Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0061

 

2021.01.22-ны өдөр 221/МА2021/0061

 

 

 

 

 

 

 

 

 

  “Б” ХХК- нарын 5 компанийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “Б” ХХК-, “С” ХХК-, “Сэ” ХХК- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгч “Б” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б” ХХК- нарын 5 компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-, “Б*******” ХХК, “Б” ХХК-, “С” ХХК-, “Сэ” ХХК--иудаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-, “Б*******” ХХК, “Б” ХХК-, “С” ХХК-, “Сэ” ХХК--иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12ны өдрийн 648 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нараас дээрх Улаанбаатар хотын усны “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхацсан хэмжээтэй маргаагүй бөгөөд зөвхөн уг тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрийн энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хэтэрхий өргөн хүрээгээр тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно” гэжээ. Нэхэмжлэгч нар дээрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор бүс тогтоосон гэх асуудал дээр хэд хэдэн үндэслэлээр маргаж ирсэн гэтэл түүнийг дүгнэлгүй орхижээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч Усны энгийн хамгаалалтын бүсийг голын эргээс 200 метр байхаар хуульчилж, журамлж тогтоосон. Гэтэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгдийн 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан хэмжээг хэт давж хуулийг зөрчиж гарсан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолтой маргаагүй боловч нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн тогтоолыг үндэслэхгүй байх эрх нь хуулиар байгаа билээ. Тиймээс хуульч зөрчиж бүсийг илүү хэмжээгээр тогтоосон тогтоолыг дагаж мөрдөх үүргийг нийслэлийн Засаг дарга хүлээхгүй мөн шүүх дүгнэлтээрээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон бүс хуулиас давж бүс тогтоосон байна гэж дүгнэх боломжтой юм.

Мөн 50 дугаар тогтоолын тогтоох хэсэг болон 2 дугаар заалтад Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-ыг баримтлан ажиллахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Тус журсын 2 дугаар зүйлийн 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан бөгөөд хориглох үйл ажиллагаанд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглоогүй юм. 2 сайдын тушаалаар баталсан тус журмаас өмнө мөрдөж байсан журамд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглож байгаад хассан байдаг. Тиймээс хэрэв энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэж байгаа бол журмын дагуу үйл ажиллагаа явуулж болох зохицуулалт байгаад дүгнэлт хийх ёстой.

Хоёрт: нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч компаниудыг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж хариуцагч дүгнэдэг. Хэрэв хуулийг давж энгийн хамгаалалтын бүс тогтоож байгаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгч, Тэргүүлэгдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт хүчин төгөлдөр хууль зөрчөөгүй, нэхэмжэгч компаниудын газар давхцалтай байна гэж үзэж байгаа бол нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын Ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсугай гэснийг дүгнэж шийдвэрлэх ёстой юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан хүчин төгөлдөр гэж л дүгнэснээс биш энгийн хамгаалалтын бүсийг хуульд заасны дагуу биш хэт өргөнөөр тогтоосон эсэх, бага тогтоосон эсэх талаар дүгнээгүй юм. Гэтэл шүүхээс дүгнэлтийг буруу тайлбарлаж хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийджээ.

Гуравдугаарт: Нэхэмжлэгч компаниуд нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлийг огт хүлээн зөвшөөрдөггүйг дурьдах нь зүйтэй. Хэрхэн яаж энэ үндэслэлд орох болсноо компаниуд мэдээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хамтарсан шалгалтын тайлангийн хавсралтаар ирсэн судалгаа гэгчээс харж акт, албан шаардлага авсан л бол нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлд хамрагдаж тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг компаниуд олж мэдсэн. Дээрх судалгаа нь НБОГ, НМХГ-ын дарга нарын хамтран баталсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 28-ны хүртэлх шалгалтын тайлан хавсралт, дээрх хавсралтаас харахад нэхэмжлэл гаргасан 5 компанийг торгож арга хэмжээ авсан. Нэг буруутай үйлдэлд давхардуулан хариуцлага тооцох ёсгүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шат дараатай арга хэмжээ авах ёстой. Шүүх яригдсан үндэслэлүүдэд огт дүгнэлт хийгээгүй нь харагдаж байна.

Түүнчлэн албан шаардлагууд нь хоорондоо ижилхэн мөн актууд нь ч бүгд хоорондоо ижилхэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр шалгалт үнэн зөв бодитой хийгдсэн эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл энэ олон байгууллагуудад шалгалт хийхэд үр дүн нь ингэж ижилхэн байх боломжгүй бөгөөд урьдчилан албан шаардлага, актыг бэлдсэн мэт байгааг анхаарч дүгнэлт өгөх ёстой.

Дөрөвдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргаж байгаа захиргааны актын шаардлагыг хуульчилсан. Тус маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамж хуулийн захиргааны актыг гаргах бодит нөхцөл, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн шаардлагуудыг огт хангаагүй байгаад дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн нарын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, Ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр цуцалсан гэтэл хариуцагч шүүхэд тайлбар өгч, нотлох баримт гаргаж өгөхдөө уучлаарай танай 5 компани нөхөн сэргээлт хийсэн байна, бас зарим компани чинь 3 жил үйл ажиллагаа явуулаагүй юм байна шүү тэгэхээр захирамжийн 2 дахь заалтад бас хамаарна гэх зэргээр тайлбарлаж байгаа ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй, оролцогч нарын оролцоог хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гарсныг харж болох юм.

Тавдугаарт нэхэмжлэгч нарын хувьд бүгд өөр, өөр үндэслэл ярьж маргаж байхад огт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0648 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-, “Б*******” ХХК, “Б” ХХК-, “С” ХХК-, “Сэ” ХХК- нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр нийт 62 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2005 онд “Б” ХХК--д олгосон MV-010489, 2005 онд “Б*******” ХХК-д олгосон MV-017071, 2008 онд “Б” ХХК--д олгосон MV-013282, 1996 онд “С” ХХК--д олгосон MV-000284, 2008 онд “Сэ” ХХК--д олгосон MV-013362 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Үндэслэл болгосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор “ундны усны эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүх, “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс”-ийг 1, 3, 6, 7 дугаар хавсралтаар тогтоожээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гэж, 37 дугаар зүйлийн 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж, 37.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар нарийвчлан зохицуулсан, тухайлбал аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн тогтоолыг үндэслэхгүй байх эрхтэй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг хавсралт лавлагаа болон бусад баримтуудаар нэхэмжлэгч “Б” ХХК--ийн MV-010489 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах 30.95 гектар талбай, “Б” ХХК-ийн MV-017071 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах 38.1 гектар талбай, “Б” ХХК--ийн MV-013282 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах 59.14 гектар талбай, “С” ХХК--ийн MV-000274 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах 30.54 гектар талбай “Сэ” ХХК--ийн MV-013362 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах 60.72 гектар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар баталсан ойн сан бүхий газрын хилийн зааг, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нэхэмжлэгч компаниудын бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр албан шаардлагуудыг хүргүүлж, албан шаардлагын дагуу тодорхой ажил зохион байгуулж биелэлтийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар албан шаардлагыг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч компаниудын зүгээс гомдол гаргаагүй байх тул албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна гэж анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн, тодруулбал нэхэмжлэгч “Б*******” ХХК, “Сэ” ХХК--иудаас Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагад заасан зөрчлийг арилгах хугацаанд албан шаардлагад дурдагдсан зөрчлийг хэрхэн арилгасан талаар тайлбар, нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч компаниуд улсын байцаагч нарын албан шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч “Б” ХХК-, “Ба” ХХК, “Б” ХХК-, “С” ХХК-, “Сэ” ХХК--иудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлүүдээр цуцалсан, нэхэмжлэгч нар улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдсон тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн, анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН