Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

2020         01          15                                      2020/ШЦТ/43

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809023690600 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахимын тоног, төхөөрөмж үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Г /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.Г нь 2018 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23б-41 тоот хашаанд барьсан майханд хамт хоносон О.Баттулгын эзэмшлийн нийт 544.000 төгрөгийн үнэ бүхий Нөте-5 маркийн, Айфоне-5 маркийн 2 ширхэг, Х.Батсайханы эзэмшлийн 264.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 эджи маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 808.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…би хийсэн хэрэгтээ харамсан байна. Батсайханы гар утсыг буцаан өгсөн. Баттулга найзынхаа хоёр гар утасны хохирол болох 544.000 төгрөг барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

 

Хохирогч О.Баттулгын “… манай ах Батсайхан, манай найз Ганхуяг майханд орж ирээд хамт унтацгаасан. ...Самсунг Нөте-5 маркийн гар утас, Самсунг эс-6 эджи маркийн гар утас, ай фоне 5-эс маркийн гар утаснууд алдагдсан. ...гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Хохирогч Х.Батсайханы “… миний гар утас болох Самсунг эс-6 маркийн гар утсыг буцаан өгсөн болохоор надад гомдол санал байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч Г.Гансүхийн “...Ганхуяг бид хоёр Өргөө кино театрын урд талын Кинг нэртэй ломбарданд Нөте-5 гар утсыг нь 150 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Марал нэртэй ломбарданд Ай фоне 5 эс гэдэг гар утсыг нь 100 000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27-28/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-41-47/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-49-51/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23б-41 тоот хашаанд барьсан майханд хамт хоносон О.Баттулгын эзэмшлийн нийт 544.000 төгрөгийн үнэ бүхий Нөте 5 маркийн, Айфоне 5 маркийн 2 ширхэг, Х.Батсайханы эзэмшлийн 264.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 эджи маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 808.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч О.Баттулга, Х.Батсайхан нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч О.Гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч О.Гийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул О.Гийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Батсайхан нь өөрийн эд зүйлээ хүлээн авсан, мөн хохирогч О.Баттулга нь хохирол болох 544.000 төгрөгийг хүлээн авч  гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Г дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

Шүүх шүүгдэгч О.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Г нь тус эрүүгийн хэрэгт нийт 34 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Гт 270 (хоёр зуун дал) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийн цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР