Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0030

 

Б.Ундармаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ц.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1185 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ундармаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох

Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баярсайхан овогтой Ундармаа Холбооны газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 03-нд гарсан газрын даргын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагаас бүх ажилчдын хурал болж намайг ажлаас халах тушаал уншсан. ...Манай байгууллага дээр санхүүгийн ноцтой зөрчил илрээгүй. Манай байгууллагад жил бүр хяналт үнэлгээ мониторингийн шалгалт хийгддэг. Тэр шалгалт хийгдээд санамж бичгээр санхүүгийн баримтын бүрдэл дутуу байна, бүрдлүүдээ бүрдүүлж 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүл л гэсэн. ... Ажлаас халсан тухай тушаал уншихаар нь төвөөс ирсэн бичигтэй танилцмаар байна гэхэд өгөхгүй, та төв компаниасаа авч танилц гэж байсан. ...Хоолонд орчихоод хүрээд ирэхэд миний өрөөг лацадчихсан байсан тул шууд яваад өгсөн. ... 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тушаалд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөр байсан учраас би 5 дугаар сарын 04-ний өдөр очоод ажлаа хүлээлгэж өгөөд гарсан. ... 4 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан тооцоогоор миний санхүүгийн тайлан, билл, нэг ч мөнгөний зөрүүгүй гарсан байгаа. ... 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 2016 оны бүх саруудад ямар ч зөрчилгүй явж ирсэн. Хэрэглэгчийн төлбөр тооцоо, хэрэглэгчийг билл төлбөр тооцооны системээс хасах үйл ажиллагааг маркетингийн хэлтэс хариуцдаг. Хамгийн сүүлчийн шат буюу хэрэглэгчийн бүртгэлийг устгах ажлыг ахлах инженер хариуцсан техникийн хэлтэс техникийн нөхцлийг нь судалж хаадаг. Гэтэл энэ зөрчилд намайг хохироож ажлаас халсан. Энэ зөрчил нь ажлаас халах үндэслэл болохгүй. ...4.600.000 төгрөгийн зөрчил гарч ирсэн нь намайг ажлаас гарснаас хойш баазаа татахдаа буруу татсанаас болсон байх. Түүнээс биш би 4.121.000 төгрөгийн залруулгыг хийхэд билл төлбөр тооцооны систем, санхүүгийн тайлан хоёрт ямар нэгэн алдаа зөрчилгүй яг таарсан. ... Дарга ажилд орсон цагаасаа хойш надтай үл ойлголцох байдалтай байдаг байсан. Авлага хариуцахгүй болж байгаад би миний ажлыг хөнгөвчилж байна гэж бодсон. 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш би нэг ч авлагыг тайлагнаагүй. Надаас шаардсан тохиолдолд л би даргад тайлагнаж байсан. 10 дугаар сард тайлан гаргахад авлага 23 сая төгрөг байсан бол 4 дүгээр сарын 30-ны өдөр тайлан гаргахад 21 сая төгрөг болж 2.000.000 төгрөгөөр буурсан байгаа. 4 дүгээр сарын 30-ны өдөр 10 дугаар сарын 30-ны нийт авлага 40 сая төгрөг гарч байсан бол 4 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангаар 38 сая төгрөг буюу нийт авлага 4 сая төгрөгөөр буурсан байсан. Эдгээр нотлох баримтуудыг хэвлэж өгөөч, шүүхэд гаргаж өгмөөр байна, олон сар ажилгүй явж байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан тул намайг хаана ч ажилд авахгүй байна гэж уламжилж, шүүх хуралд баталгаажсан баримтуудыг авмаар байна гэхэд төвөөс ч эндхийн дарга нарт ч хэлсэн боловч баталгаажуулсан тайлангаас нэг хувийг ч надад хэвлэж өгөөгүй. Ийм учраас өөрийн авч үлдэж байсан хувийг авчирсан. Эдгээр баримтад санхүүгийн тэмдэг байхгүй. Санхүүгийн баталгаажсан тайланг тулгаж үзэхэд таарч байгаа. Энэ хугацаанд 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хохирсон. Би цалингүй, ажилгүй мөн сэтгэл санааны хувьд ч гэсэн хохироод явж байна. Эдгээр хохирлуудыг барагдуулах хүсэлтэй байна. Үүнд цалингийн нөхөн олговор 3.876.000 төгрөг, мөн ажилдаа эргэж орох хүсэлтэй байна.

... Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 3.876.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын тасарсан хугацааны шимтгэлүүдийг төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ундармаа нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлангаар ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан нь санхүү дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул ажлаас чөлөөлсөн. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн хэмжээнд уламжлал ёсоор жилд хоёр удаа болдог хяналт, мониторингийн аудитын шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар 174 хэрэглэгчийг цуцалсан нь санхүүгийн ноцтой зөрчил гэдгийг холбогдох байгууллагууд нь ирж судлаад дүгнэлтүүдийг шат дараалан өгсөн. Хяналт үнэлгээ мониторингийн шалгалт хийгдээд 4 дүгээр сарын 12-ны өдөр санамж бичгийг өгөөд 4 дүгээр сарын 25-ны дотор энэ зөрчлөө арилга гэсэн тул манайд ийм ажиллагаа хийгдээгүй байсан учраас хяналт мониторингоос ирүүлсэн санамж бичгийн талаар Захиргаа удирдлагын газарт хэлсэн. ... Ахлах нягтлан бодогч Б.Ундармаа нь 174 хэрэглэгчийн 4.657.393.76 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгдөөгүй байхад банкаар төлбөр нь орж ирсэн мэтээр шивэлт хийж орлогыг хаасан байсныг 2016 оны 4 дүгээр сард буцааж суулгуулсан. Дээрх байдлаас болж мэдээллийн смарт программын авлагын тайлан, санхүүгийн тайлангийн нэгтгэл зөрүүтэй гарсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг үндэслэн Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогч Б.Ундармаад холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэж Захиргаа удирдлагын газрын даргад хүсэлт бичсэний дагуу Захиргаа удирдлагын газрын дарга хуулийн мэргэжилтэн Азбаярт чиглэл өгч Азбаяр факс явуулсан. Үүнд: Хяналт шинжилгээ дотоод аудитын албанаас Хөвсгөл аймгийн Холбооны газарт хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах мэргэжилтэн нягтлан бодогч Б.Ундармааг Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах асуудлаар Хөвсгөл аймгийн Холбооны газарт хууль зүйн зөвлөгөө өгч авсан арга хэмжээг гүйцэтгэх захирлын ажлын зөвлөлд танилцуулахыг мэдэгдэж байна гэсэн. Араас нь манай Хөвсгөл аймгийн Холбооны газарт Захиргаа удирдлагын газраас ирүүлсэн санал дүгнэлт хүргүүлэх тухай гэсэн факс, мэйл ирсэн. Түүнд тус компанийн хяналт шинжилгээ муу байгаагаас Хөвсгөл аймгийн Холбооны газарт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 06-аас 11-ний өдрүүдэд хийсэн бөгөөд хяналт шалгалтаар илэрч тогтоогдсон зөрчил дутагдлын талаарх тайлан дүгнэлтийг Захиргаа удирдлагын газарт ирүүлсэн байна. Дээр дурдагдсан зөрчил дутагдал нь Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журам, суурин утас, интернет, кабелийн телевизийн үйлчилгээг түр болон бүрмөсөн таслах, эрх сэргээх журам, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн билл тайлан гаргалтыг сайжруулах тухай 02 дугаартай санамж, биллийн тайлан болон бусад тайлан дүгнэлтээс харагдаж байна гэж дүгнэж байна. Иймд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогч Б.Ундармааг зөрчил дутагдал гаргасан баримт материалтай танилцуулан тайлбарыг авч, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байгаа тул бүх ажиллагсдын хурлыг зохион байгуулж авсан арга хэмжээний талаар Захиргаа удирдлагын газарт ирүүлнэ үү гэсэн дүгнэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 10-ны Б76 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан.

... Ажлаас халсан тушаалын гол үндэслэл нь Б.Ундармаагийн гаргасан зөрчлийг санхүүгийн ноцтой зөрчил гэж үзсэн. ...Би өөрийн гаргасан шийдвэрээ зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд урд сахилгын шийтгэл хүлээсэн, ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж, ажлын ёс зүйгүй хандлагыг гаргаж байсан учраас ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан. Тийм учраас ажилд эгүүлэн авахгүй. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1185 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох урьд ажиллаж байсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ундармаа давж заалдах гомдолдоо: ... Шүүгч хэргийн үйл баримтыг үнэлж, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй ч хэргийн оролцогчдоос хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх асуудалтай холбогдуулж, асууж тодруулах үүрэгтэй юм. Шүүгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захирамж гарган буцааж байсны хувьд ийнхүү асууж тодруулах нь шүүгчийн хэрэг маргаанд төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас хандах, нотлох баримтыг үнэлэхэд дагаж мөрдөх процессийн хуулиар тогтоосон шаардлагыг зөрчихгүй учраас ийнхүү асууж тодруулах нь түүний үүрэг болно. Учир нь шүүгч өмнө нь шүүхэд хандаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг өөрөө мэдсээр байж ийнхүү шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтаар хэрэв 2015 оны 10 дугаар сард гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчөөгүй бол 2016 оны 5 дугаар сард буюу долоон сар өнгөрсний дараа сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн нь хууль бус шийдвэр юм. Шийдвэрийн үндэслэл болж буй сахилгын шийтгэл хүлээлгэсэнтэй холбоотой баримтууд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж чадахгүй баримтууд байдаг. Хөвсгөл аймгийн Холбооны газрын 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2 дугаартай “Билл, тайлан гаргалтыг сайжруулах тухай” санамжид тус газрын ахлах ня-бо 2015 оны 10 сард 174 хэрэглэгчийн төлбөрийг төлөгдсөнөөр шивэлт хийсэн зөрчлөө 2016 оны 5 сарын 25-ны дотор арилгахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө буюу 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь ажил олгогч хууль, журмаараа бус харин хувийн ашиг сонирхлоор асуудалд хандсан гэж харагдана. ... Мөн тус компанийн Захиргаа удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн Ж.Азбаяраас Хөвсгөл аймгийн Холбооны газарт хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Санал дүгнэлт хүргүүлсэн тухай” албан бичгээс үзэхэд дээрх албан тушаалтны дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байдаг. Учир нь “Суурин утас, интернет, кабелийн телевизийн үйлчилгээ түр болон бүрмөсөн таслах, эрх сэргээлгэх” журмын 4.1.1 болон 5.1.7 дахь хэсгүүдэд зааснаар ахлах ня-бо тооцооны ажилтны санал болгосны дагуу үйлчилгээг түр, эсхүл бүрмөсөн таслах бөгөөд ахлах нягтлан бодогчид шууд үйлчилгээг таслах эрх олгогдоогүй байдаг. Дээрх заалтаас харахад ахлах нягтлан бодогчийг буруутган улмаар арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргасан нь мөн л хууль зүйн үндэслэлгүй. ... Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчаас шинээр гарган өгсөн 43 хуудас баримттай танилцах, тайлбар өгөх боломжоор хангаагүй. Яаж ч бодсон 43 хуудас баримтыг 10 минутад яар ч сандран танилцсан хүн шүүх хурал дээр мэтгэлцэх ямар ч боломжгүй нь тодорхой билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Ундармаа нь Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Холбооны газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газар нь нэхэмжлэгч Б.Ундармаа ахлах нягтлангаар ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан нь санхүү дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Ундармаагийн гаргасан  ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай  иргэний хэргийг  нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.   

 Учир нь нэхэмжлэгч Б.Ундармаа “шүүхэд  гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн учир гомдлоо 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан” гэсэн тайлбар гаргаж байх боловч тэрээр  гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай хүсэлт болон холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаагүй тул  хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан тодорхойлох, гомдлоо хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж дүгнэх боломжгүй  байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан “...Учир нь шүүгч өмнө нь шүүхэд хандаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг өөрөө мэдсээр байж ийнхүү шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.966 /далан есөн мянга, есөн зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                 ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                          Т.ГАНБАТ

 

 

 

 

 

 

,