Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 681

 

                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Ш.А-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Хатанцэцэг,

Ялтан Ш.А, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.А-ын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.А-д холбогдох эрүүгийн 201626021619 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ш.А,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,    

 

          Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ... “архиа хувааж уусангүй, гэрээсээ хөөлөө” гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан иргэн А.Б-ын толгойн тус газарт турба төмрөөр цохиж зодон бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ш.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Ш.А-г 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.А-д оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.А-с 1.660.000 төгрөг гаргуулж, хохирогч ... А.Б-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 88.5 см урттай, 2.5 см диаметртэй, зэвэрсэн байдалтай турба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Ялтан Ш.А-ын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ш.А нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.А-г 3 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн. Ш.А нь анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөрөө төлж чадаагүй, өөрөө ч үйлдсэн хэргийнхээ талаар эргэлзээтэй байснаас хэргээ хүлээж мэдүүлээгүй байсан. Шийтгэх тогтоолоо гардан авснаас нь хойш би хорих 461 дүгээр ангид очиж уулзсан. Мөн энэ үед Ш.А-ын ар гэр, найз нөхөд нь нийлж байгаад хохирол төлбөрийг нь төлсөн. Одоо бол Ш.А нь хохирогч А.Б-ын биед хүнд гэмтэл учруулсан гэдгээ ойлгож, өөрийн гэм буруугаа ухамсарлаж, сайн дураараа хохирлоо төлж барагдуулсан. Ш.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

 

            Ялтан Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдаан хүртэл өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн мэдэхгүй байсан юм. Шийтгэх тогтоолоо авч уншаад гэрч Ц.Ш-ын мэдүүлгээс өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа ухаарч ойлгосон. Одоо миний бие гэм буруугаа ухамсарлаж, ойлгосон учраас надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна” гэв.  

 

            Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Ш.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан одоо хүлээн зөвшөөрч байгаа юм байна, хохирлоо төлөөгүй байсан төлсөн байна. Иймд ялтны өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан байна. Шүүхээс энэ заалтыг баримтлах боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... “архиа хувааж уусангүй, гэрээсээ хөөлөө” гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан иргэн А.Б-ын толгойн тус газарт турба төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Б-ын “...2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз Энхтайваны дүү Хүдэрээ нарын хамт баруун салаанд Энхтайваны аавын гэрийг барьчихаад, маргааш нь Энхтайваны ахын гэрийг мөн хашаанд барьж өгсөн юм. Гэр барьж байхдаа 0.75 литрийн “Хараа” архийг Энхтайван, Чинзориг бид гурав хувааж уусан байсан юм. ...“Хараа” нэртэй архийг хувааж уугаад сууж байтал Энхтайваны гэрт зүс таних Ш.А гэх хүн ганцаараа бага зэрэг халамцуу орж ирээд, Энхтайван, Чинзориг бид гуравтай архи ууж суусан. Архи ууж сууж байхдаа би Ш.А-д “чи надад урьд нь ажил өгнө гэж хэлээд ажил олж өгөөгүй ээ, хүнд худал ярих муухай байдаг юм аа” гэж хэлэхэд Ш.А тухайн үедээ “танд хэлсэн ажилд орсон байна лээ” гэж хэлсэн. Үүний дараа Ш.А, Чинзориг хоёр маргалдаад, зууралдаад, бие биенийгээ цохиод байх шиг байхаар нь Ш.Аыг би хөөгөөд гаргасан. Ш.А-г гарсны дараа Энхтайван, Чинзориг бид гурав унтсан байсан. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагийн үед сэрэхэд миний толгой өвдөөд, зүүн хацар шанаа дагаад нойтон оргиод байхаар нь би босоход миний өмсөж байсан хувцас ...цус үсэрчихсэн байдалтай цусаар бохирлогдсон байсан. ...Сандалны доор газарт урт төмөр турба байсан. Тэгээд би Энхтайваны дүү Хүдэрээгээс юу болсон талаар асуухад “...Чинзориг ахтай маргалдаад байсан халзан толгойтой ах 4 хүнтэй хамт орж ирээд таныг турбагаар цохьчихоод гараад явсан гэж хэлсэн. ...Би гомдолтой байна, холбогдох эмчилгээний зардлыг Ш.А-с нэхэмжилж байна. ...Би Ш.А-д хандаж “чи ажил олж өгч чадахгүй байсан юм бол яах гэж ажил олж өгнө гэж худал хэлдэг юм бэ, чи яв” гээд би Энхтайваны гэрээс Ш.А-г гаргасан. ...Энхтайваны гэр нь баруун зүүн талдаа нэг нэг ортой бөгөөд би ертөнцийн зүгээр баруун талын орон дээр Чинзоригтой хэвтэж байсан ба зүүн талын орон дээр Энхтайван, Шижирбаатар нар хэвтэж байсан ...биед учирсан баруун шуу, цээж, хэвлий, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтлүүдийг хүртэл Ш.А учруулсан бөгөөд тухайн үедээ уг гэмтлүүд нь турба төмрөөр цохисон юм шиг ором гарсан байсан. ...Би цагдаагийн хэлтэс дээр Ш.А-той таараад “чи яах гэж намайг цохисон юм бэ, намайг алах гэж байсан юм уу” гэхэд Ш.А “үгүй ээ, би зүгээр л Чинзоригтой тооцоо бодох гэж тухайн шөнө очсон бөгөөд таныг андуураад цохьчихсон байна лээ” гэж хэлсэн...” /хх-21-22, 72, 92/,

Гэрч Б.Эрдэнэбатын “...2016 оны 5 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Төмөрөөгийн гэрт Төмөрөө би, миний хамтран амьдрагч Дэлгэрмаа бид нар унтаж байтал Ш.А гаднаас орж ирээд “би хүнд зодуулчихлаа, өөрийнхөө мөнгөөр архи авсан чинь надад архинаас уулгасангүй, би ингэж дээрэлхүүлж чадахгүй, гэрт нь очъё” гэж хэлэхээр нь Дэлгэрмаа, Төмөрөө, Ш.А нарын хамт архи уусан гэх айл руу нь очсон. Тэгээд гэрт ороод Дэлгэрмаа тэр хүмүүст хандаж “та нар яаж байгаа юм бэ, яагаад хүний мөнгө дээрэмдсэн юм бэ” гэж хэлэхэд тэр хүмүүс өөдөөс босч ирээд хэрэлдээд Чинзориг Ш.А-г заамдаж аваад ...хэл амаар доромжилж байсан. Бас нэг настайдуу 50 орчим настай гэмээр эрэгтэй хүн нэлээн согтуу Ш.А руу дайраад байсан ба Ш.А гартаа барьж байсан ...турбагаар толгой руу нь нэг удаа цохиод тэр хүн газарт унаад унтаад өгсөн. ... Ш.А гарч ирэхдээ турбагаа тэр айлд орхиод гарч ирсэн. ...Тэр турба нь Төмөрөөгийн гэрийн хашааны үүдний хаалгыг түгждэг турба байгаа юм. Төмөрөөгийн гэрээс гарахдаа Ш.А турбаг аваад гарсан. Би сайн санаж байна...” /хх-37-39/,

Гэрч Б. Дэлгэрмаагийн “...Төмөрбаатарынд Ш.А орж ирэхдээ согтуу байсан. Шөнө айлд ороод Ш.А зодоон хийсэн бөгөөд бид гурав зодоон хийгээгүй би дөнгөж орчихоод, маргааш асуудлаа шийд гэж хэлээд буцаад гарсан тул гэр доторх явдлыг яг сайн нарийн мэдэхгүй байна...” /хх-73-74/,

Гэрч Ц.Шижирбаатарын “...2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 5-112 тоот Энхтайван ахын гэрт Чинзориг ах, А.Б ах бид дөрөв байсан. Намайг архинд явуулсан, би архинд яваад ирэхэд Ш.А гэх хүн ирчихсэн А.Б ахтай маргалдаад байсан ба А.Б ах Ш.А-г гэрээс хөөгөөд явуулсан. Тэгээд бид хэд унтахаар болоод А.Б ах Чинзориг ахтай хамт нэг орон дээр би Энхтайван ахтай нэг орон дээр унтаж байтал шөнө гэнэт гэрийн хаалга онгойсон. ...Тэгтэл Ш.А ах 1 эмэгтэй, 2-3 эрэгтэй хүн дагуулаад ороод ирчихсэн байсан. Ш.А ах гартаа турба бариад А.Б ахын ар толгой хэсэг рүү нь цохьчихоод мөн Чинзориг ахын нүүрлүү нь гараараа цохиж авангуутаа гараад явсан. ...Би архи уугаагүй эрүүл байсан. Энхтайван, Чинзориг, А.Б ах нар бүгд нэлээн согтчихсон байсан. ... Ш.А-г шөнө гаднаас орж ирэхэд нь Энхтайван, Чинзориг, А.Б нар мэдээгүй, унтаад байсан. Маргааш өглөө нь хүртэл А.Б ах зодуулснаа мэдэхгүй байсан. ...А.Б ахыг яагаад цохьсоныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ орой нь А.Б ах Ш.А-г бараг л хөөгөөд явуулсанд уурлаад шөнө ирсэн байх. ...А.Б ахын зүүн чихний дээд хэсэгт турбагаар Ш.А цохисон...” /хх-75-76/,

Гэрч Ж.Энхтайваны “...Манай гэрт ирээд 0.75 литрийн савлагаатай архийг А.Б, Чинзориг бид нар хувааж уугаад байж байтал миний танил Ш.А манай гэрт ганцаараа орж ирээд, бид нартай хамт архи ууж дуусаад, дахин 0.75 литрийн савлагаатай архи нэг шилийг авч хувааж уугаад байж байтал Чинзориг Ш.А нар хоорондоо маргалдаад, барьцалдаад байхаар нь салгаад, А.Б бид хоёр Ш.А-г “яв яв” гэж хэлээд манай гэрээс хөөсөн. Ш.А-г гарсны дараа Чинзориг, А.Б, Шижирбаатар бид дөрөв манай гэрт унтчихсан. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед нэг сэрэхэд А.Б манай гэрийн баруун талын орон дээр унтаж байсан ба түүний толгойн зүүн дээд талын хэсгээс цус гарчихсан, нүүр болон өмсөж явсан футболк нь цус болчихсон байсан...” /хх-33-36/,

Гэрч Т.Чинзоригийн “...Ш.А гаднаас архи уучихсан орж ирэхээр нь бид хэд юм яриад байж байтал А.Б Ш.А хоёр хоорондоо маргалдаж эхлэхээр нь би “одоо больцгоо” гэж хэлэхэд над руу бас дайрах гээд байсан А.Б Ш.А-г хөөж хашаанаас гаргахаар нь хашааны хаалгаа түгжээд, гэртээ орж унтаж амрахаар болсон. Би А.Бтой ертөнцийн зүгээр баруун талын орон дээр унтсан, Энхтайван Шижирбаатар хоёр ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр унтсан. Тэгтэл шөнө Энхтайван намайг татаж сэрээгээд “наад А.Быг чинь зодчихсон байна шүү дээ” гэхээр нь босоод хартал А.Бын толгой нь хагарчихсан, цус гарсан байдалтай байсан...” /хх-145-146/,

Гэрч Ш.Эрхэмбаярын “...Би Ш.А-ын төрсөн дүү нь юм байгаа юм. ... Ш.А ах бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 8 настайдаа Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд элсэн орж 10 дугаар ангиа төгсөөд хувиараа наймаа хийж байгаад, 2004 бил үү 2005 онд “Их Засаг” их сургуулийг төгссөн. Дээд боловсролтой. Ер нь ерөнхий боловсролын сургуульд байхаасаа л төлөв даруу хичээл сурлагадаа их сайн хүн байсан. ...2015 оны 9 дүгээр сард Ш.А ахын эхнэр нь өвчний улмаас нас барсан. Ш.А ах ер нь ах дүү нартайгаа холбоо харилцаа муутай байдаг. Заримдаа над руу залгаж ярьдаг. Ш.А ах зан байдлын хувьд дуу цөөтэй, бусадтай эвтэй найрсаг, нөхөрсөг, ном их уншдаг, тал талын мэдлэгтэй, хар бор ажилд их сайн хүн байгаа юм. Ганц гэм нь хааяа архи уучих гээд байдаг. Архи уухаараа элдвийн муу зан араншин байхгүй. Биеийн байдал нь эрүүл мэндийн хувьд байнга л толгой өвдлөө гэж ярьж байдаг бас 5, 6 насандаа уушигны хагалгаанд орж байсан, мөн сонсгол муутай хүн байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Ш.А зураг их сайн зурдаг, гитар сайн тоглодог. Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй...” /хх-33/,

Шинжээч эмч М.Отгонбаатарын “...зүүн зулай, дагз ясны бяцарч цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд гэмтэл. Харин баруун шуу, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь нэг бус удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-100/,

Ш.А-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Төмөрбаатар, Дэлгэрмаа, Эрдэнэбат бид дөрөв очсон бөгөөд Энхтайваны гэрт орж ирсэн. ...Би өмнө Энхтайваны гэрт очоод тэд нарт зодуулсан учир дахиж очихдоо өөрийгөө хамгаалах үүднээс турба төмрийг Төмөрбаатарын хашаанаас авч очсон. ...Шижирбаатарт би хандаж “та нар намайг бүлэглэж зодсон шүү” гэж хэлээд байж байхад Эрдэнэбат Чинзоригийг сэрээсэн. Тэгээд ...гэр дотор бага зэрэг хэрэлдэж байгаад гарсан. ...Тухайн үед би эмнэлэгт үзүүлээгүй. Би ...шүүх эмнэлэгт нөхөн үзүүлэхгүй бөгөөд миний бие зүгээр болсон. Энэ зодооны талаар надад гомдол санал байхгүй тул энэ талаар шалгуулахгүй...” /хх-53-54, 56, 80, 102-103/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7306 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. А.Б биед зүүн зулай, дагз ясны бяцарч цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-41/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-19/, хохирогч А.Б өвчний түүх /хх-23-32/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 5-112 тоотод “архиа хувааж уусангүй, гэрээсээ хөөлөө” гэснээс буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Б толгойн тус газарт турба төмрөөр цохиж, “зүүн зулай, дагз ясны бяцарч цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” зэрэг хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ш.Аыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

         

             Мөн ялтан Ш.Аын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан “...ялтан Ш.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн...” гэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч ялтан Ш.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Аын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Харин анхан шатны шүүх Ш.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулахдаа “...шүүгдэгч Ш.Аын үйлдсэн “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна...” /хх-190/ гэсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд баримтлах шаардлагатай болохыг анхаарвал зохино.

           

             Түүнчлэн ялтан Ш.А нь анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шийтгэх тогтоолд тусгагдсан 1.660.000 төгрөгийг хохирогч А.Бод төлсөн болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Аын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                               ШҮҮГЧИД                                Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                               Д.МЯГМАРЖАВ