Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

  2020             3              10                                          2020/ДШМ/300

 

 

           Э.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Э.Бт холбогдох 1906059682622 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Э-ийн Б, 1980 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “......................” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 250 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 3-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 5-172г тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Нямцэрэнтэй маргалдан, улмаар гурилын илдүүрээр цохиж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцээ овгийн Энхээгийн Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цэцээ овгийн Энхээгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 35 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Э.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нямцэрэн, шүүгдэгч Э.Б нарын мэдүүлгийг үндэслэл болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, уг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Учир нь, хохирогч М.Нямцэрэнгийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл болон хохирогчоор 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “Миний толгой, хөл, гар, нуруу, хүзүү рүү гурилын илдүүр барьж байгаад цохиод байсан. Би хүүхдээ цохиулахгүй гээд хамгаалаад тонгойсон байсан. ...урьд нь бас согтуу байхдаа намайг зөндөө зодож байсан. ...” гэх анхны мэдүүлэгт өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хэрхэн үүссэн, биеийн аль хэсэгт хэн, юугаар, хэрхэн цохиж зодсон талаарх эх сурвалжаа шууд зааж, тодорхой мэдүүлдэг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үзүүлсэн байдаг.

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь удаагаа өгсөн “...Б нь архи уухаараа эрүүл биш болдог бөгөөд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж зодолддог. ...шагайны гэмтэл бүдэрч унахад үүссэн байж магадгүй. Би хөлөө гэмтсэнийг мэдээгүй бөгөөд зургийг нь авахуулж байж мэдсэн. Шагай өвдөж хавдаагүй, бага зэрэг хөндүүртэй байсан. ...” гэх мэдүүлэгт баруун сарвууны 3 дугаар шивнүүр ясны хугарал унах үед үүссэн талаар огт дурдаагүй, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтлийг авсан гэдгийг мэдээгүй талаар тодорхой дурдсан.

2019 оны 12 дугаар сарын 10-ны  өдөр гурав дахь удаа өгсөн “...би өмнөх 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ, би Бт гомдол саналгүй байдлаар мэдүүлэг өгсөн байгаа бөгөөд энэ мэдүүлэгтээ хичнээн салж байгаа боловч хүнд гай болоод яахав гэж бодоод би гомдол саналгүй байдлаар өгсөн. Яг үнэндээ Б нь намайг гурилын илдүүрээр цохиж зодож дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг бүгдийг нь учруулсан юм. ...” гэх мэдүүлгээр анхны мэдүүлэгтэй адил, тогтвортой өгсөн.

Шинжээч Н.Энхцолмонгийн “...М.Нямцэрэнгийн биед тархи доргилт, баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн, баруун шагайн гадна хавчаарын далд хугарал, зүүн нүдний гадна булан, дух цус хуралт, баруун мөр, бугалга, нуруу, баруун шилбэний цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэж 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12169 дугаартай дүгнэлтэд тусгагдсан. Хохирогч М.Нямцэрэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар шинжээч Н.Энхцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахад “баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн, баруун шагайн гадна хавчаарын далд хугарал” гэмтлүүд нь тус тусдаа хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо өгсөн “...баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бол унах үед, эвгүй гишгэх, эргэлттэй хөдөлгөөн хийх зэргээс болоод үүссэн байх боломжтой, харин цус хуралтууд үүсэх боломжгүй юм. ...яг үүний улмаас энэ нь хугарсан гээд нарийн тогтоогоод хэлэх боломж байхгүй. ...хохирогчид учирсан гэмтлүүд мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...шуунд богтос, шуу гээд 2 яс байгаа. Тулж унахад бугалгатай хэсгийн хугарал ихэвчлэн үүсдэг. Алгадахад бол гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Алгадлаа гээд дал эсвэл баруун бугалга нь дээр цус хуралт үүсэхгүй. ...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч М.Нямцэрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байхад дээрх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 10 дугаар сарын 3-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 5-172г тоот гэртээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Нямцэрэнтэй маргалдаж, улмаар нүүр рүү нь гараараа алгадан унагааж түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, баруун бугалганы цус хуралт, нурууны зэрэгцээ байрласан цус хуралт, баруун шилбэний цус хуралт...” бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Нямцэрэнгийн “...миний нөхөр Б нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр намайг гэртээ очиход надад архи уулгасан. Тэгээд шөнө 01 цагийн үед гурил илддэг гурилын илдүүрээр намайг зогсоо зайгүй зодсон. Би хүүхдээ хамгаалаад тонгойсон чинь толгой тархигүй цохьсон. ...” /хх 8-9/,

“...2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Б, Гүрээ болон Оюунаа нарын хамт архи уусан. Би тэр өдөр Гүрээгийн гэрт ороход Гүрээ гэх хүн хөлгүй эхнэрээ зодох гээд байхаар нь дундуур нь ортол Б надад хандаж, чи айлын амьдралд орлоо, чамд ямар хамаатай юм” гээд уурлаад байхаар нь бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Б гарч яваад би Гүрээгийн гэрт үлдэж, Оюунаатай хамт 2 литрийн нэг пиво хувааж уусан. Би ууж дуусаад Бийн араас 23 цагийн үед орсон. Намайг ороход Б гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд намайг нялх хүүхэд тэвэрчихээд гадуур архи ууж, хачин айлд хүүхэд авч орлоо гэж хэрүүл эхэлсэн. Б миний нүүрэн тус хэсэгт хоёр удаа алгадаад, шилэн хүзүүний ар хэсэгт гараа атгаж байгаад цохьсон. ...” /хх 10-11/,

          гэрч Ц.Гүррагчаагийн “...Нямцэрэн нь гаднаас ирэхдээ хүүхдээ тэвэрч орж ирсэн бөгөөд архи уучихсан байсан. Манай гэрт байсан Амраа, Наран-Эрхэс нараар Нямцэрэнг гэрт нь хүргүүлсэн юм. Хэсэг хугацааны дараа Нямцэрэн нь зодуулсан байдалтай орж ирсэн.” /хх 87-88/,

         шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хамтран амьдрагч М.Нямцэрэнг архи уусан байхаар нь “хүүхэд дагуулж архи уулаа” гэж уурлаад хоёр удаа алгадсан. Бид хоёр хоорондоо зодолдож, М.Нямцэрэн нь миний өмсөж байсан цамцыг урсан байсан. ...” /хх 58-61/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бол унах үед, эвгүй гишгэх, эргэлттэй хөдөлгөөн хийх зэргээс болж үүссэн байх боломжтой. Бусад цус хуралтууд бол ер нь боломжгүй. ...гадна хавчаарын далд хугарал бол ихэнхи тохиолдолд хальтарч унах, эвгүй гишгэх тохиолдолд үүсэж болдог. Яг юуны улмаас хугарсан гэдгийг нарийн тогтоогоод хэлэх боломж байхгүй. ...тулж унахад бугалгатай хэсгийн хугарал ихэвчлэн үүсдэг...” /хх 146-147/ гэх мэдүүлгүүд,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 5-6/, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 822.3184 дугаартай албан бичгийн хавсралт /хх 35-36/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /хх 81-83, 86/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Э.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй нь буруу болсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Прокурор А.Ариунаагийн бичсэн “...Э.Б нь М.Нямцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, прокурор хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээгүй нотлоогүй байна гэж үзэв.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шинжээч Н.Энхцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бол унах үед, эвгүй гишгэх, эргэлттэй хөдөлгөөн хийх зэргээс болж үүссэн байх боломжтой. Бусад цус хуралтууд бол ер нь боломжгүй. ...гадна хавчаарын далд хугарал бол ихэнхи тохиолдолд хальтарч унах, эвгүй гишгэх тохиолдолд үүсэж болдог. Яг юуны улмаас хугарсан гэдгийг нарийн тогтоогоод хэлэх боломж байхгүй. ...тулж унахад бугалгатай хэсгийн хугарал ихэвчлэн үүсдэг...” /хх 146-147/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч М.Нямцэрэнгийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Бийн үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокурор яллах дүгнэлтдээ, шүүгдэгч Э.Бийг хохирогч М.Нямцэрэнг гурилын илдүүрээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр буюу баруун шагайн гадна хавчаарын далд хугарал, баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн хугарал тус тус учруулсан гэсэн байх бөгөөд уг дүгнэлт нь логикын болон үйлдэл, үр дагаврын хувьд зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хохирогчийг гурилын илдүүр модоор цохисноос уг гэмтлүүд учирсан байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх уг байдалд дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг өөрчилж, улмаар зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүх, шүүгдэгч Э.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тогтоогоогүй байх бөгөөд тэрээр 35 хоног цагдан хоригдсон баримт хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тооцож үзэхэд /35*8/=280 цаг болж байх бөгөөд шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, /420-280/=140 цагийн хугацаагаар тогтоов.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор А.Ариунаагийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцээ овгийн Энхээгийн Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцээ овгийн Энхээгийн Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

- 4 дэх заалтад “Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул ялтан Э.Бийн цагдан хоригдсон 35 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай” гэснийг “Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 280 цагийг хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 140 цагаар тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор А.Ариунаагийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ