Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00563

 

 “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2583 дугаар магадлалтай

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Б, Б.Т нарт холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Д.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт 0,4 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон.

Гэтэл иргэн Д.Б- 2008 онд тухай газар дээр эзэмших эрхтэй болсон хэмээн үзэж Байгаль орчны яамны сайдын тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Ж” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан.

Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан боловч энэхүү маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад иргэн Д.Б- нь дураараа аашилж, манай компанийн ашиглах эрхтэй газрыг өөрийн хамгаалалтад авах, хашаа хаалт татах, газар дээр зөвшөөрөлгүй зам, газар шороо барилгын ажил явуулж барилга барьсан.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Б-ын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Ж” ХХК нь хууль ёсны зөвшөөрөлтэй газраа зориулалтын дагуу ашиглах, тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэх боломжоо алдсаар байна.

Иймд Монгол Улсын Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт “Ж” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,4 га талбайг 0,4 га талбай бүхий газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусчихсан байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай сунгуулна гэж байгаа боловч сунгах эсэхийг мэдэхгүй, хэрвээ сунгах байсан юм бол эрхийн гэрчилгээ дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан, газрын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн байна.

Намайг газар эзэмших эрхгүй, манай эрхийн гэрчилгээг н.Загджав сонгуулиар өгсөн гэж яриад байна. Гэтэл зөвхөн Засаг дарга ч биш, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн өгсөн юм. Тиймээс би хууль ёсоор газар эзэмшиж байгаа.

Мөн нэхэмжлэгчийн солбицол өөрчилсөн тушаал ч байхгүй, хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, газар дээрээ хэн ямар үйл ажиллагаа явуулаад байгааг ч өөрсдөө мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хууль бусаар солбицол шилжүүлж авсан. Энэ талаар би гомдол гаргасан, өмнө нь шүүхээр нэхэмжлэгч газар чөлөөлүүлэхээр хандаад шүүхээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцлагагүй байцаагч нараас болж маш их хохирсон, эдний солбицол өөрчилсөн нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний хувьд гэрчилгээгээ авахад бэлэн болчихсон байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч Д.Б, Б.Т нарт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2583 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.Б, Б.Т нарт холбогдох “газар албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2583 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч тал 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр магадлалыг хүлээн авч танилцаад шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Шүүхийн шийдвэр нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгаагүй тул газар албадан чөлөөлөхийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, эсхүл Байгаль орчны сайдын тушаал гараагүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх хэвээр хадгалагдах үндэслэлтэй юм. Харин газар ашиглах эрхийн хугацааны сунгалтын хувьд тухайн газар дээр захиргааны хэргийн шүүхэд зарим иргэд тухайлбал, энэ хэргийн хариуцагч иргэн Д.Б, Б.Т нар маргаан үүсгэж бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, хууль хяналтын байгууллагад маргаан гарч газраа бодитойгоор эзэмшиж ашиглаж чадахгүй байдал үүссэний улмаас хүндэтгэх шалтгаанаар газар ашиглах эрхийг сунгуулаагүй байсан болно.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар тайлбарлаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа бөгөөд хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй гэж тайлбарласан боловч анхан шатны шүүхээс эрх дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2583 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Д.Б, Б.Т нарт холбогдуулан өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч, эзэмшигчийн шаардах эрхэд хамаарч байх тул нэхэмжлэгч нь өөрөө чөлөөлүүлэхээр шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байхыг  шаардана.

“Ж” ХХК-д Байгаль орчны сайдын 2005 оны 244 дүгээр тушаалаар Улаанбаатар хот, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт 0.4га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах эрхийг 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот гэрчилгээгээр олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д “...газар ашиглах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, ...Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.-д ...газар эзэмшигч нь “...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй гэж зохицуулжээ.  

Нэхэмжлэгчийн 1/269 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээнд зааснаар газар ашиглах эрхийн хугацаа 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дууссан, газар ашиглах эрх сунгагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ сунгуулсан болохоо нотлоогүй тул хуулийн дээрх заалтад зааснаар түүний  газар ашиглах эрх дуусгавар болсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2583 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД