Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0028

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Нэргүй нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, тус газрын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрээр: “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29 дүгээр зүйлийн 29.1.12, 30 дугаар зүйлийн 30.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Ганзоригт тус тус холбогдуулан гаргасан “Монгол улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн 1004 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л давж заалдах гомдолдоо: “ ... шийдвэрийн үндэслэх хэсгийг бүхэлд нь харвал маргаан бүхий захиргааны актыг хүчинтэй эсэхэд буюу захиргааны байгууллага тухайн актыг эрх хэмжээндээ гаргасан эсэх, захиргааны акт гаргах процесс хуульд нийцсэн эсэхэд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 8.1, 7 дугаар зүйл, 5 дугаар зүйл, 8.5, 29.1.5, 29.1.12-т заасныг тус тус үндэслэж дүгнэлт гаргасан нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шалган тогтоох бус маргаан бүхий захиргааны акт хүчинтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт гаргасан болно.

Захиргааны актыг хүчингүй болгуулах, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аль аль нь хуулийн зөрчлийг шалгах ёстой боловч зөрчлийг ялгамжтай авч үздэгээрээ нэхэмжлэлийн шаардлагын ялгаа нь оршдог. Хэрэв алдаа нь илэрхий биш байвал хууль зөрчсөнд тооцож хүчингүй болох захиргааны акт байна. Манай тохиолдолд захиргааны актын илэрхий алдаа нь ноцтой үр дагаварт хүргэж буйгаар илэрч байгаа болно. Учир нь “Э” ХХК нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 12 жилийн бизнесийг зогсоох, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүргээд байгаа юм. Иймд шүүгч маргаан бүхий захиргааны актын илт хууль бус шинжийг шалгахгүйгээр зөвхөн тухайн захиргааны акт хүчинтэй эсэхэд дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүй болно.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө, Монгол Улсын нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлд бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө олгосон эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжид нөлөөлөхгүй.

Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг үйлчилгээнд байдлаар хэрэглэнэ. Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана.

Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээнээс өөр бараа буюу үйлчилгээнд хэрэглэх бөгөөд ингэхдээ тэдгээр бараа буюу үйлчилгээнд хамаарах тэр барааны тэмдгийг хэрэглэх нь тэдгээр бараа буюу үйлчилгээ болон бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хоорондын холбоог харуулахуйц, түүнчлэн тийнхүү хэрэглэснээр бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн ашиг сонирхол зөрчигдөж болохыг анхаарна гэж заасны дагуу хэрэглээгээр үүсэж буй “Э” ХХК-ийн zaluu.com цахим сайтын үйл ажиллагааг зогсоож, хууль ёсны эрх ашиг сонирхолд ноцтой сөрөг үр дагавар учруулж буй маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бусад тооцож нийтэд хэдийнээ танигдсан zaluu.com сайтын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг шүүхээс хүссэн боловч шүүх зөвхөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэлээр zaluu.com үйл ажиллагаа явуулах эрхгүй болж, түүний ард ажиллаж буй ажилтнууд ажилгүй болж, 250 000 - 300 000 уншигч, хэрэглэгчдийн ханддаг мэдээний сайт үүд хаалгаа барих ноцтой үр дагаврыг учруулаад байгаа болно.

“Э” ХХК-ийн zaluu.com сайт нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд олон төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байсан нь олон нийтэд танигдсан талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэ талаарх баримтуудыг огт үнэлээгүй болно. Мөн yнэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан хууль зүйн үндэслэлүүдийг хариуцагчийн тайлбар мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан /Шүүхийн шийдвэрийн 6-7 дахь талд/ байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э нар давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгчээс “Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/хуучин нэрээр/-ын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот албан шаардлага, мөн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд Оюуны өмчийн газрын дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагч халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргасан.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад зөвхөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хууль хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээний талаар маргасан.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн үйл явдлыг он цагийн дараалалд оруулан бичсэнээс нотлох баримтыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны актуудыг ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэхгүй байгаа талаар хууль хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн огт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал гарч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар “ЭЖЭмг” ХХК/иргэн Б.Л/-д барааны тэмдгийн №00000, №0001 дугаар гэрчилгээ олгож гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бий болгосон.

Харин нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд zaluu.com веб сайтыг, залуу/zaluu барааны тэмдгийг хамгийн түрүүнд хэрэглээнд нэвтрүүлж, хэрэглэгч олонд танил болгосон, тухайн домэйн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байхад Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал гарснаар тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарлаж Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг бий болгосон.

Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот албан шаардлага, мөн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж байна. Учир нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь Монгол Улсын олон улсын гэрээ нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиас дээд хүчин чадалтай хэрэглэгдэхийг хууль тогтоогч хуульчилсан.

Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр 1-ийн 16 дугаар зүйлийн 2-т “...Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана” гэж зааснаас үзвэл “Э” ХХК нь анхлан 2008 оноос эхлэн zaluu.com веб сайтыг ажиллуулж нийтэд залуу/zaluu барааны тэмдгийг танил болгож, үндэсний тэргүүлэгч веб сайт болгон хөгжүүлсэн. Энэ талаар хариуцагч, гуравдагч этгээд нар маргадаггүй бөгөөд zaluu.com веб сайтыг нийтэд түрүүлж танил болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц 2-ийн bis зүйлийн 1-т “Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ. Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарна” гэж зааснаар үзвэл нийтэд танил болсон, нийтээр мэддэг болсон zaluu.com буюу zaluu/залуу барааны тэмдгийг Оюуны өмчийн газар бүртгэхээс татгалзах үүрэгтэй байхад татгалзалгүй гуравдагч этгээдэд залуу/zaluu барааны тэмдгийг олгосон нь “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр болсон.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, гуравдагч этгээдэд залуу/zaluu барааны тэмдгийг олгож, “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хориглосон хэм хэмжээг зөрчиж илт хууль бус актыг гаргасан байна.

Нэгэнт илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот албан шаардлага, мөн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дугаар дүгнэлт тус тус илт хууль бус байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан шатны шүүхээс Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын холбогдох хэсэг, тус газрын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дүгээр албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дүгээр дүгнэлт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй талаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах гомдлын үндэслэлээ “хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үндэслэлээр” гаргаж, анхан шатны шүүхийг буруутгасан нь ойлгомжгүй, маргаан бүхий актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардаагүй атлаа “...Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг зөрчиж, “ЭЖЭмг” ХХК-д залуу/zaluu барааны тэмдгийг эзэмшихийг зөвшөөрсөн хариуцагчийн шийдвэрийг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй, хууль хэрэглээг шалгаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд хуульд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг эрх зүйн чадамж бүхий ямар ч хүн харсан илэрхий алдаатай, засах боломжгүй, алдаатай болох нь шууд харахад ойлгогдохоор байна. Иймд шүүхээс илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гарсан акт бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.-91.1.9-д/ заасан эрх зүйн алдааг агуулж байгаа эсэхийг л шалгаж, шийдвэр гаргана.

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар Б.Лхамсүрэнг /“ЭЖЭмг” ХХК-д шилжсэн/ залуу/zaluu гэсэн үгэн барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д  “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны актад хамаарна гэж маргасан, анхан шатны шүүхээс  “...хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй байх, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж, гарах ёсгүй байсан актыг гаргасан, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн байхыг ойлгоно.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэсэн байх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29.1.6-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан төдийгүй тухайн үед Б.Лхамсүрэн гэх иргэнээс уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр гаргана” гэж заасны дагуу мэдүүлгээ гаргасан, эдгээр нь Оюуны өмчийн газрын даргын барааны тэмдгийг бүртгэсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон байх тул “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.

Иймд хариуцагч нь энэ бүрэн эрхийнхээ хүрээнд “ЭЖЭмг” ХХК-ийн гаргасан мэдүүлгийн дагуу “залуу/zaluu” гэсэн барааны тэмдгийг эзэмшихийг зөвшөөрч, барааны тэмдэг эзэмшигчээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх илт хууль бус актын шинжийг агуулаагүй, барааны тэмдгийг бүртгэж, гэрчилгээ олгох эрхтэй этгээдээс өөрт хамаарах чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэр байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн маргаж буй хуульд нийцүүлэн барааны тэмдгийг олгосон эсэхийг тогтоох ёстой байсан гэх “барааны тэмдгийг олгохдоо шүүлт хийгээгүй, хэрэв шүүлт хийсэн бол “Э” ХХК нь 2008 оноос эхлэн zaluu.com веб сайтыг ажиллуулж нийтэд “залуу/zaluu” барааны тэмдгийг танил болгосон, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц 2-ийн bis зүйлийн 1-д заасны дагуу уг барааны тэмдгийг эзэмших давуу эрх нь өөрт нь байгаа болохыг хүлээн зөвшөөрч, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэгтэй байхад татгалзалгүй гуравдагч этгээдэд “залуу/zaluu” барааны тэмдгийг олгосон” гэх үндэслэлүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал байх тул давж шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй. Учир нь эдгээр үндэслэлүүд нь маргаан бүхий актын хүрээнд хэлэлцэгдэх болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох шаардлагын хүрээнд хамааралгүй.

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дүгээр албан шаардлагаар “ЭЖЭмг” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан барааны тэмдгийг хэрэглэхгүй байхыг “Э” ХХК-иас шаардаж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дүгээр дүгнэлтээр zaluu.com вэб сайтын үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан, нэгэнт  “залуу/zaluu” гэсэн үгэн барааны тэмдэгтийн эзэмшигчээр “ЭЖЭмг” ХХК бүртгэгдсэн тул тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-д зааснаар барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12-д зааснаар хуулийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх бүрэн эрхийг оюуны өмчийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь адил төрлийн буюу зар сурталчилгаа, сонин сэтгүүл, вэб хуудас эрхлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь бусдын барааны тэмдгийг ашиглаж, zaluu.com гэсэн хаягтай вэб хуудсыг эрхэлж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байх тул “ЭЖЭмг” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу хариуцагч хяналтын улсын байцаагчаас дээрх актуудыг үйлдсэн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-дтүүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус акт биш, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, биелэгдэх боломжтой шийдвэрүүд юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... “залуу” гэсэн үг нь дангаараа барааны тэмдэгт болох боломжгүй, вэб хуудасны хаягт барааны тэмдэгт хамгаалагдахгүй” гэх тайлбарын тухайд, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар “залуу/zaluu” гэсэн үгэн барааны тэмдгийг “ЭЖЭмг” ХХК нь бараа үйлчилгээний олон улсын 16, 35, 38, 39, 41, 42, 44 дүгээр ангилалд эзэмшихээр хамгаалалт хийлгэсэн /Бараа үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 42 дугаар ангилалд вэб хуудас эрхлэх үйл ажиллагаа хамаардаг[1]/, вэб хуудсыг хаяггүйгээр эрхлэх боломжгүй бөгөөд бусад вэб хаягаас ялгах илэрхийлэл нь вэб хуудасны нэр буюу үгэн тэмдэгт байдаг онцлогтой, иймд “...вэб хуудасны хаягт барааны тэмдэгт хамгаалагдахгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгохоор заасан, энэ тохиолдлын хувьд “залуу/zaluu” гэсэн үгэн барааны тэмдгийг “залуу хүн” гэсэн өөрийнх нь утгаар хэрэглээгүй, бусад этгээдийн үйлчилгээнээс ялгах зорилгоор тухайлбал вэб хуудсын нэрийг “zaluu” гэж оноож өгсөн илэрхийлэл байх тул энэ тохиолдолд үг нь дангаараа барааны тэмдэгт болох боломжтой.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 88-96 дугаар хуудас