Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Аийн Ат холбогдох  1935003130169 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын   16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лам мэргэжилтэй, Увс аймгийн Дэчиндавжаалан хийдэд лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 2 дугаар 60 айлын 4-39 тоотод  оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй С овогт Аийн А / РД:........................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 2 дугаар 60 айлын 4-39 тоотод байрлах гэртээ 2019 оны 8 дугаар сарын 07-оос 2019 оны 8 дугаар сарын 08-нд шилжих шөнө эхнэр Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 2 дугаар 60 айлын 4-39 тоотод байрлах гэртээ 2019 оны 8 дугаар сарын 07-оос 2019 оны 8 дугаар сарын 08-нд шилжих шөнө эхнэр Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсон болох нь

хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр А бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би найзынхаа төрсөн өдөрт очоод 24 цагийн үед тараад охиноо ээжийнхээ гэрээс очиж аваад гэртээ ирсэн чинь манай нөхөр А охиныхоо дэрийг дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би охинтойгоо амрах гээд дэрийг нь авчихсан чинь оройтож явж явж ирчихээд яагаад байгаа юм авга минь гэж хэлээд надад уурласан. Тэгснээ надруу нэг жижиг дэр шидэхээр нь би уурандаа нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь А босож ирээд намайг массажны гараар хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд Аыг цагдаа руу аваад явчихсан. Би араас нь ирсэн. Цагдаа нар Аг драгер багжаар үлээлгэсэн чинь эрүүл гэж заасан. Тэгэхээр нь нөхөрөө өрөвдөөд бид хоёр зүгээр маргалдсан. Би уурандаа цагдаа дуудсан юм гэж хэлээд гуйж байгаад Аыг аваад явчихсан. ...Миний биеийн байдал хэвийн байна. Манай нөхөр надаас уучлалт гуйсан тул би нөхөртэйгээ эвлэрсэн нөхөрөөсөө нэхэмжлэх, гомдол тэмцэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2, 20-21-р тал/,

Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх хоёр залуутай манай том залуу А 2007 онд Б гэдэг охинтой гэр бүл болсон юм. Тэгээд тэрнээс хойш үр хүүхэд энэ хоёрын дунд гарахгүй болохоор нэг охин өргөж авсан ба тэр охин нь одоо 12 настай юм. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай хүү А хотоос ирээд нэг хонож байгаад нөхөр бид хоёр барилгын шаварын ажил хийж байтал бид хоёр дээр ирээд шавар зуурч өгөөд туслаж байгаад оройхон 21 цагийн орчим харьсан юм. Аыг бид хоёрын хажууд байхад манай бэр Б найз нартайгаа гарна наанаа хоол ид гэж байсан. Тэгээд тэрнээс хойш 5 хоногийн дараа манай хүү А надад хэлэхдээ эхнэр Бг 2019 оны 8 дугаар сарын 07-ны орой согтуу ирээд дэр булаацалдахаар нь маргалдаж байгаад зодсон гэж хэлсэн тухай үед би тэр хоёрын хажууд байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Гэрч С.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай хүү А бид хоёрыг гандан дээр барилгын засал хийж байтал ирээд туслаж байгаад орой 20 цагийн орчим гэрлүүгээ явсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа манай хүү эхнэртэйг маргалдаж байгаад зодчихсон талаараа эхнэр бид хоёрт хэлээд цагдаа дээр шалгагдаж байгаа талаараа хэлсэн юм. Тухайн үед А эхнэр Бтайгаа ямар шалтгааны улмаас маргалдаж яаж зодсон талаар би мэдээгүй хажууд байгаагүй учир мэдэхгүй байна. Сүүлд А, Б нар хоорондоо учир зүйгээ олчихсон байх шиг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

 

Шүүгдэгч А.Аын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би эхнэрээ хүлээгээд хэвтэж байтал манай эхнэр шөнө 00 цаг өнгөрч байхад ээжийн гэрт байсан охиноо дагуулаад ирсэн тухайн манай эхнэр надад найз нартайгаа уусан гэдгээ хэлсэн ба үнэртэж байсан. Тэгээд би унталгын жижиг өрөөнд хэвтэж байтал  манай эхнэр миний дэрлээд хэвтэж байсан манай охины дэрийг миний толгойн доороос татаад авсан тэгээд түүнээс болоод би уурлаад эхнэр Бтай хэрэлдэж байгаад орон дээр байсан жижиг дэрээрээ эхлээд хөлрүү нь цохисон тэгээд үргэлжлүүлээд  орон дээр байсан нуруу үрдэг ногоон өнгийн бариултай, шар өнгийн гөвдрүүтэй нуруу үрэгчээр эхнэр Бгийн 2 хөлрөө 5-6 удаа зогсож байтал нь цохисон эхнэр орилоод цагдаад дуудлага өгчихсөн ба удалгүй цагааа нар ирээд эхнэр бид хоёрыг цагдаа руу авч явсан юм. Би өөрийн эхнэр Болормаагаас уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн гомдол саналгүй гэсэн ба ямар нэгэн хохирол  нэхэмжлээгүй бопно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 564 дугаартай шинжээчийн “Ц.Б-н биед баруун зүүн гуя, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 08-р тал/-ээр хохирогч Ц.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.А энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж 2 хөл орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Аын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Н.Цгийн өгсөн: “Манай хүү 1987 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн манай том хүү бөгөөд нөхөр бид хоёрын гар дээр бага насандаа хүмүүжиж байгаад нэгдүгээр ангид ороод Улаангом сумын 4-р сургуулийг 8-р анги төгсөөд тэндээсээ Төвдид шашны сургуульд 3 жил сураад лам болсон юм. Манай хүү дуугүй, ноомой, үг дуу цөөнтэй, аав, ээждээ тустаа, аав, ээжээ сайн халамжилдаг, бид нарын хэлсэн үгнээс гардаггүй, найз нөхөд цөөнтэй, янз бүрийн хорт зуршил байдаггүй хүн юм. Манай хүү аймгийн ганданд ажилладаг бөгөөд эхнэр Б нь зах дээр гар утасны лангуу ажиллуулдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, Гэрч Д.Дын өгсөн: “А.А нь Увс аймгийн Дэчинравжаалан хийдэд лам бөгөөд ажлын хувьд сайн хийдэг, хариуцсан ажлаа цаг тухайд гүйцэтгэдэг, үнэнч шударга, даруу төлөв нийтэч зан чанартай хүн юм. Бид 2 гэр бүлийн ч найзууд бөгөөд ар гэртээ дотно харилцаатай байдаг. А.Аыг муу муухай ааш гаргаж байхыг нь би харж байгаагүй. А.А гэртээ эхнэр хүүхдэдээ халамж сайтай, эвсэг байж харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.Ат торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нуруу үрэгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч С овогт Аийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  А.Ат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нуруу үрэгчийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  А.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ