Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2137

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02137

Улаанбаатар хот

 

                                                             

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьяан гүний гудамж, Гранд оффис төв, 6 давхарт байрлах “Жэй Кэй Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, Дайчдын хөшөө, 1-9б тоотод оршин суух Луут овогт Доржсүрэнгийн Болд /РД:ШЖ64102278/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, Дайчдын хөшөө 1 гудамж, 48 тоотод оршин суух Боржигин овогт Бавуудоржийн Туяа /РД:ШЖ71100263/ нарт  холбогдох

Газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Д.Болд, Б.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.  

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт 0,4 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Гэтэл иргэн Д.Болд 2008 онд тухай газар дээр эзэмших эрхтэй болсон хэмээн үзэж Байгаль орчны яамны сайдын тушаалын Жэй Кэй Си ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч Д.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Жэй Кэй Си ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалсан шийдвэр гаргасан. Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан боловч энэхүү маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад иргэн Д.Болд нь дураараа аашилж, манай компанийн ашиглах эрхтэй газрыг өөрийн хамгаалалтад авах, хашаа хаалт татах, газар дээр зөвшөөрөлгүй зам, газар шороо барилгын ажил явуулж барилга барьсан. Манай компанийн зүгээс маргааныг аль болох хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүлээцтэй хандах байдлаар эв зүйгээр учраа олохыг хичээсэн боловч энэ байдлыг далимдуулан хүч түрэмгийлэх байдлаар асуудалд  хандан манай ашиглах эрхтэй газрыг булааж барилга барьсан бөгөөд удахгүй бизнесийн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Болдын хууль бус бусармаг ажиллагааны улмаас нэхэмжлэгч Жэй Кэй Си ХХК нь хууль ёсны зөвшөөрөлтэй газраа зориулалтын дагуу ашиглах, тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэх боломжоо алдсаар байна. Иймд Монгол Улсын Байгаль орчны сайдын 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангий ам нэртэй газарт 0,4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар Жэй Кэй Си ХХК-д ашиглуулахаар олгогдсон талбайн газрыг чөлөөлж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Жэй Кэй Си ХХК нь Хан-Уул дүүрэгт, Богдхан уулын Чингисийн хөрөгтэй уулын баруун талын аманд газар ашиглах зөвшөөрлийг 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот гэрчилгээгээр авсан, мөн гурван талт гэрээг 2010 онд байгуулсан. Хууль ёсоор газар ашиглах эрхтэй боловч хариуцагч нар нь ямар ч зөвшөөрөлгүй байж хууль бусаар нэхэмжлэгчийн газрыг нь хашсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эрх зөрчигдөж байгаа юм. Хариуцагч нарт уг газрыг эзэмших, ашиглах ямар ч эрх байхгүй, газрын кадастрын зураг ч байхгүй. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Болдыг хууль бусаар газар эзэмшиж байгаа гээд манай газар дээр ямар ч давхцал байхгүй, газрын хэмжээ солбилцол өөрчилсөн бүхий л асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл өнөөг хүртэл газар ашиглах эрхийг зөрчиж байна. Манай зүгээс газрын хувьд маргаантай байсан учраас газрын төлбөрийг бүрэн төлөөгүй нэг асуудал байгаа, гэхдээ бид газрын эрхээ сунгуулахаар холбогдох газарт нь хандсан. Манай гэрчилгээг хэн ч хүчингүй болгоогүй, энэ талаар ямар ч тушаал шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Болд, Б.Туяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Жэй Кэй Си ХХК нь иргэн Д.Болд, Б.Туяа биднийг хууль зөрчсөн хэмээн 5 үндэслэл гаргажээ. Эдгээрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Болд, Б.Туяа бид Монгол улсын ямар ч хууль зөрчөөгүй, хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 жилийн дараа Жэй Кэй Си ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Болд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусчихсан байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай сунгуулна гэж байгаа боловч сунгах эсэхийг мэдэхгүй, хэрвээ сунгах байсан юм бол эрхийн гэрчилгээ дуусахаас 30 доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан, газрын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн байна. Намайг газар эзэмших эрхгүй, манай эрхийн гэрчилгээг Загджав сонгуулиар өгсөн гэж яриад байна. Гэтэл зөвхөн Засаг дарга ч биш, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн өгсөн юм. Тиймээс би хууль ёсоор газар эзэмшиж байгаа. Зайсанд суурьшлын бүс гэж байдаггүй, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж л байдаг. Тэгэхээр тэнд хүн амьдрах эрхгүй гэж хэлж болохгүй. Өөрсдөө худал ярьж, шүүхийг хуурч иргэдийн шүүхэд итгэх итгэлийг байхгүй болгож байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн солбилцол өөрчилсөн тушаал ч байхгүй, хууль бус. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, газар дээрээ хэн ямар үйл ажиллагаа явуулаад байгааг ч өөрсдөө мэдэхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Туяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжлэлээс болж миний эрх ашиг хохирч байгаа. “ Жэй Кэй Си” ХХК-ийн ашиглаж байгаа гэх газрыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хууль бусаар солбилцол шилжүүлж авсан. Энэ талаар би гомдол гаргасан, өмнө нь шүүхээр нэхэмжлэгч газар чөлөөлүүлэхээр хандаад шүүхээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцлагагүй байцаагч нараас болж маш их хохирсон, эдний солбилцол өөрчилсөн нь хууль бус болохыг бүгд мэдэж байгаа. Тиймээс ч би Байгаль орчны яаманд газар ашиглах хүсэлтээ өгчихсөн, гэрчилгээнийхээ төлбөрийг төлчихсөн авах гэж байгаа. Одоогоор цаасан дээр бичсэн баримт байхгүй ч намайг хууль бус үйлдлээс болж хохирсон болохыг мэдэж байгаа тул удахгүй гаргаж өгнө гэж хэлсэн. Би энэ газартаа 2008 оноос хойш барилга барьж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл гэнэт л байхгүй байж байгаад манай газар гээд гараад ирдэг, үүнээс болж миний биеийн байдал ч муудаад хэцүү байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний хувьд гэрчилгээгээ авахад бэлэн болчихсон байгаа юм гэв.

 

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК нь хариуцагч Д.Болд, Б.Туяа нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Байгаль орчны сайдын 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Зайсангийн аманд 0,4 га талбай бүхий газрыг ашиглах зөвшөөрөлтэй боловч уг газарт нь хариуцагч нар зөвшөөрөлгүйгээр хашаа барьж, үйл ажиллагаа явуулж, газар ашиглах эрхийг зөрчиж байгаа тул газрыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хашаа бариагүй, өөрсдийн зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулж байгаа, мөн нэхэмжлэгч нь газрын солбилцлыг хууль бусаар өөрчилсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

    

Нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК-нд Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 0,4 га талбайг аялал жуучлалын зорилгоор ашиглах зөвшөөрлийг Монгол Улсын байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №1/269 тоот гэрчилгээгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар 5 жилийн хугацаатайгаар 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр олгосон байна. /хэргийн 9-10-р хуудас/

Мөн 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №1/269 тоот гэрчилгээг олгосноос хойш буюу 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ш.Дагва, Жэй Кэй Си ХХК-ийн захирал Б.Амгалан нар байгуулж тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай баталснаар “Жэй Кэй Си” ХХК-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн ам нэртэй газрын 0,4 га талбайг аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрх үүсжээ. /хэргийн 115-119-р хуудас/

Хариуцагч Д.Болдод Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө 1-9б тоот 0,03 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан газрын гэрчилгээгээр нотлогдож байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгүй захиргааны албан тушаалтнаас гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна. /хэргийн 102-р хуудас/

Хариуцагч Б.Туяа нь газар ашиглах буюу эзэмших эрхийн гэрчилгээ авахаар холбогдох газарт нь баримт бичгээ бүрдүүлэн өгсөн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн газар нь тэдний ашиглаж, эзэмшиж байгаа газартай давхцалгүй болох нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 278 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалын захиргааны албан бичиг, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь ХУД-ийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  171 тоот албан бичгээр тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн боловч 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр нэхэмжлэгчийн маргаан бүхий Зайсангийн ам нэртэй газрын 0,4 га талбайд хариуцагч Б.Туяагийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа талаар маргаагүй болно. /хэргийн  88-90-р хуудас /

 Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчийг хууль бусаар солбилцол өөрчилсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 1/269 тоот гэрчилгээний хавсралтаар 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн талбайн анхны солбилцлыг 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрчилсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 10-р хуудас/

Хэрэгт авагдсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №162 дугаар шийдвэрээр Д.Болдын нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуучлалын сайд, гуравдагч этгээд “Жэй Кэй Си” ХХК-нд холбогдох Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаалын “Жэй Кэй Си” ХХК-нд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарын солбилцол хууль бусаар өөрчилсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 11-30-р хуудас/

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээтэй байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.4-д “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэгч нь өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч байх бөгөөд энэ эрхээ алдаагүй байх ёстой.

Хэрэгт авагдсан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 956 тоот албан бичигт “Жэй Кэй Си” ХХК нь Байгаль орчны сайдын 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4 тоот тушаалаар тус ДЦГ-ын Зайсангийн аманд 0,4 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан. Тус компанийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/269 тоот гэрчилгээний хугацаа 2011 оны 1 дүгээр сард дууссан, газар ашиглах эрхийнхээ хугацааг сунгуулаагүй өдийг хүрсэн байна. 2006/1/269 тоот газар ашиглах гурвалсан гэрээг 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байгуулж байсан боловч гэрээгээ сунгуулах ажил хийгдээгүй байна” гэжээ. /хэргийн 214-р хуудас/

          Мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээ”-ний 2.5-д “газар ашиглах гэрээний хугацаа нь Байгаль орчин аялал жуучлалын сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэнэ. а/эхлэх 2010-06-11, б/дуусах 2015-06-11” гэсэн байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээний хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2011 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дууссан,  Монгол Улсын байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №1/269 тоот гэрчилгээгээр ашиглах эрхтэй газрыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч нь 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот гэрчилгээ нь хүчинтэй, уг гэрчилгээг буюу газар ашиглах эрхийг шүүхийн шийдвэр эсхүл Байгаль орчны яамны тушаалаар хүчингүй болгоно, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол гэрээг сунгадаг, энэ талаар хүсэлтээ гаргасан, мөн захиргааны хэргийн шүүхийн манай эрх ашгийг хамгаалсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 1/ газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заажээ.

            Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ сунгуулахаар холбогдох газарт хандсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээ”-ний 10-д заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээг сунгах санал гаргах” эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Монгол Улсын байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №1/269 тоот гэрчилгээг хүчинтэй байгаа, уг гэрчилгээг хүчингүй болгох талаар ямар нэгэн эрхийн акт гараагүй гэсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, харин 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №99 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №162 дугаар тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК-ийн эрх бүхий байгууллагаас олгосон газар ашиглах эрх нь дуусгавар болсон, эрхээ сунгуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, хариуцагч нараас газар чөлөөлөхийг шаардах эрхгүй байна.  

Иймд нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК-ийн хариуцагч Д.Болд, Б.Туяа нарт холбогдуулан гаргасан газар чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

     Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар нэхэмжлэгч “Жэй Кэй Си” ХХК-ийн хариуцагч Д.Болд, Б.Туяа нарт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН