Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1093

 

Б.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01054 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүү,

Хариуцагч О.Эрдэнэтуяад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Баасанхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Эрдэнэтуяа нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Одоо үлдэгдэл болох 6 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусгана гэж өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй.

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг О.Эрдэнэтуяагийн данс руу шилжүүлснээс буцааж 16 190 000 төгрөгийг төлсөн. Урьд шүүхэд хандахад үлдэх мөнгийг хүүгийн хамт 6 000 000 төгрөг болгож төлнө гэж бичиж өгсөн. 1 190 000 төгрөгийг хүүд өгсөн гэж тооцож байна. Ингээд үлдэх үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сард Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд зааснаар 20 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулагдсан буюу тухайн хүсэл зоригийг агуулсан хэлцэл байгуулагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Б.Баасанхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчид хэзээ хэдэн төгрөг өгсөн, хариуцагч нь түүнд хэдэн төгрөгийг хэдийд ямар байдлаар буцаан төлсөн, үндсэн төлбөр болон хүүгийн нийт төлбөр нь тус бүртээ хэдэн төгрөг болох, үндсэн төлбөрөөс гадна хүү шаардах эрхтэй эсэх, нэхэмжилж буй 6 000 000 төгрөг нь хүү, үндсэн төлбөрийн аль нь болох зэрэг нөхцөл байдлуудыг нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байх тул хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн хамт 6 000 000 төгрөг шаардаж байгаа бол уг шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хүү тооцож, тохирсон зээлийн гэрээг үндэслэсэн байх хуулийн шаардлагатай ч хэрэгт тухайн гэрээ авагдаагүй байна. Шилжүүлсэн гэх 20 000 000 төгрөг нь хариуцагч О.Эрдэнэтуяагийн Хаан банкин дахь 5034358278 тоот төгрөгийн дансанд шилжиж орж ирсэн байгаа нь хариуцагчаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Гэвч нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн гүйлгээний утга нь хариуцагч О.Эрдэнэтуяад бус иргэн н.Ялгаад гэсэн байгаа нь тэдний дунд анхнаасаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанчлан хариуцагчийн хүсэлтээр зээлдүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эрдэнэтуяагаас 3 810 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баасанхүүд олгож, нэхэмжлэлээс 2 190 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эрдэнэтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 75 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасанхүүд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 20 000 000 төгрөгийг н.Ялгаа гэх хүнээр зуучлуулан Т.Оюунчимэгт шилжүүлсэн талаар тайлбартаа дурдсан. Энэ талаар гэрчээр асуугдсан н.Ялгаа болон нэхэмжлэгч Б.Баасанхүү нар мэдэх бөгөөд уг мөнгийг Т.Оюунчимэг төлөх ёстой байтал О.Эрдэнэтуяад хамааруулж нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчийг зөв тодорхойлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг харгалзаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн энэ асуудлаар өмнө нь 2016 онд хариуцагч Т.Оюунчимэгт холбогдуулж нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар зохигчид тайлбарласан. Иймд урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа нөхцөлд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд энэ талаар баримтыг цуглуулж чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохоо мэдэгдэж, зам орчны нөлөөллөөс болж товлосон цагтаа тодорхой хугацаагаар хоцорч очихыг шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Баасанхүү нь хариуцагч О.Эрдэнэтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын тайлбар, гэрч С.Баяржаргалын мэдүүлэг, /хх 22/ хариуцагч О.Эрдэнэтуяагийн Хаан банкны 5034358278 тоот /хх 12-13/, нэхэмжлэгч Б.Баасанхүүгийн 5029508551 тоот дансны хуулга /хх 30/ зэргээр нэхэмжлэгчээс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, мөн дансаар 16 190 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байна, хариуцагч талын “10 000 000 төгрөгийг н.Ялгаад шилжүүлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй” гэх татгалзал нь эдгээр баримтаар няцаагдсан байна.

Дээрхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг  хариуцагчаас шаардах эрхтэй, шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Зохигчид 20 000 000 төгрөгийн зээлийн талаар бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдсан байна.

Иймд хариуцагчаас буцаан төлсөн нийт 16 190 000 төгрөгийн 1 190 000  төгрөгийг хүүд тооцон, зээлийн үлдэгдэл төлбөрийг 5 000 000 төгрөг, түүнд ногдох хүү 1 000 000 төгрөгийн хамт, нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 3 810 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг  хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй болно.

Мөн зээлийн мөнгийг Т.Оюунчимэгт өгсөн болон О.Эрдэнэтуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар анхан шатны шүүхэд тайлбарлаж мэтгэлцээгүй, нотлох баримт гаргаагүй байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 76 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ