Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

2020         01         15                                 2020/ШЦТ/83

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ал, түүний өмгөөлөгч Ц.Оргил /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1259/,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0183/ наырыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01159 0525 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Бичээч овогт Бумбанаагийн Ням-Очир, Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн “Мөрөн” суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Дөрвөлжин Эрдэнэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 8-50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 25-09 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр:” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Г мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 25-09 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4.а-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр: ”мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Гыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Хэргийн газарт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл[1], 2.Замын цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал”, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч[2], 3. Гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

4. Гэрч Э.Х 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй хоёр машин ар араасаа явж байсан, тухайн үед замын зүүн талаас нэг эрэгтэй хүүхэд зам руу гүйгээд гараад ирсэн. Тэгтэл урд нь явж байсан “Pro box” маркийн автомашин зогсоод хүүхдэд зам тавьж өгсөн. Гэтэл ард нь явж байсан “Toyota Prius” маркийн автомашин урдаа явж байсан машиныг урсгал сөрж, гүйцэж түрүүлээд нөгөө зам гарч байсан хүүхдийг мөргөсөн. Нөгөө хүүхэд “Toyota Prius” маркийн автомашины хамар дээр хэсэг тогтож явж байгаад газарт унасан. ...Тухайн осол хийсэн автомашин ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явсан байх эсвэл түүнээс дээш хурдтай ч явсан байж магадгүй юм. …Тухайн үед автомашин хүүхдийг мөргөснөөс хойш тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан…” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Д.Г 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг эрэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн, тэгэхээр нь би машины хурдаа хасаад хүүхдийг урдуураа өнгөрөөх үед миний зүүн гар талаар “Toyota Prius” маркийн автомашин намайг гүйцэж түрүүлсэн. Тухайн үед нөгөө машин зогсохгүй хүүхдийг мөргөөд газарт унагаасан. Тухайн осол хийсэн автомашин ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Би тухайн үед 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан. ...Сайн илт мэдэгдэхээр зогсоох арга хэмжээ аваагүй, хүүхдийг мөргөөд удаашираад зогссон...” гэх мэдүүлэг[5],

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... би гүйгээд очтол миний хүү газарт хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Миний хүүгийн толгойн доор куртик дэрлүүлчихсэн, дээгүүр нь бас куртик тавьчихсан байсан. Тэгээд би хүүхдээ тэврэх гэтэл хажуунаас нэг эмэгтэй надад “...эгчээ та битгий хүүхдээ хөдөлгөөрэй, эмч ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгийнхээ гарнаас нь бариад эмч иртэл хүлээж байсан. …Би жоохон хүүхдээ алдсанд маш их гомдолтой байна. Надад хэлэх ч олдохгүй байна. Миний хүүгийн буяны ажлын зардалд одоогийн байдлаар 9.400.000 төгрөгний зардал гарсан. Жолоочид хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгнө үү...” гэх мэдүүлэг[6],

7. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2204 дугаартай актын ДҮГНЭЛТ хэсэгт:

“...1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай яснаас урагш доош гавлын зүүн дунд хонхор хүрсэн, арагш дагзны зүүн арын хонхор хүрсэн, дээш зүүн зулай ясыг дайрч титэм заадас хүрч, титэм заадас салсан, баруун зулай хэсэг хүрсэн хугарал, хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгээр тархмал, бага тархины орой суурь хэсгээр тархмал аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн чамархайн суурь, баруун, зүүн духны дэлбэнгийн суурь хэсэг, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зүүн чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацрын нумны хугарал, хоёр уушигны няцрал, дэлүүний язрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралт /600мл орчим/ дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, зүүн зулай, чамархай, сээрний зүүн хэсэг, ууцны хэсгийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мөргөгдөх, шидэгдэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болно.

5. ГССҮТ-н өвчний түүхэнд 2019-10-09-ний 22 цаг 40 минутанд нас барсан гэжээ.

6. Талийгаач нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[7],

8. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Техникийн шинжээчийн 479 дугаартай дүгнэлтийн хариулт хэсэгт: “1. Т.Приус маркийн 25-09 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Бумбанаа овогтой Ням-Очир нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.4. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; ”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт[8],

9. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр нөгөө хүүхдийг эмнэлэг рүү авч явна гээд өргөх гэтэл хажуунаас хүмүүс “хөдөлгөж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр 103 болон 102 руу дуудлага өгөөд хүлээсэн. ..”Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Би бусдад учирсан хохирлыг боломжоороо барагдуулна...” гэх мэдүүлэг[9],

10. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Си-дигийн хамт[10] зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Санамсар болгоомжгүй байдлаас ийм зүйл болсонд маш их харамсаж байна. ...Би хохирогчид 9,500,000 төгрөг өгсөн, чадахаараа гарсан хохирол төлбөрийг барагдуулсан. Эхнэр, хүүхэддээ байсан бүх мөнгөө гаргаж өгсөн...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй[11],

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Б.Ныг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Нын сонгон авсан өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Оршуулгын зардал дээр 2 өмгөөлөгч сууж байгаад гаргасан. 2 давхардсан байсан 2,500,000 төгрөг байсныг бид хассан. Нотлох баримтаар бүрдүүлсэн бүх хохирлыг тооцсон. Сая 2,500,000 төгрөг үлдсэн байсныг бид бэлэн мөнгөө авч ирсэн байгаа” гэж[12], /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэргийн 67, 68 дугаар хуудас дээр хохирлын баримт давхцаж байсан. 2,500,000 нийт хохирол 11,516,726 төгрөг байна. Үүнээс 8,972,686 баримттай, 2,544,000 баримтгүй 2 бий. Энэ баримтуудаар гарсан зардал ялт ч үгүй гарах зардал юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 11,516,726 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд өмгөөлөгчийн зардал ороогүй, учир нь улсын өмгөөлөгч юм. Одоо 2,044,000 төгрөг үлдсэн байна гэж[13] гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, хохирлын талаар шүүх хуралдаанд оролцогч талууд зөвшилцсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлын үлдэгдэл мөнгийг нөхөн төлөх үүднээс шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд шүүгдэгч Б.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А оршуулгын зардалд нийт 11,516,726 /арван нэгэн сая таван зуун арван зургаан мянга долоон зуун хорин зургаа/-н төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нын хувийн амьдрал, зан байдлын талаар түүний төрсөн эгч Б.Нандинцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн “...Б.Н нь миний төрсөн дүү. Миний дүү Ням-Очир нь бага насаа эцэг, эх, ах, эгч, дүү нарын гар дээр өнгөрөөсөн. Эхээс төрсөн тавуулаа. Би айлын том, Ням-Очир айлын бага байгаа юм. Хөвсгөл аймгийн “Мөрөн” суманд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Төлөв даруу зантай, архи хэрэглэдэггүй, тамхи хааяа татдаг, цэргийн алба хааж байгаагүй. Спортын тал дээр сагс, гар бөмбөг тоглох дуртай. Дуулж, бүжиглэнэ гээд урлаг тал дээр багадаа авъяастай байсан. Найз, нөхөд олонтой. Найзуудынхаа дунд нэр хүнд сайтай. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ар гэртээ халамжтай, ер нь зөөлөн сэтгэлтэй, сайн залуу байгаа юм. Одоогоос нэг жилийн өмнө Ням-Очирын дээд талын ах нь хүнд өвчтэй байж байгаад нас барсан. Миний дүү Ням-Очир ямар нэг архаг хууч өвчин байхгүй. Миний дүү урьд өмнө нэг асуудалд орсон гэдэг юм. Би тухайн үед гадаад улсад байсан болохоор сайн мэддэггүй юм” гэх мэдүүлэг[14] хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Энэ гэмт хэрэг хохирогч болон шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. ...Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний төрсөн эх А.Алтансувдаас “...Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлыг өгч дуусгасан. Биднийг хөнгөн ял оноож өгөөч гэж хэлсэн. Би гомдолгүй гэж хэлж чадахгүй. Надад тэр мөнгийг авах шаардлага ч байхгүй. Зөв зүгээр байсан хүүхдээ би алдсан. Авах ёстой ялаа аваад явах ёстой...” гэсэн саналыг шүүхэд хандан гаргадаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Оргилоос “...Шүүгдэгч авто замын урсгал сөрснөөрөө гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байна. Энэ хүн анх удаа гэмт хэрэг үйлдээгүй. Өмнө нь хэрэг үйлдэж байсан. Амь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж байна. Амь хохирогч нь 11 настай, бага насны хүүхэд байсан. Энэ хүнийг шоронд хийгээд яахав дээ гэж байгаа боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө хамаг байдгаа барьсан одоо өгөх юмгүй гэж хэллээ. Хэрэв хорих ялгүй үлдвэл хохирогчид ямар тусламж үзүүлэх талаар тодорхой хэлэхгүй байна. Энэ хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэхээр бол ял шийтгэл нь хөнгөднө гэж үзэж байна” гэсэн санал гаргаж, хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүссэн” хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэн үзэж, хууль ёсны байх, шударга ёс, эрх зүйн ухамсрыг дээдлэн, тэдгээрийг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хир зохистой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хэм хэмжээний дотор ял оногдуулах нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг зайлшгүй хэрэглэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Хэдийгээр шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн боловч 11 настай хүүгийн амь насыг хохироосон, түүний эцэг, эхэд нөхөн сэргээгдэхгүй хүнд хохирол учруулсан хор уршгийг арилгах боломжгүй байх тул шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгчийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн” өмгөөллийн дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэсэн.

Иймд шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн B, C, Е ангиллын 612846 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолж,  түүний 612846 дугаартай B, C, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Нт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 7-10 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 109-111 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 106-108 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 35-37 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 128-133 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 151-152 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 100-104 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[14] Хавтаст хэргийн 113-114 дүгээр тал