Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

 

2020        01         08                                               2020/ШЦТ/14

                                   

                                        

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1921004980262 дугаартай хэргийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Ж.Ц. /РД: .............../

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн “Сөдийн ам” гэх газар нутаглах Х.Ганжаргалын мухар улаан зүсмийн бүдүүн эр үхэр, ухаа сарман шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг 51-13 ДОА улсын дугаартай “Хюундай Портер” маркийн машинаар тээвэрлэн хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 төгрөгийг төлөх боломж олгож, ажил хийх бололцоо олгож өгнө үү...гэв.

 

            Хохирогч Х.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 5 дугаар багт сумын төвөөс хойш 5 км “Сөдийн ам” гэх газарт аав, ээж, ах, эгч нарын хамтаар мал аж ахуй эрхэлдэг юм. 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим малаа бүртгэхэд мал маань бүрэн байсан ба 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цаг 40 минутын орчимд үхрээ бүртгэхэд 2 тооны үхэр дутсан байсан ба ойр орчмоор үзэхэд манай өвөлжөөний хашаа руу мал туусан машины мөр байхаар нь Сэргэлэн сумын цагдаад мэдэгдэж сумын цагдаагийн хамтаар Дорнод аймагт ирж Хивсний зүүн талын хороололд алдсан үхрийг маань махалсан байхад нь очсон. ... Мухар улаан зүсмийн эр үхэр, шүдлэн эр үхэр ухаа сарман үхрүүд байсан. Мухар улаан зүсмийн эр үхрээ 3000.000, ухаа сарман шүдлэн эр үхрээ 1500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Айлын сайн малаас нь хулгайлсанд гомдолтой байна хавар болтол малаа таргалуулаад нядалдаг ба яг таргалах үеэр нь нядалсан тул хохирлоо нэхэмжилсэн үнийн дүнгээр нь төлүүлэх хүсэлтэй байна. ...Би хохирлын мөнгө болох 3000.000 төгрөгийг Ж.Цээс бэлнээр бүрэн барагдуулж авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

Гэрч Ж.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим миний төрсөн дүү Ж.Ц манай гэрт хүрч ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Дүү Ж.Ц надтай уулзаад “Ахаа би машинд чинь хог ачиж хаячихаад ирье” гэж хэлээд миний “Портер” маркийн 51-13 ДОА улсын дугаартай машиныг гуйж авч явсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн орчим намайг гэртээ байж байхад гаднаас манай дүү Ж.Ц миний машиныг оруулж ирсэн. Тухайн үед би бөх үзэж байсан бөгөөд машин дээр юу ачсан байсныг хараагүй. Өдөр 12 цагийн орчим эхнэр Эрдэнэцэцэг надад “Чамайг гадаа цагдаа дуудаж байна” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад харахад манай машины тэвшин дээр Ж.Ц үхрийн мах шулаад сууж байсан. Тэгээд би цагдаатай уулзахад “Танай машиныг үхэр алга болсон дуудлагад сэжиглэж байна” гэж хэлсэн. Би цагдаатай цуг дүү Ж.Цээсээ юу болсон талаар асуухад дүү Ж.Ц “Би таны машинаар чинь үхэр хулгайлж ачаад ирсэн юм” гэж хэлсэн. Уг машины эзэмшигч нь манай эхнэр Эрдэнэцэцэг юм...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

Гэрч Д.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд нөхрийн дүү Ж.Ц манай хашаанд миний 51-13 ДОА улсын дураатай “Портер” маркийн машиныг жолоодоод орж ирсэн. Тухайн машины тэвшин дээр цэнхэр өнгийн хучлагатай мах байсан бөгөөд манай нөхрийн дүү Ж.Ц надад “ Манай найз надад мах өгсөн, та эндээс мах ав, надад мах шуудайнд хийгээд туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Ж.Ц-ийн өгсөн түмпэнтэй махыг гэр рүүгээ оруулаад Ж.Цтэй цуг махыг нь шуудайлж байсан. Миний анзаарснаар нэг хаа, нэг гуя харагдаж байсан. Хучлаганы доор өшөө цаана нь ямар мах байсныг би мэдэхгүй. Гаднаас цагдаа нар орж ирээд Ж.Цтэй уулзсан. Тухайн үед манай нөхөр гэр дотор бөх үзэж байсан. Цагдаа нарыг ирсний дараа Ж.Ц надтай уулзахгүй, юм ярихгүй, байсаар байгаад цагдаа нарыг дагаад явсан. Дараа нь цагдаа нар ирээд түмпэнтэй махыг шуудайнд хийгээд хурааж явч явсан. ...Ж.Ц манайд ганцаараа ирсэн. Хэдэн үхрийн махтай ирсэнийг мэдэхгүй. Бүх махыг цагдаа нар хурааж авсан. Машиныг минь Ж.Ц авахдаа “хог ачна” гэж хэлээд авч явсан. Тэгэхээр нь түлхүүрээ өгсөн...” гэжээ. /хх-ийн 33-35 тал/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/

- Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16, 21-22 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 50 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 тал/

            - Ж.Ц-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27, 45-47 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ........ овогт Ж.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газар нутаглах хохирогч Х.Ганжаргалын мухар улаан зүсмийн бүдүүн эр үхэр, ухаа сарман шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай машинаар тээвэрлэн хулгайлж бусдад 3000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Х.Ганжаргал, гэрч Ж.Мөнхболд, Д.Эрдэнэцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ж.Ц-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Ц-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Х.Ганжаргалд 3000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгч Ж.Ц-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Эрдэнэцэцэгт буцаан олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Ц-ийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт Ж.Цийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Эрдэнэцэцэгт буцаан олгож, шүүгдэгч Ж.Ц-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 /Гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Ж.Ц-ээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ