Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 234

 

Б.Ням-Очирт холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Ням-Очирын өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Ням-Очирын өмгөөлөгч Б.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ням-Очирт холбогдох эрүүгийн 1903011590525 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Бичээч овгийн Бумбанаагийн Ням-Очир, 1988 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Дөрвөлжин Эрдэнэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8-50 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:РЭ88060577/;

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдсан гэх,

             Б.Ням-Очир нь 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” хүнсний дэлгүүрийн зүүн замд, иргэн Х.Диваачамбын эзэмшлийн 25-09 УНК улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр:”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Гантогтох /11 настай, эрэгтэй/-ыг мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Ням-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ням-Очирыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Ням-Очирын өмгөөлөгч Б.Цэрэндолгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

            1. Зам тээврийн ослын гэмт хэрэг нь хоёр талын санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд уг гэмт хэрэг гарахад хохирогчийн гэм буруу нөлөөлсөн гэдгийг шүүх огт анхаарч үзээгүй. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 479 дугаартай дүгнэлтэд явган зорчигч М.Гантогтохыг Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: гарц гарамгүй газраар ойртон явж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дурдсан байдаг. Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

            Жолооч Б.Ням-Очир нь урд явсан тээврийн хэрэгслийг гэнэт зогсоход тулж ирсэн байсан учир мөргөхгүйн тулд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, ингэх явцад явган зорчигч гарц гарамгүй газраар гүйж ирж мөргүүлсэн.

            2. Жолооч Б.Ням-Очир нь өөрийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалж хүний амь нас хохироосондоо гэмшиж оршуулгын зардал болон бусад хохиролд нийт 26.544.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн байгаа. Б.Ням-Очир нь хувийн компанид жолоочоор ажилладаг ба 0-4 насны хоёр хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэдэг.

            Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.  

            Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар гэрч Д.Ганзориг, Э.Хэрлэнчимэг нараас тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Ням-Очир урьд нь ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-иар ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул анхан шатны шүүхээс түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй. Мөн шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсвэл ял хөнгөднө...” гэсэн байр суурийг илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Б.Ням-Очир нь 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” хүнсний дэлгүүрийн зүүн замд, иргэн Х.Диваачамбын эзэмшлийн 25-09 УНК улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр:”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчин урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд орох явцдаа, гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Гантогтох /11 настай, эрэгтэй/-ыг мөргөсний улмаас М.Гантогтох нь биедээ хүнд зэргийн гэмтэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

            Гэрч Д.Ганзориг “...тухайн үед замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг эрэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би хурдаа хасаад хүүхдийг урдуураа өнгөрөөх үед миний зүүн гар талаар “Toyota Prius” загварын автомашин намайг гүйцэж түрүүлсэн. Тухайн үед нөгөө автомашин зогсохгүй хүүхдийг мөргөөд газарт унагаасан. Осол хийсэн автомашин ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Би тухайн үед 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Сайн илт мэдэгдэхээр зогсоох арга хэмжээ аваагүй. Хүүхдийг мөргөөд удаашраад зогссон. ...” /хх 106-108/ гэж, 

            Гэрч Э.Хэрлэнчимэг  “...ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй хоёр автомашин ар араасаа явж байсан. Тухайн үед замын зүүн талаас нэг эрэгтэй хүүхэд зам руу гүйгээд гараад ирсэн. Тэгтэл урд нь явж байсан “Toyota Probox” загварын автомашин зогсоод хүүхдэд зам тавьж өгсөн. Гэтэл ард нь явж байсан “Toyota Prius” загварын автомашин урдаа явж байсан автомашиныг урсгал сөрж, гүйцэж түрүүлээд нөгөө зам гарч байсан хүүхдийг мөргөсөн. Нөгөө хүүхэд “Toyota Prius” загварын автомашины хамар дээр тогтож явж байгаад газарт унасан. Тухайн осол хийсэн автомашин ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явсан байх эсвэл түүнээс дээш хурдтай ч явсан байж магадгүй. Тухайн үед автомашин хүүхдийг мөргөснөөс хойш тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан. ...” /хх 109-111/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тус тус мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтансувдын “...би гүйгээд очтол миний хүү хамраас нь цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Хүүхдээ тэврэх гэтэл хажуунаас нэг эмэгтэй надад “Эгчээ та битгий хүүхдээ хөдөлгөөрэй, эмч ирж байгаа” гэж хэлсэн. ...” /хх 35-37/,

            - иргэний хариуцагч Х.Диваачамбын “...манай автомашины урд нэг цагаан өнгийн автомашин явж байсан. Тэгтэл нөгөө автомашин хурдаа хасаад удааширсан. Тэгэхээр нь манай нөхөр зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн ба нөгөө автомашинтай зэрэгцэж иртэл автомашины хамар дээр хүүхэд гараад ирсэн. Тэгээд тоормос гишгээд зогссон. Бууж ирээд хартал нөгөө хүүхэд хамраас нь цус гарсан байдалтай, газарт ухаангүй хэвтэж байсан. Ингээд манай нөхөр 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...” /хх 101/ гэсэн мэдүүлгүүд,

            - шүүгдэгч Б.Ням-Очирын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг /хх 119-120, 164-165, 237/,

             - зам тээврийн осол, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-11, 26-28/,

- зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан “Марал” дэлгүүрийн гаднах хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29-33/,

- талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2204 дугаартай дүгнэлт /хх 128-130/, өвчний түүхийн хуулбар /хх 190-197/,

- осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн “Автотээврийн үндэсний төв”-ийн шинжээчийн 55048 дугаартай дүгнэлт /хх 140-146, 172-173/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 479 дугаартай дүгнэлт /хх 151-152/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Ням-Очирыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэгт заасан шинжийг өөр байдлаар “...хүний амь нас хохироосон...” гэж тусгасныг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн зөвтгөсөн болно.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Шүүгдэгч Б.Ням-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж барагдуулсан байх боловч энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон, хор уршиг арилах боломжгүй тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.Ням-Очирын үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг төлөхөд идэвх санаачилга гаргасан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтансувдын тус шүүхэд гаргасан “...Б.Ням-Очирт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Ням-Очирын өмгөөлөгч Б.Цэрэндолгорын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-т шүүгдэгч Б.Ням-Очирыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу суллагдсан хэмээн тэмдэглэсэн байхад мөрдөгч, прокурор нь холбогдох шийдвэрийг хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд түүнийг “ял шийтгэлгүй” хэмээн тусгасныг буруутган тэмдэглэж байна.

Учир нь шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тогтоол нь түүний хувийн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой нотолгооны эх сурвалж бөгөөд 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-иар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан зэргээс үл хамааран шүүгдэгчийн биеийн байцаалтад зайлшгүй тусгагдсан байвал зохих мэдээлэл тул үүнийг давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт нөхөн дурдсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...хүний амь нас хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж, 

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Бумбанаагийн Ням-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Бумбанаагийн Ням-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ням-Очирын өмгөөлөгч Б.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН