Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0456/З |
Дугаар | 221/МА2021/0002 |
Огноо | 2020-12-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0002
2020.12.23-ны өдөр 221/МА2021/0002
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар шийдвэрээр: Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Гаалийн тухай хуулийн 2691.1, 2691.1.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 дүгээр албан бичгээр дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Л нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн “Уламжлалт эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тухайд 2017 оноос дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэн БНХАУ-д экспортлох хүсэлтийн дагуу 2016-2019 онуудад нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгож тодорхой хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлыг экспортод гаргасан байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд, Монгол Улсын Их хурлаас Байгалийн ургамлын тухай хуулийг батлан 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдсөн ба хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан үндэслэлээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлээгүй тохиолдол гарч байгаагүй бөгөөд 2004-2016 онуудад нийт 376 нь энэ ургамлыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниуд экспортод гаргаж байсан талаар хариуцагч Гаалийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-3/2284 дугаар албан бичиг, холбогдох статистик судалгааг ирүүлсэн нь хэрэгт авагдсан.
Харин тус ургамлыг түүж бэлтгэх нь тухайн эко систем, тухайн ургамлын зүйлийн бүрдэлдээ ямар нэгэн сөрөг нөлөө байна уу гэдгийг мэргэжлийн яамны зүгээс судалсаны үндсэн дээр 2017 онд нэр бүхий 22 аж ахуйн нэгжид 147 тонн Дэрэвгэр жирэвгэрүү ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл олгосоны нэг нь нэхэмжпэгч компани байдаг. Мөн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ховор ургамлын генийн удмын санг гадагш нь алдахгүйн тулд хатааж гаргах, уг ургамлын түүж бэлтгэх ашиглалтын хэмжээг тогтоохдоо биологийн нөөц, эко систем, тухайн ургамлын зүйлийн бүрдэлдээ сөргөөр нөлөөлөхгүй байдлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан хүсэлт гаргасан аж, ахуйн нэгжүүдэд экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгож байсан.
Гэтэл 2004 оноос 2017 оныг хүртэл уг ургамлыг хилээр нэвтрүүлж байсан атлаа гэнэт экспортод гаргахгүй гэж хориглосон Гаалийн ерөнхий газрын шийдвэр ойлгомжгүй байдлыг бий болгож төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаагүй байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны олгосон тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын гэнэтийн шийдвэрээр хэрэгжүүлэх боломжгүй болгож Дэрэвгэр жирэвгэрүү ургамлыг экспортод гаргахын тулд холбогдох байгууллагаас норм, журмын дагуу зөвшөөрлөө авч цаг хугацаа, хөрөнгө хүч зориулж их хэмжээний зардал гаргаж ажилласан нэхэмжпэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг анхан шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд буруу үнэлж, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Учир нь Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл заалтын хүрээнд 1997 оноос хойш дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр тасралтгүй гаргаж байсан ба сүүлийн 4 жилийн гаалийн статистикийн мэдээлэлд 2016 онд 14 аж ахуйн нэгжийн 202 тонн, 2017 онд 8 аж ахуйн нэгжийн 108 тонн Дэрэвгэр жирэвгэрүү ургамлыг гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийж хилээр гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд 2018-2019 онд дээрх ургамлыг хилээр нэвтрүүлсэн атлаа гаалийн байгууллагаас хуулийг нэг мөр ойлгон ялгаваргүй үйлчлэх зарчмыг алдагдуулан тайлбарлаж хэрэглэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч компаний хувьд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдийн адил 2017 онд зөвшөөрөл авсан боловч энэ хугацаанд буюу 2020 он хүртэл экспортод гаргах хүсэлт гаргаж байгаагүй байна. “...Гаалийн байгууллагад хандаж хүсэлт гаргасан бол хүсэлт нь системд бүртгэгдэж хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цахим бүртгэлд хадгалагдан харах боломжтой, түүнчлэн тус байгууллагад хандсан ажил хариуцсан албан тушаалтан амаар хариу өгсөн бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжпэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан...” гэх дүгнэлтийн тухайд нэхэмжлэгч компаний хувьд Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасны дагуу бүрэн эрхтэй Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээгээ хийж, зохих нөөцөө тодорхойлон, түүж бэлтгэх ургамлын хэмжээгээ тогтоосны дагуу гадаадад гаргах зөвшөөрлийг сүүлийн байдлаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай авсны үндсэн дээр уг ургамлыг хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газраас хүссэн.
Гэтэл Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардпага тавихыг хориглоно” гэж заасан байхад байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон экспортын гэрчилгээг Гаалийн байгууллага өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, гаалийн хууль тогтоомжид хамаарахгүй асуудлаар хориг саад тавьсан байдаг.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс Гаалийн ерөнхий газарт дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд амаар удаа дараа хүсэлт гаргаж байсан талаарх тайлбарын хүрээнд хариуцагчийн зүгээс байгууллагын холбогдох албан тушаалтан нь амаар тайлбар өгч захиргааны шийдвэр гаргахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн талаар мэдүүлдэг ч түүнийг системд бүртгэгдэж хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цахим бүртгэлд хадгалах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүйн улмаас оролцогчийн эрхийг хангаагүй, шүүхийн өмнөх урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн байхад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Учир нь тус байгууллагын амаар өгсөн тайлбар нь захиргааны байгууллагаас оролцогчид ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хойшлуулсан шинжтэй байсан тул эцсийн шийдвэр биш байсан төдийгүй хуулийн хугацаанд нь эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор нэхэмлэгчийн зүгээс Гаалийн ерөнхий газарт гаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-нд хүсэлтийн хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/35 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тус ургамлыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болно.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 613 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “О” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан тус газраас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 дугаар албан бичгээр дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын дээрх албан бичгээр “Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн дэрэвгэр жиргэрүүг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглодог. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар дэрэвгэр жиргэрүү ургамлыг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон байна. Иймд танай байгууллагын бэлтгэсэн 5 тн дэрэвгэр жиргэрүүг улсын хилээр гаргах боломжгүй болно” гэсэн хариу өгчээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр “Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээ тогтоох тухай” тушаалаар үйлдвэрлэлийн зориулалтаар 2017 онд түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг баталсны дотор байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү багтсан байх бөгөөд тус яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдийн 0160099 дугаар тусгай зөвшөөрлөөр “Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл”-ийг Дорнод аймагт бэлтгүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар уг зөвшөөрлийг үндэслэн “О” ХХК-д 5 /таван/ тонн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах тухай Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/122 дугаар захирамжийг үндэслэн Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргатай байгуулсан “Байгалийн ургамал ашиглах гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч компани 5 тн дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч хуулийн этгээдээс гадна нэр бүхий компаниудын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрлийг холбогдох захиргааны байгуулагуудаас авсны дагуу түүж бэлтгэж, экспортод гаргахад бэлэн болгон ажилласан хэдий ч энэ нь тус компаниудын үйл ажиллагаанаас бус хариуцагч Гаалийн ерөнхий газрын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрээс шалтгаалан хүлээгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар “Гадаадад гаргах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус яамны зөвшөөрлөөр 2017 онд дэрэвгэр жиргэрүү ургамал түүж бэлтгэсэн, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох компаниудын нэрсийг батлахад нэхэмжлэгч “О” ХХК багтсан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компанийн тухайд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдийн адил 2017 онд зөвшөөрөл авч 5 тн дэрэвгэр жиргэрүү бэлтгэсэн хэдий ч энэ хугацаанд буюу 2020 он хүртэл экспортод гаргах хүсэлт гаргаж байгаагүй, хуулийн хугацаа алдсан гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Учир нь нэр бүхий 14 компанийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх 2019 онд хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ уг ургамлыг эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй, харин тухайн үед төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбооноос шалтгаалж, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах асуудал тодорхойгүй байсан талаар дүгнэлт хийж уг ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны байгуулага олгох бөгөөд дээрх шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шинээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаал гаргаж, 2017 онд түүж бэлтгэсэн ургамлыг “Гадаадад гаргах зөвшөөрөл”-ийг нэр бүхий 21 компанид олгосон байгааг шүүх харгалзаж үзээгүй нь буруу болжээ.
Тодруулбал, энэхүү тушаалыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах” 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0170557 тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгож, 2017 онд бэлтгэсэн 5 тн дэрэвгэр жиргэрүүг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд улсын хилээр гаргахыг зөвшөөрсөн, улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабориаторийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээний дүнгээр уг бүтээгдэхүүн нь импортлогч улсад хорио цээртэй организм, хориглосон зүйлгүй талаар дүгнэлт гарч, хүлээн авагч улсын ургамлын эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа талаарх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” зэрэг шаардлагатай бичиг баримтыг шинээр бүрдүүлжээ.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авахад тонн тутамд 4000000 төгрөг, ургамал түүж бэлтгэхэд аймгийн Байгаль орчны газарт тонн тутамд 7500000 төгрөг, экспортлох тусгай зөвшөөрөл авахад тонн тутамд 3000000 төгрөг тус тус улсын төсөвт төлсөн, мөн түүж бэлтгэхэд ажиллах хүч, техник хэрэгсэл, агуулах, тээвэрлэлт, хадгалалтын зэрэг их хэмжээний зардал гаргасан гэсэн тайлбар, баримтаас үзэхэд “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй...”, “...хугацаа алдсан” гэж дүгнэх боломжгүй.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...эцсийн бүтээгдэхүүн нь тусгай жортой буюу хэрэглэгч худалдан аваад хэрэглэхэд бэлэн болчихсон бүтээгдэхүүн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эцсийн бүтээгдэхүүн гэж хэлээд байгаа зүйл нь ямар нэг хэрэглэх жоргүй, ургамлын хатаасан үндэс байгаа юм. “О” ХХК-ийн гаалийн байгууллагад гаргаж байсан хүсэлтэд тухай бүр хариу өгч байсан учраас эс үйлдэхүй гаргаагүй” гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргажээ.
Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, тус байгууллага нь хилээр нэвтрэх барааг эцсийн бүтээгдэхүүн биш гэж шууд дүгнэж, гаалийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй асуудлаар хариу өгч эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалаар нэр бүхий 21 компанид олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “О” ХХК-аас бусад 20 компани нь хилээр бүтээгдэхүүнээ гаргасан энэ тохиолдолд эцсийн бүтээгдэхүүн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөнгүй.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар дэрэвгэр жиргэрүү ургамлыг байгалиас түүж бэлтгэхийг 5 жилийн хугацаагаар түр хориглосон хэдий ч энэ шийдвэр нь нэхэмжлэгч компанийн түүж бэлтгэсэн цаг хугацаа, үйл баримттай хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймээс Гаалийн ерөнхий газрын албан бичигт дурдсан эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёс,... тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчимтай нийцээгүй байна гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалд 2017 онд дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх аж ахуйн нэгжийн жагсаалтад “О” ХХК байхгүй байгаа. Халх гол сумын Засаг даргатай тус компанийг төлөөлж захирал Батхүү гэрээ байгуулсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт тус компанийг Б гэх хүн төлөөлж байгаагүй байна. Уг хүн хэн болох талаар хэргийн материалд хавсаргагдаагүй” гэх тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх “...байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг байгалиас нь шууд түүж бэлтгэн экспортод гаргах нь Байгалийн ургамлын тухай хууль, Засгийн газрын тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/143 дугаар тушаалаар тус тус хориглосон байна. Түүнчлэн уг ургамлыг байгалиас түүж бэлтгэсэн байдлаар нь хэрэглэдэг эцсийн бүтээгдэхүүн гэж дүгнэх боломжгүй” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/2209 дугаар албан бичгээр дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН