Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 660

 

М.Нэргүйбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч М.Нэргүйбаатар, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг, 

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр М.Нэргүйбаатарт холбогдох эрүүгийн 201726020574 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Галавч овогт Мөнхчулууны Нэргүйбаатар, 1985 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төв”-д нормчин ажилтай, ам бүл 8, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 417 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, /РД: ЧВ85031312/.

 

М.Нэргүйбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төв дотор хохирогч Ш.Оюунбаттай маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Нэргүйбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Галавч овогт Мөнхчулууны Нэргүйбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан М.Нэргүйбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, М.Нэргүйбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. Тухайлбал: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хариуцлагын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр хуульчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Дээрх зүйл, хэсэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй дүйцэж байгаа бөгөөд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 200-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэсэн бөгөөд уг хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байжээ. Шүүхийн тогтоолд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь гэм хорын хохиролд хохирогчид 2.800.000 төгрөгийг сайн дураар төлсөн, улмаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан М.Нэргүйбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

            Шүүгдэгч М.Нэргүйбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл наймуулаа амьдардаг, хохирогчтой эвлэрсэн. Би цалингийн зээл авч хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч бид хоёр хоёулаа хараагүй бөгөөд нэг газарт ажилладаг” гэв.

 

Шүүгдэгч М.Нэргүйбаатарын өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хангаж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг зөвхөн ялын дээд, доод хэмжээг харгалзан шийдвэрлэлгүйгээр М.Нэргүйбаатарын хувийн байдал, хохирол төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлээр зүйлчилсэн эсэх,  ямар үндэслэлээр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байх тул эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр М.Нэргүйбаатар холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлыг болон шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

М.Нэргүйбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төв дотор хохирогч Ш.Оюунбаттай маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Оюунбатын “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ... 00-ын өрөөнд Д.Батбаяр, М.Нэргүйбаатар бид гурав бие зассан. Тэгэхэд Д.Батбаяр миний цээж рүү гараараа цохиод захирангуй яриад байхаар нь Д.Ганбат коридорт зогсож байснаа “та нар болио” гэж хэлэхээр нь би 00-ын өрөөнөөс түрүүлээд гарахад араас Д.Батбаяр, М.Нэргүйбаатар нар гарч ирсэн. ... Д.Батбаяр миний уруул орчим руу духаараа мөргөхөөр нь би шууд Д.Батбаяртай барилцаж авсан. Тэгэхэд хажуунаас М.Нэргүйбаатар толгой руу гараараа цохих үед Д.Батбаяраас салаад М.Нэргүйбаатартай барилцаж аваад ноцолдож байхдаа М.Нэргүйбаатар бид 2 газар унасан. Би М.Нэргүйбаатарын дээр нь байсан. Тэгтэл М.Нэргүйбаатар миний зүүн чихнээс хазахаар нь би чихээ салгаж авах гээд гараараа М.Нэргүйбаатарын нүүр лүү нь түлхэхэд М.Нэргүйбаатар миний зүүн гарын чигчий хурууг хазахаар нь би арай гэж гараа салгаж аваад бостол Д.Батбаяр надтай дахиад барилцаж авсан. Тэгээд Д.Батбаяр бид хоёр дахиад газар унахад М.Нэргүйбаатар миний баруун нүд рүү нэг удаа, толгойн хэсэг рүү хоёр удаа өшиглөхөөр нь би “чи миний нүд рүү өшиглөчихлөө” гээд чанга дуугаар орилоод газраас босоод хагас суухад Д.Батбаяр, М.Нэргүйбаатар нар 2 талаас өшиглөсөн. Энэ үед Д.Ганбат, Д.Зоригт нар хүрч ирээд салгахад М.Нэргүйбаатар “чамайг чулуугаар цохьчихъё” гэж орилоод яваад байсан тул би аль болох холдсон. Тэгэхэд Д.Ганбат цохиулчихлаа гээд орилоход Д.Зоригт над дээр ирээд "чиний нүд яаж байна” гэхээр нь би “нүд харахгүй байна, миний гар утас, нүдний шил, малгай байхгүй байна” гэж хэлэхэд Д.Зоригт газраас гар утас олж өгсөн. Харин малгай, нүдний шил олдоогүй. Тэгээд Д.Зоригт, Д.Ганбат бид гурав Алтай хотхоны автобусны буудал руу явж Д.Зоригоог таксинд суулгаж өгөөд Д.Ганбат бид 2 буцаад МСҮТ-ийн байр луу явж байхдаа М.Нэргүйбаатар, Д.Батбаяр хоёртой таарсан. Би тэр хоёрт “зодоон цохион хийгээд хэрэггүй ээ. Хэдүүлээ учраа олъё” гэхэд М.Нэргүйбаатар миний хамар луу хатуу зүйлээр цохиход би газар уначихаад босч ирээд Д.Ганбатыг дагуулаад хоёулаа явъя гээд явсан. ...” /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Зоригтын “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр би Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт ажлын өрөөндөө байж байхад гаднаас Д.Ганбат, Ш.Оюунбат, М.Нэргүйбаатар, Д.Батбаяр нар орж ирээд архи ууцгаасан. ... Тэгтэл гэнэт Ш.Оюунбаттай Д.Батбаяр, М.Нэргүйбаатар хоёрын нэг нь барилцаж аваад хэсэг ноцолдоход Ш.Оюунбат газар унасан. Тэгэхээр нь Д.Ганбат бид хоёр М.Нэргүйбаатар, Д.Батбаяр нарыг Ш.Оюунбатаас салгаад “та нар хоёрын хооронд жоохон юм уучихаад яагаад байгаа юм, зүгээр байцгаа, больцгоо” гэж хэлээд Ш.Оюунбат, Д.Ганбат хоёрын хамтаар автобусны буудал руу явсан. ...” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Д.Батбаярын сэжигтнээр өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монголын хараагүйчүүдийн байранд Ш.Оюунбат, М.Нэргүйбаатар, Д.Зоригт, Д.Ганбат бид хэд архи хувааж уусан. Байрнаас гараад явж байгаад “би явлаа” гэж хэлэхэд Ш.Оюунбат намайг “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би өөрөө юу ч хардаггүй учир өөрөөсөө Ш.Оюунбатыг холдуулах үүднээс нэг гараараа түлхэхэд М.Нэргүйбаатар нь Ш.Оюунбат бид хоёрын дундуур орж ирсэн. Тэгээд би юм хардаггүй учир “больцгоо” гэж хэлээд зогсож байхад хүмүүс ноцолдох чимээ гараад байхаар нь би уг чимээ рүү чиглэж очоод “одоо больцгоо” гэж хэлсэн. ...” /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

М.Нэргүйбаатарын сэжигтнээр өгсөн “...Гэрлүүгээ харих гээд явж байхад Д.Батбаяр, Ш.Оюунбат нар маргалдаад байхаар нь би “хараагүй хүмүүс хоорондоо маргалдаж яах гээд байгаа юм бэ?, Д.Батбаяраа хоёулаа явъя” гэхэд миний араас Ш.Оюунбат боож татахаар нь бид хоёр хоорондоо ноцолдоод газар унасан. Тэгтэл Ш.Оюунбат намайг боочихоод ерөөсөө тавихгүй байсан тул би Ш.Оюунбатын чихнээс нь гараараа базаж татаад тавиулах гээд дийлээгүй учир Ш.Оюунбатын хурууг нь хазаж тавиулчихаад газраас босохдоо Д.Ганбаттай санаандгүй мөргөлдөхөд Д.Ганбат намайг чи яаж байнаа гээд үснээс зулгаагаад нүүр лүү өшиглөж байхад Д.Батбаяр “цагдаа” гээд орилоход намайг зодохоо больсон. ...” /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

 

            Д.Ганбатын сэжигтнээр өгсөн “...Ш.Оюунбат “би байранд юмаа орхичихсон байна” гэж хэлэхээр нь бид хоёр буцаад байр луугаа явж байхдаа М.Нэргүйбаатар, Д.Батбаяр нартай таарсан учраас би “та нар эрчүүд байж яагаад муудалцаад байгаа юм бэ?, эр хүн шиг эвлэрээд гар барьчих” гэж хэлсэн. Тэгэхэд Ш.Оюунбат эвлэрээд урагшаа ойртож алхахад М.Нэргүйбаатар Ш.Оюунбатыг цохисон. Ш.Оюунбат “миний нүд рүү М.Нэргүйбаатар цохичихлоо” гэж хэлэхээр нь “би юу боловоо” гэхэд М.Нэргүйбаатар миний толгой руу цохиод авсан тул би зөрүүлээд М.Нэргүйбаатарын цээж рүү тохойгоороо цохисон. ...” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2729 дүгээр шинжээчийн дүгнэлт “...Ш.Оюунбатын биед хамрын арьсны зулгаралт, зовхины цус хуралт, чих, сарвууны өнгөц шарх, цус хуралт, баруун нүдний торлогийн хууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална. ...” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дүгээр шинжээчийн дүгнэлт “...Сондра эмнэлгийн эмч Ц.Мөнхзаяагийн тодорхойлолт болон EMZ нүдний эмнэлгийн эмч Ц.Мөнхцэцэгийн тодорхойлолтыг үндэслэн Ш.Оюунбатын биед гэмтлийн шалгаант хиймэл болорын мултрал, гэмтлийн шалтгаант торлог бүрхүүлийн хэсэгчилсэн хууралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7 дугаар хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Оюунбатын биед хамар арьсны зулгаралт, зовхины цус хуралт, чих сарвууны өнгөц шарх, цус хуралт, баруун нүдний торлогийн хууралт гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

М.Нэргүйбаатар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Оюунбатад хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд хохирлын төлбөрт 2.800.000 төгрөгийг сайн дураар төлсөн, хохирогч Ш.Оюунбат нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагджээ.

 

М.Нэргүйбаатарт холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шинэчлэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль хүчин төгөлдөр болж, түүнд холбогдох хэргийг аль хуулиар шийдвэрлэвэл ашигтай нөхцөл байдал үүсэх талаар дүгнэлт хийх асуудал үүссэн байна.     

 

М.Нэргүйбаатарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь оногдуулах ял шийтгэлийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээс хөнгөн байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр М.Нэргүйбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүнд илүү ашигтай байна.

 

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.

 

М.Нэргүйбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр М.Нэргүйбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр энэ хуулиар шийдвэрлэх болсон, аль хууль түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд энэ талаар прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхгүй гэж үзлээ.