Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 14

 

2019       12          30                                  2020/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогч, шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч  Ю.Тогмид,

шүүгдэгч С.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гончиг овгийн Г.О , Боржигон овгийн С.Т  нарт  холбогдох эрүүгийн 1911028341328 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Гончиг овгийн Г.О , 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, нийслэл авто угаалгын газар ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-428 оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Боржигон овгийн С.Т , 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-907а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.О  нь 2019 оны 10 дугаар сарны 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Мөнхсэдэдийг шалтгаангүйгээр толгойд нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Отгонбаярыг найз Б.Мөнхсэдэдийг нь чулуугаар цохисны улмаас цээжинд жийж унагаан эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч, шүүгдэгч Б.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/,

Хохирогч Б.Мөнхсэдэд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай хуурай дүү болох Төрболдын төрсөн өдөр болсон болохоор 25 дугаар эмийн сангийн тэнд байх караокед 22 цагийн үед надтай нийлээд долуулаа ороод 0.7 граммын нэг шил Эдэн архи хувааж уусан. Караокегоос 00 цаг өнгөрч байхад гараад Төрболд, Төмөр, Баттулга, Энхжин, Даваа нарын хамт бааранд орох гэж байгаад гэртээ ойрхон газарт оръё гэж ярилцаад 57 дугаар сургуулийн замын эсрэг талд байх нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 700 граммын нэг шил Эдэн архи 4 ширхэг 0.5 граммын пиво авч Баттулгаас бусад нь хувааж уусан. Уг бааранд бүжиглэж байгаад 03 цагийн үед гарах болоод манай дүү нар болох Төрболд, Төмөр, Баттулга, Энхжин, Даваа нар байхгүй, би баарны тооцоог хийчхээд гадаа гартал Төмөр, Даваа хоёр замын хажууд үл таних 4 залуутай маргалдаж байсан. Ингээд би Төрболд, Төмөр, Баттулга, Энхжин, Даваа нарын хамтаар 57 дугаар сургуулийн урд талын гудамжинд явж байтал миний араас үл таних залуу буюу эрүүлжүүлэхэд орсон залуу хөөе нааш ир зодолдъё гээд дуудахаар нь би дүү нараа цаашаа явж бай гэж хэлээд цааш нь явуулчхаад өөрөө нэг залуутай уулзахаар очоод “яасан бэ яагаад ингээд байгаа юм бэ” гээд асуутал уг залуу зодолдъё гэсэн юм. Тэгтэл цаанаас уг залуугийн гурван найз ирж явсан энэ үед уг үл таних залуу гартаа барьсан чулуугаараа миний толгойны орой хэсэгт цохисон. Миний толгой эргээд газарт унасан байхад надтай хамт явж байсан манай дүү нар уг үл таних залууг надаас салгасан. Би дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний биед гэзэгтэй үл таних залуу буюу Отгонбаяр гэх залуу гартаа барьсан чулуугаараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Хохирогч Д.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би Дашням, Энхболд хоёроос салаад тэр залуучуудыг дагаад цаашаа гудамж руу орсон юм. Тэгтэл нөгөө миний өмөөрсөн залуутай дахиад маргалдаад байж байсан юм. Би дахиад очоод өмөөрөөд тэнд байсан залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж газарт унагаасан болохоор би нүүрээ дараад газарт хэвтэхэд намайг өшиглөөд цээж рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч М.Даваабаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг бааранд бүжиглэж байгаад хэдэн цагийн үед гэдгээ мэдэхгүй гарах болоод Баттулга, Төрболд бид нар түрүүлээд гадаа гараад тамхилж байсан. Бааран дотор Мөнхсэдэд, Төмөр, Энхжин нар үлдсэн байсан ба Төмөр хэн нэгэнтэй муудалцаад бөөндөө гарч ирсэн. Баарны гадна талд би болон Төрболд, Төмөр бид гурав үл таних 4 залуутай Төмөрөөг өмөөрөөд маргалдсан юм. Энхжин, ах Төрболд бид хоёрыг 57 дугаар сургуулийн урд талын гудамжинд ороод байж бай араас чинь очъё гэж хэлсэн болохоор Төрболдын хамтаар түрүүлээд явсан. Эргээд хартал манай найзууд болох Мөнхсэдэд, Энхжин, Төмөр, Баттулга нар ирж явсан. Гудамжинд нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байтал манай хэдийн араас нөгөө үл таних 4 залуу ирж явсан. Мөнхсэдэдийг араас нь ирж байсан 4 залуугийн нэг нь цохиод авахад Мөнхсэдэд газарт унаж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Э.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид нар бааранд байж байхад нэг гэзэгтэй үл таних залуу хүн болгонтой маргалдах гээд байсан. Баарнаас хэдэн цагийн үед гарсан гэдгээ мэдэхгүй байгаа бөгөөд Мөнхсэдэд үлдэж тооцоо хийгээд Төмөр, Даваабаяр, Төрболд, Энхжин бид нар гадаа гарсан. Би эргэж баар луу Мөнхсэдэд дээр оччихоод эргээд гарахад Төмөр, Даваабаяр, Төрболд, Энхжин 4 замын эсрэг талд зам гараад зогсож байсан. Би Мөнхсэдэдийн хамт араас нь очоод зургуулаа 57 дугаар сургуулийн урд талын гудамж руу ороод миний урд Мөнхсэдэд, манай нөгөө хэд явж байсан. Би хамгийн ард талд явж байтал нөгөө бааранд хүмүүстэй маргалдаад байсан гэзэгтэй залуу араас хөөе пиздаануудаа одоо үзье гээд гартаа чулуу атгачихсан зогсож байсан. Тэгэхээр нь би чи ямар ядаргаатай юм бэ, чи зүгээр яв гэж хэлтэл явахгүй зогсоод байсан. Мөнхсэдэд нөгөө үл таних залуу дээр яваад очтол үл таних залуу гартаа барисан чулуугаараа Мөнхсэдэдийн толгой орчим цохиод авсан чинь Мөнхсэдэд газарт уначихсан. Тэгтэл миний урд манай найзууд болох Төмөр, Энхжин, Даваабаяр нар гүйгээд нөгөө үл таних залуу дээр очсон. Би эргэж хараад дөхөөд очиход Мөнхсэдэдийн толгойг хагалсан эрэгтэй газарт уначихсан хажууд нь манай найз Төмөр, Энхжин, Даваабаяр нар байсан. Ингээд Мөнхсэдэдийн толгой хагарсан байсан болохоор Мөнхсэдэд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Уг үл таних залуу бааранд хүмүүстэй маргалдаад байсан ба тэр маргалдсан хүмүүсээ бид нарыг гэж бодсон байх...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч Б.Энхжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Араас үл бааранд хүмүүстэй маргалдаад байсан гэзэгтэй залуу араас хөөе пиздануудаа одоо үзье гээд гартаа чулуу атгачихсан зогсож байсан. Тэгэхээр нь Баттулга чи ямар ядаргаатай юм бэ, чи зүгээр яв гэж хэлтэл явахгүй зогсоод байсан. Мөнхсэдэд нөгөө үл таних залуу дээр яваад очтол үл таних залуу гартах чулуугаараа Мөнхсэдэдийн толгой орчимд цохиод авсан чинь Мөнхсэдэд газарт уначихсан. Би Төмөр, Даваабаяр нарын хамт гүйгээд нөгөө үл таних залуу руу очиход Төмөр үл таних залуугийн цээж орчимд цохиод авахад үл таних залуу газарт унасан юм. Ингээд би Төмөрийг тэр залуугаас салгасан...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч Х.Дашням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгонбаяр явлаа гэж хэлээд нөгөө залуучуудын араас нь дагаад явахаар нь Энхболд намайг дагуулаад замын эсрэг тал руу гартал нэг хүн зодуулж байгаа юм шиг чимээ гарахаар нь гүйгээд очтол Отгонбаярыг нөгөө залуучууд зодож байсан. Би араас нь яваад очиход үл таних залуучуудын нэг залуугийн толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Гэрч Х.Энхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Дашням бид хоёр юм яриад зогсож байтал цаад гудамжинд хүн орилох шиг болохоор нь араас нь яваад очиход Отгонбаяр газарт уначихсан. Отгонбаярын хажууд 1-2 хүн байсан. Арай цаана хэдэн залуучууд зогсож байсан. Цаанаас нэг залуу ирснээ танай найз чинь толгой хагалчихлаа ш дээ гээд толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Гэрч Э.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг гэзэгтэй залуу олуулаа явж байгаа залуучуудын нэгнийх нь толгойг хагалсан бололтой л маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12875 дугаар дүгнэлтэд: “...Б.Мөнхсэдэдийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12955 дугаар дүгнэлтэд: “...Г.О ын биед духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 45-46/

Шүүгдэгч Г.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дашням, Энхболд хоёроос салаад тэр залуучуудыг дагаад цаашаа гудамж руу орсон юм. Тэгтэл нөгөө залуучууд миний өрөөмсөн залуутай дахиад маргалдаад байж байх шиг байсан. Би дахиад очоод өмөөрөөд тэнд байсан нэг залуутай маргалдсан. Тэр залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж газарт унагаасан. Би Мөнхсэдэд гэх залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 57-58/,

Шүүгдэгч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн үед 57 дугаар сургуулийн урд талын гудамжаар ороод явж байтал нөгөө надтай маргалдаад байсан гэзэгтэй залуу араас гүйж ирээд чулуу шидээд байхаар нь Мөнхсэдэд бид нарыг байж бай, би очоод уулзаадахья гээд явсан. Тэгтэл нөгөө үл таних залуу Мөнхсэдэдийг чулуугаар толгой орчимд цохисон юм. Ингээд бид нар гүйж очоод уг үл таних залууг Мөнхсэдэдээс салгаад зууралдаад түүнийг цээж рүү нь түлхсэн юм. Мөнхсэдэд цагдаа дууд гэж хэлтэл нөгөө үл таних залуу би зодуулсан гээд газарт унаад хэвтсэн бөгөөд нэг залуу бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71, 86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70, 84/  оршин суугаа газрын тодорхойлолт /хх 75/, шүүгдэгч Г.О ын ажлын газрын тодорхойлолт /хх 78/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 342 дугаар тогтоол /хх 108-109/, хохирогч Г.Мөнхсэдэдийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 100/, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /98-99/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О  нь 2019 оны 10 дугаар сарны 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Мөнхсэдэдийг шалтгаангүйгээр толгойд нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Отгонбаярыг найз Б.Мөнхсэдэдийг нь чулуугаар цохисны улмаас цээжинд жийж унагаан эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/, хохирогч Б.Мөнхсэдэдийн “...Тэгтэл цаанаас уг залуугийн гурван найз ирж явсан энэ үед уг үл таних залуу гартаа барьсан чулуугаараа миний толгойны орой хэсэгт цохисон. Миний толгой эргээд газарт унасан байхад надтай хамт явж байсан манай дүү нар уг үл таних залууг надаас салгасан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, хохирогч Д.Отгонбаярын “...тэнд байсан залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж газарт унагаасан болохоор би нүүрээ дараад газарт хэвтэхэд намайг өшиглөөд цээж рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч М.Даваабаярын “...Эргээд хартал манай найзууд болох Мөнхсэдэд, Энхжин, Төмөр, Баттулга нар ирж явсан. Гудамжинд нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байтал манай хэдийн араас нөгөө үл таних 4 залуу ирж явсан. Мөнхсэдэдийг араас нь ирж байсан 4 залуугийн нэг нь цохиод авахад Мөнхсэдэд газарт унаж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/, гэрч Э.Баттулгын “...Мөнхсэдэд нөгөө үл таних залуу дээр яваад очтол үл таних залуу гартаа барисан чулуугаараа Мөнхсэдэдийн толгой орчим цохиод авсан чинь Мөнхсэдэд газарт уначихсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Б.Энхжингийн “...Би Төмөр, Даваабаяр нарын хамт гүйгээд нөгөө үл таних залуу руу очиход Төмөр үл таних залуугийн цээж орчимд цохиод авахад үл таних залуу газарт унасан юм. Ингээд би Төмөрийг тэр залуугаас салгасан...” гэх мэдүүлэг /хх 29-30/, гэрч Х.Дашнямын “...Би араас нь яваад очиход үл таних залуучуудын нэг залуугийн толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/, гэрч Х.Энхболдын “...Цаанаас нэг залуу ирснээ танай найз чинь толгой хагалчихлаа ш дээ гээд толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/, гэрч Э.Ганбатын  “...Уг гэзэгтэй залуу олуулаа явж байгаа залуучуудын нэгнийх нь толгойг хагалсан бололтой л маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12955, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12875 дугаар дүгнэлтүүд /хх 40, 45-46/, шүүгдэгч Г.О ын “...Тэр залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж газарт унагаасан. Би Мөнхсэдэд гэх залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 57-58/, шүүгдэгч С.Төмөрын “...Ингээд бид нар гүйж очоод уг үл таних залууг Мөнхсэдэдээс салгаад зууралдаад түүнийг цээж рүү нь түлхсэн юм. Мөнхсэдэд цагдаа дууд гэж хэлтэл нөгөө үл таних залуу би зодуулсан гээд газарт унаад хэвтсэн бөгөөд нэг залуу бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 52-53/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Төмөр, Г.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Төмөр, Г.О  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөр, Г.О  нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Мөнхсэдэд нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Г.О тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардал Г.О аас ямар нэгэн зүйл, мөнгө нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”, мөн хохирогч, шүүгдэгч Г.О  нь ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гончиг овгийн Г.О , Боржигон овгийн С.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Төмөр, Г.О  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Төмөр, Г.О  нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН