Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/06

 

Б.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Г, хохирогч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Б холбогдох 1917001990098 дугаартай 1 хавтас 237 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч С.Н гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний баруун хойд талын 3 замын уулзварт өөрийн өмчлөлийн Тоёото Приус 20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас С.Н жолоодож явсан Соната-6 маркийн 69-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч буюу хохирогч С.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч  буюу Д.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч С.Н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3 600 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б Б согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б В,С, ангиллын 665827 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Д, С.Н нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг  дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/, ажилгүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н олгож, Хохирогч С.Н, Д.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогч С.Н нэхэмжилсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгөөс хэлэлцээгүй орхисон 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/, ажилгүй байсан хугацааны орлого, цалингийн зөрүү, хохирогч Д.Д компьютер томографикт харуулсан 260 000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг зэргийг шүүгдэгч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар  425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

         Хохирогч С.Н давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: С.Н миний бие 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хуралдсан Б.Б холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 12-нд Б.Б 100 хувь буруутай үйлдлээс болсон авто ослын улмаас миний эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил амьдрал, сэтгэл санаагаар маш их хохирсон. 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос хойш анхан шатны шүүх хурал болох хүртэл 2 сарын хугацаанд Б. нь надад ямарч дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Өнөөдрийн байдлаар зүүн хөлний үений хугарал эдгэрээгүй, баруун  хөлний таваг мэдээгүй байгаа. Б.Б дараах нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үүнд 3 сарын цалингийн зөрүү 1,003,789 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших  эмчилгээний зардал 560,000 төгрөг, 2019 оны 11  дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 70 хоногийн таксины орлого буюу нэг өдрийн 40,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Машиныхаа нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Хохирол барагдуулахгүй байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. Хүнээс мөнгө зээлж машин авсан. Энэ хүмүүсийг мөнгө өгөх байх гэж бодоод машин авсан. Зээлсэн мөнгөө төлж чадахгүй байна. 5,500,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Хохирол барагдуулахгүй байгаад гомдолтой байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Хохирогчийн давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд  анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед хохирлоо төлсөн. Цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Эцсийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд бүх хохирлыг төлөхөөр тохирсон. Анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш 1,800,000 төгрөгийг төлсөн байгаа. Анхан шатны шүүх 3,800,000 төгрөг төлөхөөр, бусад хохирлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийг төлөөд явж байгаа гэжээ. 

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний баруун хойд талын 3 замын уулзварт өөрийн өмчлөлийн Тоёото Приус 20 маркийн 24-24 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч С.Н жолоодож явсан Соната-6 маркийн 69-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч С.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Д.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 3,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шат болон мөрдөн байцаалтын шатанд хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг. Мөн зохих хохирлыг төлсөн байдаг. Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн байдаг. Хохирогч нь эмчилгээний зардал болон нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй, уулзаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнийг анхан шатны шүүх бодит хохирлыг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлээд, бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянав

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийг 3.7, 11 дүгээр бүлгийн 11.3-т заасныг тус тус зөрчин хохирогч С.Н машиныг мөргөж жолооч буюу хохирогч С.Н биед хүндэвтэр, зорчигч буюу хохирогч Д.Д биед хөнгөн хохирол, С.Н тээврийн хэрэгсэлд 3,600,000 төгрөгний хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

             Хохирогч С.Н тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.Н, Д.Д нарын цаашид гарах эмчилгээний зардал, С.Н тээврийн хэрэгслийн үнэд нэхэмжилсэн 7,000,000 төгрөгнөөс үлдсэн 3,400,000 төгрөг, ажилгүй  байсан үеийн орлого, цалингийн зөрүү, Д.Д компьютер томографикт харуулсан гэх 260,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,600,000 төгрөг зэргийг нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар түүнээс гаргуулахаар заасан төлбөрөөс 1,800,000 төгрөгийг төлсөн байгааг шүүгдэгч нь бусдад учруулсан  хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн  амлалтаа тодорхой хэмжээнд биелүүлж байна гэж ойлгогдохоор байна.

Иймд хохирогч нь төлбөр барагдуулаагүй, хорих ял оногдуулаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  гомдол гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ