Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00782

 

Г.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03678 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Ө

          Хариуцагч: Г.Цэд холбогдох

          Автомашины үнэ 75.000 ам.доллар буюу 140.349.000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Г.Ц, түүний өмгөөлөгч Р.О, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.Ариунболдын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 75.000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан, 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол автомашины үнийг төлөөгүй байгаа тул 75.000 ам. доллар буюу 140,349,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээг байгуулахдаа автомашины үнийг Г.Цийн хэлснээр 25 сая төгрөгөөр тусгасан, уг үнийг тухайн өдрөө төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн  56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн, өр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэж байгаа тул 2012-10- 25-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр автомашиныг “Бишрэлт холдинг” ХХК-иас авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэжээ.

         Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Г.Ө миний ажиллаж байсан “Бишрэлт холдинг” ХХК-ийн захирал А.Ариунболдын найз бөгөөд би түүнээс уг автомашин худалдан авахаар тохиролцоогүй. Би энэ автомашиныг хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээж авах ёстой байсан учраас л авсан. Би А.Ариунболдын “Бишрэлт холдинг” ХХК-тай одоогийн байдлаар хөдөлмөрийн гэрээний болон эд хөрөнгийн маргаантай байгаа. Компани татвараас зайлсхийхийн тулд шууд миний нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн. А.Ариунболд, Г.Ө нар хоорондоо ямар хэлцэл хийснийг мэдэхгүй гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Г.Цээс автомашины төлбөрт 63 сая төгрөгийг гаргуулж Г.Өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,349,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859 695 төгрөг, 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 105 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 472,950 төгрөг, 282,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрч А.Ариунболдыг 2014-11-07-ны өдөр дуудсан ба гэрчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсны дараа хариуцагчийн зүгээс гэрчийг асуух ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасны дагуу 2014-11-28-ны өдөр талуудыг байлцуулж шүүгч уг ажиллагааг даргалан явуулсан.Энэ нь ИХШХШТХ-ийн 43.3, 109.4-г зөрчөөгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч А.Ариунболдын мэдүүлгийн талаар дурдаагүй, үнэлээгүй бөгөөд уг нотлох баримтаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхээс  Г.Өг шүүхэд ирүүлж тайлбар гаргуулаагүй нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, итгэмжлэл олгосноор нэхэмжлэгчээс өөрийн эрхийг шилжүүлэхээс хуулиар хүлээсэн үүргийг шилжүүлээгүй гэж дүгнэж хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойгүй орхигдуулсан дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийг биечлэн оролцуулж итгэмжлэл болон автомашиныг худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах хүсэлт тавьсны дагуу анхан шатны шүүх хуралдаан болох өдөр буюу 2017-11-16-ны өдөр нэхэмжлэгч хүрэлцэн ирж итгэмжлэлээ хуульд заасны дагуу олгосон талаар болон хариуцагч талын бүхий л асуултанд хариулсан, шүүгчийн зөвшөөрснөөр шүүх хуралдаан түр завсарлаж нэхэмжлэгч болон хариуцагч нар тусдаа уулзаж шүүх хуралдаан цааш үргэлжилсэн бөгөөд энэ байдал нь шүүхээс ИХШХШТХ-ийн 6.1-д заасныг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, магадлалд 1 хавтас-15, 2 хавтас-88 дугаар талд авагдсан баримтуудыг дурдсан ч эдгээр баримтууд нь дүгнэлтэд хэрхэн ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Ө 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Цэд холбогдуулан   нэхэмжлэл гаргаж, худалдсан автомашины үнэ 75,000 ам.доллар буюу 140,349,000 төгрөг шаардаж /хх 1-н 1/, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлж /хх 1-н 77/ 2012-10-25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Бишрэлт холдинг ХХК-ийн захирал А.Ариунболдын найз Г.Өгээс машин худалдаж авч байгаагүй... Бишрэлт холдинг ХХК-д ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу хүлээн авч байсан...одоо би уг компанитай хөдөлмөрийн маргаантай байгаа...” гэжээ. /хх 1-н 16/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

       1. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авахдаа /хх 1-н 74-75/ хуульд заасан журмыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6, 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.  

       2. Зохигч талууд шаардлага болон татгалзлаа нотолж, Автотээврийн үндэсний төвийн 2015-02-02-ны өдрийн 2/325 дугаар албан бичиг хавсралтын хамт /хх 1-н 18-19/., 2015-11-03-ны өдрийн 01 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хх 1-н 99-102/., 2012-10-25-ны өдрийн гэрээ /хх 1-н 68/., гэрч А.Ариунболдын мэдүүлэг /хх 1-н 74-75/, архивын газрын 2015-07-02-ны өдрийн 2/705 дугаар лавлагаа /хх 1-н 86/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх 1-н 217-223/., Монголбанкны ханшийн лавлагаа /хх 1-н 231/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх 2-н 4-15/., Бишрэлт холдинг ХХК-ийн 2017-09-07-ны өдрийн 65 дугаартай албан бичиг /хх 2-н 35/ болон 2010-06-03-ны өдрийн уулзалтын протокол /хх 2-н52/, 2011-07-02-ны өдрийн менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ /хх 2-н 53-56/-г шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан тул энэ баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийнэ.  

      Хэрэгт автомашиныг 75.000 ам.доллараар худалдсаныг нотлох баримт байхгүй  бөгөөд маргааны зүйл болсон эд хөрөнгө хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг нотлохгүй юм.

       Г.Ө 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 маркийн автомашиныг Г.Цэд худалдсан гэх үндэслэлээр хариуцагчаас мөнгө шаардсан тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.

       Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчаас мөнгө гаргуулсан нь Иргэний хуулийн 43, 196, 243-р зүйлд нийцээгүй байна.

       Нэхэмжлэгч “...амаар эсхүл бичгээр...” гэрээ байгуулсан талаар тодорхой тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх  боломжгүй гэж үзэв.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 473.000 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ