Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0253/З |
Дугаар | 221/МА2021/0036 |
Огноо | 2021-01-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0036
2021.01.08-ны өдөр 221/МА2021/0036
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Б.Г, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Ц.О, гуравдагч этгээд Ж.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч тал анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан ба нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан эрхийн дагуу өөрчилж, “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.Солонгод холбогдох хэсгийг...”, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар болон 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаартай захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага болгон өөрчилсөн болохыг энд дурдаж байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаар тушаалаар Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага, худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-ыг баталсан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар энэ захирамж гарахаас өмнө газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээдийн газрын гэрээ, гэрчилгээний үндэслэлийг дахин хянаж, дуудлага, худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоон төлүүлэхээр шийдвэрлэсэн, гуравдагч этгээд Ж.С нь дуудлага худалдааны анхны үнэ 13,622,400 / арван гурван сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуу / төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтаар [12] тогтоогдож байх тул энэхүү маргаантай газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж үзэхээргүй байна...” гэсэн байдлаар дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай бөгөөд хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй газрын хувийн хэрэг гэж үзэх үндэслэл болж байх ба энэ дүгнэлтээр шүүгч хэт нэг талыг барьж гуравдагч этгээдийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй бодит байдлыг үгүйсгэсэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна уу. Учир нь дээрх Засаг даргын А/307 дугаар захирамжийн дагуу газрын анхны үнийн Ж.С биш, Б.О төрд төлөх агуулга бүхий захирамж байхад Ж.С төлсөн нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт хийж буй нь буруу юм.
Мөн шүүгч дээрх дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг огт анхаараагүй эсхүл ойлгоогүй байж дээрх дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэл бий болж байгаа ба шүүгч мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргаж байна гэж үзэхэд шууд хүргэж байгааг дурьдаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжийн талаар ямар нэгэн маргаангүй ба харин энэ захирамж гарахаас өмнөх цаг хугацаанд газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээдийн газрын гэрээ, гэрчилгээний үндэслэлийг дахин хянаж дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоон төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхцөл байдал нь одоогийн гуравдагч этгээд Ж.С-д хамааралтай эсэх, газрын эрхийн анхны дуудлага худалдааны үнийг хэн төлөх ёстой байсан зэрэгт шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлага үүсч байхад үүнийг шүүгч огт анхаараагүй байна.
Мөн хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа анхнаасаа алдаа гаргасан болох нь хэргийн баримтаар нотлогддог ба хариуцагч талын төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага маргаан бүхий анхны 2007 оны А/320 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг “Э” ХХК-ийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А/357 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон. Ингэснээр Б.О-д холбогдох газрын харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжтой. Захиргааны байгууллага 2012 онд захирамжийн хугацааг сунгасан тэгэхээр сунгасан захирамж хүчинтэй гэж тайлбарладаг. Б.О-д 2012 онд шинээр газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж байхгүй төдийгүй 2013 онд анхны захирамжийг хүчингүй болгосон учраас 2012 онд хугацаа сунгасан А/390 дугаар захирамж хүчинтэй гэж үзэх хууль зүйн боломж байхгүй юм. Үүнийг шүүгч мэдсээр байж илт хууль бус шийдвэр гаргалаа. Мөн шүүх нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар болон 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаартай захирамжуудын Б.О-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудын талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анх Б.О-д олгосон захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан эсэх, захирамжийн хугацааг сунгасан байдал нь хуульд нийцэж байгаа эсэх, сунгасан захирамж эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа эсэх талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байсан. Энэ талаар дүгнэлт хийх нь хэрэгт чухал ач холбогдолтой байсан болно.
Маргаан бүхий газрын эрхийг 2007 онд А/320 дугаартай захирамжаар Б.О-д 1290 мкв газрыг 5 жилийн хугацаатай олгож байсан, дараа нь уг газрыг эрхийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаартай захирамжаар сунгасан, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамжаар хүчингүй болж байсан, харин 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжаар Ж.С-д нэр шилжүүлэн олгосон зэрэг үйл баримт хэргийн баримтуудаар нотлогддог.
Б.О нь уг маргаан бүхий газрыг дээр нь байгаа бусдын өмч хөрөнгийн хамтаар 7 жил хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй ба дараа нь бусад гуравдагч этгээдэд уг газрын эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна, дуудлага худалдааны анхны үнийг Ж.С төлсөн байна гэх байдлаар шүүгч дүгнэлт хийж буй байдал нь бусдын хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч тал 2007 оны А/320, 2012 оны А/390 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд Газрын тухай хуулийн 33.1.2, 29.1, 29.2, 29.3-т зааснаар хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан, иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзээд уг хоёр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан.
Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах шаардлагын тухайд анхнаасаа хууль бус захирамжийн дагуу үүссэн газрын эрхийг шилжүүлэн авсан, 2013 онд газрын эрхийг хүчингүй болгосон байхад нэр шилжүүлэн авах боломжгүй учраас илт хууль бус захирамж гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.О-д газар эзэмших эрх хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад нотлох баримт авагдаагүй гэж дүгнэж байгаа нь шүүгч уг хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадсан эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа энд дурьдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан, энэ талаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзаж байсан ба тэрээр нөхцөл байдлын талаар Шүүхийн ёс зүйн хороо, Мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдөл, гомдол, санал гаргах болно гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт Б.О-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/357 захирамж, газрын хувийн хэрэг бүхэлдээ Б.О-аас Ц газрын эрхийг шилжүүлэх тухай гэрээ, мөнгө хүлээн авсан баримт авагдсан, Авлигтай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч, хороо хариуцсан байцаагч нарыг гэрчээр, яллагдагчаар татан асуусан тайлбар, мэдүүлэг нотлох баримтаар авагдсан нь Б.О-д газар эзэмших эрх хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн гэдгийг нотолж байгаа юм. Шүүгч хэржгт цугларсан нотлох баримттай нэг бүрчлэн танилцаагүй болох нь дээрх дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч талын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар өмнө гаргасан нэхэмжлэл болон өөрчлөөд, нэмэгдүүлсэн шаардлагын талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай тодорхой тайлбарласан.
Гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа газар дээрх анх 2007 онд нэхэмжлэгч нь автомат угаалгын газрын тоног төхөөрөмжийг угсарч суурьлуулан, сэндвичин барилга барьж, худаг ёмкость, цахилгааны трансформатор зэргийг барьж 2011 он хүртэл авто угаалгын үйл ажиллагааг эрхэлж явуулж байсан. Ж.С, Б.О нартай маргаан үүсэх хүртэл, маргаан үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл Б.О болон Ж.С нар авто угаалгын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн бэ гэхээр тухайн газар дээр нэхэмжлэгч талын өмч, хөрөнгө байрлаж байгаа учраас эрх, ашиг нь хөндөгдөж байгаа юм. Гуравдагч этгээд Ж.С--н хувьд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулан, ашиг орлого олсоор байгаа ба ингэхдэээ Б.О-тай үсгэн хуйвалдаж, газрын эрхийг өөртөө шилжүүлэн авсан болно.
Нэхэмжлэгч нь өмнө Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан Б.О, Ж.С нарын дундын өмчлөлд олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204033217 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоот хаягтай 750 мкв сэндвичэн барилгын өмчлөгч болохоо баттай нотлох баримт гаргасныг нь үндэслэн шинэ акт гаргахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл өмчлөгчөөр бүртгэсэн Б.О, Ж.С нарыг бүртгэсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204033217 дугаар бүртгэл актыг, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000135075 дугаартай гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэн шийдвэрлэж байсан. Дээрх шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрөн Захиргааны хэргийн давж заалдах 2013 оны 145 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс мөн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүх 2013 оны 119 дүгээр тогтоол гаргаж гомдлыг хангахаас татгалзсаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Улсын дээд шүүхийн дүгнэснээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Нарны зам 81 тоот хаягт байрлах үйлчилгээ авто агуулгын газрын зориулалттай сэндвичин барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах үед уг барилгын өмчлөх эрхийн талаар маргаантай байснаас гадна гуравдагч этгээд Ж.С-гын хувьд уг барилгад хөрөнгө оруулалт хийж ямар хэсгийг шинээр бий болгосныг баттай нотолсон баримтгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ” гэж дүгнэсийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Ж.С маргаан бүхий газар дээр нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй болох нь хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогддог.
Мөн өмнөх захиргааны хэрэг маргаан дууссанаас хойш нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхээр маргаан үүсгэсэн бөгөөд иргэний хэрэг маргаан хянагдаж байх үед Ж.С, Б.О нар нь гэрчилгээг хаясн гээсэн гэсэн үндэслэлээр дахин гэрчилгээ гаргуулан авсан болохыг мэдсэн бөгөөд хамгийн сүүлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/14200 тоот эрх сэргээх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн Ү-2204033217 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар мэдэгдсэнээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээж хариуцсан бүртгэгчийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа тул гомдол гаргаад байна. Мөн өмчлөгчөөр тогтоолгох маргааны хувьд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлалаар автомат авто угаалгын газрын автомашин угаах 2 ширхэг тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, авто угаалгын газрын барилга байгууламж, газраас салгаж үл болох худаг, ёмкость, цахилгаан трансформатор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлал дүгнэсний дагуу авто угаалгын газрын барилга байгууламж, газраас салгаж үл болох худаг, ёмкость, цахилгаан трансформатор зэргийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор БНХАУ-ын иргэн Х.Гоа Ва бие даасан нэхэмжлэлийг ердийн журмаар шүүхэд гаргаж байгаа юм.
Дээрх магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эд хөрөнгө нь Ж.С, Б.О нарын өмч хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд шүүх тэдний өмчлөлийн эд хөрөнгө гэж огт дүгнээгүй буюу хэрэгсэхгүй болгож буй шаардлагад холбогдох эд хөрөнгө нь хэн нэгний өмч болох эсэх талаар огт дүгнээгүй байхад Ж.С, Б.О нарын хөрөнгө гэж үзэхгүй юм. Мөн өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэг маргааны ажиллагааны явцад хариуцагчаас оролцсон Ж.С, Б.О нар нь Сөрөг нэхэмжлэлийн шаардлага өмчлөгчөөр тогтоолгох гаргаагүй байхад тэдний хөрөнгө гэж үзэн түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн нь хууль зөрчиж байна.
Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Х.Гоа Ва нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн бөгөөд тухайн үе 2007 онд Б.О-д хууртагдсан. Авто угаалгын үйл ажиллагаа явуулахад газрыг би хөөцөлдөөд аваад өгье гэж түүнээс 10,600,000 төгрөг авч авто угаалга байрлах газрыг өөрийнхөө нэр дээр гэрчилгээг нь гаргуулан авч, дараа нь тус компанийн үүсгэн байгуулагч Ц-ын нэр дээр шилжүүлж өгнө гэж Газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч шилжүүлж өгөлгүй явсаар өнөөдөр газрын эрх Ж.С-гын нэр дээр шилжээд байгаа юм.
Түүнчлэн өмнө захиргааны хэрэг маргаан шүүхээр хянагдаж байх үед нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаснаар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 захирамж гарч Б.О-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон үндэслэл нь “Б.О авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 1290 мкв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг зөрчиж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн атлаа эрх байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр тухайн газар буцаад төрийн мэдэлд шилжих бөгөөд өөрийн өмч хөрөнгө байрлаж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах талаар хүсэлт гаргах замаар тухайн газрыг ашиглана гэж байсан боловч дүүргийн Засаг даргаас сунгасан болон нэр шилжүүлсэн талаарх захирамжууд гарч ирснээр өнөөдрийн маргаан үүсэх шалтгаан болсон. Тэгэхээр зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх бэ гэхээр Ж.С-д эзэмшүүлсэн захирамжийг хууль бус болохыг тогтоосноор тухайн маргаан бүхий газрыг ашиглах замаар өмч хөрөнгөө эзэмшиж ашиглаж эрх сэргэх юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатын шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Хэргийн үйл баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/320 дугаар захирамжаар иргэн Б.О-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС-ын замын урд байрлах 1290 м.кв талбай бүхий газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжаар иргэн Б.О-ын гаргасан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг үндэслэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамжаар “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС-ын замын урд байрлах 1290 м.кв талбай бүхий газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль, тогтоомжид заасан хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан иргэн Б.О нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчиж газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, мөн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн атлаа энэ талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж 320 дугаар захирамжийн иргэн Б.О-д холбогдох хэсэг, 6009/0187 нэгж талбарын дугаартай №0136034 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөн хариуцагчаас иргэн Б.О, Ж.С нарын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, хүсэлтийг үндэслээд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж гарч, маргаан бүхий газрыг Б.О-аас Ж.С руу шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүхээс дээрх маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын А/320, А/390, А/588 дугаар захирамжууд нь “илт хууль бус шинж”-ийг агуулаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс “...Баянзүрх дүүргийн Засаг даргын А/320 дугаар захирамжийг А/357 дугаар захирамжаар хүчингүй болгож, А/588 дугаар захирамжаар Б.О-аас Ж.С руу шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус шинжийг агуулсан...” гэж тайлбарлан маргаж байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.5-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай байх бөгөөд маргаан бүхий А/588 дугаар захирамжаар Б.О нь маргаан бүхий газраа Ж.С-д шилжүүлснээр газартай холбоотой эрх, үүргээ дуусгавар болгосон гэж үзнэ.
Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж зааснаар иргэн Б.О нь өмнө эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлсэн, гуравдагч этгээд Ж.С нь уг газрыг шилжүүлэн авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан шинжийг агуулаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК нь иргэний хэргийн шүүхэд хандан Б.О, Ж.С нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 81 тоотод байрлах, автомат авто угаалгын газрын барилга, байгууламж, тоног төхөөрөмж “Э” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2243 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Э ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2243 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “...Автомат угаалгын газрын автомашин угаах 2 ширхэг тоног, төхөөрөмжийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Э” ХХК-ийг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх “...авто угаалгын газрын барилга, байгууламж, газраас үл салгаж болох худаг, ёмкость, цахилгааны трансформатор...” гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 832 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч “Э” ХХК нь маргаан бүхий газарт байрлах авто угаалгын газрын барилга, байгууламж, газраас үл салгаж болох худаг, ёмкость, цахилгааны трансформаторын өмчлөгч биш болох нь тогтоогджээ.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны актыг...илт хууль бус болохыг тогтоолгох...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн...” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн маргаж буй захиргааны актуудын тухайд нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой эсэх нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт хууль бус болох шинжүүдийг агуулаагүй тул нэхэмжлэгчийн “...тухайн газар дээр нэхэмжлэгч талын өмч, хөрөнгө байрлаж байгаа учраас эрх, ашиг нь хөндөгдөж байгаа...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн нэхэмжлэгч “Э” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ анхан шатны шүүхийн “...Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8-д зааснаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрх нь газар ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Ж.С-д эзэмшүүлсэн захирамжийг хууль бус болохыг тогтоосноор тухайн маргаан бүхий газрыг ашиглах замаар өмч хөрөнгөө эзэмшиж ашиглах эрх сэргэх...” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримталсан нь буруу байх тул тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН