Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/157

 

 

 

 

 

                                                       

Ч.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

цагаатгагдсан этгээд Ч.Б, түүний өмгөөлөгч С.Давааравдан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1018 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Бт холбогдох 1909030410969 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Чын Б, 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47б байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Гадаад хэргийн яамны хойд хэсэгт байрлах автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19090304100969 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Чинбаярын Бийг цагаатгаж, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, ... хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох бөгөөд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, ... шинжээчийн дүгнэлт ..., зэргийг нотлох баримт гэж үзэхээр заасан байна. Мөн нотлох баримтыг зөвхөн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ, хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчилсан байна. Гэтэл шүүх, мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилон дүгнэлт гаргуулж, цуглуулж, бэхжүүлэн шалгаж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нотлох баримтаар тооцуулахаар шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, гаргах шийдвэрийнхээ үндэслэл болгохгүйгээр, хэргийн оролцогчоос урьдчилж прокурор мөрдөгчид гаргаж өгч шалгуулаагүй “хохирол төлсөн баримт” гэж шүүх хуралдааны үед гаргаж өгсөн тодорхойлолтыг хэргийг зүйлчлэх үнэлгээ болгож, Ч.Бийн үйлдлийн улмаас 2.178.000 төгрөгийн хохирол учраагүй, харин 240.000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “Шүүх шийдвэр гаргахдаа ... хэргийн оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй, хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.             Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦ/1018 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Ч.Бийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатай өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу хаалт гэмтээсэн гэж байдаг болохоос төхөөрөмжийг эвдсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй. Гэтэл төхөөрөмжийн үнэ буюу 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газраас Ч.Бт албан бичиг өгсөн байдаг. Тухайн хаалтыг 240.000 төгрөг сольж, 20.000 төгрөгийн засвар хийсэн. Нийт 260.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдохгүй байх үндэслэл болж байгаа. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг даруй төлөх арга хэмжээ авсан. Машины гуперийг эвдэлсэн байхад бүтэн машин нэхэмжилсэн нөхцөл байдлаас эрхээ хамгаалуулах гэж хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт маш их талархаж байгаа. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Прокуророос Ч.Бийг 2019 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Гадаад хэргийн яамны хойд хэсэгт байрлах автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Бийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ч.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ч.Б нь 2019 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Гадаад хэргийн яамны хойд хэсэгт байрлах автомашины зогсоолын орох хаалганы хаалтыг санаатайгаар өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь хохирогч /хх 20-24, 26/, гэрч /хх 29-31, 82/, цагаатгагдсан этгээдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /хх 54-55/ мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 42/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 18, 85-86/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/, иргэний бүртгэлийн лавлагаа /хх 73/, хохирол барагдуулсан баримт /хх 126-128/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Автомашины зогсоолын өргөх, буулгах төхөөрөмж нь 6 метр урттай хаалт болон өргөх, буулгах төхөөрөмж гэсэн хэсгээс бүрдэж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ 6 метр хаалтыг эвдэлсэн хэмээн хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн атлаа өргөх, буулгах төхөөрөмжийн үнэлгээгээр хохирлыг тооцсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ДБ04/536 дугаартай “...Ч.Б нь “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хөрөнгөд бүртгэлтэй автомашины зогсоолын хаалтыг санаатайгаар эдвэж, гэмтээсэн тул яаралтай шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий албан бичиг /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7/ хавсартын хамт гаргаж өгсөн ба уг автомашины зогсоолын хаалтын төхөөрөмж эвдэрсэн талаарх нотлогдоогүй байна.

Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн харъяа Механик тээврийн сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/710 дугаартай “шинжээч томилсон тогтоолоор хаалтын төхөөрөмжийн гэмтлийг тогтоох нь тус сургуулийн багш нарын тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй байна.” гэсэн хариу албан тоот ирүүлсэн нь зогсоолын хаалтын төхөөрөмж эвдэрсэн талаар дүгнэлт гаргаагүй байна.

Харин “Евро Ази Серви” ХХК-ийн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 124-125/ зэрэг нотлох баримтуудаас үзвэл цагаатгагдсан этгээд Ч.Б нь зогсоолын өргөх, буулгах төхөөрөмжийн тохиргоо, хаалтыг хүлээлгэн өгч, хохирлоо төлсөн байна.

Анхан шатны шүүхээс “Евро Ази Серви” ХХК-ийн зогсоолын өргөх, буулгах төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгсөн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 124-125/, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн ДБ04/654 дугаартай албан бичиг /хх 126/, “Евро Ази Серви” ХХК-ийн санхүүгийн баримт /хх 127-128/ зэргийг үндэслэн цагаатгагдсан этгээд Ч.Бийн үйлдлийн улмаас 2.178.000 төгрөгийн хохирол учраагүй, харин 240.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын эд хөрөнгийг хууль бусаар ..., гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ...” гэж хохирлын хэмжээг зохицуулан хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт “...”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно. ...” гэж тодорхойлон заажээ.

Цагаатгагдсан этгээд Ч.Бийн үйлдлийн улмаас учирсан хохирол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1018 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1018 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ