Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

 

 

      2019         12          05                                         2019/ШЦТ/1018      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909030410969 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47б байрны 7 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.Б-г /регистрийн дугаар ЧЛ 84101937/,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны хойд хэсгийн автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд “...Хаалтыг эвдсэний маргааш нь би буцаагаад 6 метр урт хаалтыг захиалаад 240.000 төгрөгөөр солихоор очиход өөр төхөөрөмж байршуулсан байсан. Маргааш нь би харуул хамгаалалтын албаны даргатай уулзахад надаас шинэ төхөөрөмжийн мөнгө нэхэмжилсэн байгаа. Би засуулаад янзлуулсан байгаа...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. ...уур бухимдлаасаа болоод өшиглөөд түлхтэл тэр хаалт нь хугараад, унасан. ... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг тэр орой эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-154-155/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Хүрлээгийн “...Би гадаад хэргийн яамны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх ТӨҮГ-ын харуул хамгаалалтын албаны даргын албан тушаалтай. 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Гадаад хэргийн яамны төв орох хаалганы автомат хаалтыг үл таних согтуу эрэгтэй хүн эвдсэн. Тухайн үед ээлжинд гарч байсан төрийн тусгай хамгаалалтын албаны ахлах, ахлагч Б.Отгонжаргал уулзаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. ...6м урттай хөнгөн цагаан материалаар хийгдсэн төмрийг нь хугалсан байсан. Төхөөрөмжийг ажиллуулаад үзсэн чинь болохгүй болохоор нь өөр газар тавих гэж байсан шинэ төхөөрөмжийг аваачиж суурилуулсан. Эвдэрсэн төхөөрөмж нь манай байгууллагын складанд байгаа. Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг бүрийн үнэ нь 2.420.000 төгрөг, ...хаалтыг өшиглөснөөс болоод хаалтын өргөгч төхөөрөмж эвдэрсэн. Түүнээс өмнө хэвийн ажиллагаатай, байнга автомашин орж, гардаг байсан. ...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-20-24, 26/,

 

Гэрч Т.Алтаншагайн “...найз залуу Батзоригийн хамт ...явж байгаад маргалдсан юм. Тухайн үед бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай найз залуу Батзориг маргалдсан уурандаа Гадаад явдлын яамны машин орж гарах зориулалттай хаалтын цагаан төмрийг гараараа нэг удаа цохиод, нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Өшиглөсний дараа тэр хаалт нь махийсан. Тэгээд тэр газрын хамгаалалтын албаны хүн гарч ирээд Батзоригийг аваад дотогш орсон. ...Батзориг тэр ажилтанд үүнийг эвдэлсэн нь үнэн, ойрын хугацаанд төлнө гэж бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Гэрч С.Отгонжаргалын “...би төрийн тусгай хамгаалалтын албанд шалган
нэвтрүүлэх хамгаалалтын ажил хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гадаад харилцааны яаманд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. ...камер хянаад сууж байхад гадна хойд талбайн машины зогсоолын хаалтыг нэг хүн гараараа хуга мушгаад байхаар нь би гараад очтол тэр хаалтыг газар шидчихсэн байсан. ..яагаад ингэсэн бэ гээд би асуусан чинь нөгөө залуу сэтгэл хөөрлөө тэвчсэнгүй хугалчихлаа. Би наадахыг чинь төлчихнө, ...маргааш бүгдийг нь зохицуулаад өгнө наад зүйлийг чинь Хятадаас оруулж ирдэг юм. Хөгийн юмаар хаалт хийлээ, орчин цагт ийм зүйл байхаа больсон гээд баахан доромжлоод хэгжүүрхээд байсан. ...би цагдаа дуудсан. ...тухайн үед эвдсэн нь үнэн, төлөх нь үнэн гэсэн утгатай бичиг бичүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Гэрч Х.Нямцацралын “...манай байгууллага мөрдөгчийн тогтоолыг үндэслэж дүгнэлт гаргадаг. ...мөрдөгчийн тогтоолын зөвхөн асуултад дурдагдсан 6 метрийн урттай хаалт төмөрт 400.000 төгрөгөөр үнэлгээ хийсэн. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолд Хятад улсад үйлдвэрлэсэн, автомашины орох, гарах хаалганд хэрэглэгдэх өргөгч төхөөрөмж, 6 метрийн урттай дээш өргөгддөг төмөр хаалт зэргийн үнэлгээг гаргуулахаар төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний хамт ирүүлсэн. ...манай байгууллага үнэлгээ хийхдээ өргөгч төхөөрөмж, хаалт төмрийг нь хамтад нь нийлүүлээд 2.178.000 төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл 2.178.000 төгрөгт  хаалтын 400.000 төгрөг орж тооцогдсон гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /хх-82/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5, 18, 85-86/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42/, Автомашины хаалтын төхөөрөмжийг худалдан авсан, байгууллагын хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн талаарх бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл, нотлох баримтууд /хх-87-101/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-74/, ял шалгах лавлагаа /хх-104/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-75-78/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-102-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж үзээд шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Бийг 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны хойд хэсгийн автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны хойд хэсгийн автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь дээр дурьдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон хэдий боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардсан, уг хохирлын хэмжээ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж Эрүүгийн хуульд тус тус хуульчилсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42/-аар уг автомашины зогсоолын орох, гарах хаалганы өргөгч нь 2.178.000 төгрөгөөр, мөн өргөгч төхөөрөмжийн хөнгөн цагаан материалаар хийгдсэн 6 метрийн урттай дээш өргөгддөг төмөр /хх-36/-ийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн хэдий боловч шүүх уг үнэлгээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан шууд учирсан хохирол гэж үзээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Бийн дээрх үйлдлийн улмаас автомашины зогсоолын орох, гарах хаалганы өргөгч төхөөрөмж нь бүхэлдээ эвдрээгүй бөгөөд уг автомашины зогсоолын орох, гарах хаалганы өргөгчийн үзлэг засварыг зохих байгууллагаар хийж гүйцэтгүүлэн хэвийн ажиллагаанд оруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, Дипломат Байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2019.11.04-ний өдрийн албан бичиг, мөн уг автомашины зогсоолын хаалтын 6 метр урттай сум, орох, гарах хаалганы өргөгч төхөөрөмжид үзлэг засвар хийсэн “Евроазисервис” ХХК-ийн албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх сум болон төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулахад 240.000 төгрөг болжээ.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19090304100969 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Чинбаярын Батзоригийг цагаатгасугай.

  

2.Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

3.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР