Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 229

 

Иргэн Д.ГанхуягийнХХХ нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Ганхуяг, түүний өмгөөлөгч А.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 258 дугаар магадлалтай, иргэн Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1982-1983 онд Ардын армид цэргийн алба хааж, 1983-1987 онд Нийгмийн Аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд суралцан, 1984 оноос хойш Чойрын 425 дугаар ангид төлөөлөгчөөр томилогдон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт тасралтгүй 36 жил ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 19 дүгээр зүйлийн 19.4, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Д.Ганхуяг намайг Хорих 407 дугаар ангийн даргын албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас бэлтгэлээр халсан. Ингэхдээ миний ажилласан жил, хугацааг буруу тооцсоны зэрэгцээ “ажилдаа үргэлжлүүлэн ажиллах” хүсэл зоргийг анхаарч үзэлгүй тэтгэвэр тогтоох насанд хүрсэн гэж ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/119 дүгээр тушаалаар Хорих 407 дугаар ангийн даргыг 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр надад “Ээлжийн амралтын мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн атлаа ажлаас халсан нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Хариуцагч дээрх б/1275 дугаар тушаалаа 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалаар хүчингүй болгосон ч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн намайг ажлаас халсан шийдвэрийг дахин гаргасан байдаг ба энэ 2 тушаалыг хүчингүй болгосноор миний эрх ашиг сэргэнэ гэж үзэж байна. Д.Ганхуяг би хурандаа цолтой Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар “ахлах офицер” тул мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар 50 нас хүртэл ажиллаж, мөн хугацааг 5 хүртэл жилээр сунгуулах хууль зүйн боломжтой. Гэтэл намайг тухайн албан тушаалыг эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд миний үргэлжлүүлэн ажиллах нөхцөлөөр хангаагүй, захиргааны санаачилгаар тэтгэвэрт гаргаж байгаа нь хууль бус тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаал, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь улсад 25-аас дээш жил ажилласан, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал гаргасан болно. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь тушаал гаргахад саад болохгүй юм. Д.Ганхуяг нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлт, өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргаагүй, Хууль зүйн яамнаас үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг албан хаагчийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн гардаг юм” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 4, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасныг тус тус баримтлан Д.Ганхуягийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаал, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 258 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Д.Ганхуягийн өмгөөлөгч А.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж Д.Ганхуягийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тооцон 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь халсан. Д.Ганхуяг нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанд цаашид энэ албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж мэдүүлсэн асуудал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т зааснаар “ахлах офицер 50 нас хүртэл” ажиллаж болно. Мөн энэ хугацааг 5 жилээр сунгаж болохоор заасан. Гэтэл хариуцагч энэ хууль зүйн боломжийг олголгүй, тухайн албан тушаалаа үргэлжлүүлэн эрхлэх хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан Д.Ганхуягийг шууд халсан нь хууль бус болсон. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 19 дүгээр зүйлийн 19.4, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн Хорих 407 дугаар ангийн  дарга, хурандаа Д.Ганхуягийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас бэлтгэлээр халсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаал холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангийн  дарга, хурандаа Д.Ганхуяг нь цэргийн ахлах офицер тул Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасны дагуу цэргийн жинхэнэ албыг 50 нас хүртэл хааж болох бөгөөд түүнийг зохих насанд хүрэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Тэтгэвэр тогтоолгох мэдэгдэл”-ийг хүргүүлж, улмаар Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, мөн сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч “цэргийн жинхэнэ албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан, ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ганхуяг Хорих 407 дугаар ангид гарсан зөрчил, түүнд сахилгын шийтгэл ногдуулах талаар хэлэлцсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “энэ байгууллагад багаасаа ажилласан, цаашид үргэлжлүүлэн ажиллах бодолтой байдаг” гэж хэлснээ “цэргийн жинхэнэ албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт” хэмээн тайлбарласнаас бус эрх бүхий этгээдэд бичгээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...” гэж,  Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн /цэргийн/ жинхэнэ албан хаагчийг хуульд заасан насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг тодорхой шалгуурыг харгалзан батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Тухайн тохиолдолд, Д.Ганхуяг “ажиллах хугацааг сунгах хүсэлт” гаргаагүйн зэрэгцээ түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай гэж эрх бүхий этгээд үзээгүй байх тул хариуцагч 2014 оны б/1325 дугаар тушаалаар цэргийн албанаас чөлөөлсөн нь буруу биш, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.2. ээлжийн амралттай байгаа” гэж, ээлжийн амралттай байгаа албан хаагчийн амралтын хугацаа дуусгахад тухайн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах харилцааг зохицуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрч, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгон, чөлөөлөх харилцааг хязгаарласан зохицуулалт биш байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь хууль бус” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Х.БАТСҮРЭН