Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 676

 

З.О, Ө.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Солонго,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дүүргийн прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр З.О, Ө.С нарт холбогдох эрүүгийн 201725011153 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

З.О, Ө.С нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Г.Ээд хүч хэрэглэн, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.О, Ө.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...З.О, Ө.С нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, З.О, Ө.С нарыг тус бүр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар З.О, Ө.С нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, З.О, Ө.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дүүргийн прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заажээ. Иймд шүүхээс ялтан З.О, Ө.С нарт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцон, ял оногдуулж шийдвэрлэх байсан. Ялтан нарын нийт эдлэх ялыг тогтоохдоо шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна. Иймд З.О, Ө.С нарт холбогдох Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор С.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.    

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх З.О, Ө.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариулага хүлээлгэх ... асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэлэлцэх асуудлуудыг заасан бол мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ  шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж дахин зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн шийдвэрлэхээр байна.   

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлуудыг нэг удаа зөвлөлдөн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.О, Ө.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэлэлцээгүй болно.