Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 08

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

         Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

         Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ганзоригт холбогдох эрүүгийн 1935003560198 дугаартай, 1 хавтас хэрэгт шүүгдэгч Г.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нар оролцов.

          Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 16-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух, Г.Г

          Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутгаас 2019 оны 8 дугаар сарын 05-нд иргэн О.Батхүрэлийн малд байсан хохирогч С.Т-ын нэг тооны сарлаг үхрийг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Молом овогт Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил ял шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн байна.

         Шүүдэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шуүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргажээ.

              Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэх явцад ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа боловч надад оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Би Увс аймгийн Түргэн сумын нутагт эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдүүдээ харж ханддаг, манайх жилийн дөрвөн улиралд мал маллан амьдардаг малчин өрх юм. Өвлийн улиралд хүүхдүүд хичээл сургуультай учраас эхнэр, хүүхдүүдээ сумын төвд үлдээгээд өөрөө хэдэн малаа онд мэнд оруулахын тулд хөдөө гарч мал ахуйгаа малладаг, манайд амьжиргааны минь эх үүсвэр болсон мал ахуйг минь харж хандах хүн надаас өөр байхгүй юм.

              Ийм учраас би амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байна. Учир нь хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвхөн ажлын өдрүүдэд өдөрт 4 цагаар хийх ёстой ба миний хувьд 2 сар гаруй хугацаанд аймгийн төвд ял эдлэвэл өвлийн ид хүйтэн улиралд мал харах хүнгүй, бидэнд маш хүнд нөхцөл байдал бий болж байна. Хэрэв уг ялыг эдлэхгүй бол хорих ялаар солих учраас надад тохирсон ял оногдуулж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

            Би урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд анх удаа  хөнгөн ангиллын хэрэг үйлдсэн, хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан.

         Иймд миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа тайлбартаа:”Үйлчлүүлэгч Г.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Ганзоригийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн 195 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-т холбогдох эрүүгийн 1935003560198 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

       Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 8 дугаар сарын 05-нд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутагт иргэн О.Б-ийн малд байсан хохирогч С.Т-ын нэг тооны сарлаг үхэр хулгайлсан үйл баримт анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудааар тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байна.

          Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хуульзүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

          Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Г.Г нь “ анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

           Учир нь, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

          Шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа боловч өөрөө мал аж ахуй гардан эрхэлдэг, малчид цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай хүнд нөхцөлд, байнгын, амаргүй хөдөлмөрийн үр дүнд мал сүргээ  өсгөдөг, дан ганц малын ашиг шим амьдралынх нь эдийн засгийн эх үүсвэр болж байдгийг маш сайн мэддэг атлаа ашиг хонжоо олох зорилгоор бусдын малыг хулгайлж буй үйлдэл нь түүний хувийн гэмт зан, шунахай байдлыг илэрхийлж байна.

            Иймд түүний хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, өөрөөр хэлбэл түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх талаархи эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

           Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хамгийн хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлага  тохирсон байх зарчимд нийцсэн байна.

          Иймээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх” –ийг  хүссэн шүүгдэгч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.