| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Өлзийгийн Хажидмаа |
| Хэргийн индекс | 123/2017/0014/З |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 19
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын иргэн Т.Даваажавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн Т.Даваажавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, өмгөөлөгч Б.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/739 дугаар захирамжаар Т.Даваажав надад Жаргалант сумын Өгөөмөр 02 дугаар баг, Янзагатын 165/620 га газраас үр тарианы зориулалтаар 10 га газрыг давуу эрхээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 000659590 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Янзагт 165/620 га газраас 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ авч байсан. Үүний дараа Жаргалант сумын Засаг дарга солигдож, Төв аймгийн Засаг даргаас Жаргалант сумын Засаг даргад ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотод Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр 02 дугаар баг, Янзагатын 165/620 га газраас үр тарианы зориулалтаар 10 га олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заалтыг зөрчсөн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болго гэсэн албан тоотын дагуу Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/877 дугаар захирамжаар газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчин газар эзэмшсэн Өгөөмөр 02 дугаар баг, Янзагатын 165/620 га газраас үр тарианы зориулалтаар 10 га олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Жаргалант сумын Өгөөмөр 02 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны хурлаар Жамрсангийн Галбадрахад давуу эрхээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан. Ж.Галбадрах нь манай нөхөр бөгөөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшиж байгаа учир Т.Даваажав миний бие газрыг давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу миний гэр бүлийн хүн Ж.Галбадрахад давуу эрхээр газар эзэмшүүлсэн бөгөөд тухайн тохиолдолд газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэж, газар эзэмшүүлэх ёстой гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Жаргалант сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Тариалангийн газрын менежмент, эзэмшилгүй байгаа тариалангийн талбайг эзэмшүүлж ашиглалттай болгох, Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж Монгол улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг үндэслэн газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж зөрчил гаргасан эзэмшигчдийн газрыг хураан авч дахин хувиарлалт хийнэ гэсний дагуу Жаргалант сумын Засаг дарга захирамж гаргаж газар олгосон. Миний бие Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийг Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдаан дээр сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл уншиж танилцуулсныг Г.Туяацэцэгээс сонсож мэдсэн. Өмнө нь захирамж гарсан талаар бидэнд мэдэгдээгүй. Уг захирамжийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 04 сарын 04-ний өдөр хүлээж авсан бөгөөд хүлээн авсан тэмдэг даруулсан. Иймд Газрын тухай хуулинд заасан захирамж гарсныг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5-р хавсралтаар батлагдсан тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журмын 5, 6, 7, 8 дугаар заалтуудыг зөрчиж газар олгосон газар олгосон байна гэдэг нь иргэн бидэнд хамааралгүй заалт байна. Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийг хянуулахаар Төв аймгийн Засаг даргад хандсан боловч өргөдлийг Төв аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт шилжүүлж, уг газраас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 07/226 дугаар албан тоотоор Жаргалант сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн Т.Даваажавд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулинд зааснаар гэр бүлийн хэрэгцээнд зориулж давуу эрхээр газар олгосон учраас багийн иргэдийн Нийтийн хурлаас өрхийн тэргүүнд нь давуу эрх олгодог. Үүний дагуу багийн иргэдийн Нийтийн хурлаас Т.Даваажавын нөхөр болох Галбадрах гэдэг хүний нэр дээр давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай тогтоол гарсан. Давуу эрхээр газар эзэмших өргөдлийг Т.Даваажав гаргасан болохоор газар эзэмшүүлсэн. Давуу эрхээр газар эзэмшүүлэхдээ өрхийн тэргүүнд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3-т гэр бүлийн хамтын хэрэгцээнд гэж заасан байдаг. Багийн иргэдийн Нийтийн хурлаас өрхийн тэргүүнд нь давуу эрхээр газар эзэмшүүлдэг болохоор өрхийн тэргүүн Галбадрахын нэр дээр олгосон. Тухайн иргэдийн Нийтийн хурлаас ганц Т.Даваажавд газар олгоогүй. 52 иргэн давуу эрхээр газар эзэмшүүлэхээр болсон. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшээгүй газрыг иргэдэд эзэмшүүлнэ гэж оруулж өгсөн. Дээрх иргэдийн хоёрхон хүний газрыг цуцалсан. 2006 оны 07 сарын 14-ны өдрийн 268 тоот захирамжаар Галбадрахад 15 га газрын төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн газраа ашигладаг. Төв аймгийн Жаргалант сумын газар тариалалтын мэдээгээ суманд өгдөггүй байсан. Тариалалтын мэдээг өрхийн тэргүүний нэрээр өгдөг. Тухайн газартаа Төмс хүнсний ногоо тарьдаг. Энэ нь үр тарианы зориулалтаар авсан болохоор тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших тухай журамд нийцнэ. Өмнө нь төмс хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшсэн хүн давуу эрхээр газар эзэмшиж болно. Т.Даваажавд давуу эрхээр газар эзэмшүүлсэн нь 2016 оны төлөвлөгөөнд эзэмшилгүй байгаа газрыг иргэдэд эзэмшүүлнэ гэж оруулсан байгаа. Т.Цолмонгэрэл Засаг даргын хувьд давуу эрхээр газар эзэмшиж авсан хүмүүсээс гуравхан хүний газрыг намын харъяалалаас болж цуцалсан. Бусад хүмүүсийн газрыг цуцалсан мөртлөө бүгдийг нь буцааж олгосон. Газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. 2016 оны 11 сард авсан. Галбадрахын нэр дээр давуу эрхээр газар эзэмшүүлж болно гэж тогтоол гаргаад Т.Даваажавын нэр дээр эзэмшүүлж болно. Галбадрахад давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай тогтоол 2014 онд гарсан. Т.Даваажавын нэр дээр давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай захирамж нь 2016 онд гарсан. Давуу эрхээ Галбадрахын нэрээр авсан. Гэтэл Галбадрах өмнө нь төмс хүнсний ногооны зориулалтаар газар авсан. Үр тарианы зориулалтаар дахиж олгохгүй гэхээр нь Т.Даваажавын нэрээр өргөдөл бичиж өгсөн. Гэхдээ зориулалт нь өөр байгаа. Монгол улсын иргэн хэдэн ч удаа газар эзэмшиж болно. Манай сумын хувьд газрын хүрэлцээ муу учраас өрхөд нэг л удаа газар эзэмшүүлнэ гэдэг бодлогыг барьж байгаа учраас Т.Даваажавд үр тарианы зориулалтаар 15 газрыг эзэмшүүлэхээр өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг, хүчингүй болгож, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 тоот захирамжийг Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гэж толгойлжээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1–40.1.6-д заасан газар эрхийн гэрчилгээ эзэмшигч газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд” 40.1-д зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл тус захирамжид дээрх заалтууд огт тусгагдаагүй байгаа нь эрхийн гэрчилгээ эзэмшигч дээрх 6 заалтын аль нэгийг зөрчөөгүй байхад хүчингүй болгосон нь хууль хэрэглээний ноцтой алдаатай захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь заалтыг иргэн зөрчиж газар эзэмшсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн дагаж мөрдөх зохицуулалт юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь заалтыг сумын Засаг дарга хэрэгжүүлэх зохицуулалттай бөгөөд тухайн иргэн энэ заалтыг зөрчих боломжгүй юм. Энэ нь эрхийн гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйлдэл биш юм. Захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай үндэслэлгүй болсон. Энэ захирамж нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт буюу захиргааны шийдвэр юм. Захиргааны үйл ажиллагаанд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон “ахиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2-т заасан зарчмуудыг баримталдаг. А/877 дугаартай захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1-ийн хуульд үндэслэх, 4.2.5-ийн Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-ийн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмуудыг хангаагүй. Мөн хуулийн 3-р бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар зохицуулсан. Мөн хуулийн 13 дугаар зүйл 13.1-д захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгон гэж заасан нь миний үйлчлүүлэгч юм. Хуулийн 15 дугаар зүйлийн оролцогчийн эдлэх эрхийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.1.6 дахь заалтуудыг захиргааны байгууллага зөрчиж шийдвэр гаргасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн нөхцөл байдлыг тогтоох 24.1-24.5 дахь заалтуудын ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байна. Оролцогчийг сонсох хуулийн 26 дугаар зүйл 26.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй. Сонсох ажиллагаа явуулах хуулийн 27 дугаар зүйл 27.1, 27.2, 27.3, 27.5, 27.6 дахь заалтуудыг захиргааны байгууллага зөрчсөн байна. Захиргааны актыг мэдэгдэх хуулийн 43 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн. Хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан захиргааны акт нь 40.2-т заагдсан шаардлага, 40.4-т заагдсан “бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг тус тус зөрчсөн байна. Давуу эрхээр газар эзэмшүүлсэн нь өөр хууль зөрчсөн гэж хэлж байна. Үүнийг олж тогтоосон нь эргэлзээтэй байна. Үнэхээр олж тогтоосон юм бол давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгохгүй, яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон юм. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болохоос давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгоогүй. Тухайн захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. А/877 тоот захирамж гаргахдаа аймгийн Засаг даргын албан тоотыг үндэслэдэг. Аймгийн Засаг даргын албан тоотод буруу шийдвэр гарсан юм уу гэдгийг шалгаж тогтоо гэсэн болохоос иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болго гэж дурьдаагүй. Тухайн албан тоотыг үндэслэсэн байгаа нь буруу юм. Дээд шатны Засаг даргын албан даалгаврыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй. Галбадрах нь өмнө газар эзэмшиж байсан ч давуу эрхээр газар эзэмшээгүй. Өмнөх Засаг даргын гаргасан алдааг засах нь зөв ч алдааг нь засч байгаа нэрийн дор иргэдийг хохироож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Аливаа шийдвэрийг гаргахдаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Жаргалант сумын Засаг даргын А/877 тоот захирамж нь хууль зөрчсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалтыг үндэслээгүй. Т.Даваажав нь давуу эрхээр газар эзэмших тухай хүсэлтээ өгсөний дагуу газрыг эзэмшүүлсэн. А/877 тоот захирамжийг гаргахдаа аймгийн Засаг даргаас өгсөн зөвлөмж, албан бичгийг үндэслэсэн. А/877 тоот захирамж нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан. Т.Даваажавын эрхийг зөрчсөн шийдвэр гаргахдаа өөрийнх нь оролцоог хангаагүй. А/877 тоот захирамжийг гаргахаас өмнө бүх нотлох баримтыг цуглуулж судалж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа багийн иргэдийн Нийтийн хурлаа зөвхөн өрхийн тэргүүнд давуу эрхээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж байсан гэж хэлж байгаа боловч энэ нь тухайн хуралдааны тогтоолын хавсралтыг шинжлэн судлахад, зөвхөн өрхийн тэргүүнд давуу эрхээр газар өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Галбадрах гэдэг нь 2006 онд газар авсан байсан учраас дахин газар олдохгүй гэж эхнэр Т.Даваажавын нэр дээр газар эзэмших хүсэлтээ өгсөн гэж бодож байна. Иймээс Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 тоот захирамжийн Т.Даваажавд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа иргэн Т.Даваажавын нэхэмжлэлтэй Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 тоот захирамжийн Т.Даваажавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Т.Даваажавт Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар А/739 тоот захирамжаар Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 1 лугаар баг, Янзагатын 165/620 га газраас 10 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар давуу эрхээр эзэмшүүлсэн байсан. Тус газрыг эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж нь газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4-д заасныг зөрчиж иргэн Т.Даваажавд газар эзэмшүүлсэн байсан тул Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д заасныг удирдлага болгон Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 тоот захирамжаар хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Даваажав нь давуу эрхээр газар эзэмших эрх нь бүрэн үүсээгүй. Багийн Иргэдийн Нийтийн хуралд давуу эрхээр газар эзэмших тухай өргөдөл өгөхдөө гэр бүлийн хүн болох Галбадрах гэдэг хүний нэр дээр материал бүрдүүлж өгсөн байдаг. Тухайн газрын Т.Даваажав нь өмнө эзэмшиж байгаагүй. Давуу эрхээр газар эзэмших эрх авах эрх нь үүсээгүй. Иймээс дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхтэй. Засаг даргын захирамжаар бусад цуцалсан хүмүүс нь 2 га газрыг эзэмшиж авсан байдаг. Энэ талаар аймгаас асуухад, тухайн хүмүүс нь бүгд сумын иргэд юм байна. Огт газаргүй байсан хүмүүс 2 га газар авсан учраас эрхийг нь цуцлаад хэрэггүй гэж хэлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-40.16 хүртэлх 6 заалтын аль заалтыг нь зөрчсөн болохоор газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь урьд эзэмшиж байсан биш шинээр газар эзэмшиж авсан байсан учраас хүчингүй болгосон. Уг газар нь 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байгаа. 5 га газрыг буцааж олгож болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж нь хууль зөрчсөн байсан учраас үүнийг засч залруулж гаргасан захирамж юм. А/877 тоот захирамжийн хавсралтад иргэдийн судалгаа гээд хүчингүй болгосон нэр бүхий хүмүүсийн нэрсийг жагсаасан. Нэхэмжлэгч талаас иргэдийн судалгаа гэж бичсэн байна. Ингэж болохгүй гэж тайлбарлаж байна. Тухайн хавсралтад хүчингүй болгосон иргэдийн газрын байршил, хэмжээ, зориулалт, өмнөх захирамжийн дугаар зэргийг оруулж өгсөн. Үүнээс илүү юу бичих юм бэ? бүрэн хангалттай бичигдсэн гэж үзэж байна. Т.Даваажавд олгосон 10 га газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ газрын даамлаар ажиллаж байсан Золзаяагийн өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ талаар тусгаж өгсөн зүйл огт байхгүй. Давуу эрхээр газар олгох нь зөвхөн багийн иргэдийн Нийтийн хурлаас шийдвэр гарсанаар болдог зүйл биш. Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын аль алины шийдвэрийг үндэслэж давуу эрхээр газар олгодог. Т.Даваажавд давуу эрхээр газар олгохдоо ийм зүйл огт болоогүй байсан. Бүх процесс зөрчигдсөн байсан. Өмнөх Засаг даргын гаргасан захирамж нь хууль зөрчсөн. Мөн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг зөрчсөн. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхийн хүрээнд А/877 тоот захирамжийг гаргасан. Өмнөх гаргасан тайлбараа дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/739 дугаар захирамжаар Өгөөмөр 2-р багт иргэн Т.Даваажавд давуу эрхээр газар эзэмшүүлсэн байдаг. Давуу эрхээр газар эзэмшүүлсэн нь процессын хувьд хууль зөрчсөн. Т.Даваажавын өөрийнх нь нэр дээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас давуу эрхээр газар олгосон тогтоол гараагүй. Энэ талаарх материал огт байдаггүй. Багийн Засаг даргаас санал оруулах, багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал авах энэ ажиллагаа зөрчигдсөн. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын холбогдох заалт мөн зөрчсөн. Тухайн эзэмшүүлсэн газрыг 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад, давуу эрхээр газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хэсгийг зөрчиж байгаа. Давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай эрх авах процесс нь буруу явагдсан. Энэ талаар нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. А/877 тоот захирамжийг гаргахдаа давуу эрхээр газар эзэмшүүлэх процесс нь хуулийн дагуу явагдсан юм уу гэдгийг шалгаж үзэхэд, хуулийн дагуу явагдаагүй гэдэг нь нотлогдсон учраас дээрх захирамжийг гаргасан. А/877 тоот захирамжийн хавсралтын номер долоод Т.Даваажавын нэрийг давуу эрхээр газар эзэмшүүлсэн захирамжийн дугаарын хамт оруулж өгсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гэрч: М.Цогт-Очир шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг. Жаргалант сумын Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар 2013 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэл ажилласан. Т.Даваажав нь багийн иргэдийн Нийтийн хуралд давуу эрхээр газар эзэмших тухай өргөдөл өгч байгаагүй. Т.Даваажавын нэр дээр давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай асуудал хэлэлцэхэд байгаагүй. Галбадрахын нэр дээр давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, давуу эрхээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсныг санаж байна. багийн иргэдийн Нийтийн хурал 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Хуралдааныг би өөрөө удирдаж явуулсан. Багийн иргэдийн Нийтийн хурлыг нэрсийн жагсаалтаар бөөндөнө ярилцдаг. Нэрсийн жагсаалтыг багийн Засаг дарга гаргадаг. Тухайн иргэдийн өргөдөл дунд Галбадрах гэсэн нэртэй нилээн зузаан өргөдөл байсан. Багийн иргэдийн Нийтийн хурлаас гарсан тогтоолыг багийн Засаг даргад хүлээлгэж өгсөн. Давуу эрхээр газар эзэмших тухай эрх авсан иргэд, газраа аваагүй дахиж хүсэлт өргөдөл өгч байсан хүн байхгүй. Давуу эрхээр газар эзэмших тухай өргөдөл өгөхдөө хааяа ямар хэмжээний газар эзэмших хүсэлтэй байгаа талаараа зарим хүмүүс нь өргөдөлдөө бичсэн байдаг. Давуу эрхээр газар олгохдоо нэрийг нь хэлээд иргэдээс давуу эрхээр газар эзэмшүүлэх үү үгүй гэдэг дээр саналыг авч шийдвэрлэдэг. Галбадрахад олгосон давуу эрхийг Т.Даваажавт шилжүүлье гэсэн шийдвэр гараагүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч Т.Даваажавын гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн Т.Даваажавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагаас гаргасан байх ба тус актаар дараах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамж [1]-аар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн иргэн Т.Даваажавд үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчид тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Даваажавд давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай” А/739 дугаартай захирамж [2]-аар Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн Янзагатын 165/620 га газраас үр тарианы зориулалтаар 10 га газрыг давуу эрхээр 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 000659590 дугаар гэрчилгээ [3] олгосон байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч шүүхэд “...Жаргалант сумын Өгөөмөр багийн иргэдийн нийтийн Хурлын 2015 оны хуралдаанаар манай нөхөр Ж.Галбадрахад давуу эрхээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмшиж байгаа учир Т.Даваажав миний бие газрыг хууль ёсны дагуу давуу эрхээр газар эзэмших эрх үүсэж гэрчилгээ олгогдсон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд давуу эрхээр олгохоор тусгасан байхад хууль бусаар гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу...” гэж, хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчид анх давуу эрхээр газар эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж гэрчилгээ олгосон, давуу эрх үүсээгүй иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд давуу эрхээр иргэдэд олгохоор газар гэж огт тусгаагүй, харин дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримталж газар олгох боломжтой байхад ингэж олгоогүй тул маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь үндэслэлтэй...” гэж тус тус өөрсдийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
Шүүх маргааны хууль зүйн үндэслэлийг авч үзвэл: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-д “Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж байгаа болон ажиллаж байсан, түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа буюу олдог байсан иргэн давуу эрхээр газар эзэмших хүсэлтээ багийн Засаг даргад гаргах, багийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, уг Хурлаас хүсэлт гаргасан иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэхийг иргэн тус бүрээр хэлэлцэж гаргасан саналаа сумын Засаг даргад хүргүүлэх, сумын Засаг дарга уг саналыг сумын ИТХурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган нягталж үзээд . . . саналаа боловсруулан сумын ИТХуралд оруулах, мөн Хурлаас хэлэлцэж тухайн иргэн бүрт давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож, шийдвэр гаргасны дагуу сумын Засаг дарга ... захирамж гарган иргэдэд газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ. ...” гэж тус тус заасан байна.
Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Т.Даваажав нь анхнаасаа Багийн Засаг даргад хандаж дээрх тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших тухай хүсэлт гаргаагүй, Багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэн Т.Даваажавын хүсэлтийг хэлэлцээгүй, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авч шийдвэр гаргаагүй, сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалангийн газрыг иргэдэд давуу эрхээр олгохоор тусгаагүй, нэхэмжлэгч нь газар тариалангийн чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан болон явуулж байгаа талаар нотлох нотолгоо байхгүй байх тул зохих хууль, журмын дагуу нэхэмжлэгчид давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх нь үүссэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн иргэн Т.Даваажавт Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргаас давуу эрхээр газар эзэмшүүлэхээр захирамж гаргасан байх боловч тус захирамж нь дээрхи хууль тогтоомж, Засгийн газраас баталсан журамд нийцээгүй, улмаар сумын ИТХурлаас шийдвэр гаргаагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн ямарч үндэслэлгүйгээр газар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Т.Даваажав нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу гэр бүлийн хүний нэрээр багийн иргэдийн Нийтийн Хурлын саналаар орсон тул эхнэр хүний хувьд миний нэр дээр захирамж гаргасан нь хууль ёсных, би газар тариалангийн чиглэлээр “Жаргалант САА” байхаас эхлэн механикаар 15 жил ажилласан тул давуу эрхтэй гэж тайлбарлах боловч энэ тухайгаа нотлох баримтгүй, зөвхөн сумын Засаг дарга[4]-д өргөдөл гаргаж байсан байх боловч дээрхи хууль журмын дагуу багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хуралд өөрийн нэрээр хүсэлтээ гаргаагүй, харин Жаргалант сумын Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн Хурлын “Давуу эрхээр газар эзэмших тухай” 2014 оны 5 дугаар сарын 05-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад [5] түүний нөхөр Жамсрангийн Галбадрахын нэр байх боловч Ж.Галбадрахаас мөн давуу эрхээр газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, түүний талаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцээгүй атлаа хариуцагч сумын Засаг даргаас Ж.Галбадрахын нэр заасан дээрхи 02 тоот тогтоолыг үндэслэн эхнэр Т.Даваажавт газар эзэмшүүлсэн нь хууль бус болох нь нэхэмжлэгч болон гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан . . . ./ багийн ИНХ-ын тогтоол, Багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ү.Бат-Өлзийгийн “тэмдэглэл архивт байхгүй” тухай 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 [6] тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь сумын ИТХ-ын Тогтоолоор баталсан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Тариалангийн газрын менежмент” гэсэн хэсэгт “Эзэмшилгүй байгаа тариалангийн талбайг эзэмшүүлж, ашиглалттай болгох” [7] гэж заасныг иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлэхээр заасан гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, . . .газрыг эзэмшүүлэх, . . .байршлыг тодорхойлсон, . . . баримт бичиг байна”, 29 дүгээр зүйлийн 29.4-д “Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын . . . байршлыг . . . ИТХурал тогтоож болно” гэж тус тус заасны дагуу Жаргалант сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тусгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагч сумын Засаг даргыг маргаан бүхий захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоогүй, 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар гэрчилгээ хүчингүй болгосон нь хууль бус гэж тайлбарлах боловч хариуцагчаас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар иргэн Т.Даваажавыг газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд заасан үүргээ биелүүлээгүй тухайд биш мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг зөрчиж хуульд заасан хэмжээнээс илүү газар олгосон, энэ тохиолдолд 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор заасныг мөн зөрчсөн гэж үзсэн гэж тайлбарлаж байгаа шүүх хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх маргаан бүхий актын агуулгаас авч үзээд Газрын тухай хууль болон Засгийн газраас баталсан журмыг зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоох бүрэн эрхийнхээ дагуу алдаатай шийдвэрээ зөвтгөсөн шийдвэр гаргасаныг буруутгах боломжгүй бөгөөд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Даваажавын гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн ӨТ.Даваажавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА
[1] Хавтаст хэргийн 21-22 дахь хуудас
[2] Хавтаст хэргийн 6-7 дахь тал
[3] Хавтаст хэргийн 12 дахь тал
[4] Хавтаст хэргийн .... дахь тал
[5] Хавтаст хэргийн 49-53 дахь тал
[6] Хавтаст хэргийн 46 дахь тал
[7] Хавтаст хэргийн 58, 60-67 дахь тал