| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0196/Э |
| Дугаар | 000088 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 000088
Ч.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0196/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бүжинлхам
Шүүгдэгч Ч.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 380 дугаартай шүүгчийн захирамжтай Ч.Г-д холбогдох, 1725000230011 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, ХХК-д ил уурхайн операторын тэсэлгээчин ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Ч-ийн Г.
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Өнөр хорооллын хашаан доторх зам дээр 97-35 улсын дугаартай, авто машин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчиж явган зорчигч Ж.Ч-ыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 380 дугаар захирамжаар:
Шүүгдэгч Ч.Г-д 1725000230011 дугаар эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,
Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди-1 ширхэг, Ч.Г-ын 1 дугаартай жолооны үнэмлэх, 0 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ:
Орхон аймгийн прокурорын газраас Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг баримтлан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасан буюу шүүгдэгч прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан 16 төрлийн хөнгөн гэмт хэргийг хууль тогтоогч 14 хоногийн дотор мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, прокурор 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүх 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан ба энэ хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дах хэсэгт шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. 9 дэх хэсэгт Шүүхийн тогтоол цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан журам буюу яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх журмыг баримтлан гэм буруугаа сайн дураар хүлээсэн, прокурорын ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх эргэлзээтэй гэж хэргийг прокурорт буцаах буюу хуульд заагаагүй шийдвэр гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 гэмт хэргийн тухайд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргах болон прокурорын ялын талаар гаргасан саналыг заавал хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй /ялыг харилцан тохиролцож наймаалцах ойлголт биш/ бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналын хүрээнд биш, прокурорын ялын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулсан ойлголт юм.
Иймээс анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан 2017 оны 08 сарын 04-ний өдрийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э тайлбартаа:
Би гомдолтой байна..., Г биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй цаашид эмчилгээний зардал гарах байх нэхэмжлэнэ гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Г тайлбартаа:
Би буруугаа ойлгож байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн..., иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын хашаан доторх зам дээр 97-35 улсын дугаартай, авто машин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт буюу ....хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч, явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно, хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно... гэснийг зөрчиж 11 настай Ж.Ч-ыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн прокурорын газраас Ч.Г-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн хариуцлагын талаар 3500 нэгжээр торгох саналыг гаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.д заасан нөхцөл байдал хангагдахгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан журамд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийг прокурорын ялын саналыг харгалзан шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой нарийвчилсан зохицуулалт байхад 17.4 дүгээр зүйлийн 6.д зааснаар прокурорын санал болгож ирүүлсэн 3500 нэгжээр торгох ялыг шүүгдэгч түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8.д зааснаар хэрвээ шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх,17.5 зүйлийн 9.д зааснаар шүүхийн тогтоол цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж хуульчилсан байна.
Үүнээс гадна хялбаршуулсан журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ прокурорын ялын талаар
гаргасан саналыг заавал хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй, түүнчлэн прокурорын санал болгосон дүнгээр торгоно гэсэн ойлголт биш бөгөөд шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын торгох саналын хүрээнд торгуулын хэмжээг өөрчилж болох ба прокурорын саналын хүрээнд биш, харин прокурорын ялын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулсан ойлголт юм.
Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 380 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Г-д холбогдох, 1725000230011 дугаартай, 1 хавтас эрүүгийн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА