Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00549

 

З.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багаханай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/00037 дугаар магадлалтай

З.Ж-ын нэхэмжлэлтэй

“Н”т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Н”т тогоочоор 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилд орж 7 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Одоогийн эрхлэгч Б.Гандулам  томилогдсоноос  хойш  хувийн  таарамжгүй харилцааны улмаас зөрчил үүсэх болсон. Энэ оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 19-ний орой 19 цаг 40 минутын үед нярав н.Тогтохбаяр надруу утсаар залгаад та маргаашаас Тэрэлж рүү туслах тогоочоор явж ажил хий гэсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөө эрхлэгчтэй уулзаад та ямар шалтгаанаар намайг Тэрэлж рүү ажиллуулж байгаа юм бэ энэ талаар тушаал гаргаад өг гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл эрхлэгч танд тушаал гаргаж өгөхгүй та хөлөө хүрэх газраа хүртэл заргалд, та надад баярлах хэрэгтэй гэж хэлээд гаргасан. Би Боловсролын хэлтсийн даргатай очиж уулзахад гомдлоо бичээд өгөөрэй гэж хэлсэн. Мөн би Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаад өргөдөл бичиж өгөөд хариу хүлээсэн. Эрхлэгч 2017 оны 6 дугаар сараас хойш ажиллах боломж олгоогүй. Хичээл эхлэх болсон тул 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгчтэй уулзахад ажлаас халсан тушаал танилцуулсан.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг “Н”ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ж- ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул ажлаас чөлөөлсөн. Тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргийг зөрчсөн. Ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажиллах нөхцөл бүрэн байсан. Манайх тушаалыг нотлох баримт нь цагийн бүртгэлийг эх хувиар өгсөн. Байгууллагын дотоод журамд заасны дагуу ажилдаа ирсэн, явсныг байгууллагын жижүүрт ирж бүртгүүлээгүй. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй нь баримтаар нотлогдоно. Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилтны хурал хийхэд З.Ж-ыг тогоочоор ажиллах талаар тодорхой байдаг. Тухайн хурал болон 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуралд З.Ж- ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Багаханай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2дахь хэсэгт заасныг тус тус баримтлан З.Ж-ын хариуцагч “Н”-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч З.Ж- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00037 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч “Н”ийн эрхлэгч Б.Гандулам нь тус цэцэрлэгийн тогооч ажилтай нэхэмжлэгч З.Ж-ыг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Тэрэлж дэх салбар луу албан тушаал бууруулж туслах тогоочоор шилжүүлэн томилох болсон гэж амаар мэдэгдээд түүнийг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байдаг.

Энэ нь хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Үүнд:

1. Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Отгонжаргалд гэх өргөдөл “Одоо эрх ашгийн зөрчил шуналаа барьж дийлэхгүй намайг тушаал бууруулж Тэрэлж рүү туслах тогоочоор явуулж байгаа нь хүүхдийн хоолноос хувьдаа завших гэсэн санаархал юм” хэмээн тусгагдсан.

2. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Алтангэрэлд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд “...Одоо бүр албан тушаал бууруулж Тэрэлжийн салбарт туслах тогоочоор ажил гэсэн шийдвэр гаргалаа. Би Налайхад гэр орон, үр хүүхэдтэй хүн. Та яагаад ингэж байгаа юм бэ, энэ үндэслээ бичсэн тушаалаа надад өг гэтэл эрхлэгч “Таныг бодож амьдралыг сайжруулах” гэж ийм шийдвэр гаргасан. Тушаал бичиж өгөхгүй. Гомдолтой бол хөлөө хүрэх газраа хүртэл яв, юу олж долоохыг чинь харъя гэлээ” хэмээн талуудын хооронд болсон үйл баримт маргааны талаар тодорхой дурдагдсан.

3. Хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт “...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр багш ажилтнуудын 2016-2017 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангийн хурал зохион байгуулсан. Энэ үед тогооч З.Ж-ын гаргасан алдаа дутагдлыг танилцуулж сэлгэн ажиллуулах талаар хэлсэн”

4. “Н”ийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай Хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн 7-т “Ирэх намар гал тогооны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөн сэлгэж ажиллуулах” хэмээн дурдагдсан.

5. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Багш ажилчдын хуралдааны тэмдэглэлд Тогооч З.Ж- Тэрэлж дэх салбар луу туслах тогоочоор шилжүүлэн ажил гэж мэдэгдсэн боловч зөвшөөрөхгүй байна” гэсэн агуулга бүхий үйл баримт тусгагдсан.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2 баримт, хариуцагчийн гаргаж өгсөн 3 баримтаар нэхэмжлэгч З.Ж- 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Тэрэлж дэх салбар руу албан тушаал буруулж туслах тогоочоор шилжүүлэн томилох болсон хэмээн өөрийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болох нь хангалттай нотлогдож байхад шүүх хэт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00037 дугаартай магадлалын хянавал хэсэгт “...Ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр төрийн байгууллага хоорондоо тодорхой чиглэлээр сэлгэн ажиллуулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг тул сэлгэн ажиллуулах, тушаал бууруулах талаар шүүх дүгнээгүй тухай гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.1-т “Байгалийн гамшиг, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаатай шилжүүлж болно” хэмээн заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно” хэмээн заасныг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь хамт олны хурлын шийдвэрээр албан тушаал буруулж сэлгэн ажиллуулах болсон энэ талаар аль 5 сард шийдвэрлэсэн тул Налайх дүүрэг дэх 140 цэцэрлэг дээр ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй Тэрэлж дэх салбар р уу яв гээд нэхэмжлэгчийн ажлыг хийлгээгүй нотлогддог хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй маргааны гол үйл баримтыг орхигдуулж байгаад гомдолтой байна.

Шүүх хэт нэг талд үйлчилж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй өөр нэг факт бол Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс хүлээн авахаас татгалзана уу гэсэн хүсэлт гаргасан. Шүүгч нотлох баримт шинжлэн судлах үед энэ талаараа хэлээрэй гээд шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ингээд шүүх хурал завсарлаад шүүгч шийдвэрээ танилцуулсны дараа бол шүүх хариуцагчийн талын гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн аваад үнэлсэн гэдгээ хэлсэн нь хэт нэг талд үйлчилсэн зүйл болсон.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00037 дугаартай магадлалын хянавал хэсэгт “... Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд өөр шүүгчийн нэр бичсэн байгаа боловч тэмдэглэлээ баталгаажуулж шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд техникийн алдаа гарсан нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм” гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг баримталж хэн гэдэг шүүгч уг хэргийг шийдвэрлэсэн вэ гэдэг нь хүртэл эргэлзээтэй тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байхад давж заалдах шатны шүүх энэхүү процессийн ноцтой алдааг зөвтгөж ийнхүү дүгнэж байгаад харамсалтай байна.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн багш ажилчдын хурлын 24 дүгээр тэмдэглэл, багш ажилтнуудын нэрс /хх-87-89/, цагийн бүртгэл /хх-118-119/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Цагийн бүртгэл гэсэн дэвтрийн канондсан нүүр 1 хуудас байсан мөн хэн хэзээ, юунд зориулж бичиж тэмдэглэсэн нь тодорхойгүй гарын үсэггүй, байгууллагын нэр хаяг, баталсан зүйлгүй 2 хуудас баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгсөн энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол ажилчдын цагийн бүртгэл бөгөөд үүнийг бол цэцэрлэгийн манаач хөтлөж явдаг гэж тайлбарласан. Үүнийг шүүх хүлээж аваад үндэслэх хэсэгтээ дээр дурдсан байдлаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тушаалын доторх агуулгыг ярья. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хоёр агуулгатай байдаг. Манайх ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгээр ажлаас халаагүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан” хэмээн татгалзлаа тайлбарласан.

Гэтэл шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мөн З.Ж- нь “Н”т тогоочоор ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан .... зэргээр нотлогдож байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйл 115.2 дахь хэсгийг, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагчийн татгалзал болоогүй зүйл рүү шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийж, улмаар цаашид хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ажил үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон байхаар нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрх “З.Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын талаар нэхэмжлэгч талаас маргаагүй тул шүүх “Н”ийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр “З.Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуулийн хүчин төгөлдөр тушаал гэж үнэлсэн болно” гэж дүгнэсэн нь илт нэг талд үйлчилсэн.

Хариуцагч илт хууль зөрчсөн тушаалаа зориуд зассан ба нотлох баримт шинжлэн судлахад хариуцагч бол нэхэмжлэгчид 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б\28 дугаартай тушаалыг танилцуулж түүнд гардуулан өгсөн түүнийг үндэслэн бид шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч илт хууль зөрчсөн тушаалаа сүүлд сольж дахин тушаал гаргаад түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн үүнийг шүүх шууд үнэлээд дээр нь биднийг маргаагүй мэтээр бичсэн илт нэг талд үйлчилсэн энэ талаар нотлох баримт шинжлэн судалсны дараа хэнээс ч тодруулж асуугаагүй.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 27-ний өдрийн 210/МА2018/00037 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

З.Ж- нь “Н”т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

З.Ж- Нийслэлийн “Н”т 2010 оноос тогоочоор ажиллаж байсан, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 тушаалаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 08 дугаар сарын 16-наас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 11 хоног ажил тасалсан...” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 4.6., 6.2., 7.е заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд “гэрээг хүчингүй болгох буюу хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлүүдийг дурдсан байх бөгөөд 7.2. дугаар зүйлд ноцтой зөрчилд тооцох зөрчлийг нэг бүрчлэн дурдсан, “е” дэх заалтад “хүндэтгэх шалтгаангүйгээр ажлыг дараалсан 2 ба түүнээс дээш хоног тасалсан” гэх үндэслэлийг заасан байна.

Нэхэмжлэгч З.Ж- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 08 дугаар сарын 16-ны орой нярав Тогтохбаяр утасдаж, Тэрэлжид байдаг салбарт очиж ажилдаа ороорой гэсэн. 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ очиж, эрхлэгч Б.Гандуламтай уулзахад “тушаал гаргахгүй, таныг бодож ийм шийдвэр гаргалаа” гээд энэ өдрөөс эхлэн ажил, үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж тайлбарлах боловч түүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэр гарч ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэх тайлбар шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээхдээ зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн нэрийг зөрүүтэй бичсэн алдааг үндэслэл бүхий дурдаж, тухайн зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шийдвэрлэсэн нь буруу биш тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багаханай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/00037 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР       

         ШҮҮГЧ                                                           Х.ЭРДЭНЭСУВД