Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,                        

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гын Гт холбогдох 1935003560198 дугаартай  эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 16-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух, М овогт Гын Г /РД:........................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутгаас 2019 оны 8 дугаар сарын 05-нд иргэн О.Бийн малд байсан хохирогч С.Тын нэг тооны сарлаг үхэрийг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

2019 оны 8 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутгаас иргэн О.Бийн малаас С.Тын 1 /нэг/ тооны сарлаг гэх үйл баримт тогтоогдсон байна.  

Хохирогч С.Тын 1 тооны сарлагийг шүүгдэгч Г.Г хулгайлж авсан  болох нь:

Хохирогч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Аын малд 1 тооны 3 настай хар халтар зүстэй сарлаг тавьсан байсан. 2019 оны 8 дугаар сарын 08-нд А манай гэрт ирээд “Чиний сарлаг Эийн худалдаж авсан сарлаг дотор байхаар нь яагаад энд байгааг нь асуухад Г.Гоос 450.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэллээ гэхээр Би Эийн сарлаг дотор очиж харахад миний сарлаг мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 7-9-р тал/,

Гэрч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай сарлагт С.Тын  нэг тооны 3 настай мухар, хар, бух сарлаг нийлсэн бөгөөд энэ талаар Тын аав С ахад утсаар хэлэхэд чи малдаа байлгаад харж байгаарай гэж хэлсэн. Тэр сарлаг манай малд байж байгаад Бийн сарлагт нийлчихсэн хэд хонож байсан юм. 2019 оны 8 дугаар сарын эхээр сарлаг худалдаж авч байсан Т /Э/-ийн сарлаг дээр очиход манай сарлагт байсан Тын 3 настай, хар зүстэй, бухан сарлаг тэнд байхаар нь хэн өгсөн талаар асуухад Г.Г авч ирж зарсан гэж хэлсэн. Тэгээд энэ талаар С.Тт хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны  7 дугаар сарын 20-ны үед Аын сарлагт байсан Тын 3 настай, мухар хар бухан сарлаг манай сарлагт нийлсэн байсан. 2019 оны 8 дугаар сарын 09-10-ны үед Т /Э/-д 4 тооны сарлаг зарахаар очиход  манай сарлагт  байсан С.Тын  нэг тооны 3 настай мухар, хар, буха сарлаг худалдаж авсан сарлаг дотор нь байсан. Энэ сарлагийг хэн өгсөн юм бэ? гэж асуухад Г.Гоос худалдаж авсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17-р тал/,

Гэрч Б.Э /Т/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны  8 дугаар сард Түргэн сумын малчдаас 103 сарлаг худалдаж авсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 05-нд Т буюу Гын Г надад хар халтар зүстэй, 3 настай, им, тамгагүй сарлагийг 450.000 төгрөгөөр зарсан. Ай надад нэг сарлаг зарахдаа Гийн надад зарсан сарлагийг С ахын сарлаг байна гэхээр нь Гоос худалдаж авсан гэдгээ хэлсэн. Т дараа нь ирж уулзахад Г.Г надад зарсан гэдгийг хэлээд Сарлагийг буцааж өгч, Гоос 450.000 төгрөгөө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Мал /Сарлаг/-д үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21-р тал/,

шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Бийн сарлаг дотроос ямар нэгэн им, тамгагүй, 3 настай хар халтар сарлагийг ганцаараа явган очиж барьж аваад сарлаг худалдаж авч байсан Э гэдэг хүнд 450.000 төгрөгөөр зарсан юм. 450.000 төгрөгийг зарцуулаагүй байж байгаад Эд буцааж өгсөн. Тт сарлагийг нь өгч, эрж хайсны зардал гэж нэхсэн 300.000 төгрөгийг төлж өгсөн. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

“Гэрэгэ эстимейт” ХХК-ны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19/160  дугаартай “Увс аймгийн Түргэн суманд 2019 оны 8 дугаар сарын байдлаар 3 настай эр, сарлаг 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн үнэ ханштай байна" гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/-ээр тухайн сарлаг 380.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Тын 380.000 төгрөгийн, үнэтэй, 1 тооны, 3 настай, сарлагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн Тайлбарт: - “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан байна. Сарлаг нь үхрийн эрлийзжсэн хэлбэр тул үхрийн төрөлд хамруулж ойлгоно.

            Иймд шүүгдэгч Г.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.Г нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г урьд нь ял шйитгүүлж байгаагүй болох эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Оийн өгсөн: “Миний ах Г.Г эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1-р багт мал маллаж амьдардаг. Зан байдлын хувьд даруу, үг, дуу цөөтэй, мал маллах сонирхолтой малч ухаантай, бусдад тусархуу хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/, Гэрч Н.Бын өгсөн: “Г.Г нь  зан байдлын хувьд төлөв даруу, дөлгөөн, хүнтэй зөв харьцдаг, архи хэрэглэгдэггүй, малч ухаантай, мал маллах сонирхолтой хүн юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р тал / -үүд  хэрэгт авагдсан байна.

хохирогч С.Т нь шүүгдэч Г.Гоос сарлаг болон, эрж хайсны зардалд 300.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлснийг  үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч М овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт  280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ