Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00516

 

Ц.А-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2593 дугаар магадлалтай

Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

“Б”-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 375 249 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

2 683 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шинээр томилогдсон “Б”-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мэндбаяр Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, Ц.А-д ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр түүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар Ц.А- Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр №74 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, уг тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалин хөлсийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг үүрэг болгосон. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. Энэ хугацаанд ажилд эгүүлэн томилохгүй байсан тул нэхэмжлэгч 3 дугаар сард өөр ажилд орсон. Өөр ажилд орсон учир ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр гарсан тул 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа. Мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж 1,9 сая төгрөг улсаас авсан ба илүү мөнгө улсаас авах  нэхэмжлэл гаргасан байна. Ц.А нь Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх  хугацаандаа мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгууллагыг 810 000 төгрөгийн төлбөрт оруулсан. 

Тэрээр Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 7 дугаар хавсралт дээр төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл гэж тогтоосон.  Энэ тогтоолын дагуу нягтлан бодогч нь үйлчилгээний албан тушаалтан учраас ТҮ-7-оор цалинжих ёстой. Ц.А- нь өмнөх даргаараа ТТ-5-аар цалинжиж илүү цалин авч байсныг нь Ган-Эрдэнэ дарга хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б-42 тушаалаар Ц.А-г төрийн захиргааны албан тушаалтнаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилж, ТҮ-7-5 ангилал зэрэглэлээр солих тушаал гаргасан. Гэтэл Ц.А- нь өөрөө нягтлан бодогч байсан болохоор албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, ТҮ-7 ангилал зэрэглэлээр солих тушаал гарсаар байтал 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд хууль бусаар өөртөө ТТ-5 ангилал зэрэглэлээр цалин бодож байсан. 2016 оны 01 дүгээр сард хуучин ажиллаж байсан дарга нь буцаж томилогдсон тул дахин ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж эхэлсэн. Энэ албан тушаал нь Засгийн газрын тогтоолоор ТҮ зэрэглэлийн албан тушаал байтал Ц.А- нь ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан нь хууль бус юм. Үүний улмаас улсад 1 800 000 төгрөгийн хохирол учирсан. Нийслэлийн аудитын газрын санхүүгийн албаны 2 дугаар албаны ахлах аудитор н.Алтанцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0219 актаар хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаанд холбогдуулан бусдаас бараа материал авахдаа Татварын ерөнхий хуулийн дагуу татвар суутгаж аваагүй гээд “Б”-т 810 000 төгрөгийн төлбөр тогтоосон байдаг. Ц.А- нь мэргэшсэн нягтлан бодогч гээд сар бүр цалин дээрээ 15 хувийн нэмэгдэл авдаг. Дээрээс нь өөрийн хийх ёстой ажлыг хийсний төлөө улсаас хагас жилд нэг удаа 2 сарын урамшуулал авдаг. Ийм байсаар байтал улсаас ахиж мөнгө нэхэмжилж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрах нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ тухай өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Төрийн захиргааны албан хаагч гэдгийг Төрийн албаны зөвлөл шийдсэн. Шүүхийн шийдвэр ч байгаа. Ц.А- нь төрийн жинхэнэ албан хаагч гэж 2008 онд тангараг өргөсөн. Ц.А-г зөвхөн нягтлан бодогч мэтээр ярьж, өөр тогтоолуудтай хариуцагч сольж байх шиг байна. Хариуцагч захиргааны хэргийн шүүхийн процессын талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Авлигатай тэмцэх газарт хандаж удаа дараа явсан. Ямар нэгэн хэрэг үүсгэх байдал байгаагүй гэдгийг албан ёсоор гаргаж байсныг мэдэж байгаа. Тийм учраас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. 2015 онд Ц.А-гийн тухайн ажиллаж байсан үеийнх нь бүх санхүүгийн тайлан зөрчилгүй гэж гарч байсан нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Мөн хариуцагч тал мэргэшлийн нягтлан бодогчийн ёс зүйн талаар дүгнэх эрх бүхий байгууллага биш. Ц.А- нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт хууль бусаар халагдах хүртлээ ажлаа ёс журам, хууль дүрмийн дагуу хийж байсан. Энэ хүнээс бараа материал авсан хүн кассаар нь гаргасан. 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хууль бусаар ажиллаж байсан хүмүүсийн тайлан, аудит хийх хугацаа дараа онд нь байдаг. Эдгээр хүмүүс хариуцаж хийх ёстой. Энэ ч утгаар Нийслэлийн ахлах аудитор холбогдох буруутай хүмүүсээр төлүүлэхийг н.Мэндбаяр н.Ариунжаргал нарт хариуцуулсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 375 249 төгрөгийг хариуцагч “Б”-ээс гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Б”-т үүрэг болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч “Б”-ийн нэхэмжлэгч Ц.А-д холбогдуулан гаргасан 2017 оны 02  дугаар сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810 000 төгрөгийн төлбөр болон илүү цалин өөртөө бодож авсан 1 873 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч төсвийн байгууллагын хувьд сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2593 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2593 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Анхан шатны шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтуудыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ямар гэрээ болон хуулийн дагуу хохирол шаардаж байгаа нь тодорхойгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ” гэжээ. Бид нотлох баримтыг хангалттай өгсөн. Энэхүү маргаанд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь бид байгууллагад учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай харилцаанд маргаж байгаа. Ц.А-г Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ямар албан тушаал эрхэлж байсан болон тэр албан тушаалд буцаан томилсон эсэх асуудалд маргаагүй тухайгаа шүүх хуралд илэрхийлсэн, энэ хүн нягтлан бодогчийн ажил эрхэлж байсан гэдэг нь тодорхой юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас үзвэл байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ:

135.1.2. хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан; Энэ талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 20.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах; гэж заасныг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө илүү цалин бодсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.4.эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн; гэж заасныг зөрчсөн.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд: ...нэхэмжлэгч Ц.А-г ТЗ-5-5 шатлалаар тооцон өөртөө цалин илүү тооцож авч байсан гэдгийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “Хэргийн нотлох баримтад зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг” зэрэг орохоор заасан. Шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэгчийн хариу тайлбарт илүү цалин бодож авснаа хууль ёсны гэж маргадаг ба энэ цалингийн тооцоолол дээр маргаан байдаггүй хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд нь ТҮ-7-5 шатлалаар авах байсан цалинг ТЗ-5-5 шатлалаар бодож авсан байна гэдгийг гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байхад шүүх буруу үнэлэлт дүгнэлт өгч байна. Хэрвээ шүүх үнэхээр нэхэмжлэгч Ц.А- нь ТЗ-5-5 шатлалаар цалингаа бодож авах нь зөв байна хэмээн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргавал хүлээн зөвшөөрч болох юм.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2593 дугаар магадлалыг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.А- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байгууллагад учирсан 2 683  523 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Ц.А- нь “Б”-т Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байгаад Хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй, Ц.А-  нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөр ажилд орсон үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх  заалтыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч түүн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “Б” нь Ц.А-д холбогдуулан Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/29 дугаар актаар тогтоосон 810 000 төгрөгийн төлбөр, ажиллах хугацаандаа өөртөө илүү бодож авсан цалин 1 873 523 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/29 дугаар актад “ нийтийг хамарсан арга хэмжээнд зориулан хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, бээлий, маскийг хувь хүнээс худалдан авахдаа 810 000 төгрөгийн татвар суутгаагүй” нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх заалтыг зөрчсөн гэжээ.

Дээрх актыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, хариуцагч нь актыг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчид актад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн, тус актаар нэхэмжлэгчийг буруутай болохыг үндэслэл бүхий нотлоогүй, актын үндэслэл болсон анхан шатны санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэгтэй холбоотой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхээ хариуцагч нотлоогүй, түүнчлэн тус асуудлаар хариуцагч байгууллага хуулийн байгууллагаар шалгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Иймд дан ганц аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тайлбараа нотлох, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэх шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Мөн нэхэмжлэгч нь ажил олгогчоос албан тушаалын цалингийн ангилал, зэрэглэлийг тогтоож өгсөн байхад үндэслэлгүйгээр өөртөө өндөр цалин бодож 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 1 873 523 төгрөгийн цалин илүү авснаар байгууллагыг энэ хэмжээгээр хохироосон гэжээ.

Ц.А- нь 2015 оны 07 дугаар сараас өмнө ТЗ-5-5 зэрэглэлээр цалинжиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан, түүний ажлын байр, ажил үүрэг өөрчлөгдөөгүй байхад шинээр томилогдсон Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 тушаалаар түүний албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчилж, ТҮ-7-5 зэрэглэлээр цалинжуулахаар болжээ.

Ажилтан энэ тушаалыг эс зөвшөөрсөн бөгөөд хэлтсийн даргаар түр томилогдон, 2 сар ажилласан Ж.Ган-Эрдэнийн тушаалыг дараагийн Хэлтсийн дарга А.Чинбат залруулж, өмнө авч байсан цалинг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул ажилтныг үндэслэлгүй өндөр цалин авч байгууллагад хохирол учруулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн албан тушаалын ангилал зэрэглэлийг өөрчилсөн үндэслэлээ хариуцагч нотлоогүй, өөртөө илүү цалин авч байгууллагад 1 873 523 төгрөгийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, ажилтан байгууллагад учруулсан хохирлыг ямар хэмжээгээр хариуцах талаар ажил олгогч нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3., 132 дугаар зүйлийн 132.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2593 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД