Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 07

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Г-т холбогдох эрүүгийн 19350043000207 дугаартай, 1 хавтас хэрэгт шүүгдэгч Д.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нар оролцов.

         Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Д.Г

       Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах “Тамир” ресторанаас 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө иргэн Т.Б-ын “хувай  пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 843.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Булгадар овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн байна.

     Шүүдэгч Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

      Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэх явцад ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа боловч Д.Г надад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Миний бие Увс аймаг Улаангом сум 10 дугаар багт эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, харин би НИК ХК-д ээлжийн харуулаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын цагийн хувьд 24 цаг жижүүрт гараад 48 цаг амардаг бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийхэд ээлжийн ажилтай учраас хүндрэл учирч, эдлэх боломжгүй байна.

        Учир нь хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвхөн ажлын өдрүүдэд өдөрт 4 цагаар хийх ёстой ба миний хувьд ээлжнээс буугаад амрах 48 цагийн амралт бүх нийтийн амралтын өдрүүдэд таарах ч магадлалтай учраас өдөр бүр нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Хэрэв уг ялыг эдлэхгүй бол хорих ялаар солих эрсдэлтэй байдаг.

         Миний бие нь ар гэрийн хувьд ганцаараа ажил хөдөлмөр хийж, НИК ХК-иас сар бүр 480.000 төгрөгийн цалин авч, 324.000 төгрөгийн зээлэнд төлж, үлдэгдлээр нь ахуй амьдралаа зохицуулдаг. Би НИК ХК-ийн бензин шатахууны том агуулахад жижүүрээр ажилладаг учраас ээлжээ солих ямарч боломжгүй болоод байна.

        Би урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд анх удаа хөнгөн ангиллын хэрэг үйлдсэн, хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан.

          Иймд миний ажлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа тайлбартаа:”Үйлчлүүлэгч Д.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан тул анхан шатны 196 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  шүүгдэгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 19350043000207 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч Д.Г-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тамир“ ресторанаас  хохирогч Т.Б-ын “HUAWEI P20 Lite” загварын гар утас хулгайлсан үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудааар  хангалттай нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүхээс ийнхүү хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

           Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх бөгөөд шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнэв.  

       Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүхэд “анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

      Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзлээ.

       Шүүгдэгч Д.Г нь  Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс  хамгийн хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд  нийцсэн байна.  

          Иймд шүүгдэгч Д.Г-ийн  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.