Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 968

 

 

                                                           

           

 

 

                             

2019        12          16                                    2019/ШЦТ/968

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

Хохирогч А.Мэндсайхан, түүний өмгөөлөгч М.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баавшууд овогт Адилбишийн Чулуун-Очирт холбогдох эрүүгийн 1903008780394 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Баавшууд овогт А.Ч, Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, “Гэ Бэ Тэ трейдинг” ХХК-ний инженерийн туслах ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74б-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төр засгийн үйлчилгээний авто баазын хойд замд “Тоёота приус” маркийн 54-53 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ф.Сидра, М.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайхан эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 23-ны орой өөрийнхөө машинтай явж байгаад хохирогч А.Мэндсайхан, Ф.Сидра нарыг мөргөж гэмтээсэн үнэн. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно” гэв.

Хохирогч А.Мэндсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цаг 40 минутын орчим Баянбүрдийн хойд автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гараад замын гол хэсэгт очоод ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан машиныг гаргаад машингүй болохоор нь гарч байхад гэнэт нэг машины гэрэл ойж ирээд мөргөсөн. Ингээд би ямар нэгэн зүйл санахгүй нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Хохирогч А.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гар утас болон эмчилгээний зардлыг нэхэмжлэмээр байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай охин баруун хөлөндөө нилээн хүнд гэмтэл авсан ...Байнгын хэвтрийн дэглэмд хэвтэж эмчлүүлж байгаа босохоороо толгой эргээд байна гээд явж чадахгүй байгаа. Мөн хөлөн дээрээ бүрэн гишгиж явж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-19-21х/,

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний охин энэ ослоос хойш ойгүйлдэл гэх болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн төв дээр очиход ойгүйдэл гэх шинж гарсан. Сар гаруй хугацаанд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Хөл нь гэмтэлтэй байна” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9106 тоот дүгнэлтэнд:

“1. А.Мэндсайханы биед гавлын баруун зулай, дух, чамархай, ясны шугаман хугарал, тархи доргилт, толгойн хуйх, нүүр, дээд, доод мөчинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-37-38х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9122 тоот дүгнэлтэнд:

“1. Ф.Сидрагийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны тасрал, дотор жийргэвч, мөгөөрсний арын эврийн урагдал, дотор хажуугийн холбоосны бүрэн бус урагдал, баруун шаант, дунд чөмөгний ясанд хаван, дух, зүүн шуу, зүүн дал, баруун тахиманд зулгаралт, зүүн нүдний алим, зовхи, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-34х/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны 060440 дугаартай оношлогооны дүгнэлтэнд:

“1. Toyota маркийн Prius загварын 54-53 УВА улсын дугаартай NHW207756210 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Улсын дугаарын гэрэл ажиллахгүй, урд салхины шил хагарч хонхойсон, копуд зүүн урд талдаа хонхойсон, урд буфер зүүн урд талдаа халцарч хонхойсон гэх эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил хагарч хонхойсон, копуд зүүн урд талдаа халцарч хонхойсон, гэх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Иймд уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм.  Toyota маркийн Prius загварын автомашин нь ABS шингэн дамжуулагад тоормосны системтэй. Тоормосны ажиллагаа хэвийн ажиллагаатай. Toyota маркийн Prius загварын автомашин нь ABS шингэн дамжуулагад тоормосны системтэй. Тоормос гишгэх үед замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ.  Спидометр нь ажиллаж байна. Хэрэв спидометр ажиллахгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг хянах боломжгүй болох учир хурднаас үүдэлтэй зам тээврийн осол үүсч болзошгүй юм” гэжээ /хх-45-46х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1000 тоот дүгнэлтэнд:

“1. Ф.Сидра нь сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчтэй байна.

2. Ф.Сидра сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчтэй байна. Болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

3. Хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай эсэхийг тогтоох боломжгүй.

4. Ф.Сидра нь сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл эмгэгтэй байна. Тухайн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн нөхцөл байдлаас үүдэлтэй, сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой үүссэн байх боломжтой гэж үзэв” гэжээ /хх-49-52х/,

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-11х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16-17х/,

Шүүгдэгч А.Чын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төр засгийн үйлчилгээний авто баазын хойд замд “Тоёота приус” маркийн 54-53 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ф.Сидра, М.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ф.Сидра, М.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Чт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Чыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,  түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шатанд шүүгдэгч А.Ч нь хохирлын 2.302.311 төгрөгийг хохирогч А.Мэндсайханд, хохирлын 783.993 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра /хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн/-д тус тус төлсөн байх ба хохирогч А.Мэндсайхан, насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.