Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 747

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “С” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар *** тоот шийдвэрийн “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“С” ХХК нь Төв аймгийн Өндөрширээ сумын нутагт орших “З” нэртэй ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмшдэг болно. 

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээ сумын нутагт орших “З” нэртэй ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсныг Ашиг малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын http://mram.gov.mn сайтаас олж мэдсэн билээ. 

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох мэдэгдлийг өгөлгүйгээр шууд цуцалсан нь тус компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. 

Бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэжмлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ***** тоот шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт буюу урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хэрэглэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. 

Дээрх захирамжийн дагуу бид Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *** тоотоор гомдол гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн билээ. 

Манай компанид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, уг тусгай зөвшөөрөл цуцлагдсан болохыг Ашиг малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын http://mram.gov.mn сайтын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мэдээллээс манай компани мэдсэн билээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, ... тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш 10 өдөр өнгөрсний дараах өдрийг  уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан байхад цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс тус компанийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээс “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээ сумын нутагт орших “З” нэртэй ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын сайт руу орж үзэхэд манайд мэдэгдээгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу холбогдох материалыг хүргүүлэхгүйгээр шууд цуцалсан үйлдэл нь манай компанийн эрхийг зөрчиж байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан мэдэгдэх гэдгийг тайлбарласан байдаг. Үүнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдлийг гардуулсан буюу гардуулсныг баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэл нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тусгай зөвшөөрөл сунгагдсан байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн солигдсон. Тусгай зөвшөөрлийг сунгах даа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Ингээд сунгаснаас хойш хэдхэн хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцалсан нь компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлийг заасан. Иймд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““С” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээс “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээ сумын нутагт орших “З” нэртэй ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Төв аймгийн Өндөрширээ сумын нутагт байрлах “З” нэртэй 199.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анх олгожээ. 

“С” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө 2016 оны 11 дүгэр сарын 22-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлбөрөө төлөөгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанл төлбөрийг төлөөгүй бол  хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жил төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги тооцон ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн байна. 

Ашит малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг “С” ХХК-ийн албан ёсны хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/2107 тоот албан бичгээр мэдэгджээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ***дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж “С” ХХК-ийн албан ёсны хаягаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/854 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна. 

Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн дагуу жил бүр төлнө гэж заасан. Нэхэмжлэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдлийг хүлээн аваад сунгасан боловч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн болохоос төлбөрөө төлөөгүй болох нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сунгалтыг хийхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэж байхдаа төлбөр төлөх хугацаагаа мэдэж байсан гэдэг нь тайлбар нотлох баримтаас харагдаж байна. 

Мөн мэдэгдэл хүргүүлээгүй гэж байна. Төрийн захиргааны байгууллагаас цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдэл, цуцалсан мэдэгдлийг хүргүүлдэг. Цуцалсан мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн зүгээс хүлээж авсан. 1 ижил хаягаар 2 мэдэгдлийг хүргүүлэхэд нэг мэдэгдлийг хүлээж аваад нөгөөхийн хүлээж аваагүй байна гэдэг нь санаатай зориудаар хийсэн үйлдэл гэж ойлгогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Энэ дагуу хэрвээ ямар нэгэн хаягийн өөрчлөлт орсон бол мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас мэдэгдэл хүргүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал мэдэгдэл хүргэсний дараа төлбөрөө төлөх үүрэгтэй гэж хуулиар зохицуулагдаагүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө төлж байж цаашид тусгай зөвшөөрлийг эзэмших эрх хадгалагдана гэдгийг хуулиар зохицуулсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “С” ХХК нь “Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээс “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын нутагт орших “З” нэртэй ашигт малтмалын хайгуулыг ***тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын нутагт орших “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна. 

Нэхэмжлэгч нь манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, мэдэгдэл ирүүлээгүй гэсэн үндэслэлээр маргана.

Хариуцагч нь Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № *** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн болохыг “С” ХХК-ийн албан ёсны хаягаар мэдэгдсэн гэж маргана.

Ашигт малтмал, газрын тосны газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн № 1916-д “С” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 7/2107 тоот мэдэгдлийг 12 дугаар сарын 15-ны өдөр “буцаалт” гэсэн байна. 

“Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № **** тоот шүүхэд ирүүлсэн албан бичигт “... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “С” ХХК-ийн хаягаар *** бүртгэлийн дугаартай *** албан тоот бүхий бүртгэгдсэн бичиг илгээснийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний 14:00 цагт заасан хаягт байхгүй шалтгаанаар н.А /Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг/-т буцаан гардуулсан болно” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.......гэж тус тус заасан байна.   

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн  43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар *** тоот “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д “...56 дугаар зүйлийн 56.2, 56.4, ....-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан байна.

Дээр дурдсан үйл баримтууд болон эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс буюу захиргааны байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн **** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй байна, мөн дээрх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № **** тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдсэнээ захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй ба үүнийгээ хариуцагч нотлохгүй байна гэж шүүх үзлээ.

 Хариуцагч нь дээрх № **** тоот албан бичгийг албан ёсны хаягаар нь шуудангаар хүргүүлж, мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч заасан хаягт байхгүй шалтгаанаар буцаасныг захиргааны актыг мэдэгдсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй ба Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу албан ёсоор мэдэгдсэнд тооцох хуулийн шаардлагыг хариуцагч биелүүлээгүй байна. 

Шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын веб сайтын мэдээллийн бааз, серверт үзлэг (шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл) хийхэд “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг нийтэд мэдээлсэн мэдээлэл байхгүй, хадгалагдаагүй байсан ба үүнээс үзэхэд цуцлах үндэслэл бүрдсэнийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн болох нь нотлогдохгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5, 43.8-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар *** тоот шийдвэрийн “С” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын “З” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын ***тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ