Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2016/08338/И |
Дугаар | 6508 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 6508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5935253 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Эрдэнийн төгөл 19 дүгээр байранд оршин байх Утпала Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, ЕП80102900 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-5 тоотод оршин суух Маргас овогт Цэрэнчимэдийн Ууганцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 67.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот орон сууцнаас хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Утпала Финанс ББСБ ХХК иргэн Ц.Ууганцэцэг нар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 60.000.000 /жаран сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр хүсэлт гаргасан. Улмаар талууд мөн өдрөө буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ0001/150922 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот хаягт байх 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалж ЗБГ0001/150922 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөх хуваарь нь сар бүр хүүг төлөх, гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 22-нд үндсэн зээл 60 сая төгрөгөө хүүний хамт төлөхөөр тохиролцсон. Гэвч 2 сар л хүү төлөөд ахиж төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийг төлөх боломжгүй байгаа тул гэрээгээ сунагж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗНГ0001/160322 дугаартай нэмэлт гэрээ байгуулж хугацааг 3 сараар сунгасан. Уг нэмэлт гэрээнд эхний 2 сар буюу 2016 оны 4, 5 дугаар сард хүүг төлж 6 дугаар сарын 22-нд үндсэн зээл 60 сая төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр болсон. Гэвч нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчиж гэрээнд заасан үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл төлөлт хийлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж, хохирол учруулж байгаа учраас Г.Ууганцэцэгээс үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 5.760.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.440.000 төгрөг нийт 67.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны 5 тоот хаягт орших Ү-2204036962 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 5.760.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.440.000 төгрөг нийт 67.200.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот хаягт байрлах Ү-2204036962 улсын бүртгэлийн дугаартай, 000152342 тоот гэрчилгээтэй 87.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Утпала финанс ББСБ ХХК нь Ц.Ууганцэцэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ0001/150922 тоот зээлийн гэрээ, ЗБГ0001/150922 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 60.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Ц.Ууганцэцэг, Э.Тэмүүжин, Э.Тэргэл нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204036962 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 7-15 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд зээлдэгч Ц.Ууганцэцэгийн хүсэлтийг үндэслэн талууд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ0001/1509022 тоот зээлийн гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 20, 28-29 дүгээр тал/
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь зээлийн үндсэн хүүнд зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 21.920.000 төгрөг, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл буюу 2 сар 28 хоногийн хэтэрсэн хугацааны хүүнд /2.400.000х2.400.000х2.240.000=7.040.000/ төгрөг нийт 28.960.000 төгрөгийг төлөхөөс 23.200.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь үндсэн зээл 60.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 5.760.000 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний /2.400.000/480.000х3сар=1.440.000/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ц.Ууганцэцэгээс үндсэн зээл 60.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 5.760.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.440.000 төгрөг, нийт 67.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д .Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ууганцэцэгээс 67.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч Ц.Ууганцэцэг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Ууганцэцэг, Э.Тэмүүжин, Э.Тэргэл нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204036962 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ууганцэцэгээс 496.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Утпала финанс ББСБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ