Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 297

 

 

 

 

 

 

    2020            3             10                                         2020/ДШМ/297          

 

 

 

                               Г.О, С.Т нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч, хохирогч Г.Оын өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Г.О, С.Т нарт холбогдох эрүүгийн 1911028341328 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.О, С.Т, 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.Мөнхсэдэдийн толгойг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Б.Мөнхсэдэдийг нь Б.Отгонбаяр чулуугаар цохисноос шалтгаалан түүний цээжинд нь жийж унагаан, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.О, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гончиг овгийн Г.О, Боржигон овгийн С.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Т, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Ц.Батбямба бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... ажиллагааг ямар хугацаанд ... хийх...”-ийг тусгахаар хуульчилсан байхад торгох ял биелүүлэх хугацааны талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн байна.

Хэрэв шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ю.Тогмид “тус шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.Мөнхсэдэдийн толгойг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Б.Мөнхсэдэдийг нь Б.Отгонбаяр чулуугаар цохисноос шалтгаалан түүний цээжинд нь жийж унагаан, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус болох нь:

хохирогч Б.Мөнхсэдэдийн  “...Тэгтэл цаанаас уг залуугийн гурван найз ирж явсан, энэ үед уг үл таних залуу гартаа барьсан чулуугаараа миний толгойны орой хэсэгт цохьсон. Миний толгой эргээд газарт унасан байхад надтай хамт явж байсан манай дүү нар уг үл таних залууг надаас салгасан. ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний биед гэзэгтэй үл таних залуу буюу Отгонбаяр гэх залуу гартаа барьсан чулуугаараа цохиж учруулсан. ...” /хх 15-16/,

хохирогч Д.Отгонбаярын “...Би Дашням, Энхболд хоёроос салаад тэр залуучуудыг дагаад цаашаа гудамж руу орсон юм. Тэгтэл нөгөө миний өмөөрсөн залуутай дахиад маргалдаад байж байсан юм. Би дахиад очоод өмөөрөөд тэнд байсан залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж, газарт унагаасан болохоор би нүүрээ дараад газарт хэвтэхэд цээж рүү өшиглөөд байсан. ...” /хх 19-20/,

гэрч М.Даваабаярын “...Эргээд хартал манай найзууд болох Мөнхсэдэд, Энхжин, С.Т, Баттулга нар ирж явсан. Гудамжинд нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байтал манай хэдийн араас нөгөө үл таних 4 залуу ирж явсан. Мөнхсэдэдийг араас нь ирж байсан 4 залуугийн нэг нь цохиод авахад Мөнхсэдэд газарт унаж байсан. ...” /хх 23-24/,

гэрч Э.Баттулгын “...Би хамгийн ард талд явж байтал нөгөө бааранд хүмүүстэй маргалдаад байсан гэзэгтэй залуу араас “хөөе пиздаануудаа одоо үзье” гээд гартаа чулуу атгачихсан зогсож байсан. Тэгэхээр нь би “чи ямар ядаргаатай юм бэ, чи зүгээр яв” гэж хэлтэл явахгүй зогсоод байсан. Мөнхсэдэд нөгөө үл таних залуу дээр яваад очтол үл таних залуу гартаа барьсан чулуугаараа Мөнхсэдэдийн толгой орчим цохиод авсан чинь Мөнхсэдэд газарт уначихсан. ...Мөнхсэдэдийн толгойг хагалсан эрэгтэй газарт уначихсан, хажууд нь манай найз С.Т, Энхжин, Даваабаяр нар байсан. ...” /хх 27-28/,

гэрч Б.Энхжингийн “...Араас үл таних бааранд хүмүүстэй маргалдаад байсан гэзэгтэй залуу араас “хөөе пиздануудаа одоо үзье” гээд гартаа чулуу атгачихсан зогсож байсан. Тэгэхээр нь Баттулга “чи ямар ядаргаатай юм бэ, чи зүгээр яв” гэж хэлтэл явахгүй зогсоод байсан. Мөнхсэдэд нөгөө үл таних залуу дээр яваад очтол үл таних залуу гар дахь чулуугаараа Мөнхсэдэдийн толгой орчимд цохиод авсан чинь Мөнхсэдэд газарт уначихсан. Би С.Т, Даваабаяр нарын хамт гүйгээд нөгөө үл таних залуу руу очиход С.Т үл таних залуугийн цээж орчимд цохиод авахад үл таних залуу газарт унасан юм. Ингээд би С.Тийг тэр залуугаас салгасан. ...” /хх 29-30/,

гэрч Х.Дашнямын “...Отгонбаяр явлаа гэж хэлээд нөгөө залуучуудын араас нь дагаад явахаар нь Энхболд намайг дагуулаад замын эсрэг тал руу гартал нэг хүн зодуулж байгаа юм шиг чимээ гарахаар нь гүйгээд очтол Отгонбаярыг нөгөө залуучууд зодож байсан. Би араас нь яваад очиход үл таних залуучуудын нэг залуугийн толгойноос нь цус гарсан байсан. ...” /хх 33-34/,

гэрч Х.Энхболдын  “...Дашням бид хоёр юм яриад зогсож байтал цаад гудамжинд хүн орилох шиг болохоор нь араас нь яваад очиход Отгонбаяр газарт уначихсан. Отгонбаярын хажууд 1-2 хүн байсан. Арай цаана хэдэн залуучууд зогсож байсан. Цаанаас нэг залуу ирснээ танай найз чинь толгой хагалчихлаа ш дээ гээд толгойноос нь цус гарсан байсан. ...” /хх 35-36/,

шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “...Тэр залуучуудын нэг жижигхэн бор залуу над дээр ирээд намайг миний цээж хэсэг рүү жийж газарт унагаасан. Би Мөнхсэдэд гэх залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 57-58/,

шүүгдэгч С.Тийн яллагдагчаар өгсөн “...Тэгтэл нөгөө үл таних залуу Мөнхсэдэдийг чулуугаар толгой орчимд цохьсон юм. Ингээд бид нар гүйж очоод уг үл таних залууг Мөнхсэдэдээс салгаад зууралдаад түүнийг цээж рүү нь түлхсэн юм. Мөнхсэдэд цагдаа дууд гэж хэлтэл нөгөө үл таних залуу би зодуулсан гээд газарт унаад хэвтсэн бөгөөд нэг залуу бичлэг хийсэн. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12875 дугаартай “...Б.Мөнхсэдэдийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12955 дугаартай “...Г.Оын биед духанд зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 45-46/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О, С.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.О, С.Т нар хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокурор Ц.Батбямбын “...шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй. ...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Г.О, С.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалт болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Г.О, С.Т нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, С.Т нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ