Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргахад протколоор шийдвэр гаргасан байдаг. Тухайн шийдвэрийн дараа шүүхээс тус газарт маргаан үүсэж дахин шинэ акт гаргахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан. Ийм учраас “Ногоон ази” ТББ-н газар эзэмших эрх өнөөдрийг хүртэл сунгагдаагүй. Хариуцагч талаас тайлбар гаргахдаа шүүхийн шийдвэр эцэслэн гарах юм бол А/266 тоот захирамжаа сунгахад бэлэн тус захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байгаа гэж хэлсэн. Анх шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Өмнө хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн хүсэлт, шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байдаггүй. Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжид хөөн хэлэлцэх хугацааны талаар дурьдсан байдаг.
2013 онд газар шилжүүлэх тухай асуудал яригдаж байсан. Тухайн үед Эрдэнэ сумын Засаг дарга Жамбалдорж, газрын даамал нь Эрдэнэ-Очир, “Монгол стандарт” ХХК-ийн захирал Ганбат гэж хүн байсан. Тухайн үед “Ногоон ази” ТББ-аас “Монгол стандарт” ХХК-нд 25 га газрыг өгсөн боловч газраа шилжүүлж авсан дараахан ковш, ачааны машин оруулаад хөрсийг эргүүлж хаячихаад, дараа нь Налайх дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байсан. “Ногоон ази” ТББ нь хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй байсан нь үнэн. Гэхдээ Гадаадын иргэн харъяатын газарт өөр нэрээр бүртгэлтэй байж байгаад дараа нь “Ногоон ази” ТББ нэртэй болж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн. Энэ талаар шүүх өөрөө шалгаж тодруулсан. А-283 тоот захирамжийг Налайх дүүргийн шүүхээс үзэх газар чөлөөлүүлэх гэдэг захирамж нь өөрөө хууль зөрчсөн байна. Чөлөөлөх гэдэг нь өөрөө ойлгомжгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон 820 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Энэ хэрэг 2009 оноос хойш 5 жил гаруй болж байгаад анх удаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн шүүхээр маргаантай яваад байх юм бол захиргааны хэргийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нөхөн тоолох, шинээр сэргээх гэсэн зохицуулалт байдаггүй. Иймээс шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд иргэн Ш.Шинэбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: “Монгол стандарт” ХХК-ний нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд болох Шагдар овогтой Шинэбаяр миний бие гадагшаа албан томилолтоор явж байгаа тул уг хэргийг шийдвэрлэгдэх шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд иргэн Д.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Миний бие Дамбий овогтой Ганзориг “Монгол стандарт” ХХК-ний нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт цаашид гуравдагч этгээдээр оролцохгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд иргэн Ж.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаргал овогтой Ганчимэг миний бие нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/735 тоот Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар 5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. 2012 оноос хойш 2013, 2014, 2015 онуудын газрын төлбөрийг тухай бүр хугацаанд нь төлсөн. Газрыг эзэмшсэнээс хойш худаг гаргах гэж оролдсон боловч хэтэрхий өндөр газар байна гээд боломжгүй гэсэн учраас мод үржүүлэг хийхээр төлөвлөж байсан ажлаа хойшлуулсан. Тухайн газарт одоогоор үйл ажиллагаа явуулаагүй. Газрын төлбөр жилд 80.000 /наян мянган/ төгрөг төлдөг. Намайг газар эзэмшихээс өмнө хашаа баригдсан байсан. Газраа шилжүүлэн өгөхдөө тухайн хашаагаа буулгаж авсан. “Монгол Стандарт” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд иргэн Н.Насантогтох, С.Баяраа нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: 2009 оны 07 дугаар сард Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар хуулийн дагуу 5, 10 га газар хууль ёсны дагуу эзэмшдэг. Өөрсдийн эзэмшлийн газраа аялал жуучлалын зориулалтаар ашиглах зорилготой байсан боловч үйл ажиллагаа түр зогсоод байна. Иймд манай газрыг хууль бусаар бусдад олгох асуудлийг хүлээн зөвшөөрөхгүй. Газраа эзэмших бололцоо олгож хуулийн дагуу шийдэж өгнө үү. Захиргааны хэргийн шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хуралдахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д газар олгосон нь үндэслэлгүй болохыг тогтоож газар чөлөөлөх шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан бөгөөд шүүх хурал дээр “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосоны давхацсанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д газар ашиглуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан тул уг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрээ гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлсон.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Тодруулах асуудлаар авч үзвэл, хэрэгт авагдсан бармтаар хэргийн маргаан бүхий актын улмаас шууд эрх нь хөндөгдөж болзошгүй гэж хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан “Ногоон Ази” ТББ гэж газар ашиглагч болсон этгээд нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Р-1034774 дугаар бүхий “Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл”-ыг “БНСУ-д төвтэй “Ногоон Ази Сүлжээ” төлөөлөгчийн газрыг ... нэг жилийн хугацаагаар нээн ажилуулахыг зөвшөөрөв” [1] гэж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас зөвшөөрөл авснаас өөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа авсан хуулийн этгээдийн /ТББ/ гэх эрх[2]- ийн ямар нэгэн баримтгүй байхаас гадна өөрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа албан бичгүүдийн толгойд “Ногоон Ази” ТББ Р-1034774” гэсэн хаягийг бичиж, ““Ногоон Ази сүлжээ” ТББ, Монгол дахь төлөөлөгчийн газар” гэсэн тамгыг хэрэглэсэн байгаагаас гадна энэхүү тамгыг 2013 оноос өмнө 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэ сумын Засаг даргатай байгуулсан гэх “Төв аймгийн Эрдэнэ сум болон “Ногоон Ази” ТББ 2010 оны цөлжилт, шар шорооны шуурганы эсрэг “Азийн мөрөөдлийн ой” байгуулах хамтын ажиллагааны гэрээ”-нд дарж баталгаажуулсан[3], мөн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Гадаадын иргэн, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”-нд дээрх тамга дарагдсан[4] бөгөөд гэрээнүүдэд болон маргаан бүхий актад заасан нэр нь “Ногоон Ази” ТББ гэсэн байгаагаар маргааныг дүгнэсэн шийдвэрт гуравдагч этгээдийн нэрийг “Ногоон Ази” ТББ гэсэн нэршлээр нь тодорхойлж бичлээ.
Маргаан бүхий акт болох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-д Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Элстэйн Зуунмод гэх газарт 116 га газрыг цөлжилтийн эсрэг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж[5], нэгж талбарын 18687298404346 дугаар бүхий 920304 м.кв газрыг ашиглах эрхийн 0003647 дугаартай гэрчилгээ, нэгж талбарын 18686297965848 дугаар бүхий 249747 м.кв газрыг эзэмших эрхийн 0003648 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ.[6]
Мөн хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-д 2009 оны 266 дугаар захирамжаар ашиглуулахаар олгосон 116 га газрыг АМХЭГ-ын 15051Х дугаартай лицензийн газартай давхцсан тул уг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэж, “Ногоон Ази” ТББ-д дээрх зориулалтаар нөөцтэй газарт ашиглалтыг шилжүүлэхийг газрын даамалд ... үүрэг болгож [7] шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Монгол Стандарт” ХХК-д Ашигт малтмалын газраас Улаанбаатар хот, Налайх дүүргийн “Элстэй” нэртэй газарт орших 129.61 гектар талбайд 15051Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/579 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Шинжээчийн дүгнэлт”[8] болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/92 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол стандарт” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хилийн цэсийг мэдээллийн санд шалгасан кадастрын зураглал[9] зэрэг баримтаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн газар нь “Ногоон ази” ТББ-ын газар ашиглах эрхийн 0003647 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 18687298404346 дугаар бүхий 920304 м.кв газартай 59,18 га газраар давхцалтай болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК, гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ нь дээрх захиргааны актууд гармагц 2010 оны хавраас тус тусын эзэмшил, ашиглалт бүхий талбайдаа үйл ажиллагаагаа эхлэх үед энэхүү хоёр газар нь давхцалтай болохыг мэдэж маргаан гарах болсон гэж хэн аль нь тайлбарлах бөгөөд “Ногоон Ази” ТББ нь нэхэмжлэгчийг урьд онуудад шүүхэд хандаж манай газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг удаа дараагийн шүүхүүд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарлах бөгөөд нотлох баримтаар ирүүлсэн шүүхийн шийдвэрүүдийг авч үзвэл:
“Монгол Стандарт” ХХК нь Багахангай, Налайх дүүргийн шүүхэд “Ногоон Ази” ТББ-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг тус шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 820 дугаар шүүгчийн захирамж[10]-аар “Монгол Стандарт” ХХК-ийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
“Ногоон Ази” ТББ-гаас Ашигт малтмалын газарт холбогдуулан “Монгол стандарт” ХХК-ний эзэмшил бүхий 15051Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2106 дугаар шүүгчийн захирамж[11]-аар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
“Монгол стандарт” ХХК-иас “Ногоон Ази” ТББ-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 455 дугаар шүүгчийн захирамж[12]-аар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримт болох нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл арилаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. “Монгол стандарт” ХХК-иас “Ногоон Ази” ТББ-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 348 дугаар шүүгчийн захирамж[13]-аар хүчин төгөлдөр Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
“Монгол стандарт” ХХК-иас “Ногоон Ази” ТББ-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 449 дүгээр шүүгчийн захирамж[14]-аар “Монгол стандарт” ХХК нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, тухайн нөхцөл байдал арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх маргааныг Багахангай, Налайх дүүргийн шүүх 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 820 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ зөрчлийг арилгасан гэж шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч баримтаар нотлогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Эдгээр шүүхийн шийдвэр, захирамжуудад “Монгол стандарт” ХХК-ийг Газрын тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэж гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан буюу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн “Ногоон Ази” ТББ-ийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж мөн нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон “Ногоон Ази” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчидийн “иргэний, захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэрүүдээр “Монгол стандарт” ХХК-ийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл “Ногоон Ази” ТББ-ыг бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлөх үндэслэлтэй эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Дээрх баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргаж байсан боловч шүүхээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, захирамжуудаар тодорхойлогдож байна.
Харин Захиргааны хэргийн шүүхийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч сумын Засаг даргын гаргасан актад холбогдуулан дээд шатны Засаг даргад нь гомдол гаргаснаар Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/160 дугаартай албан бичгээр “Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д олгосон 116 га газрыг ашигт малтмалын ХҮ-15051 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулсан тул тус газрыг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариуг авснаар 2015 он 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шаардлагыг хангах бөгөөд, нэхэмжлэлд дурьдсан актуудыг өмнө нь шийдвэрлүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэрхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохооргүй байна.
“Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосоны давхацсанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 266 дугаар захирамжийг гаргахдаа “Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн захирамжлах нь” гээд гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-д Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Элстэйн Зуунмод гэх газарт 116 га газрыг мод тарих зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгохдоо нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-д цаг хугацааны хувьд дээрх захирамж гарахаас өмнө эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгогдсон талбайтай “Ногоон ази” ТББ-ын газар ашиглах эрхийн 0003647 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 18687298404346 дугаар бүхий 920304 м.кв газартай 59,178246 га газраар давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасантай нийцээгүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий захиргааны акт, ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, газрын кадастрын зурагнууд, шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газар дээр хийсэн шүүхийн үзлэг, тэмдэглэл[15], фото зураг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давхцуулж олгогдсон хэсгээр нь маргаан бүхий актаар олгогдсон 116 га газрын нэг хэсэг болох нэгж талбарын 18687298404346 дугаар бүхий 920304 м.кв газрын давхцалтай хэсэг 59,178246 га газрыг ашиглуулахаар олгосон хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээр дурдсан шүүхийн шийдвэр, захирамжуудад дурдсанаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын хүрээнд болон хууль зөрчсөн шийдвэрээ зөвтгөх, эзэмшил газраа чөлөөлүүлэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу хариуцагч нь 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 дугаар захирамжаар “Тус сумын 1 дүгээр багийн Элстэйн Зуунмодонд мод үржүүлгийн зориулалтаар 116 га “Ногоон Ази” ТББ-д ашиглуулахаар олгосон газар нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ 15051Х дугаартай лицензийн газартай давхцсан тул уг газрыг чөлөөлж, “Ногоон Ази” ТББ-д дээрх зориулалтаар нөөцтэй газарт ашиглалтыг шилжүүлэхийг газрын даамалд үүрэг болгож шийдвэрлэснээс үзэхэд гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-д газар ашиглуулах эрх олгохдоо бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан олгосон алдаагаа залруулж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөлгүйгээр нөөцтэй газарт газар ашиглах эрхийг нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа хэдий ч өнөөг хүртэл уг шийдвэр ямар нэгэн байдлаар хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээрх шийдвэрийн дагуу давхцлыг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй, гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ-д нөөц газартаа давхцсан хэмжээгээр газар ашиглалтын эрхийг нь шилжүүлсэн захиргааны акт гаргаагүй, уг захирамж үндэслэлгүй гарсан гэж тайлбарлах боловч шүүх хуралдаанд өгсөн “энэхүү захирамжаа биелүүлээгүй, энэ шийдвэрийг гаргах үед “Ногоон Ази” ТББ-д өөр газрыг ашиглуулахаар шилжүүлж болох байсан, одоо ямарч нөөц газар байхгүй, биелүүлэх боломжгүй” гэх тайлбар, уг захирамжаа хүчингүйд тооцсон шийдвэр гаргаагүй байгаа тул хариуцагчийг маргаан бүхий А-283 дугаар захирамжаа биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Засаг дарга нь 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-283 дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэсэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн гомдлыг шийдвэрлэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” гэж заасны хүрээнд газрын давхацлыг арилган, маргааныг шийдвэрлэж, давхардан олгогдсон “Ногоон Ази” ТББ-ын газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч шийдвэр хүчин төгөлдөр хэрнээ хэрэгжээгүйгээс маргаан үргэлжилсээр байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““Ногоон Ази” ТББ-д шилжүүлж олгох өөр газар байхгүй. Тухайн үед шилжүүлэх боломж байсан, одоо боломжгүй байна, Энэ шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй ” гэсэн тайлбараар тус шийдвэр хэрэгжихгүй байгаа болох нь тогтоогдож байна.
Мөн “Ногоон Ази” ТББ-ын газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчинтэй байх 5 жилийн хугацаа 2014 оны 09 дүгээр сард дууссан, дахин сунгагдаагүй болох нь талуудын тайлбар мэдүүлэг, газар ашиглах гэрээ, гэрчилгээ болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/8788 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримт болох хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0334 дугаартай магадлалд “...Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот шийдвэрээр “Ногоон Ази” ТББ-д 18687298404346 дугаар бүхий 920304 м.кв газар, нэгж талбарын 18686297965848 дугаар бүхий 249747 м.кв газрыг тус тус ашиглуулахаар гэрчилгээ тус бүр 5 жилийн хугацаатайгаар олгосон” болохыг тодорхойлоод, ““Ногоон Ази” ТББ-ын газар ашиглах гэрчилгээ нь 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон, газар ашиглах гэрчилгээ сунгагдаагүйгэдэг нь Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 06/57 дугаартай албан бичиг, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А-283 дугаар захиамж, “Ногоон Ази” ТББ-ын Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд явуулсан албан бичиг зэргээр тогтоогдож байна” гээд, тус маргаанд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч “Ногоон Ази” ТББ-ын газар ашиглах эрх дуусгавар болсноороо Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 266 тоот шийдвэрийн дагуу тус газарт газар ашиглах эрх нь дуусгавар болсон гэсэн үндэслэлээр газар тухайн газрыг ашиглах эрх нь хөндөгдөх үндэслэлгүй болсныг нэгэнт дүгнэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34. 4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Ногоон Ази” ТББ нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 266 тоот шийдвэрээр олгогдсон 18687298404346 дугаар бүхий 920304 га газрыг ашиглах эрхтэй болон тус газарт холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг дахин дүгнэх үнднслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг буюу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А-283 дугаар захиамжийг биелүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэсэн үнднслэлээр гуравдагч этгээдээр татсан бусад этгээдүүдийн тухайд авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан учир нэхэмжлэгчээс шүүх хурал дээр тодорхойлсон “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосоны давхацсанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д газар ашиглуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан тул уг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрээ гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” гэсэн шаардлагад холбогдох маргаан бүхий актуудын улмаас “Ногоон Ази” ТББ –аас бусад гуравдагч этгээдээр татагдсан иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй байх учир тэдгээр гуравдагч этгээд нарт холбогдуулан эрх зүйн дүгнэлт өгөх шаадлагагүй гэж үзлээ.
Тодруулахад, энэхүү /”Ногоон Ази” ТББ-аас бусад/ гуравдагч этгээд нарт холбогдох байдлаар шинжээчийн дүгнэлтэд дүгнэгдсэн хэдий ч тухайн гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь тусдаа байх бөгөөд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь шүүгчийн захирамжид дурьдсанаар тус тус газар эзэмшүүлсэн шийдвэрүүдэд урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж, гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох асуудлаараа тусдаа нэхэмжлэл гарган маргах эрх нь нээлттэй буюу энэхүү шийдвэрт хамаарагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дээрхээс үзвэж хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжийг гарган “Ногоон Ази” ТББ-д 116 га газрыг ашиглуулахдаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосон болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 266 тоот шийдвэрээр олгогдсон 18687298404346 дугаар бүхий 920304 га газрын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг болох 59,178246 га газрын ашиглах эрх олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д газар ашиглуулахдаа нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаснаас нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах эрх, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар хайгуул хийсэн газраа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрх нь зөрчигдөхөөр байх тул зөрчигдсөн эрхийг сэргээн, тусгай зөвшөөрлийн талбайг чөлөөлөх буюу 2011 оны А/283 тоот захирамжийг биелүүлэхийг хариуцагч Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Ногоон Ази” ТББ-д 116 га газрыг ашиглуулах шийдвэрийн 18687298404346 дугаар бүхий 920304 га газрын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг болох 59,178246 га газрын ашиглах эрх олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг хураамжийн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “Монгол стандарт” ХХК-нд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
[1]Хэргийн 1 дүгээр хавтас, 41 дэх талд,
[2]Хэргийн 1 дүгээр хавтас, 41 дэх талд, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.6,
[3]Хэргийн 1 дүгээр хавтас, 63 дахь тал,
[4]Хэргийн 1 дүгээр хавтас, 64-65 дахь талд
[5]Хэргийн 1 дүгээр хавтас, 26 дахь талд
[6]Хэргийн 1 дүгээр хавтас, 70 дахь талд
[7]Хэргийн 1 дүгээр хавтас, 13 дахь талд
[8] Хэргийн 2 дугаар хавтас 2-9 дэх тал
[9] Хэргийн 4 дүгээр хавтас ... дахь тал
[10] Хэргийн 1 дүгээр хавтас, 162-165 дахь талд
[11] Хэргийн 1 дүгээр хавтас, 61-62 дахь талдз
[12]Хэргийн 1 дүгээр хавтас, 227-229 дэх талд
[13]Хэргийн 1 дүгээр хавтас, 14-21 дэх талд
[14]Хэргийн 1 дүгээр хавтас, 225-226 дахь талд
[15] Хэргийн 1 дүгээр хавтас, 91-107 дахь талд