Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 373

 

 А.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,                                                                           

шүүгдэгч А.Чын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн,

насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Чт холбогдох эрүүгийн 1903008780394 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, “Гэ Бэ Тэ трейдинг” ХХК-ийн инженерийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74б байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

А.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төр засгийн үйлчилгээний авто баазын хойд замд “Тоёота приус” маркийн 54-53 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ф.Сидра, А.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас явган зорчигч Ф.Сидра, А.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Чыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэрт гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч А.Чын В ангиллын 420085 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч А.Ч нь 2.302.311 төгрөгийг хохирогч А.Мэндсайханд, 783.993 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра нарт тус тус төлсөн болохыг, хохирогч А.Мэндсайхан, насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчин нь одоог хүртэл зүгээр болоогүй байнгын эмчийн хяналтад байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1282 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Ф.Сидра нь “Диссоциатив ойгүйдэл” сэтгэцийн өвчтэй байна. Уг өвчин нь өвчний олон улсын 10 дугаар ангиллаар F44.0 ангилалд хамаардаг. Диссоциатив ойгүйдэл нь эдгэрэх боломжтой өвчин юм. Ф.Сидрад илэрсэн диссоциатив ойгүйдэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж дүгнэлт гаргажээ. Гэтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах нь 4 долоо хоног хүртэл буюу 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой гэмтлүүд хамаардаг. Харин насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра нь осол хэрэг болсон өдрөөс хойш буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш одоог хүртэл дээрх ойгүйдэл өвчтэй хэвээр байнгын эмчилгээнд хамрагдсаар байна. Ийм удаан хугацаа өнгөрсөн байхад эдгэрээгүй нь хөнгөн гэмтлийн ангилалд багтахааргүй байна. Иймээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна. Мөн Ф.Сидрагийн биед хүндэвтэр гэмтэл буюу баруун өвдөгний урд чагтан холбоосны тасрал, дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, дотор хажуугийн холбоосны бүрэн бус урагдал, баруун шаант, дунд чөмөгний ясанд хаван, дунх, зүүн шуу, зүүн дал, баруун тахиманд зулгаралт, зүүн нүдний алим, зовхи, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарсан байна. Ф.Сидрагийн өвдөгний чагтан холбоосны тасралыг нөхөх хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай боловч өсвөр насны хүүхэд учир өвдөгний өсөлтийн зооныг хөндөх магадлалтай байдаг. Хэрэв өсөлтийн зоон хөндөгдвөл цаашид нэг хөл нь хөгжилгүй, урт богино хөлтэй болох эрсдэлтэй гэж эмч нар хэлсээр байсны үндсэн дээр БНТУ-д эмчилгээ, хагалгаа хийх боломжтой, өсөлтийн зоон хөндөхгүйгээр хийдэг “Florence Nigthingale” эмнэлэгтэй холбогдсон боловч эмчилгээний зардал, хагалгаа, ор хоног, эм тариа нь нийлээд 8.000 америк доллар, тус эмнэлэгт зуучлалын хөлс, тийзний зардал нийлээд 1.000 америк доллар буюу шүүх хуралдаан болсон өдрийн Монгол банкны ханшаар 24.535.080 төгрөг болж байх бөгөөд өнөөдрийн байдлаар надад ийм их хэмжээний мөнгө байхгүй байна. Харин охин Ф.Сидрад эмчилгээ, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 228.6-т тус тус зааснаар А.Чоос 24.535.080 төгрөгийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн эмчилгээнд зайлшгүй гарах зардалд 9.000 доллар буюу 24.535.080 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эсэх, хэлэлцэхгүй орхисон эсэх нь ойлгомжгүй байна. Иймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолийг хүчингүй болгож, хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Осол гарсан цагаас хойш Ф.Сидрад 2 сарын хугацаанд сэтгэл зүйчээр эмчилгээ хийлгэсэн. Гэвч биеийн байдал нь дээрдээгүй. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн сэтгэцийн эмчид үзүүлэхэд хэвтүүлэх шаардлагатай гээд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээ хийлгэж байх хооронд өөрийнхөө гарыг хазчихсан, түүндээ өвдөлт мэдрэхгүй, зөөлөн юм хазмаар байна гээд байсан. Ерөнхийдөө биеийн байдал нь улам дордож байна. Үүнийг эмч нь сэтгэцийн өөрчлөлтөд орж байна гэж байсан. Сар гаруй хугацаанд өдөрт 3-4 цагийн нойртой, бусад үед огт унтахаа больсон. Эсвэл эм уулгаж байж унтуулдаг болсон. Нойрны эмийг 1 сар уулгаад зогсоосон. Учир нь, байнга нойрны эм уувал бөөрний дутагдалд ордог гэж хэлсэн.” гэв.

 

Шүүгдэгч А.Чын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. А.Ч нь хохирогч нарын эмчилгээний зардлыг тухай бүрт нь өөрөө гаргаж өгч байсан. Ф.Сидрагийн хууль ёсны төлөөлөгчөөс MRI шинжилгээ хийлгэх гэсэн боловч мөнгө өгөөгүй гэж ярьж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байгаагүй, анх удаа сонсож байна. Хохирогч А.Мэндсайхан нь 2019 оны 11 дүгээр сард цэрэгт яваад бэртээд, цэргийн эмнэлэгт шинжилгээ хийлгүүлнэ гэхэд нь А.Ч шинжилгээ хийлгэх мөнгийг нь өгч байсан баримт хавтас хэрэгт байгаа. Мөн хохирогч нарт цаашид гарах зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш өнөөдрийг хүртэл шаардлагатай гэх зүйлийн баримт байхгүй байна. А.Ч нь Ф.Сидра руу яриад “жолооч ах нь байна” гэхээр утсаа салгачихдаг гэж байсан. Ийм учраас ярьж чаддаггүй. Хэдийгээр А.Ч нь 2 хүн гэмтээсэн боловч тэнсэнгийн хугацаандаа ажил хөдөлмөр хийгээд хохирол төлбөрийг барагдуулаад явбал хэн хэндээ хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн цаашид гарах зардлын талаар баримт байвал хохирлыг барагдуулна.” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, давж заалдах гомдолд эмчилгээний зардлыг нэхэмжилсэн байна. Үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй, мөн шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг барагдуулах үүрэг хүлээлгэсэн тул иргэний журмаар шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

А.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төр засгийн үйлчилгээний авто баазын хойд замд “Тоёота приус” маркийн 54-53 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ф.Сидра, А.Мэндсайхан нарыг мөргөж, явган зорчигч Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, явган зорчигч А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмөрөнгийн “...Манай охин баруун хөлөндөө нилээн хүнд гэмтэл авсан. ...Байнгын хэвтэрийн дэглэмд хэвтэн эмчлүүлж байгаа. Босохоороо толгой эргээд байна гээд явж чадахгүй байгаа. Мөн хөлөн дээрээ бүрэн гишгэж явж чадахгүй байгаа. ...” /хх 19-21/,

хохирогч А.Мэндсайханы “...Би 2019 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цаг 40 минутын орчим найз Сидрагийн хамт Баянбүрдийн хойд автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гараад замын гол хэсэгт очоод ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан машиныг гаргаад машингүй болохоор нь гарч байхад гэнэт нэг машины гэрэл ойж ирээд мөргөсөн. ...нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...миний толгойн баруун талын титэм заадаснаас урагш духны хажуу хэсгээр дамжин суурь ясны бага далавч руу үргэлжилсэн хугаралтай, баруун зулайн яснаас чамархай яс хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралтай. Хугаралтын харалдаа гавлын хөндийд жижиг хийн бөмбөлөгүүдтэй, суурийн хөндийд цустай, баруун хөхлөг сэртэн агааржилт буурсан цустай, тархины бор цагаан эд ялгарал хавдартай, баруун хөлийн зөөлөн эдийн няцралттай. ...” /хх 24-25/,

гэрч П.Эрдэнэбаярын “...Би А.Чтой 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутын үед Соёл Урлагийн их сургуулийн урд талын зогсоолоос машинаа авахаар түүний машинд дайгдаад жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан. Ингээд Баянбүрдээс ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү ороод явж байтал гэнэт юм мөргөх шиг болоод чимээ гарсан. Ингээд А.Ч машинаа зогсоогоод “яанаа яанаа хүн мөргөчихлөө” гэж хэлж байсан. Би машинаас буугаад харахад машины баруун талд нэг залуу зам дээр доошоо хараад хэвтэж байсан. Тэр залуу салхины шил мөргөөд тэнд унасан юм шиг байна лээ. Охин нь машины урд 4-5 метрийн зайтай хажуу талаараа зам дээр байсан. Тэгээд А.Ч өөрийн утсаар түргэн тусламж дуудсан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ф.Сидрагийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны тасралт, дотор жийргэвч, мөгөөрсний арын эврийн урагдал, дотор хажуугийн холбоосны бүрэн бус урагдал, баруун шаант, дунд чөмөгний ясанд хаван, дух зүүн шуу, зүүн дал, баруун тахиманд зулгаралт, зүүн нүдний алим, зовхи, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9122 дугаартай /хх 34/,

хохирогч А.Мэндсайханы биед гавлын баруун зулай, дух, чамархай, ясны шугаман хугарал, тархи доргилт, толгойн хуйх, нүүр, дээд доод мөчинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9106 дугаартай /хх 37-38/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1000 дугаартай “...Ф.Сидра нь сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчтэй байна. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлын зөв тусган ойлгох чадвартай эсэхийг тогтоох боломжгүй. Ф.Сидра нь сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчтэй байна. Тухайн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой үүссэн байх боломжтой гэж үзэв. ...” /хх 49-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1282 дугаартай “...Ф.Сидра нь “диссоциатив ойгүйдэл” сэтгэцийн өвчтэй байна. Уг өвчин нь өвчний олон улсын 10 дугаар ангилалаар F44.0 ангилалд хамаардаг. Диссоциатив ойгүйдэл нь эдгэрэх боломжтой өвчин юм. Ф.Сидрад илэрсэн диссоциатив ойгүйдэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 96-101/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 16-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Чыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Ф.Сидрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Мэндсайханы эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

             Шүүгдэгч А.Чын тээврийн хэрэгсэл жолоолож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ф.Сидра, А.Мэндсайхан нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс А.Чын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нотлох баримтын хэмжээнд хохирлын төлбөрийг нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэн “...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах нь 4 долоо хоног хүртэл буюу 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой гэмтлүүд хамаардаг. Харин насанд хүрээгүй хохирогч Ф.Сидра нь осол хэрэг болсон өдрөөс хойш буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш одоог хүртэл дээрх ойгүйдэл өвчтэй хэвээр байнгын эмчилгээнд хамрагдсаар байна. Ийм удаан хугацаа өнгөрсөн байхад эдгэрээгүй нь хөнгөн гэмтлийн ангилалд багтахааргүй байна. Иймээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна. ...охин Ф.Сидрад эмчилгээ, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 228.6-т тус тус зааснаар А.Чоос 24.535.080 төгрөгийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн бие махбодид болон сэтгэцэд учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул дахин шинжээч томилох хууль зүйн үндэслэлгүй.

Насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны тасралт, дотор жийргэвч, мөгөөрсний арын эврийн урагдал, дотор хажуугийн холбоосны бүрэн бус урагдал, баруун шаант, дунд чөмөгний ясанд хаван, дух зүүн шуу, зүүн дал, баруун тахиманд зулгаралт, зүүн нүдний алим, зовхи, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн сэтгэцийн хувьд диссоциатив ойгүйдэл өвчтэй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хэдий ч энэ талаар хавтас хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээжээ.

Мөн шүүгдэгч А.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жил тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийг үүрэгжүүлсэн нь ач холбогдол бүхий болсон байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөндөхгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Ф.Сидрагийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 

 

                         ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ