Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 867

 

 

 

 

 

 

 

 

 

О.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор С.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1130 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр О.Г-т холбогдох 1809023690600 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн О-ийн Г, 1997 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ....... тоотод оршин суух ял шийтгэлгүй /РД:......../;

 

О.Г нь 2018 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б-41 тоот хашаанд барьсан майханд хамт хоносон О.Б-ын эзэмшлийн нийт 544.000 төгрөгийн үнэ бүхий “Note-5”, “Iphone-5” загварын 2 ширхэг, Х.Б-ы эзэмшлийн 264.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung-S6 edge” загварын 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 808.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд Эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж ирүүлэх нь зүйтэй гэж үзээд О.Г-т холбогдох 1809023690600 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 1130 дугаартай захирамжаар эрүүгийн 1809023690600 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагдсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байна.

            Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулна.

            Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж прокурорын хяналтад хэрэг ирсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

            Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс “ял оногдуулахгүйгээр зөвхөн тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр санал гаргаж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүхээс прокурорын яллагдагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээнээс доогуур хэмжээгээр, эсхүл тус ялыг шууд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзсэн байна.

            Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр “шүүхийн эрх хэмжээнд халдсан, хууль буруу хэрэглэсэн” гэж үзээд, прокурор эрүүгийн хариуцлагын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор тохиролцож, шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглүүлэхээр шүүгдэгч өмгөөллийн үг явуулахад “эрүүгийн хариуцлагын саналаасаа зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан” гэх байр суурийг шүүхээс илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх олон улсын жишиг хандлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй үйл явц болж байна гэж дүгнэж байна.

            Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна” гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбон ойлгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1130 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

О.Г-т холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй, прокурорын сонсгосон ялын төрөл, түүний хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж яллагдагчаас үзсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж болохоор тусгагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан байх шаардлагатай бөгөөд хэрэв тэдгээр хангагдаагүй, эсхүл тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч О.Г нь “...хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн талд маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, прокурор хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах. ...” гэж ялын санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зааснаас үзвэл уг зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх прокурорын эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлийн хүрээнд гарсан байх учиртай.

 

Хууль тогтоогч тэнсэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хамааруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргах эрх прокурорт байхгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай ... танилцуулна”, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх ... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын санал хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тодорхой заасаар байтал прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Иймд, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1130 дугаар захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1130 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН                                                                                                                                                                                                   ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                            Л.ДАРЬСҮРЭН