Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

             Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Гт холбогдох 19350043000207 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Петровис ХХК-д харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 816 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Б овогт Дийн Г /РД:............................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

             Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах “Тамир” ресторанаас 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө иргэн Т.Бын “хувай  пи-20 лайт” загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 843.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Гийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах “Тамир” ресторанаас Т.Бын “хувай  пи-20 лайт” загварын гар утас  алдагдасан үйл баримт тогтоогдсон байна.

1. Хохирогч Т.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 3 дугаар сарын 07-нд манай Ник, петровис ХХк-ий ажилтанууд Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн эмэгтэйчүүдтэй “Тамир” ресторан болон буудлын өрөөнд эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг хамтарч тэмдэглэсэн. Тэр үед би архи ууж согтсон байсан бөгөөд намайг согтуу байхад миний“хувай  пи-20 лайт” загварын гар утсыг хэн нэгэн хулгайлаад авчихсан юм шиг байна лээ. Би 2019 оны 3 дугаарр сарын 01-ний шөнө 01.00 цагийн үед гэртээ харихад миний утас байхгүй болохоор нь 88105691 дугаар луугаа залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Манай ажлын Д.Г гэдэг залуу миний утсыг авсан юм шиг санагдаад байхаар нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой Д.Гтой уулзаж утсаа нэхэхэд би авчихаад буцааж өгч чадалгүй байж байгаад Улаанбаатарт байдаг эгч рүүгээ явуулчихсан гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 26-нд миний данс руу 880.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би уг утсыг 2019 оны 01 дүгээр сарын 29-нд “Юнител” ХХК-иас 880.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21-р талд/,

2. Гэрч У.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард би ажил дээрээ байж байтал Б ах орж ирээд “Би утсаа олчих шиг болоо. Хамт яваад ирье” гэхээр хамт явахад манайд харуул ажилтай Д.Гтой очиж уулзсан. Уулзахдаа надаас хол хоёулахнаа 30 орчим минут уулзаад ярилцаж байгаад Д.Г над дээр ирээд “Бын  утас намайг авсан талаар хүнд битгий хэлээрэй” гэхээр нь би хүнд хэлэхгүй гээд салаад явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Б ах “Д.Гоос утасныхаа мөнгийг авчихсан” гэж хэлсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,  

3. Гэрч О.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 15-ны үед төрсөн дүү Д.Гтой утсаар ярьж байгаад “Миний утас эвдэрчихсэн. Хүнтэй ярьж болохгүй байна” гэж хэлэхэд би саяхан “хувай  пи-20 лайт” загварын гар утас  олж авсан юм. Та авах уу гэхээр нь би авья гэхэд 7 хоногийн дараа автобусны жолоочид өгч явуулсан байсныг авч засварчин дээр очиж кодыг нь гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

 

6. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай Ник, петровис ХХК-ий ажилтанууд 2019 оны 3 дугаар сарын 07-нд Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн эмэгтэйчүүдтэй “Тамир” ресторан болон буудлын өрөөнд эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг хамтарч тэмдэглэсэн. Би архи уугаад согтоод юу ч санахгүй байсан. Маргааш нь миний өмсөж байсан хүрэмийн халаасанд хар өнгийн, гэргүй “хувай  пи-20 лайт” загварын гар утас байсан. Би ажил дээр очиход Б ах гар утсаа гээчихсэн, цэцэрлэгийн эмэгтэйчүүд авчих шиг боллоо гэж ярилцаж байсан. Би утсыг нь өгөх гэсэн боловч намайг хулгайч гэж хэлэх байх гэж айгаад гаргаж өгч чадаагүй юм. Дараа нь эгч утсаа эвдчихсэн гэж хэлэхээр нь нөгөө утсыг Улаанбаатарт байдаг эгч рүүгээ явуулчихсан юм...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Бын  “хувай  пи-20 лайт” загварын гар утсыг шүүгдэгч Д.Г хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.Гийн нууц далд аргаар авсан хохирогч Т.Бын “хувай  пи-20 лайт” загварын гар утас  нь 843.300 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р тал/ тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 843.300 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.                        

            Шүүгдэгч Д.Г нь Т.Балжиэннямын “хувай  пи-20 лайт” загварын гар утсыг  хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, “хувай  пи-20 лайт” загварын гар утас  нь 843.300  төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Гт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Гт гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гар утасны үнэ 843.300  төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Дийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Гоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гар утасны үнэ 843.300 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ