Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 657

 

К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Мөнхцэцэг,

Ялтан К.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Ялтан П.Дарханбаярын өмгөөлөгч Н.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, ялтан К.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, ялтан П.Дарханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох эрүүгийн 201626023022 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Борис овогт Колягийн Тэмүүжин, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 23 дугаар байрны 201 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Жанжины 23-460 тоотод түр оршин сууж байсан, /РД:УИ91121815/,

2. Соном овогт Пагамсүрэнгийн Дарханбаяр, 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, Цахир 22 дугаар гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16-44 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:ТЕ93062156/,

 

3. Малчин овогт Батдэлгэрийн Баярсайхан, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “МЦУУ” ХХК-ийн Өмнөговь аймагт дахь салбарт жолооч ажилтай байсан, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ИИ94112635/;

 

К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Энх-Амгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 320.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, Б.Ариунбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 550.000 төгрөгийн эд зүйлийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...К.Тэмүүжинг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, П.Дарханбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Б.Баярсайханыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар К.Тэмүүжинг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, П.Дарханбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Баярсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарын тус бүр цагдан хоригдсон 11 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нараас тус бүр 60.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунбаатарт олгох, хохирогч Г.Энх-Амгалан нь төлбөрийн нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 3 /гурав/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, мөрдөн байцаалтын явцад Ниссан Тино маркийн 1270 УНЗ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор” шийдвэрлэжээ.

Ялтан К.Тэмүүжин давж заалдах гомдолдоо: “...Би уг хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ амрах гэж байх үед Баярсайхан залгаж “би хотод ирчихсэн байна. Та хүрээд ирээч” гэсэн. Би 3, 4 дүгээр хорооллын “Өргөө” кино театрын ард байрлах компьютер тоглоомын төвд очиж тэр хоёртой уулзсан. Бид гурав хорооллын эцсийн бааранд ороод бүжиглээд байж байтал Баярсайхан харагдахгүй байсан. Дарханбаяр бид хоёр тамхи татахаар гарахад удалгүй Баяраа араас гарч ирсэн. Баяраа “бааранд согтуу 2 ах агсарч намайг дарамтлаад байна, та баарчин биз дээ. Тэр хоёр гарч ирж байна, тэр байна, тэр байна” гэсэн. Би “хүнтэй маргалдаж яах юм бэ. Зүгээр орцгооё” гээд баар луу буцаж орсон. Үлдсэн юмаа ууж дуусаад явахаар болцгоож автомашиндаа суусан. Автомашины бензин дуусч байгаа, бензин хийгээрэй гээд хөдөлснөө гэнэт зогсоод “нөгөө хоёр чинь замын цаана байна. Очиж уулзъя” гэхэд нь “би яах гээд байгаа юм бэ. Шууд харьцгаая” гэсэн. Тэгэхэд “та айгаад байгаа юм уу, хаашаа юм бэ” гээд автомашинаа зогсоолд тавиад тэр 2 буугаад явчихсан. Би араас нь буугаад шээгээд зогсож байхад намайг “Тэмүүжин ахаа” гээд чанга дуудсан. Би очоод “яагаад дүү дээрэлхээд байна аа. Уусан идсэнээ шингээж яв” гээд хохирогч нарын нэгийг нь түлхээд нөгөөг нь хэд хэд цохисон. Тэр үед би дүүгээ өмөөрөөд хүмүүстэй маргалдсан. Надад тэр хүмүүсийн эд зүйлийг авах санаа зорилго байгаагүй, авсныг нь ч мэдээгүй. Бид гурвыг харих замд нэг утас дуугарч, Баяраа утсыг аваад “би энэ утсыг олсон таксины жолооч байна. “Өргөө” кино театр дээр ирээд утсаа ав” гэж ярьж байсан. Даагий бид 2 “юу яриад байгаа юм бэ?, юун утас юм бэ?, наад утсаа хурдан аваачиж өг, хүний утсыг авчихсан юм биш биз дээ” гэж уурлахад “та 2 юунд сүржигнээд байгаа юм бэ. Би мэдэж байна. Тэр хавьд камер байхгүй, янз бүрийн юм болоход би өөрөө аргална” гээд бид хоёр луу уурласан. Хэд хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудагдан байцаалт өгөхийн өмнө Баяраа надад “та автомашины түлхүүр газар унагачихлаа Баяраа аваарай гэсэн” гэж хэлээд өгөөрэй. Би өмнө нь хэрэгт холбогдож байсан. Тэнсэн дуусаагүй байгаа. Та ойлгоно биз дээ. Бүх хохирлыг би төлнө. Та ял авахгүй” гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд, хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж, буруугаа ухамсарлаж байна. Би хохирогч Наранбаатарт 320.000 төгрөг, бөгжний 80.000 төгрөгийг цагны хамт өгсөн. Шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд заасан 60.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний нялх хүүхдүүд болон бие муутай хөгшин эцгийг минь харж, хандах хүнгүй үлдсэн учир би маш их санаа зовж байх тул эдгээр байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Ялтан Б.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Тэмүүжин ах хохирогч нартай муудалцаж байсан. Яг юунаас болж маргасныг би сайн мэдээгүй. Баар хаагаад харих гэж байтал замын хажууд хохирогч Энх-Амгалан, Ариунбаатар нар явж байхыг Тэмүүжин ах хараад “нөгөө хоёр далчигар чинь энд явж байна. Буугаад энэ хоёрыг зодчихъё гэж хэлээд Тэмүүжин ах, Дарханбаяр нар буугаад явсан. Би автомашинаа зогсоолд тавьчихаад салгахаар очтол хохирогч залуус аль хэдийн газарт унасан байдалтай хэвтэж байсан. Би хохирогч нарт огт гар хүрээгүй. Тэмүүжин ахыг боль гэхэд нь “наана чинь гэрийн түлхүүр унасан шүү. Олоод ав” гэсэн. Тэгээд би хайж байтал хохирогч Энх-Амгалангийн хажууд түлхүүр, утас хоёр байхаар нь би хоёуланг нь аваад бид 3 гэр лүүгээ явсан. Би одоо ШУТИС-ийн 3 дугаар курсын оюутан. Сургуулиа төгсөж амжаагүй байгаа. Эхнэр, 3 настай хүүтэйгээ амьдардаг. Хүүхдийнхээ ухаан орж байх үед нь сайн аав баймаар байна. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Ялтан П.Дарханбаяр давж заалдах гомдолдоо: “...Тухайн өдөр бааранд байхад Баяраа “2 хөгшин ах зодоод, дээрэлхээд байна” гэж хэлсэн. Удалгүй баарнаас явахаар болсон. Автомашинтай явж байхад Баяраа “нөгөө хоёр чинь явж байна. Та 2 очиж бай” гээд эхлээд Тэмүүжин, араас нь би очоод “энэ хоёр хүн чинь хөгшин юм байна. Яах юм бэ” гэхэд Тэмүүжин үгийн зөрүүгүй нэгийг нь цохиод авсан. Тэр хүн нь унаад балмагдахдаа миний хөлнөөс зуурч авахаар нь би хөлөө тавиулах гээд сандрахдаа өшиглөсөн. Нөгөө хүнд нь ойртоогүй. Тэмүүжинг бусдын эд зүйл авсныг мэдээгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, бусдын эд хөрөнгийг миний хувьд хүч хэрэглэн аваагүй. Харин хохирогчид учирсан гэмтлийн зэргээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн зүйлээр зүйлчилж өгнө үү. Миний хувьд ам бүл 4, хойд аав, 2 дүүгийн хамт Баянхонгор аймагт амьдардаг. Хэрэгт холбогдсоноос хойш нагац эгчийн компанид засварчин хийж байсан. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн байдлын хувьд миний эх 3 жилийн өмнө өвчнөөр нас барсан. Төрсөн эцэг минь бага байхад хаяад явсан. Огт холбоогүй, сураггүй байгаа. Би нагац эгч Золоогийнхоо хувийн компанид 3 жил гаруй хугацаанд ажилласан. Миний найз охин одоо 3 сартай жирэмсэн, АУИС-ийн 2 дугаар курсэд сурдаг. Эдгээр байдлыг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Ялтан Б.Баярсайханы өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Б.Баярсайханд оногдуулсан ялын хэмжээг 6 cap болгож хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, Б.Баярсайхан нь хохирогч нарын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн эсэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн эсэх, заналхийлж довтолсон эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Б.Баярсайхан нь тухайн үйл явдал өрнөх үед автомашин жолоодож явсан бөгөөд хохирогч Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нар луу эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон үйлдэл хийгээгүй болно. Энэ нь хэрэгт авагдсан камерийн бичлэг болон бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд: "...арын зам дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин ирж зогсож, 2 залуу бууж, Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарыг сууж байхад нь өнгө тодорхойгүй, малгай, урт куртиктай залуу улаан хүрэн өнгийн цамц өмссөн Энх-Амгаланг зодож, хар бараан өнгийн саравчтай малгай хойш нь харуулж өмссөн, савхин куртиктай залуу нь хар өнгийн савхин хүрэмтэй Б.Ариунбаатарыг зодож байх үед нь 03:14 цагт шаргал богино өнгийн үстэй захтай нэхий куртиктай залуу цаанаас ирэн Г.Энх-Амгалангаас 2 удаагийн үйлдлээр эд зүйл авч халаасандаа хийж, цаашаа явж Б.Ариунбаатараас мөн эд зүйл авч, ... нийлээд зугтааж явснаар бичлэг дуусч байна..." гэсэн баримтаар шууд нотлогддог. Камерийн бичлэгээр хохирогч нарыг 2 залуу автомашинаас бууж ирээд зодож байгаа нь К.Тэмүүжин, П.Дарханбаяр нар бөгөөд цаанаас сүүлд ирж эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр авч халаасандаа хийгээд байгаа нь Б.Баярсайхан юм. Б.Баярсайханы уг үйлдэл илээр болсон бөгөөд камерийн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Шинэ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл "дээрэмдэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжид хуучин хууль шиг "бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг" гэж зааж өгөөгүй байна. Харин ч оролцсон оролцоо, үйлдлээр нь ялгаварлан зааглаж "бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол" гэж хуульчилж ял оногдуулахаар зааж өгчээ. Тиймээс Б.Баярсайханд халдаасан Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг одоо үйлчилж байгаа  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн хөнгөрүүлж, түүнд оногдуулсан ялын хэмжээг 6 cap болгож өгнө үү. Б.Баярсайхан нь мөрдөн байцаалтын явцад хохирлын тодорхой хэсгийг ганцаараа төлж барагдуулсан. Мөн шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд заасан 60.000 төгрөгийг хохирогч Б.Ариунбаатарт төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх үндэслэл ч байгаа” гэв.

            Ялтан К.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. К.Тэмүүжин нь 25 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 23 дугаар байрны 201 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгодог, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан хэрэгт яллагдаж хувийн байдал нь өрх толгойлсон эцэг гэх баримт хангалттай байхгүй, эхнэр болох М.Уранбайгаль нь хил гарсан эсэх нь тогтоогдохгүй байна гэх тул арга буюу хуульд зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийтгэх тогтоол гарсан. К.Тэмүүжин нь хохирогч Б.Ариунбаатарт хохирлын төлбөр 60.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Хил хамгаалах ерөнхий газраас М.Уранбайгаль нь Замын-Үүд авто замын боомтоор гарсан тухай албан тоот нэмж гаргуулсан ба хэргийн материал доторх бусад бичгийн баримтаар “Амгалан итгэлэхүй” өрхийн эрүүл мэндийн төвийн албан тоот, өрх толгойлсон эцэг, 2 бага насны хүүхдээ асран хамгаалдаг /2 дугаар хавтас, 25 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн албан тоот, Т.Сарнай охины эцэг К.Тэмүүжин нь хүүхдийн асран хамгаалагч нь үнэн /2 дугаар хавтас, 26 дугаар хуудас/, охин Т.Сарнай, хүү Т.Хурбилэг нарын төрсний гэрчилгээ /1 дүгээр хавтас, 178, 221 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул эдгээр байдлуудыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

            Ялтан П.Дарханбаярын өмгөөлөгч Н.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Дарханбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлсэн хуулиар зүйлчилж өгнө үү. П.Дарханбаярын хувьд ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдардаг. Төрсөн эх нь хаяад явсан тул багаасаа хойд эцэгтэйгээ өссөн. Эх нь хаяж явсан тул нагац эгчийнхээ гэрт буюу Дархан-Уул аймагт амьдардаг. Тэрээр нагац эгчийнхээ компанид ажиллаж байгаа. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, өөрт ногдох хохирлын төлбөрийг бүрэн төлсөн. Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Прокурор М.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх боломжтой байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, ялтан К.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, ялтан П.Дарханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ялтан К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Энх-Амгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 320.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, Б.Ариунбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 550.000 төгрөгийн эд зүйлийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           

            Хохирогч Г.Энх-Амгалангийн “...01 цаг 25 минутад баарнаас гарч ирээд хажууд нь байдаг Файр бааранд ороод нэг нэг 100 грамм архи авч уугаад сууж байгаад 00 орчихоод гарч ирсэн чинь миний нэхий алга болсон байхаар нь би баарны зохион байгуулагчид хэлээд зогсож байтал, хажуунаас 3-4 залуу ирж “юу яриад байгаа юм бэ” гээд байхаар нь би “за за маргааш ирж камер шүүж үзье” гэхэд “одоо боломжгүй баар тарсны дараа бол эсвэл маргааш бол” гэхээр нь тэндээсээ 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цаг 17 минутын орчим гараад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 29 дүгээр байрны 5 дугаар орцны ойролцоо гэр лүүгээ харихаар алхаад явж байсан чинь араас 3 залуу ирээд “нөгөө 2 чинь энд байна” гээд бид хоёрыг алъя гээд араас ирээд намайг бор өнгийн юүдэнтэй куртиктэй залуу нь араас цохиж, би тэр үед ухаан алдсан, сэрсэн чинь цус гарчихсан биед байсан цагаан өнгийн I phone 5, дээр үеийн Nokia загварын гар утаснууд, манай ах Эрдэнээгийн жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, миний банкны 3 карт бүхий түрийвчтэй 100.000 төгрөг зэргийг дээрэмдэж, манай найз Ариунбаатараас цагаан өнгийн I phone 5 загварын гар утас, I phone-ийн I watch гэдэг нэртэй цаг зэргийг дээрэмдэж авч явсан байна лээ. ...” /1 дүгээр хавтас, 30-31 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Б.Ариунбаатарын “...Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой ...Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны хажууд явж байсан чинь араас 3 залуу ирээд “нөгөө 2 залуу чинь энд байна” гэж хэлээд урт бор куртиктэй нь намайг солгой гараараа цохиход нь би унахад дээрээс миний нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд тэр үед нь би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь би цагдаагийн алаг тэргэнд сэрсэн. ...Миний I phone 5 загварын гар утас байхгүй байсан. ...Мөн миний I phone I watch гэдэг нэртэй сим карт орж, утсаар ярьдаг 130.000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг, 2013 онд 120.000 төгрөгөөр авч байсан Солонгос монетон бөгж зэргийг дээрэмдсэн байна лээ” /1 дүгээр хавтас, 33-34 дүгээр хуудас/,

 

            К.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хорооллын Файр бааранд танил Дарханбаяр, Баярсайхан нартай орж, 2 шил пиво авч уугаад байж байтал Баярсайхан нь “намайг 2 хөгшин ах дээрэлхээд байна” гэсэн. ...Баарнаас гарах гэсэн чинь нөгөө 2 залуу намайг “манай 2 дүүг яагаад дээрэлхээд байгаа юм бэ?, Ууж идсэнээ тааруулж бай” гэж хэлсэн чинь “өөрөө дуугүй бай, миний куртик алга болчихлоо” гээд куртикгүй нь намайг мөрлөөд гараад явсан. Тэр үед би пивоо ууж дуусгаагүй байсан тул эргэж ороод пивоо ууж дуусгаад гарсан. Тэгээд гарч ирээд Дарханбаяртай хамт тамхи татаад зогсож байтал нөгөө 2 залуу хүмүүстэй маргалдаад байж байгаад баруун тийшээ явахаар нь бид нар араас нь машинтайгаа тойрч очоод Дарханбаяр бид 2 зодсон.   Тэгээд бид нарыг зодолдож байсан чинь Баярсайхан ирээд намайг салгаж авч явсан. Тэр утас нь газар унасан байсныг авсан байсан. Би яг хэн нь авсныг анзаараагүй. 1 утсыг нь зарсан гэсэн. Түрийвч, бөгж нь Дарханбаярт байгаа. Цагийг нь би 40.000 төгрөгөөр зарсан. 1 ширхэг I Phone 5 загварын гар утас нь Баярсайханд байгаа.” /1 дүгээр хавтас, 86 дугаар хуудас/,

 

            К.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн “... Дарханбаяр анх хараад “нөгөө хоёр замд явж байна” гээд би автомашинаас буугаад куртикгүйг нь зодож, Дарханбаяр нөгөөхийг нь зодсон. Тэр үед би тэр хүмүүсийн эд зүйлийг аваагүй. Тэр хүмүүсээс юм авсан гэж мэдээгүй. Гэтэл сүүлд нь цагдаа дээр ирээд Дарханбаяр, Баярсайхан нар тэр 2 залуугаас юмнуудыг нь авсан байсан. Надад бусдыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. ...Өглөө 11 цаг өнгөрөөгөөд боссон чинь Дарханбаяр цагаар оролдоод сууж байхаар нь “юу юм бэ” гэсэн чинь “ах танд би энэ цагийг бэлэглэе” гээд надад тэр сим карт ордог хар өнгийн цагийг бэлэглэсэн. Тэгээд би тэр цагийг нь “наадах чинь юун цаг юм бэ” гэсэн чинь Дарханбаяр “надад байсан ш дээ” гэхээр нь би “өө баярлалаа” гэж хэлсэн. Харин нэг I Phone 5 загварын гар утсыг нь Баярсайхан авсан байсан. Бусад I Phone 5 загварын гар утас, түрийвч, Нокиа загварын гар утас, бөгж зэргийг нь Дарханбаяр авсан гэсэн.” /1 дүгээр хавтас, 88-89 дүгээр хуудас/,

 

            П.Дарханбаярын сэжигтнээр өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... машиндаа суугаад эргээд явсан чинь нөгөө 2 залуу Файр баарны хажуугийн байрны тэнд зогсож байхаар нь би “энэ муу хоёрыг зодоод хаячихъя” гэсэн чинь Тэмүүжин ах нөгөөдөх утсаар ярьж байсныг нь цохисон. Тэгээд би цаашаа яваад нөгөө гадуур хувцастай залууг нь зодсон. Гар утас нь газар уначихсан байсныг нь би аваад явсан. 2 ширхэг I Phone 5  загварын гар утас нь Баярсайханд байгаа, I Phone I watch бугуйн цагийг нь би мэдэхгүй, түрийвчийг нь би аваагүй. Монетан бөгжийг нь Урт цагааны тэнд 37.000 төгрөгөөр зарсан.” /1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас/,

 

            П.Дарханбаярын яллагдагчаар өгсөн “...Манай хоёрын нэг нь “энэ хоёрыг зодчихъё” гэхэд би сууж байсан чинь Тэмүүжин ах машинаас буугаад цохисон. Тэгээд би араас нь буугаад нөгөө залууг нь цохисон. Гэтэл согтуу хүмүүс үсрээд уначихсан. Тэр хоёр залуугийн нэг нь утсаар яриад явж байхад нь Тэмүүжин ах цохисон чинь гар утас нь газар унасан. Тэгээд би тэр утсыг авсан. ... Би тэр бөгжийг урт цагаан дээр аваачиж, 37.000 төгрөгөөр өгсөн юм” /1 дүгээр хавтас, 83 дугаар хуудас/,

 

            Б.Баярсайханы сэжигтнээр өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...бааранд хүмүүстэй муудалцаад байсан, 2 согтуу залуу гараад ирсэн чинь манай хоёр найз “зодчих уу” гэхээр нь би “яах юм бэ, гай, хая” гээд нөгөө 2 найзыгаа автомашины руу оруулаад хөдлөөд явсан чинь баарны хажууд талд нөгөө 2 залуутай таарсан. Манай 2 найз араас гараад явсан. Тэр үед би автомашинд нь суугаад үлдсэн. Нөгөө 2 залуутай Тэмүүжин, Дарханбаяр нар зодолдож байхаар нь би салгаад явъя гэсэн чинь газарт I Phone 5 загварын гар утас хэвтэж байсныг би авсан. Би уг нь тэр хоёрыг салгах гээд очсон” /1 дүгээр хавтас, 95 дугаар хуудас/,

 

            Б.Баярсайханы яллагдагчаар өгсөн “...Тэмүүжин ах “нөгөө надтай муудалцаад байсан 2 залуу энд явж байна” гээд буугаад нэгийг нь барьж аваад Дарханбаяр нөгөө залууг нь зодохоор нь би салгах гэж цаанаас ирсэн чинь Тэмүүжин ах миний түлхүүр уначихлаа, чи аваадах гэхээр нь би тэр залуугийн хажуунаас нь авсан. Би ерөөсөө зодоогүй. Салгах гэж байгаад Тэмүүжин ахын түлхүүрийг авах гэж байхад утас тааралдахаар нь авчихсан юм.” /1 дүгээр хавтас, 87 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 11-14 дүгээр хуудас/,

           

            Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 27, 28 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15997 дугаар шинжээчийн “...Ариунбаатарын биед зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15996 дугаар шинжээчийн “.... Энх-Амгалангийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, 50 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарын эд хөрөнгийг авах зорилгоор К.Тэмүүжин, П.Дарханбаяр нар нь хохирогч нарыг зодож байхад Б.Баярсайхан нь хохирогч нарын эд зүйлсийг авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэд гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

К.Тэмүүжин, П.Дарханбаяр, Б.Баярсайхан нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байх тул тэдний дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, ялтан К.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, ялтан П.Дарханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.