Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

Улсын яллагч Ш.Батсүх,

Хохирогч С.Н, Д.Д,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 1917001990098 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 13-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, С ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Б /РД:НЗ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний баруун хойд талын 3 замын уулзварт өөрийн өмчлөлийн Тоёото Приус 20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас С.Н-н жолоодож явсан Соната-6 маркийн 69-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч С.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Н-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 600 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний баруун хойд талын 3 замын уулзварт өөрийн өмчлөлийн Тоёото Приус 20 маркийн 24-24 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас С.Н-н жолоодож явсан Соната-6 маркийн 69-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч буюу хохирогч С.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч буюу хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч С.Н-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 600 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Тиймээс асуусан асуултад хариулъя гэв.

 

1.2. Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой би таксинд явж байсан. Тэгээд хонхор уруудаж байсан Гэтэл өөдөөс хурц гэрэл гарч ирсэн. Тэгээд мөргөлдсөн. Ослын улмаас бие махбодоороо хохирсон. Одоо миний бие сайжраагүй байгаа цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулна. Өмнөх эмчилгээний зардал 1 000 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үлдэгдэл 650 000 төгрөгийг гаруулж авна. Автомашины хохирол аваагүй байгаа. Осол болсноос сарын дараа ээж нь ирж уулзсан. Уулзахаар ирэхдээ 350 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш яриагүй өчигдөр яриад 650 000 төгрөг өгөх гэсэн юм дансаа өгөөч гэсэн би шүүх хурал дээр болъё гэж хэлсэн. Одоо миний автомашин засал авахааргүй болсон. Зун 7 дугаар сард 7 000 000 төгрөгөөр авсан машин байгаа. Одоо би машины төлбөр 7 000 000 сая төгрөгийг нэхэмжилсэн. Миний амьжиргаа залгуулдаг унаа байсан. Одоо ажилгүй гэртэй байгаа. Мөн ажилд ортлоо цалингийн зөрүү, мөн таксины өдрийн орлогоо нэхэмжилнэ гэв.

 

1.3. Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр ажлаа тараад таксидаад гэрлүүгээ явж байсан. Тэгээд осолд орсон. Шүүгдэгчээс эмчилгээний зардлаа баримтаараа бодож авсан байгаа. Мөн өөрийн зардлаар 260 000 төгрөгөөр үзүүлсэн байгаа. Мөн Өмнө гэмтэлд үзүүлдэг байсан. Одоо мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Одоо ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Мөн Нийгмийн даатгал төлдөггүй учраас листний мөнгө өгдөггүй. Тиймээс 2 сар ажилгүй байсан учраас банкны зээл 2 сараар хэтэрсэн байгаа. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардал, 2 сарын цалин нэхэмжилж байна гэв.

 

1.4. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ 13-14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад гадуур ажилтай явсан. Тэгээд хамт ажилладаг О-н /Сүмбэр сум 3 дугаар баг, 4-р байр/ гэрт 14 цагийн үед Л-тай цуг очсон. Тэгээд О бид хоёр Jeltsen нэртэй 700 граммын савлагаатай 1 шил архийг хувааж уусан. Харин Л удалгүй яваад өгсөн. Архи огт уугаагүй. Би О-н гэрт байж байгаад харуй бүрий болсон хойно Сүмбэр сум 3-р баг, 5-р байранд Тодбилгүүний гэрт очсон. Тухайн үед би 1 шил архи /одоо нэрийг нь санахгүй байна/ авч орсон юм. Тэгээд тэр архинаас 1 хундагыг  уучихаад 1 гарсан. Тэгээд 5-р байрны гаднаас өөрийн өмчлөлийн Тоёото Приус-20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай автомашинаа жолоодоод Сүмбэр сум, 2 дугаар баг, БНБ-н 103 тоот байх гэртээ харихаар дээшээ явсан. Сүмбэр сумын 3 дугаар багт байх гэрлэн дохион дээр зогссон. Тэгээд ногоон гэрэл асахаар нь замын хөдөлгөөнд оролцоод дээшээ явсан. Тэгээд дээшээ өгсөөд гарах үед миний машины жолооч талын хаалга нээгдсэн. Хаалгаа таттал хаагдаагүй. Тэгэхээр нь би дахиад хаалгаа татсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 106-108 дугаар хуудас/,

 

1.5. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 05 минутын орчим ажлаасаа /ТБ Центр ресторан/ тараад гарч явтал ажлын үүдэнд такси хүн буулгаж байхаар нь би зөрөөд Соната-6 маркийн 69-99 ГСА улсын дугаартай таксинд суугаад Сүмбэр сум 3-р баг, Гашууны 3-2 тоотод орно гэж хэлсэн. Тэгээд уг такси нь ямар нэгэн хүн авалгүй ТБ Центрийн гаднаас хөдлөөд Хонхор чиглэл рүү явсан. Сүмбэр сумын 3 дугаар багт байх Гандан өнгөрөөд явж байсныг муухан санаж байна. Гэнэт л түс тас болоод явсан, юу болсныг санахгүй байна. Зүүн талын хөл гар хөдлөхгүй байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирсэн. Зам тээврийн ослын талаар өөр зүйл сайн санахгүй байна.

...Эмчилгээний зардал болон цалингаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Зам тээврийн осолд орсноос болж 20-д хоног ажилдаа явж чадаагүй учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна.

...Б надад эмчилгээний зардалд нийт 840 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн Улаанбаатар хот руу авч явж Люкс Мед эмнэлэгт хүзүүний имрэн зураг 240 000 төгрөгөөр авахуулж уг мөнгийг өөрсдөө төлсөн.

...Миний цалинг гаргаад өгчихвөл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

1.6. Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой өөрийн эзэмшлийн 69-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байсан юм. Тэгээд тухайн өдөр 21 цагийн орчим Сүмбэр сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах ТБЦентр рестораны гадна хүн буулгатал Д.Д гэх эмэгтэй зөрж суугаад Сүмбэр сумын 3-р баг гашууны эгнээ орно гэж хэлсэн. Тэгээд би ТБЦентрийн гаднаас хөдлөөд Сүмбэр сум 3-р баг, Гашууны эгнээ орохоор Андууд дэлгүүрээс хонхор орох хатуу хучилттай замаар явж байгаад Сүмбэр сум, 3-р баг, Хэлмэгсэдийн хөшөөний баруун талын засмал замд туслах зам дөнгөж өнгөртөл өөдөөс гэрэл гараад тас хийгээд л явчихсан. Тухайн үед миний машиныг мөргөсөн машин нь маш хурдтай гарч ирж мөргөсөн. Намайг А гэх хүн машинаас гаргаж өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд бид нарыг авч явсан.

...Би 40 км цагийн хурдтай явж байсан. Тоёото приус-20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нилээн согтуу байсан.

...Миний баруун талын 2 хавирга хугарсан, зүүн хөл хугаралттай, баруун хөлний өвдөг, шилбэ хавдаж хөхөрсөн. Цээжний баруун хэсэгт хөхөрсөн, баруун гарын булчин хөхөрч хавдсан. Зүүн гарын шуу хавдсан. Одоо хавирга, хөл зовиуртай байна.

...Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг, миний машин эвдрэл ихтэй болсон байна лээ, аваад удаагүй учир 7 000 000 төгрөг, мөн машиндаа өвлийн дугуй 4 ширхэг, 220 000 төгрөг, аккумлятор 130000 төгрөг, амортизатор 200000 төгрөг шинээр авч тавьсан. 550 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн зам тээврийн ослын улмаас ажилдаа явж чадахгүй байгаа учир ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Б.Б-с учирсан хохирлоо төлүүлж авмаар байна. Эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг нэхэмжилснээс 350 000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо үлдэгдэл 650 000 төгрөг дээр тээврийн хэрэгслийн 7 000 000 төгрөг, зам тээврийн осолд орсны улмаас ажилдаа явахгүй 1 сар болсон. Тэгэхээр ажилдаа орох хүртэлх хугацааны цалинг нэхэмжилнэ. Мөн би өдөр болгон ажлынхаа хажуугаар өглөө 07-с 09 цаг, өдөр 13-14 цаг, орой 17-02 цаг хүртэлх такси үйлчилгээнд явдаг. Манай эхнэр Н нь Гэзэгт ЗБН-д худалдагчаар ажилладаг. 15 хоног ажиллаад 15 хоног амардаг. Тэр хугацаандаа Чойр дотор таксинд явдаг. Миний таксиний өдрийн орлого дунджаар 35000-50000 төгрөг байдаг. Би Б.Б-р таксиний орлого болох өдрийн 40000 төгрөг, нийт 20 хоног таксинд яваагүй учир 800 000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Зам тээврийн ослын улмаас машингүй, таксиндаа явж чадахгүй байна. Мөн хөл хугарснаас ажилдаа явж чадахгүй байна.

...Буруутай этгээдээс нийт 10 000 000 төгрөг нэхэмжилнэ. Ажилд хэзээ орохоо мэдэхгүй байна. Мөн Б.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулах хүртэл такси үйлчилгээндээ явж чадахгүй учир тэр хугацааны мөнгийг тухайн үед нь нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

1.7. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой цагийг санахгүй байна. Цагдаагийн хэлтэс орчихоод Сүмбэр сум 3-р баг Найрамдал хотхон орохоор явж байтал урд хар өнгийн Приус-20 болон Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл хэлмэгсэдийн хөшөөний баруун хойд талын 3 замын уулзвар дээр мөргөлдсөн. Тухайн үед би Онцгой байдлын хойд талд байх засмал замаар явж байсан юм. Тэгээд би осол болсон газар очоод Соната-6 дээр очоод жолоочийн хаалганы хажууд очоод хаалгыг нь таттал хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би хаалганы дотор талаас хаалгыг нээх гэтэл хойд талаас нэг эмэгтэй намайг гаргаадхаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийн хойд талын хаалгыг нээгээд хойд талд зорчиж явсан эмэгтэйг гаргаад бие гайгүй юу гэхэд хөл жаахан эвгүй болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд би машинаас буулгаад замын боржур дээр суулгаад жолоочийн хаалга онгойхгүй байсан учир хойд талын хаалгыг нээж суудлыг нь хойшлуулаад жолооч залуугийн хамгаалах бүсийг тайлж хойшоо татаж машинаас гаргасан. Тухайн үед жолооч залуу сууж чадахгүй намайг тэвэрчихээд тавихгүй байсан. Би та сууж бай, би нөгөө машины хүнийг гаргаадхая гэхэд би сууж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хойшоо хартал цагдаагийн машин ирж байсан. Би Соната-6 маркийн автомашины жолоочийг боржур дээр суулгачихаад Приус-20 маркийн машин дээр очиход эргүүлийн цагдаа нар ирчихсэн машиныг босгож байсан. Тухайн үед Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Жолооч нь газар хэвтэж байсан. Тэгээд би яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

1.8. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр С.Найдан Магнай Трейд ХХК-д засварчнаар ажилладаг ба ажлын бус цагаар өөрийн эзэмшлийн 69-99 ГСА улсын дугаартай Соната-6 маркийн автомашинаар Сүмбэр сум дотор таксинд явдаг юм. Өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой би Сүмбэр сум 3 дугаар багт байх Дугуй дэлгүүр дээр ажил дээрээ байж байтал 21 цаг өнгөрч байхад манай нөхөр С.Н залгахаар нь утсаа автал машинд мөргүүлчихлээ, аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Бие нь гайгүй юу гэхэд би гайгүй ээ гэж хэлсэн. Тэгээд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход манай нөхөр С.Н болон зорчиж явсан Д.Д 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нар эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн байсан. Тухайн үед манай нөхөр С.Н-н баруун талын цээж хэсгээр хөндүүрлэж амьсгалахад хүндрэлтэй, хоёр хөл хөдөлгөөн муутай, зүүн хөл хөдлөхгүй, хамаг бие нь чичирсэн байдалтай байсан. Эмч үзээд даралт нь ихэссэн байна гэж хэлж байсан. Харин зорчигч Д.Д нь хий огиулсан, зүүн талын хөл нь хөдлөхгүй нилээд зовиуртай ёолоод байсан. Тоёото Приус-20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б ухаангүй байдалтай байсан. Эмч нар тариа хийгээд ухаан орж байгаа бололтой байсан. Нөхөр С.Н-с юу болсон талаар асуухад ТБЦентрийн гадаа хүн буулгаад хөдлөх үед Д гэх эмэгтэй ТБЦентрээс гарч ирээд Сүмбэр сум 3-р баг, гашууны гудамжинд очно гээд суусан гэсэн. Тэгээд хонхор луу явж байгаад Хэлмэгсэдийн хөшөөний 3 замын уулзварын туслах зам дөнгөж өнгөрч байтал урдаас нь гэнэт гэрэл гараад эгц урдаас машин ороод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Өөрөө жолооны хүрд сандал хоёрын завсар хавчуулагдсан бууж чадахгүй байсан. А гэж хүн ирээд машинаас нь гаргаж өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай хүү Б.Б нь гэртээ унтаж байсан. Тэгээд би ажилдаа яваад 18 цаг болж байхад гэртээ орж ирэхэд байгаагүй. Тэгээд би хоолоо хийчихээд Б луу залгаад ээж нь хоол хийчихлээ, хаана байна гэхэд одоо харилаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би ажил руугаа явсан. Тэгтэл 20 цаг өнгөрч байхад аймгийн Нэгдсэн эмнэлгээс Б-г зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход манай хүү Б.Б болон С.Н, Д.Д нар байж байсан. Тухайн үед манай хүү Б.Б нь шоконд орсон байдалтай юм ярьж чадахгүй байсан. Би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хүүгээсээ асуух гэхээр сэтгэлийг нь зовоочихно гэж бодоод яаж байгаад зам тээврийн осол гаргасан талаар асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-5-76 тоотод гэртээ байж байтал 13 цагийн үед Б.Батбаяр ганцаараа орж ирсэн. Тухайн үед Б.Б Jeltsen нэртэй 0.75 литрийн 1 шил архи авчирснийг бид хоёр хувааж уусан. Тэгээд манайд хоол идчихээд эгчийндээ орж унтлаа гээд явсан. Яг хэдийд явсныг би сайн санахгүй байна. Тухайн үед би нилээд согтоод тасарчихсан байсан гэхэд болно. Тэгсэн маргааш нь таксинд явж байгаад Б.Б нь өөрийн эзэмшлийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад зам тээврийн осолд орсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд Улаанбаатар хотоос авч байсан юм. Тэгээд 1 жил гаруй унаж хэрэглэж байгаад С.Н гэх хүнд 2019 оны 07 дугаар сард Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг 7 000 000 төгрөгөөр зарж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

1.12. Гэрч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн 24-24 ГСА улсын дугаартай автомашинтай Сүмбэр сум 3-р баг, Хэлмэгсэдийн хөшөөний баруун талын засмал зам дээр зам тээврийн осолд орсныг ээж Н-с нь сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

1.13. Гэрч Х.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би С.Н танина. Д.Д, Б.Б нарыг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй.

Сүмбэр хас ХХК-д гэрээт жолоочоор ажилладаг. 2006 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймаг дотор такси үйлчилгээнд явж байна. Өдөрт дунджаар 40000-50000 төгрөгийн орлого ордог... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

1.14. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би С.Н танина. Д.Д, Б.Б нарыг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй.

Би Монгол Шуудангийн дэргэхэд Монгол шуудан таксины гэрээт жолоочоор ажилладаг. 2017 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймаг дотор такси үйлчилгээнд явж байна. Өдөрт дунджаар 40000-50000 төгрөгийн орлого ордог....гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

1.15. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай дүгнэлтэд:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “зам тээврийн осол” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. 24-24 ГСА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг, 3.4. Жолооч дараах эрх үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6 дахь хэсэгт Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл 6.7./Хаалга, тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж нээгдэхгүй болсон/ гэж заасан байдаг ба жолооч Б.Б нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцсон, мөн Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Б-н 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан №6403 дугаартай дүгнэлтээр жолооч Б.Б-с 2.5 промилл илэрсэн байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11 дүгээр бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/ 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

3. 66-99 ГСА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна.

4. Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 а/ Тухайн ангиллын тээврийг хэрэгслийг ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11 дүгээр бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/ 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

1.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай дүгнэлтэд:

- С.Н-н биед цээжинд баруун 7-8-р хавирганы хугарал, зүүн талын шаант ясны дээд үзүүрийн хугарал, тархи доргилт, цээжинд баруун 2-3-р хавирга орчмын цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цээжинд баруун 2,3-р хавирга орчмын цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

1.17. Хохирогч С.Н-н “Натур эмнэлэг” компьютер томографикийн оношилгоо /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

1.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 330 дугаартай дүгнэлтэд:

- Д.Д-н биед бүх биеийн доргилт, зүүн тохойнд зүүн сарвууны ар талаар, зүүн хөлийн өвдөг орчмоор, зүүн шилбэнд цус хуралтууд, баруун зүүн талын мөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

1.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13856 дугаартай дүгнэлтэд:

- Б.Б-н баруун дунд чөмөгт ясны далд хугарал, дух, шанаа, хацар, шилбэ, тавхайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэжээ. /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

1.20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6403 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан цусанд 2.5 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.5 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэжээ. /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

1.21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6404 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Н” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэжээ. /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

1.22. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

1.23. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

1.24.  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/,

 

1.25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

1.26. Хохирогч Д.Д-н гаргасан хохиролын тооцоо /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

 

1.27. Хохирогч Д.Д-н “Натур эмнэлэг” компьютер томографикийн оношилгоо /хх-ийн 133-143 дугаар хуудас/,

 

1.28. Хохирогч С.Н-н гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 144-147 дугаар хуудас/,

 

1.29. Хохирогч С.Н-н эмнэлгийн хуудас /хх-ийн 150 дугаар хуудас/,

 

1.30. Хохирогч С.Н-н Зорчигч тээврийн замын хуудас /хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

1.31. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол шуудан тодорхойлолт, /хх-ийн 154 дүгээр хуудас/,

 

1.32. 69-99 улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-ийн 156 дугаар хуудас/,

 

1.33. 24-24 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-ийн 158 дугаар хуудас/,

 

1.34. Хохирогч С.Н-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 160 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Б нь согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.                 

          Иймд шүүгдэгч Б.Б-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Б нь 1990 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Айлын бага хүү. Бага насыг аав, ээжийн гар дээр өссөн. 1998-2008 онд Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10-р ангийг төгссөн. 2013-2015 онд Төмөр замын коллежийг туслах машинч мэргэжлээр суралцаж төгссөн. 2016 оноос одоог хүртэл Сайншанд татах хэсгийн Чойр хэсгийн солилцох тасагт туслах машинчаар ажиллаж байна. Сүмбэр сумын 2 дугаар баг, БНБ-н 103 тоотод охин ээжийн хамт амьдардаг. Охин Энэрэл одоо 8 настай. Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 3-р ангийн сурагч. Манай ач охин бид хоёрт түшиг тулгууртай. Гэрийнхээ орлогыг олж бид хоёрт их нэмэр болдог. Б.Б зан байдлын хувьд хөөрхөн ааштай, хүмүүстэй эв найртай, эелдэг найрсаг харилцаатай, ажилдаа сайн... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Б нь 1990 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Айлын бага хүү, нэг эгчтэй. Одоо Сүмбэр сумын 2 дугаар баг, БНБ-н 103 тоотод ээж Н, охин Энэрэл /8 настай/ нарын хамт амьдардаг. Б.Б-н аав нь болон төрсөн ах нь нас барчихсан. Эгч нь тусдаа гарчихсан, ээждээ ганц түшиг тулгуур болж явдаг хүүхэд байгаа юм. 1998-2008 онд Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10-р ангийг төгссөн. 2013-2015 онд Төмөр замын коллежийг туслах машинч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо Сайншанд татах хэсгийн Чойр хэсгийн солилцох тасагт туслах машинчаар ажилладаг. Уг тасагт ажиллаад 4 жил орчим болж байна. Б.Б нь зан байдлын хувьд даруухан, хүнд тусархуу, найз нөхөд, хамт олон дундаа нэр хүндтэй, хүмүүстэй эвсэг найрсаг харилцаатай. Сайн хүүхэд байгаа юм. Дутагдалтай гээд хэлчихээр зүйл байхгүй. Гэрт нь би зөндөө очдог, архи уучихсан байхыг нь огт харж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

2.3. Шүүгдэгч Б.Б-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/,

 

2.4. Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/,

 

2.5. Шүүгдэгч Б.Б-н өвчний түүх /хх-ийн 162-171 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Д, С.Н нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2020 оны 04 дүгээр сарын 25-ны дотор нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн Чойр солилцох тасагт туслах машинч хийдэг болох нь гэрч Ч.Н-н “...2016 оноос одоог хүртэл Сайншанд татах хэсгийн Чойр хэсгийн солилцох тасагт туслах машинчаар ажиллаж байна...” гэх мэдүүлэг, гэрч П.С-н “...Одоо Сайншанд татах хэсгийн Чойр хэсгийн солилцох тасагт туслах машинчаар ажилладаг. Уг тасагт ажиллаад 4 жил орчим болж байна...” гэх мэдүүлэг зэргээр эрхэлсэн тодорхой ажилтай болох нь нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

 

Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-н В,С, ангиллын 665827 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.

 

          Хохирогч С.Н нь шүүх хуралдаанд “...би Соната-6 маркийн 69-99 ГСА дугаартай автомашинаа өнгөрсөн зун 7 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо дахиж ашиглах боломжгүй болсон тул 7 000 000 төгрөгийг нэхэмжилнэ, мөн би таксинд явдаг байсан ба ажилгүй байсан хугацааны таксины орлогыг 1 өдрийн 40000 төгрөгөөр бодож өнөөдрийг хүртэлх хугацааны орлогоо нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн.

          Гэтэл хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирогч С.Н-н Соната-6 маркийн 69-99 ГСА дугаарын тээврийн хэрэгслийн хохирлын  нийт дүн нь 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мөн хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан МТ Сайншанд ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 62/19 дугаартай тодорхойлолтоор хохирогч С.Н-г уг аж ахуй нэгжид 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн агуулахын ачигч буулгагчаар сарын 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн цалинтай ажилладаг болохыг тодорхойлсон, харин хавтаст хэргийн 154 дүгээр хуудсанд Монгол Шуудан ХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор хохирогч С.Н-г 2012 оноос эхлэн Монгол Шуудан таксины гэрээт жолоочоор ажилладаг одоог хүртэл ажиллаж байгаа гэж тодорхойлсон ба шүүхээс уг тодорхойлолтуудыг үнэлэхэд эргэлзээтэй байх тул хохирогч С.Н-н нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

          Мөн хохирогч Д.Д нь компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг нэхэмжилсэн боловч ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, компьютер томографикт оношлуулсан тухай зарлагын баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н-н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, таксинд яваагүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д-н компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

          Харин хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирогч С.Н-н Соната-6 маркийн 69-99 ГСА дугаарын тээврийн хэрэгслийн хохирлын нийт дүн нь 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Найданд олгох нь зүйтэй байна.

         

          Хохирогч С.Н, Д.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогч С.Н-н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, таксинд яваагүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д-н компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ зэргийг шүүгдэгч Б.Б-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт Б-н Б-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-н Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-н В,С, ангиллын 665827 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Д, С.Н нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг  дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н-н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/, ажилгүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д-н компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-д олгосугай.

         

11. Хохирогч С.Н, Д.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогч С.Н-н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс хэлэлцээгүй орхисон 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/, ажилгүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д-н компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг зэргийг шүүгдэгч Б.Б-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ