Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2020        01         15                                  2020/ШЦТ/84

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

 улсын яллагч А.Ариунаа,

 хохирогч М.Нямцэрэн,     

 шинжээч эмч Н.Энхцолмон /Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч/    

 шүүгдэгч Э.б, түүний өмгөөлөгч Ц.Рашзэвэг /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0634/, Р.Мөнхбаясгалан /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2915/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.бт холбогдох 1906059682622 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Э.б, Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, “Түмэн хүчтэн” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 5 дугаар гудамжны 172/г тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-эхийн 5-172г тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Нямцэрэнтэй маргалдан, гурилын илдүүрээр цохиж, түүний эрүүл мэндэд “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Э.бийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-эхийн 5-172г тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Нямцэрэнтэй маргалдан, гурилын илдүүрээр цохиж, түүний эрүүл мэндэд “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтдээ Э.бийг яллаж буй нотлох баримтаар хохирогч М.Нямцэрэнгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч М.Нямцэрэнгийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12169 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 822/3183 дугаартай албан бичиг, лавлагаа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Ч.Гүррагчаагийн мэдүүлэг, яллагдагч Э.бийн мэдүүлэг зэргээр нотолсон гэж дурьджээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч болон хохирогч нарын хувийн ахуй амьдрал, зан чанарын талаар нотлох баримт авагдаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.б нь тухайн өдөр манай авгай согтууруулах ундаа уучихсан байсан болохоор би уурлаад хэрэлдэж “...чи хүүхэд мөөмөнд нь сүү орохгүй ядаж байхад архи уулаа...” гээд би 2 алгадсан. ...Гэхдээ би ганжингаар цохиогүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын шүүгдэгч Э.б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-эхийн 5-172г тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Нямцэрэнтэй маргалдан, алгадан унагааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, нурууны зэрэгцээ байрласан цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

     1.Хохирогч М.Нямцэрэнгийн цагдаагийн байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдолдоо: “2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 172г тоотод миний хамтран амьдрагч Э.б намайг гэртээ цоочилж байгаад гурилын ганжингаар зодож цохин дарамталсанд маш их гомдолтой байна” гэжээ.[1]

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “...Намайг гурилын модоор цохиогүй. Би тухайн үед согтуу байсан учраас анх цагдаа нар юугаар цохисон, хөл гар чинь хавдчихсан байсан юм. Тэгээд би гурилын мод гэж хэлчихээд дараа нь за гурилын мод гэж хэлсэн юм чинь гурилын модоороо л дуусая гэж бодсон. Би хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэж газар очоод бас тэгэж хэлсэн” гэж цагдаагийн байгууллагад анх өгсөн гомдлын агуулгыг үгүйсгэдэг.

2.Хохирогч М.Нямцэрэн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 172 г тоотод Бадмааргийн гэр байдаг бөгөөд Э.б нь тэнд архи уух гэж очдог. Би Э.б гэдэг  хүнтэй 2017 онд анх танилцаад хамт байхаасаа байхгүй нь их байдаг юм. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд хүүхдээ би өөрөө хардаг. Би Э.бтай хамгийн удаандаа нэг жил хамт амьдарсан. Э.б нь архи уухаараа эрүүл биш болдог бөгөөд бид хоёр хоорондоо хэрүүл, маргаан хийж зодолддог. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э.б, Гүрээ болон Оюунаа нарын хамт архи уусан. Энэ өдрөөс өмнө бараг сар уусан байсан. Би тэр өдөр Гүрээгийн гэрт ороход Гүрээ гэх хүн хөлгүй эхнэрээ зодох гээд байхаар нь дундуур нь ортол Э.б надад хандаж, чи айлын амьдралд орлоо, чамд ямар хамаатай юм гээд уурлаад бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Э.б гарч яваад би Гүрээгийн гэрт үлдэж Оюунаатай хамт 2 литрийн нэг пиво хувааж уусан. Би ууж дуусаад Э.бийн араас 23 цагийн үед орсон. Намайг ороход Э.б гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд чи нялх хүүхэд тэвэрчихээд гадуур архи ууж, хачин айлд хүүхэд авч орлоо гэж хэрүүл эхэлсэн. Э.б миний нүүрэн хэсэгт хоёр удаа алгадаад, шилэн хүзүүний ар хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Би Э.бийг мөн өөрийн чадах чинээгээр цохисон. Бид хоёр харилцан зодолдож байгаад Э.б гарч явахдаа миний гар утсыг дэвсэж эвдээд зугтсан. Би хүүхдээ тэврээд гэрээс гарч гүйгээд Сансарын колонкийн автобусны буудал ороод буцаж явж байхад цагдаагийн хөдөлгөөнт эргүүл ирээд авсан. Шөнө түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдэж очиж үзүүлсэн бөгөөд миний гар болон хөлөнд гипс тавьсан. Цагдаад дуудлага мэдээллийг Э.б өгсөн байх. Э.б надад сүүлд цагдаад дуудлага би өгсөн гэж хэлж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байгаа. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд Э.б бид хоёр хоорондоо зодолдож байхад үүссэн. Баруун шагайн хавчаарын далд хугарал нь гэрээс гараад хүүхдээ тэврээд гүйж явахад үүссэн байж болзошгүй. Би тэр үед согтсон байсан бөгөөд айсандаа хаана, хэрхэн гишгэж байгаагаа мэдэхгүй байсан. Би гэрээс гараад хүүхдээ тэврээд явж байхдаа бүдэрч унасан. Шагайн гэмтэл унахад үүссэн байж магадгүй. Би хөлөө гэмтсэнийг нь мэдээгүй. Шагай өвдөж, хавдаагүй. Бага зэрэг хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг[2],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нямцэрэнгийн өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гүррагчаа гэдэг айлд орж пиво уусан. ...Урьд орой нь  Э.б тэр айлд орж архи уусан байсан. Тэрэнд нь миний уур хүрсэн байсан. Э.бийн ээжтэй би угаасаа таарамж муутай байдаг. Э.бийн ээж бид 2 хэзээ ч нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэзээ ч таардаггүй. Тухайн үед би цалин мөнгөнөөс болоод Э.бийн ээжтэй муудалцаад Гүррагчаагийнд пиво уугаад Э.бийн найз Наран-Эрхэс, тэрний найз бүсгүйтэй нь бид 3 тэр айлд сууж байгаад намайг жоохон хүүхэдтэй гээд тэр 2 гэрт хүргэж өгсөн. Э.б тэгэхэд гэртэй байсан. Тэгээд гэртээ ороход Э.б миний урдаас уурласан “...Чи одоо харанхуй шөнийн 11 цаг өнгөрч байхад үхсэнээ хийгээд хачин архичин айлаар ороод нялх хүүхэд дагуулаад гүйгээд байгаа юм...” гэхээр нь би өөдөөс нь “...чи уудаг биз дээ, би ч гэсэн адилхан тэр орж уудаг айлд чинь орж уусан юм...” гээд хэрэлдсэн. Би 2-ыг муудалцаад эхэлсэн чинь намайг хүргэж ирсэн 2 хүн гараад явсан. Тэгээд бид 2 хэрэлдсэн, ноцолдсон. Би бас зүгээр байхгүй. Хэвтэж байхад нь босгож ирсэн хувцсыг нь урсан, орилж чарласан. Тухайн үед том савтай пиво 2-3-ыг дөрөв тавуулаа нийлж уусан. Би тэр үед өөрөө нилээн согтуу байсан учраас Э.бийг бас согтуу байна гэж бодсон. Э.б тухайн үед ноолууран цамц, подволк өмсчихсөн байсан. Тэрийг нь би урсан. Тэрийгээ бол би хүлээнэ. Тэгэхэд Э.б намайг “...болиоч чи зүгээр байгаач гээд ноцолдоод түлхээд байсан...” тэгээд намайг 2 алгадсан. Алгадах үед нь би илүү чанга чарласан, орилсон “...цагдаа дуудна амь авраарай...” гэж хашгирсан. Э.б надаас түрүүлээд гүйгээд гарсан. Гараад хаашаа явсан юм мэдэхгүй алга болчихсон. Би маш их орилж, чарласан, солио өвчтэй юм шиг болчихсон хүүхдээ тэврээд харанхуйд доошоо гүйсэн. Э.бийнх хойшоо уулын аманд унаа тэрэг ч явдаггүй газар байдаг. Би хүүхдээ тэвэрч гүйж байгаад аягүй хүчтэй унасан. Тэгэхэд нохойны ороо орчихсон олон нохойнууд яваад байсан. Би гэрээс гарахдаа хүүхдээ олон давхар өлгийгөөр боосон. Нохой дайрсан би унасан унахдаа хөлөө маш эвгүй гишгэсэн гэдгээ бол би мэдэж байгаа.  Хөл гишгэж болохгүй. Тэгээд зогсож байсан нэг охин, банди 2 над дээр ирээд эгчээ яасан гэхээр нь “...Эгч нь ингээд хүүхдээ өргөж чадахгүй байна. Чи эгчдээ манай хүүхдийг өргөөд туслаад өгөөч...” гэсэн “...за тэгье...” гээд тэгээд доошоо явж байсан чинь алаг тэрэг өөдөөс гараад ирсэн. Өөрсдөө мэдэж байгаа юм шиг л намайг машиндаа суулгасан. Тэгээд намайг ямар үндэсний төв билээ тэнд аваачсан. Тэр төвийнхөн намайг нярай хүүхэдтэй байна гээд буцааж явуулаагүй. Би буцаад явъя гэж хэлсэн. Тэгсэн “..1-рт: Шөнө болсон байна. 2-рт: гэвэл та согтуу байна. Таныг бид нар явуулахгүй эмнэлэгт хүлээлгэж өгнө...” гэсэн. Намайг тэр шөнө тэнд хонуулаад маргааш өглөө нь түргэний эмч ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Би өөрөө хугарч гэмтсэнээ бол мэдээгүй. Өвдөхгүй зүгээр жоохон хавдартай, хөндүүртэй байгаад байсан. Би одоо үнэн зөвөө ярихаас өөр арга байхгүй. Би унахдаа хөл, гар хоёроо гэмтээсэн байх. Тухайн үед бол би Э.бийн ээжтэй нь муудалцчихсан. Тэнд бол Э.б намайг зодсон, нүдсэн та нар шүүж өг, барь гэж орилсон. Би гурилын элдүүрээр бол угаасаа зодуулаагүй. Би мэдүүлэгтээ бол гурилын элдүүрээр цохисон барьсан гэж мэдүүлсэн. Яагаад тэгэж мэдүүлсэн гэхээр би Э.бийн ээжтэй нь муудалцсан. Би ээжтэй нь муудалцсанаасаа болоод Э.бийг гэмгүй байхад нь цагдаад барьж өгсөн удаа ч зөндөө байгаа. Э.бийн ээжтэй нь би анхнаасаа таардаггүй байсан. Э.бийн ээж нь хөөж л байдаг би сална сарнина гээд гүйдэг, Э.б ирээд авч байдаг. Хэрэлдэх, муудалцах шалтгаан бол Э.бийн ээжээс илүүтэй байдаг. Би өөрөө бас нилээдгүй ааштай хүн үгийг нь өнгөрөөж чаддаггүй. Танай ээж чинь ингэж байна гээд буцаагаад хэрэлддэг. Бид 2-ын хооронд хэрэлдэж, муудалцах асуудал бол байсан. Гэхдээ арай ч яс энэ тэр хугартал бол намайг зодоогүй. Одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг[3],

            4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12169 дугаартай шинжээч эмч Н.Энхцолмонгийн дүгнэлтийн ДҮГНЭЛТ хэсэгт: “...М.Нямцэрэнгийн биед тархи доргилт, баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн баруун шагайн гадна хавчаарын далд хугарал, зүүн нүдний гадна
булан, дух цус хуралт, баруун мөр, бугалга, нуруу, баруун шилбэний цус хуралт,
баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д
зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт
хамаарна...” гэх дүгнэлт[4] хавтаст хэрэгт авагдсан байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмон өөрийн биеэр хүрэлцэн ирж, тусгай мэдлэгийн хүрээнд хохирогч М.Нямцэрэнгийн биед учирсан гэмтлийн талаар нарийвчлан тайлбарлан, оролцогч талуудын асуултад хариулсан.

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс аль гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, аль гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт, аль гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй вэ?” гэсэн асуултад;

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмчээс “...Зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, духны цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, баруун бугалганы цус хуралт, нурууны зэрэгцээ байрласан цус хуралт, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэж байгаа энэ бол хугаралтай холбоотой үүсэж байгаа учраас хугаралтайгаа хамт, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт энэ бас хугаралтай хамаатай үүсэж байгаа учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгтээ хамаарна. Нурууны цус хуралт зэрэг цус хуралтуудыг дангаар нь салгах юм бол зарим нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно” гэж,

Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Анагаахын шинжлэх ухаанд баруун шагайны гадна хавчаарын далд хугарал нь зөвхөн эвгүй гишгэхэд үүсэх боломжтой гэсэн байна. Тэрийг тогтоох боломжтой юу?” гэсэн асуултад;

Шинжээч эмчээс “ихэнх тохиолдолд гадна хавчаарын далд хугарал бол явганаас хальтарч унах, эвгүй гишгэх тийм тохиолдолд үүсэж болдог” гэж,

Мөн “...гүйж байгаад гараараа тулж унасан байж болох уу?” гэсэн асуултад;

Шинжээч эмчээс “...Тулж унахад хүчний энерци гэж байдаг. Шуунд богтос, шуу гээд 2 яс байдаг. Тулж унахад бугалгатай хэсгийн хугарал гээд энэ хугарал ихэвчлэн үүсдэг” гэж өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэг өгсөн нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би одоо үнэн зөвөө ярихаас өөр арга байхгүй. Би унахдаа хөл, гар хоёроо гэмтээсэн. ...Би гурилын элдүүрээр бол угаасаа зодуулаагүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч Э.бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учраагүй болох нь давхар нотлогдсон гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.бийн сонгон авсан өмгөөлөгч Ц.Рашзэвэгээс “...Улсын яллагчийн хэлж байгааг хүлээн авах боломжгүй байна. Яагаад гэвэл гурилын модоор цохиж гэмтэл учруулсан гэдэг тогтоогдохын аргагүй. Хавтаст хэрэгт гурилын мод гэсэн зүйл байхгүй. Хохирогч өөрөө гурилын модоор цохисон зүйл байхгүй, тухайн үед цагдаа нар асуугаад байхаар нь тэгээд хэлчихсэн гэдгээ мэдүүлдэг. Тиймээс гурилын модоор цохиж гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээч эмч шүүх хуралдаан дээр унахад, эвгүй гишгэхэд, ойчиход ийм гэмтэл учирч болно гэж хэлсэн. Ийм учраас гүйж яваад унаснаас хөлд нь тийм гэмтэл учирсан нь тодорхой боллоо. Хурууны гэмтэл дээр бас мөн шинжээч хэлэхдээ унаснаас үүсэх боломжтой гэж байна. Э.б учруулсан гэж үзэх нотолгоо хэрэг дотор алга байна. Бид нар хэн нь ч дэргэд нь байгаагүй, хэн нь ч хараагүй тийм учраас хохирогч өөрөө бодитой хэлж байгаа учраас үндэслэлтэй гэж үзэхээс өөр арга байхгүй. Иймд шинжээчийн хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт бол тоогоор нь олон, цөөн гэж үздэг. Хэд хэдэн гэмтэл байгаа учраас энийг бол олон удаагийн үйлчлэлээр гэсэн нь аргагүй. Нэгэнт алгадсаны улмаас гэмтэл учирсан тул хөнгөн гэмтэл гэж хэргийг зүйлчлэхэд буруудахгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэж,

Шүүгдэгч Э.бийн сонгон авсан өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “Эрүүгийн хуулинд гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн багаж, зэвсгийг заавал хурааж авахаар хуульчилсан байдаг. Энэ тэр модыг нь харуулаад үнэхээр тэр мод хүний хөлийг гэмтээхээр мод байсан уу? үгүй юу? гэдгийг тогтоох шаардлагатай. Өнөөдөр тийм юм алга байна. Хөлийн шагай гэдэг чинь модоор цохихоор тэгнэ гэсэн зүйл байхгүй. Унаж, ойчсоноос бэртсэн нь тодорхой байна. ...Хурууны тухайд хэрвээ модоор цохисон бол 1 хуруу хугарахгүй. Хэд хэдэн хуруу хугарна. Гэр бүлийн хүчирхийллийн тухайд энэ хэргээс болоод Б 7 хоног баривчлаад тэгснээ тэрийгээ хүчингүй болгоод дахиад энд ялалчихсан. Өнөөдөр 1 хэрэг дээр 2 янзын арга хэмжээ авагдчихаад байж байна” гэж,

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгчийн өмгөөлөгч гурилын мод хэрэгт байхгүй гэж байна. Хохирогч М.Н цагдаагийн байгууллагад өөрөө ирж гомдол мэдээлэл гаргасан учраас бид нар хэргийн газрын үзлэг хийх боломж гараагүй тул илдүүр модыг гэрээс нь хураан авах ажиллагаа хийх боломж бололцоо байгаагүй. Хохирогч гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурьтай оролцож шүүх хуралдаан дээр бүх мэдүүлгээсээ буцсан. Хохирогчийн анх өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл шинжээч эмчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлүүд учирсан. Шинжээч эмч сая шүүх хуралдаан дээр “...2 удаагийн алгадалтаар энэ гэмтлүүдээс үүсэх гэмтэл бараг байхгүй...” гэж хэлсэн. Алгадаад 2 удаа уналаа гэхэд энэ бүх гэмтлүүд үүсэх боломжгүй. Тэгэхээр хохирогчийн анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгүүд үндэслэлтэй гэж үзэж байна. Гурилын ганжингаар гараараа цохисон учраас 5-6 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр энэ гэмтлүүд үүссэн гэж шинжээч эмч тодорхой тайлбарласан. Шинжээчээс “...баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэсэн гэмтэл нь унах үед үүсэх боломжтой юу...” гэхэд шинжээч боломжтой гэсэн энэ дээр бол маргах зүйлгүй. Э.б өөрөө “...би 2 удаа алгадахад пийшингийн дунд унасан...” гэж хэлсэн. Хохирогч юунаас болж унаж байгаа юм. Б цохилтоос болж унаж байна. Баруун гарын сарвууны 3 дугаар шивнүүрийн хугарал энэ гэмтэл дангаараа хүндэвтэр гэмтэлд хамаарч байгаа юм. Энэ гэмтлийг унах үед үүсэх боломж бараг байхгүй гэж шинжээч эмч хэлсэн. Тэгэхээр хохирогч анх өгсөн мэдүүлэгтээ мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж Э.б энэ гэмтлийг учруулсан гэснээр тогтоогдсон гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Би шүүх үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Шүүх мэдээж нотлох баримтыг хангалттай судлаад энэ хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар шийтгэсэн байх. Энэ амьдрал дээр байнга гардаг асуудал гэж байна. Энэ асуудлыг л зохицуулах гэж хууль тогтоогч нар Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Бид нар энэ гэр бүлийн хүчирхийллийг амьдралд байнга гардаг гээд байвал энэ гэмт хэрэг таслан зогсоогдохгүй. Үүнийг л таслан зогсоох гэж хууль тогтоогч нар байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүндэвтэр хохирол учруулсан гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн саналыг гаргаж хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

            Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн орчинд архидан согтуурсны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.б, М.Нямцэрэнтэй маргалдаж, түүнийг алгадан унагааж, эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, нурууны зэрэгцээ байрласан цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэж үзэхээр байна.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зарим нэг талаар зөрүүтэй, хэн түүний биед ямар гэмтэл учруулсан талаар “Би тэр үед өөрөө нилээн согтуу байсан учраас Э.бийг бас согтуу байна гэж бодсон. ...Э.б намайг “...болиоч чи зүгээр байгаач гээд ноцолдоод түлхээд байсан...” тэгээд намайг 2 алгадсан. Алгадах үед нь би илүү чанга чарласан, орилсон “...цагдаа дуудна амь авраарай...” гэж хашгирсан” гэж мэдүүлдэг.

            Харин баруун шагайн гадна хавчаарын далд хугарал юунаас болж үүссэн талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...баруун шагайн хавчаарын далд хугарал нь гэрээс гараад хүүхдээ тэврээд гүйж явахад үүссэн байж болзошгүй. Би тэр үед согтсон байсан бөгөөд айсандаа хаана, хэрхэн гишгэж байгаагаа мэдэхгүй байсан. Би гэрээс гараад хүүхдээ тэврээд явж байхдаа бүдэрч унасан. Шагайн гэмтэл унахад үүссэн байж магадгүй. Би хөлөө гэмтсэнийг нь мэдээгүй. Шагай өвдөж, хавдаагүй. Бага зэрэг хөндүүртэй байсан” гэсэн мэдүүлгийг өгдөг бөгөөд эдгээр мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй байна.

            5.Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 822/3183 дугаартай албан бичиг, лавлагаа[5],

  1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд[6],
  2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],
  3. Гэрч Ч.Гүррагчаагийн "...Нямцэрэн нь нөхөр Б  зодуулсан гэж 2 удаа манай гэрт орж ирж байсан. ...Хэсэг хугацааны дараа Нямцэрэн нь зодуулсан байдалтай орж ирсэн бөгөөд нөхөр Б зодуулсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн байгаа гээд явсан..." гэх мэдүүлэг[8]зэрэг бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Э.б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав.Шүүгдэгч Э.бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчоос гомдол, саналгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.бийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.бийг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, шүүгдэгч Э.бийн цагдан хоригдсон 35 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.бийг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул ялтан Э.бийн цагдан хоригдсон 35 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

            5. Ялтан Э.б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Ялтан Э.бт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.бт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтаст хэргийн 16 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 34-36 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 81-86 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал