Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 29

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д Х” ХХК

Хариуцагч: А с З Д,

Хариуцагч: А  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн захирал Б.Г , түүний өмгөөлөгч А.М , хариуцагч Д.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э  гэрч Н.Ш , М.З , Л.П р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДиХн” ХХК, захирал Б.Г , өмгөөлөгч А.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д Х” ХХК нь Баянцогт сумын Хашаатын энгэрт 30 га газар эзэмших эрхийг 2016 оны 07 дугаар сарын 06-нд авсан. “Амирлангуй” жишиг цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар ажиллаж эхэлсэн. Уг газрын дэргэд хоёр сумын зааг болох Бүрэн уулын энгэрийг зөвшөөрөлгүй шарилын газар болгосныг үзээд хамтад нь эзэмшихгүй бол төслийн үйл ажиллагаа явуулахад саад болох тул Аргалант сумын Засаг даргад хүсэлт тавьж төсөл өгсөн. Энэ үед “Сувд буян” компани мөн адил хүсэлт гаргасан. Шалгаруулалтанд манай “Диваажин хүрээлэн” ХХК сонгогдсон. Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40, 41 дүгээр тогтоол, Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400, А/401 дугаартай захирамжаар Яст ухаад 4 га, Зөнөгтөд 6 га газрыг зөвхөн харж хамгаалах, Хашаат, Бүрэнгийн энгэр орчимд 10 га газрыг оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалттай 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан, кадастрын зураг хийлгээд, 2017 оны 05 дугаар сарыг дуустал үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд хамгаалах үүрэг хүлээсэн газрыг бүрэн хамгаалж, арчилж, цэвэрлэж, хаалга, тэмдэг тэмдэглэгээ хийж зогоон татаж хашаажуулан, хашааны суурь цутгах нүхийг ухаж байнгын манаач ажиллуулж байсан. 2017 оны 03 дугаар сараас шинээр томилогдсон Б.Батжаргал Засаг дарга “Яст ухаа”, “Зөнөгт” байрлах оршуулгын газраа хүлээлгэж өг гэж хэлсэн. Үүний дараагаар гурван иргэний өргөдөл, гомдол ирсэн гэж хэлдэг ч энэ талаар сумаас өөрсдөө шалгаж, нягталж тогтоогоогүй. Өргөдөл гаргасан иргэдийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандсан, Цагдаагийн газраас шалгаад гэм буруутай гэх үндэслэлгүй байна гэсэн. “Диваажин хүрээлэн” ХХК байгууллагын нэр хүндийг гутаасан, гүтгэсэн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан, цагдаагийн байгууллагаас гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдож байна, шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар гүтгэх гэмт хэргийг зөрчил гэж үзэх болсон тул зөрчлийн хэрэг бүртгэлт хийхээр харъяалалын дагуу шилжүүлж, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс төлөөлөгч М.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, оршуулгын үйл ажиллагааг шалгах үүрэг өгсөн байдаг. Энэ ажиллагаа нь иргэд энэ талаар ямар санал бодолтой байсан, өргөдөл гомдол гаргасан гэх гурван хүнтэй уулзаж тайлбар авсан эсэх нь баримт нотолгоогүй, захирал, ажилчидтай уулзаж тайлбар авахгүйгээр дүгнэлт гаргасан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр “Зөнөгт”-д 2016 онд 37, 2017 онд 2 шарилуудыг оршуулсан гэж бичсэн. Гэтэл байгаль орчны улсын байцаагч, багийн Засаг дарга нар хүн оршуулахыг зөвшөөрсөн гарын үсэгтэй бичиг өгдөг байсан. Энэ талаар байгаль орчны байцаагч, багийн Засаг дарга нараас тайлбар авахгүйгээр хэт нэг талыг барьсан, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр дүгнэлт гаргасан. М.Зоригтбаатар нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би ийм дүгнэлт гаргаагүй, гарын үсэг зураагүй гэж хэлж байна. Иймээс тус дүгнэлтийг үндэслэж гарсан 60, 61 дүгээр тогтоол нь үндэслэл муутай гарсан байна. Тус дүгнэлтийг үндэслээд Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж “Диваажин хүрээлэн” ХХК-ийн зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, өмнөх онд гаргасан 40, 41 дүгээр тогтоолоо хүчингүй болгосон. Засаг дарга дээрх хоёр тогтоолыг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 60, 61 дүгээрт тогтоолыг үндэслэж гаргасан Засаг даргын захирамж нь захиргааны сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг зөрчсөн. 2016 оны Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 40, 41 дүгээр тогтоол нь “Диваажин хүрээлэн” ХХК-нд оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байсан. Энэ хоёр тогтоолыг хүчингүй болгосон учраас 60, 61 дүгээр тогтоол нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна. Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 тоот захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Аргалант сумын Засаг дарга Б.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДХ” ХХК нь захирамжийн биелэлтийг хангаагүй, удаа дараа зөрчсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр тэмдэглэлээр оршуулгын газрын талаар гарсан тогтоол шийдвэрт хяналт тавих, иргэдээс ирүүлсэн санал гомдлын мөрөөр арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн хорооны дарга М.Зоригтбаатарт даалгасан. Оршуулгын газарт хяналт тавьсан дүгнэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолд заасан байрлалаас өөр газар буюу Зөнөгт 2016 онд 2, 2017 онд 2, Яст-Ухаад 2016 онд 37 шарилыг оршуулсан. Мөн 2016 оны 10 дугаар сард арц хүж уугиулж ил гал тавьснаас болж хээрийн түймэр гарсныг онцгой байдлын комисс унтраасан. Сумын Засаг даргын Тамгын газарт гомдол ирүүлсэн иргэн Х.Бямбасүрэн газрын төлбөр төлсөнгүй гэж уурлан оршуулгын ажил явуулахгүй гэсэн, 250.000 төгрөг төлсөн, Ш.Баянмөнх газрын төлбөр болох 800.000 төгрөг шилжүүлсэн, Ц.Батболд 1.300.000 төгрөг төлсөн, үйлчилгээ үзүүлээгүй байж бэлэн мөнгө төлбөр хураамж авсан. Төв аймгийн Засаг даргад Аргалант сумын оршуулгын газарт хүн нутаглуулах үед “Диваажин хүрээлэн” ХХК нь 300.000-1.000.000 төгрөг авч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зогсоож өгнө үү гэсэн гомдол ирсний дагуу Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн албан тоотоор Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй шууд эзэмшүүлсэн тул хүчингүй болгох, хууль бус үйлдлийг зогсоох үүрэг авсан. Тухайн үед манай суманд  төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй. Энэхүү шийдвэр, үйлдлүүдийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. М.Зоригтбаатар шинээр шарил тавигдаж байгаа гэж хэлсэн боловч тодорхой тоо баримтыг хэлсэнгүй. Манайхаас очиж шалгаад шинээр тавьсан шарилын зургийг авсан. Үүнийг “Диваажин хүрээлэн” ХХК-ийг тавиулсан гэж үзэж байгаа. Тухайн газрыг хамгаалах ёстой байтал, хамгаалж чадалгүй гал гаргасан. Газрыг ухаж зогоон татсан. “Хашаат”, “Бүрэнгийн энгэр” газрыг ашигласны дагуу суманд тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой байтал огт төлөөгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд 300.000 төгрөг өгсөн гэж хэлж байгаа ч өмнөх Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу өгсөн. Шинээр томилогдсон Засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоол нь Газрын тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг зөрчсөн. “Диваажин хүрээлэн” ХХК нь захирамжийн биелэлтийг хангаагүй удаа дараа зөрчсөн болох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн хорооны ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Тус компани нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолын 3.1, 3.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн “Яст ухаа”-д 6 га, “Зөнөгт” 4 га газрыг хагалан “Газрын хэвлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн, хашаажуулах, хамгаалах үүргээ биелүүлээгүй. Хамгаалах үүрэгтэй “Яст ухаа”-д 2016 онд 40 гаруй, 2017 онд 4 шарил тавигдсан. “Зөнөгт” 2016-2017 онд 4 шарил илээр тавигдсан, гал түймэр гарсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Сумын нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг дахин боловсруулах шаардлагатай зэрэг шалтгаанууд, үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 40, 41 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр, үйлдлүүдийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагагүй гэжээ.

Гэрч Л.Пүрэвбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2015, 2016 онуудад шарил тээвэрлэж байсан. Улаанбаатарын “0” цэгээс 72 дахь километр дээр урагшаа хойшоо хоёр оршуулгын газар руу явдаг, шарилын ил тавилт, далд тавилт их байсан. 2016 онд шарил тээвэрлэлтэнд явж байхад “Яст Ухаа”-д 2 оршуулгын газар, баруун талдаа шинэ, зүүн талдаа хуучин нь байдаг байсан, хөшөөгөөр нь хуучин шинэ гэдгийг ялгадаг. 2016 оны намраас эхэлж “Диваажин хүрээлэн” ХХК авсанаас хойш шарил тавихаа больсон гэжээ.

Гэрч Н.Ширнэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Яст Ухаа, Хашаат  хоёрт орон нутгийн иргэдийг тавиулъя гэж дарга нартай тохиролцсон, нутгийн иргэд таны зөвшөөрөлтэй бичигтэй бол хүн тавиулна гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн бичиг хийж өгдөг байсан. 2016 оны намар Зөнөгт хүн тавьсан байхад нь очсон болохоор буцааж явуулах гэхээр эвгүй санагдаад хорьж чадаагүй зөвшөөрсөн, газраа авсан хүнээ тавих гээд ирсэн байхад нь ганц нэг удаа таарч байсан, 4-5 удаа л зөвшөөрөл өгсөн. Зөнөгт гал түймэр гарахад дуудлагаар очиход 4, 5 га газарт шатсан. Хүн оршуулсан хүмүүсийн арц, хүжнээс гал гарсан байсан гэжээ.

Гэрч М.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас долоо хоногт хэдэн оршуулга гарч байгааг тоол гэсэн үүрэг өгсний дагуу 1-5 дахь өдөр хэдэн шарил гарч байгааг Цагааны энгэрээс тоолоход 10-иад шарил гарсан. 2017 оны 04 дүгээр сард Б.Гантулгатай очиж уулзаад хүмүүс танай газрыг үнэтэй байна гээд гомдол гаргаад байна. Үнийн тарифаа хэлээч гэхэд өөрсдөө тавих гэж байгаа бол 400.000 төгрөг, компаниар тавиулах юм бол 600.000, илээр тавих юм бол 800.000 төгрөг гэж хэлээд диваажингийн хүрээлэн ийм болно гээд зураг үзүүлж байсан. Би энэ талаар дүгнэлтэндээ бичиж өгсөн. 2016 онд 37 шарил тавьсан гэсэн дүгнэлт гаргаагүй, миний гаргасан дүгнэлт биш, би тэгж явж тоолоогүй. Шалгаад явж байхад Зөнөгт “Диваажин хүрээлэн” ХХК-ийн хамгаалагч Отгонбаатар гэж хүн шарил илээр тавиулах гэж байхад нь очиж болиулсан, намайг явсаны дараа илээр тавьсан байсан, “Диваажин хүрээлэн” ХХК-ийн хамгаалж байгаа газарт шарил эргэж очиход хүүхэд, том хүний шинэ шарилын зэм зөндөө байсан, шарил нэмэгдээд л байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Диваажин хүрээлэн” ХХК-иас “Аргалант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан, хууль, журам зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тус сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд оршуулгын зориулалтаар болон зөвшөөрөлгүй оршуулгын зан үйлийг зогсоох, хашаажуулах, сахиул ажиллуулан хамгаалах зориулалтаар газар эзэмшүүлэх тухай тусгаагүй харин тус Хурлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж тус сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Хашаат дахь Бүрэнгийн энгэрт 10 га газрыг оршуулгын зориулалтаар аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр баталжээ .

Дээрх тогтоолын дагуу Аргалант сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар Хөшөөт 2-р багийн нутаг Хашаат, Бүрэнгийн энгэр орчимд 10 га газрыг оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “Диваажин хүрээлэн” ХХК-д 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

Харин тус сумын Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400 дүгээр захирамжаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хөшөөт 2-р багийн нутаг Яст-Ухаад байршилтай 6 га, Зөнөг орчимд байршилтай 4 га газрыг зөвшөөрөлгүй оршуулгын зан үйлийг зогсоох, тухайн газрыг хашаажуулах, сахиул ажиллуулан хамгаалах зориулалтаар “Диваажин хүрээлэн” ХХК-д 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Эдгээр газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “Диваажин хүрээлэн” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон бөгөөд газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. 

Маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг тус тус авч үзвэл:

1. Маргаан бүхий захиргааны акт болох Аргалант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 0401/735 тоот албан бичиг,  Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолуудыг үндэслэн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй хэмээн “Диваажин хүрээлэн” ХХК-ний эзэмшлийн Бүрэнгийн энгэрт байршилтай 10 га, Яст-Ухаад байршилтай 6 га, Зөнөгт байршилтай 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41-р тогтоолоор “Оршуулгын үйл ажиллагаа явуулах журам”-ыг баталж, тус сумын Цагааны энгэр, Хашаатын ам нэртэй газруудад оршуулгын үйл ажиллагаа явуулахаар тогтоосон бөгөөд уг журмын 7.4, 7.5 дахь заалтуудаар зөвшөөрөлгүй оршуулгын үйл ажиллагаанд хяналт тавих, гадны харъяат иргэдээс оршуулгын зардал 50.000-150.000 хүртэл төгрөгийг авч Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэх үүргийг Засаг даргын Тамгын газарт, журмын 6.2.5, 6.2.7 дахь заалтуудаар оршуулгын шарилын бүртгэлийг хийж, оршуулгын газрын талбайн ашиглалт, оршуулгын нөөцтэй холбоотой асуудлыг сумын Засаг даргад тухай бүр мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсэн байна. Үүнээс гадна “Диваажин хүрээлэн” ХХК-д газар эзэмшүүлсэн Аргалант сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400, А/401 дүгээр захирамжуудаар эзэмшлийн газартаа кадастрын зураг хийлгүүлж, мэдээллийн санд бүртгүүлэх, газрын төлөв байдал, чанарыг доройтуулахгүй байх, нийгмийн хариуцлагын болон газар эзэмших гэрээ байгуулах, газрын төлбөрийг төлөх үүргийг “Диваажин хүрээлэн” ХХК-д хүлээлгэсэн байна. 

 “Диваажин хүрээлэн” ХХК нь Хашаат, Бүрэнгийн энгэр орчмын 10 га газарт оршуулгын үйл ажиллагаа явуулахдаа иргэдээс болон аж ахуй нэгжээс 250.000-800.000 хүртэл төгрөгийн төлбөр хураамжийг удаа дараа авч байсан бөгөөд Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оршуулгын зардал төлж байгаагүй болох нь нэхэмжлэгч “Диваажин хүрээлэн” ХХК-ний захирал Б.Гантулгын “багцын үйлчилгээ үзүүлдэг, 1.850.000-6.350.000 төгрөгийн гурван төрлийн багц байдаг... хуулийн дагуу мөнгө төлж болохгүй гэж Сэргэлэн дарга хэлсэн учир суманд мөнгө төлөөгүй” гэсэн тайлбар, хавтас хэрэгт авагдсан Хаан банкны 5112080676 дугаарын данс эзэмшигч Б.Гантулгын дансны дэлгэрэнгүй хуулгад “Суварга буян” ХХК газрын төлбөр 250.000 төгрөг, Түмэн буян газрын төлбөр 250.000 төгрөг, Ш.Маамуу газрын төлбөр 450.000 төгрөг, Баянзул 800.000 төгрөг гэсэн жагсаалт /2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны баримт/, гэрч Ц.Батболдын “Диваажин хүрээлэн ХХК-ний захирал Гансүх гэж хүнтэй уулзаж газрын төлбөрт 300.000 төгрөг өгөхөөр тохиролцсон, гэтэл ажил явдлын өглөө очиход 1 сая төгрөг нэхсэн, бид аргагүйн эрхэнд тус мөнгийг хаан банкны 5112080676 дансанд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, иргэн Ц.Батболд, Х.Бямбасүрэн, Ш.Баянмөнх нарын өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн “Диваажин хүрээлэн” ХХК нь Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Яст-Ухаад байршилтай 6 га, Зөнөг орчимд байршилтай 4 га газруудын хилийг тойруулан газрыг нь ухаж газрын төлөв байдлыг өөрчилсөн. Үүнээс гадна Яст-Ухаа болон Зөнөг нэртэй газруудад оршуулгын үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан “Яст-Ухаа орчимд оршуулгын газрыг хамгаалах  зориулалтаар газар эзэмшиж буй “Диваажин хүрээлэн” ХХК-ний эзэмшлийн газрын ерөнхий байдлын фото зураг” болон талийгаач О.Саранцэцэг, Б.Ганхуяг, Б.Гантөмөр нарын 2017 он гэсэн бичээстэй 4 хөшөө чулууны фото зураг, шинэ хуучин оршуулгын талбайн зураг, гэрч  Ш.Баянмөнхийн “Аргалант сумын хүн тавьдаг газарт очиход цагаан машинтай хүн ирж баруун гар талд далд тавих нь зүүн гар талд ил тавих газар байгаа гэсэн, маргааш нь утсаар ярьж дансны дугаар өгөөд газрын төлбөрт 800.000 төгрөг хий гэсэн, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр талийгаач Ш.Баянзулын нэрээр мөнгө шилжүүлэхэд Бэгзийн Гантулга гэж нэртэй данс байсан” гэсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан Хаан банкны 5112080676 дугаарын данс эзэмшигч Б.Гантулгын дансны дэлгэрэнгүй хуулгын 65 дугаарт 2017 оны 03 дугаар сарын 15, Баянзул, орлого 800.000 төгрөг гэсэн жагсаалт, гэрч Л.Пүрэвбаатарын “2016 онд шарил тээвэрлэлтэд явж байхад “Яст ухаа”-д баруун талдаа шинэ, зүүн талдаа хуучин оршуулгын газар байсан, хөшөөгөөр нь хуучин шинэ гэдгийг ялгадаг” гэсэн, гэрч Н.Ширнэнгийн “...Яст ухаа, Хашаат  хоёрт орон нутгийн иргэдийг тавиулъя гэж дарга нартай тохиролцсон, нутгийн иргэдэд би зөвшөөрсөн бичиг өгсөн, 2016 оны намар Зөнөгт хүн тавьсан байхад нь очсон болохоор буцааж явуулах гэхээр эвгүй санагдаад хорьж чадаагүй зөвшөөрсөн, газраа авсан хүнээ тавих гээд ирсэн байхад нь ганц нэг удаа таарч байсан, 4-5 удаа л зөвшөөрөл өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч  М.Зоригтбаатарын “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шалгалт хий гэж үүрэг өгсөн, 1-5 дахь өдрийн хооронд гарсан шарилыг Цагааны энгэрээс тоолсон, Зөнөгт “Диваажин хүрээлэн” ХХК-ийн хамгаалагч Отгонбаатар гэж хүн шарил илээр тавиулах гэж байхад нь очиж болиулж байсан, “Диваажин хүрээлэн” ХХК-ийн хамгаалж байгаа газарт шарил эргэж очиход хүүхэд, том хүний шинэ шарилын зэм зөндөө байсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эдгээрээс үзэхэд “Диваажин хүрээлэн” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “газар эзэмшигч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг болон Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41-р тогтоолоор баталсан “Оршуулгын үйл ажиллагаа явуулах журам”, тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400, А/401 дүгээр захирамжийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал “Диваажин хүрээлэн” ХХК нь эзэмшилд олгосон газрын төлөв байдлыг эвдэж, чанарыг дордуулсан, оршуулгын газрын талбайн ашиглалт, нөөцтэй холбоотой мэдээллийг сумын Засаг даргад мэдээлээгүй, оршуулгын үйл ажиллагааны зардлыг сумын Засаг даргын Тамгын газрын дансанд төвлөрүүлээгүй байх тул газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Аргалант сумын Засаг дарга нь тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хөшөөт 2-р багийн нутаг Яст-Ухаа, Зөнөг орчимд нийт 10 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр “Диваажин хүрээлэн” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлэх гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-д ... бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж тус тус заасантай нийцэхгүй байгаагаас гадна газар эзэмшигч нь сумын Засаг даргын захирамжид заасныг зөрчиж зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулсан нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчээс “манай компани төслөө өгсөн, төсөл шалгаруулаад манай “Диваажин Хүрээлэн” ХХК сонгогдсон” гэж тайлбарласан боловч сумын Засаг даргаас төсөл сонгон шалгаруулалт зарласан шийдвэр гараагүй, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төсөл өгөөгүй, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй” гэсэн тайлбараар тогтоогдож байгааг дурьдаж байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар Аргалант сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул уг захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

2. Маргаан бүхий захиргааны акт болох “Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэхийг дэмжих тухай” 40 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгын газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт газар эзэмшүүлэх...дуудлага худалдаа явуулах журам зэргийг үндэслэн “Диваажин хүрээлэн” ХХК-д оршуулгын үйл ажиллагаа явуулах зориулалтаар Хашаат дахь Бүрэнгийн энгэрт 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг дэмжиж шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхийн хүрээнд Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг Хашаат дахь Бүрэнгийн энгэрт 10 га газрыг оршуулгын зориулалтаар аж ахуй нэгжид эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин Газрын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд олгоогүй байх тул Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэхийг дэмжих тухай” 40 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Мөн уг маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтаар Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооноос явуулсан хяналт, шалгалтаар зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулсан, хээрийн түймэр гаргасан зэрэг зөрчил гаргасан үндэслэлээр “Диваажин хүрээлэн” ХХК-д газар эзэмшүүлсэн Аргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/400, А/401 дүгээр захирамжуудыг хүчингүй болгохыг сумын Засаг даргад үүрэг болгосон байна. “Диваажин хүрээлэн” ХХК зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулсан бөгөөд Газрын тухай хууль зөрчсөн болох нь дээр дурьдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон болно. Иймд Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор “оршуулгын үйл ажиллагаа явуулах журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай, Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолын 3.1-д заасан байрлалаас өөр газар оршуулгын үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэх, анхааруулга, зөвлөмж өгч хамгаалалтын арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчин Яст-Ухаад 2016 онд 37, 2017 онд 2 шарил, Зөнөгт 2016 онд 2 шарил ил тавьж зөрчил гаргасан” гэх үндэслэлээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Оршуулгын үйл ажиллагаа явуулах журам”-ыг баталжээ.

“Диваажин хүрээлэн” ХХК нь зөвшөөрөлгүй газарт оршуулгын үйл ажиллагаа явуулсан бөгөөд Газрын тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.ж, 20.1-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах бүрэн эрхтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох, Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах эрхтэй байна. Ийнхүү хуульд заасны дагуу Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоороо оршуулгын үйл ажиллагаа явуулах журмыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар “Диваажин хүрээлэн” ХХК нь газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2,  25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ДХ ХХК-ний “Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.           

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН