Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00037

 

З.Ж-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч З.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч дүгээр цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  цэцэрлэгт тогоочоор 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилд орж 7 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Одоогийн эрхлэгч Б.Г  томилогдсоноос  хойш  хувийн  таарамжгүй харилцааны улмаас зөрчил үүсэх болсон. Энэ оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 19-ний орой 19 цаг 40 минутын үед нярав н.Т надруу утсаар залгаад “та маргаашнаас Тэрэлж рүү туслах тогоочоор явж ажил хий” гэсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөө эрхлэгчтэй уулзаад “та ямар шалтгаанаар намайг Тэрэлж рүү ажиллуулж байгаа юм бэ энэ талаар тушаал гаргаад өг” гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл эрхлэгч “танд тушаал гаргаж өгөхгүй та хөлөө хүрэх газраа хүртэл заргалд, та надад баярлах хэрэгтэй” гэж хэлээд гаргасан. Би Боловсролын хэлтсийн даргатай очиж уулзахад гомдлоо бичээд өгөөрэй гэж хэлсэн. Мөн би Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаад өргөдөл бичиж өгөөд хариу хүлээсэн. Эрхлэгч 2017 оны 6 дугаар сараас хойш ажиллах боломж олгоогүй. Хичээл эхлэх болсон тул 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгчтэй уулзахад ажлаас халсан тушаал танилцуулсан.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ж ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул ажлаас чөлөөлсөн. Тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргийг зөрчсөн. Ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажиллах нөхцөл бүрэн байсан. Манайх тушаалыг нотлох баримт нь цагийн бүртгэлийг эх хувиар өгсөн. Байгууллагын дотоод журамд заасны дагуу ажилдаа ирсэн, явсныг байгууллагын жижүүрт ирж бүртгүүлээгүй. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй нь баримтаар нотлогдоно. Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилтны хурал хийхэд З.Ж-ыг тогоочоор ажиллах талаар тодорхой байдаг. Тухайн хурал болон 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуралд З.Ж ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б овгогт З-н Ж-ын хариуцагч цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч З.Ж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Г тус цэцэрлэгийн тогооч ажилтай нэхэмжлэгч З.Ж 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Тэрэлж дэх салбар луу албан тушаал бууруулж туслах тогоочоор шилжүүлэн томилох болсон гэж амаар мэдэгдээд түүнийг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь хэрэгт авагдсан Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.О-д гэх өргөдөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга н.А-д 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд, хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, дүгээр цэцэрлэгийн 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Багш ажилчдын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогддог.

Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Тэрэлж дэх салбар руу албан тушаал бууруулж туслах тогоочоор шилжүүлэн томилох болсон гэж өөрийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь нотлогдож байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хамт олны хурлын шийдвэрээр албан тушаал буруулж сэлгэн ажиллуулах болсон талаар 5 дугаар сард шийдвэрлэсэн тул дүгээр цэцэрлэг дээр ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Талуудын хоорондох бодит үйл баримт “сэлгэн ажиллуулах” бөгөөд тушаал бууруулах талаар шүүх дүгнэлт хийхгүйд гомдолтой байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд гаргаж өгснийг миний зүгээс хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан. Шүүх нотлох баримт шинжлэн судлах үед энэ талаар хэлэхэд шүүх хуралдааныг үргэлжлүүлээд шийдвэрээ танилцуулсны дараа хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авч үнэлсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзнэ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “цагийн бүртгэл” гэх дэвтрийн канондсан 1 хуудас мөн хэн хэзээ, юунд зориулж бичиж тэмдэглэсэн нь тодорхойгүй гарын үсэггүй, байгууллагын нэр хаяг, батлаагүй 2 хуудас баримтыг хариуцагчийн төлөөлөгч гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн ажилчдын цагийн бүртгэлийг манаач хөтөлдөг гэж тайлбарласан. Үүнийг шүүх хүлээн авч дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....Манайх ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгээр ажлаас халаагүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан" хэмээн татгалзлаа тайлбарласан байхад шүүх "Мөн З.Ж нь дүгээр цэцэрлэгт тогоочоор ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан ...зэргээр нотлогдож байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагчийн татгалзал болоогүй зүйлийг шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийж, улмаар цаашид хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ажил үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон байхаар нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Хариуцагч илт хууль зөрчсөн тушаалаа зориуд зассан ба нотлох баримт шинжлэн судлахад хариуцагч бол нэхэмжлэгчид 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б\28 дугаартай тушаалыг танилцуулж түүнд гардуулан өгсөн түүнийг үндэслэн бид шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч илт хууль зөрчсөн тушаалаа сүүлд сольж дахин тушаал гаргаж өгснийг шүүх шууд үнэлээд дээр нь биднийг маргаагүй мэтээр бичсэн энэ талаар нотлох баримт шинжлэн судласны дараа тодруулж асуугаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Ж хариуцагч дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, 2 ба түүнээс дээш хоногоор ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч  2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 11 өдрийн ажил тасалсан гэх үйл баримт хариуцагч байгууллагын бүртгэгчийн гарын үсэг бүхий ажлын цагийн бүртгэлийн хуудас дахь бүртгэл, цалингийн тооцооны хүснэгт зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагчийн гаргасан ажил тасалсан тухай нотлох баримтуудыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй. Харин дээрх хугацаанд  Налайх дүүргийн Боловсролын хэлтэс болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан гэх тайлбар гаргажээ. Нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн баримттай харьцуулан дүгнэхэд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь нотлогдсон гэж үзэхээр байна.

Түүнээс гадна дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийг туслах тогоочоор ажиллуулах санал болгож байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь түүнийг ажлаа таслаж, ажилдаа ирэхгүй байсныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 Иймд  нэхэмжлэгч З.Ж-ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын тушаал үндэслэлтэй бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн Б/28, Б/31 гэсэн хоёр тушаалыг өөр өөр хувиар үйлдсэн, дугаар зөрүүтэй байхад Б/31 дүгээр тушаалыг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үнэлсэн гэж гомдол гаргасан бөгөөд уг тушаал хоёр өөр дугаартай байгаа нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх байдлыг няцаах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр төрийн байгууллага хооронд тодорхой чиглэлээр сэлгэн ажиллуулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг тул сэлгэн ажиллуулах, тушаал бууруулах талаар шүүх дүгнээгүй тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд өөр шүүгчийн нэр бичсэн байгаа боловч тэмдэглэлээ баталгаажуулж шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд техникийн алдаа гарсан нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2017/00340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

                                                                                                      Д.БАЙГАЛМАА