Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 677

 

Л.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Ганчимэг,

Ялтан Л.Бын өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дүүргийн прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцэл, ялтан Л.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлуудаар Л.Бт холбогдох эрүүгийн 201625014121 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэн П.Эээс “алт худалдана” хэмээн итгүүлэн 20.117.000 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Л.Б бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.  

 

Дүүргийн прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Л.Б нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Л.Бын 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үйлдсэн залилах гэмт хэрэг нь дээрх галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх" гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн байна. Анхан шатны шүүх ялтны нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан ба тус зүйл хэсэгт "Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно" гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно", мөн зүйлийн 57.3 дахь хэсэгт "Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно" гэж тус тус заасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заажээ. Иймд анхан шатны шүүх нь ялтны нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах байсан байна. Шүүх ялтанд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заахдаа Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах байсан гэж үзэж байна. Түүнчлэн шүүх ялтан нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад 2 жил гэж бичсэн байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна. Иймд Л.Бд холбогдох Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.  

 

Ялтан Л.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, нийт 3 жилийн хорих ял эдлүүлэхээр заасан. Шүүх миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч П.Эээс 20.117.000 төгрөгийг авч, Мөнх-Одоос алт авч өгнө гэдгийг би тодорхой мэдүүлж ирсэн. Ямар учраас хохирогчид алт өгч чадаагүй гэдгээ мэдүүлж байсан. Найз Батдорж надаас хохирогч П.Эийн мөнгийг 1 хоногийн хугацаатай зээлэхээр гуйсан. Эхлээд 15.000.000 төгрөгийг шилжүүлж аваад дараа нь үлдэгдлийг нь бэлнээр авсан. Уг авсан мөнгөө маргааш өгнө гэж хэлсэн учир би итгэж түүнд мөнгийг өгсөн. Манай нутгийн бүх хүмүүс энэ тухай мэднэ. Би мөнгийг алдсан учир маш их айж, сандарч хохирогчид бүх үнэнээ хэлсэн. Найз нөхөд, ах, дүүгээсээ зээлж эхний ээлжинд 10.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Мөн хугацаа тохирч үлдэгдлийг нь бүрэн төлж дуусгасан. Миний хуулийн мэдлэг муу байдал, итгэмтгий зан, энэ талаар хэлж зөвлөх хүнгүйгээс болоод ийм байдалд орсон. Мөнгөө бусдад алдсан учир хохирогчийн мөнгийг шууд өгөх боломжгүй байсан. Би өдөр шөнөгүй ажиллаж байж төлбөрөө бага ч гэсэн барагдуулж байсан. Энэ хугацаанд Батдоржийн гэрт нь удаа дараа очиж сураг тавихаас гадна эхнэр, ах, дүү нарт нь өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж ойлгуулахыг оролдож ирсэн. Цагдаа миний энэ байдлыг мэднэ. “Хүнээ олоод ир. Тэгвэл асууна” гээд л өнгөрдөг байсан. Ганчимэг өмгөөлөгчид би бүх үнэнээ хэлсэн. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ төлөө явж, эрхийг нь хамгаалдаг гэж бодож байсан. Гэтэл “гадаад улс руу явлаа, өөр өмгөөлөгчид захиж хэлнэ” гээд Бадам өмгөөлөгчийг хуралд оруулсан. Шүүх хурал болдог өдөр ирээд хэрэг уншиж танилцаагүй атлаа хурлын зааланд хэргээ харсан, надаас юм асуух байх гэж найдсан. Гэтэл юу ч асуугаагүй. Би түүнд хандаж “хурлаа хойшлуулах уу?, миний хэргийг сайн харж амжсан уу” гэж асуусан. Миний хувьд болсон бүх зүйлээ үнэн зөв, шударгаар мэдүүлсээр ирсэн. Хохирогч П.Эийг хуурч мэхлэх ямар ч санаа байгаагүй. П.Э намайг ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ. Батдоржийг олох талаар шүүх цагдаа, прокурорт уламжилж өгөх боломж байгаа бол хэргийн шийдэл өөр байх болно гэж бодож байна. Та бүхэн миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би урьд нь ял шийтгүүлж байсан боловч шүүхээс надад үзүүлсэн итгэлийг хөсөрдүүлж байгаагүй. Ямар нэгэн зөрчил, хэрэг гаргаагүйг анхаарч үзнэ үү” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдэл, эс үйлдэхүйг" гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хууль/2002 оны/-ийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдсаныг шинэ Эрүүгийн хууль/2015 оны/-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Л.Быг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Миний үйлчлүүлэгч Л.Б урьд нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан байна. Анхан шатны шүүх Л.Бт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн оногдуулсан нэг жилийн хорих ял дээр дурьдсан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцээгүй гэж үзэж байна. Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Л.Быг гэм буруутайд тооцсон эцсийн үйлдлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих өдөр гэж дүгнэсэн. Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар Л.Бын 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үйлдсэн эрүүгийн 201625014121 дугаартай хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ цаг хугацааг харгалзсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж ял оногдуулсан нь буруу болсон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зуйлд "Тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх" журмыг нарийвчлан зохицуулсан ба шинэ хуулийн зохицуулалтаар "Тэнсэх" албадлагын арга хэмжээний агуулга, ойлголт эрс өөрчлөгдсөн. Хуучин үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар "Тэнсэх" албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүх тухайн гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулаад уг оногдуулсан хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзах тодорхой хугацаа тогтоож өгөхөөр зохицуулагдсан байсан. Тэгвэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль/2015 оны/-ийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулсан байна. Урьд үйлчилж байсан Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд уг хуулийн 58 дугаар зүйлд зааснаар буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлахаар зохицуулж байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль/2015 оны/-ийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, уг хуулийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, 6.9 дүгээр зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлан шийдвэрлэхээр заажээ. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Л.Бын хувьд шүүхээс түүнд оногдуулсан хорих ял шийтгэлийг тэнсэж хянан харгалзах хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг "тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Л.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ. Тус шүүхийн хэрэглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг зохицуулсан. Л.Бт холбогдох хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоол өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймээс цаг хугацааны хувьд болоод хууль зүйн үндэслэлийн хувьд түүний хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг нэгэн адил хэрэглэх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч Л.Б нь холбогдсон хэргийнхээ талаар тодорхой мэдүүлж ирсэн, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар давхар батлагдаж байгааг анхаарч үзнэ үү. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтуудад нийцээгүй тул анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх ялтан Л.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Л.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэн П.Эээс “алт худалдана” хэмээн итгүүлж, 20.117.000 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч П.Эийн “...2015 оны 8 дугаар сарын 31-ний орой танил Л.Б залгаад “368 грамм алт авах гэж байна. Мөнгөө хурдан шилжүүлчих” гэсэн. “Надад одоо бэлэн 1.500.000 төгрөг байна” гээд уг мөнгөө мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд маргааш нь “үлдсэн мөнгөө шилжүүлээ. Би хот руу явах гэж байгаа машинд дайгаад явууллаа” гээд жолоочийх нь дугаарыг өгсөн. Би тэр жолоочтой нь хүртэл ярьсан. Тэгээд би 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Наран-Амгалан ХААН банкны салбар дээрээс Л.Бын 5590046319 тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Л.Бын утасны дугаар холбогдохоо больсон. Би Истанагийн жолооч гэх хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Ингээд утас нь холбогдохгүй cap гаруй болсон. Би орой Нисэхийн спорт цогцолбор луу очиж, машин нь ирэх болов уу гэж зөндөө хүлээсэн. Л.Б утсаа асаахгүй cap болсон. Ямар ч холбоогүй байж байгаад нэг дугаарыг нь аваад залгахад огт ярихгүй, “мөнгийг чинь удахгүй өгнөө” гэсэн мессеж бичээд байсан тул би итгэж хүлээсээр байгаад өдийг хүрлээ. ...” /Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Алтанхуягийн “...2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Мөнх-Одод цагаан савтай алт байсан, граммыг нь мэдэхгүй байна. Эмний цагаан өнгийн савны ихэнх хэсгээр байсан. Тэр сав нь ойролцоогоор 8 см өндөртэй, хиам шиг бүдүүнтэй сав байсан. ...” /Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Л.Бын сэжигтнээр өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай найз Мөнх-Од алт байна, зарна гэхээр нь би Улаанбаатар хотод байдаг Нарангэрэлтэй яриад “365 грамм алт байна, Өмнөговь аймгийн ханшаар бодвол 20.117.000 төгрөгийн ханштай байна” гэж хэлсэн. Өмнө нь бид хэд хэдэн удаа алт өгөлцөж авалцаж байсан юм. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний орой миний 5590046319 тоот ХААН банкны данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь дээрх данс руу үлдэгдэл 18.617.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 365 грамм алтыг найз Мөнх-Од гэх залууд өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Алтыг угаасаа Мөнх-Од зарах гэж байсан юм. Би Мөнх-Од руу өмнөх өдрийн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Мөнх-Одыг П.Э, Нарангэрэл нартай утсаар яриулсан. Мөнх-Од Улаанбаатар хотод очоод алтны мөнгийг өгөхгүй болохоор нь өөр хүнд алтаа өгсөн байсан. ...П.Эт алт өгч явуулдаг өдөр найз Батдорж гэх залуу залгаад “надад хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би найз руугаа 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгсөн. Батдорж хэлэхдээ “маргааш мөнгийг чинь өгнө” гэсэн юм. Би Мөнх-Одод “алтаа П.Эт өгчих. Би мөнгийг нь хүнд зээлүүлсэн байгаа. Чамд би мөнгийг нь өгнөө. Алтаа өгөөрэй” гэж хэлсэн байсан. Маргааш нь Батдорж утсаа авахгүй, мөнгө өгөхгүй байсан чинь Мөнх-Од алтаа өөр хүнд зараад мөнгөө авсан байсан. Түүнээс хойш П.Э над руу залгаад мөнгөө нэхэхээр нь би найздаа залилуулснаа хэлээд “удаахгүй өгнө” гэж хэлдэг байсан. ...” /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

Л.Бын Хаан банкны Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Л.Б нь бусдад байгаа алтыг өөртөө байгаа мэт ойлгуулж, бусдын алтыг өөрөө захиран зарцуулах эрхгүйгээ мэдсээр байж, П.Эт “алт худалдана” гэж итгүүлэн 20.117.000 төгрөг авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Л.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Л.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь хуульд нийцэхээр байх бөгөөд анхан шатны шүүх түүний дээрх үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Л.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Ялтан Л.Б нь 60 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож, түүнийг 480 цаг нийтэд тустай ажил хийх ялыг эдэлсэн гэж үзэж, үлдэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Л.Б нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байдал нь хоёр тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх асуудлыг үүсгэж байна.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан, гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын тэнсэх, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болж, хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн нөхцөл байдал байна.

 

Хоёр хуулийн хэрэглээний зааг дээр дээрх нөхцөл байдлыг хэрхэн хэрэглэх талаар хуульд тодорхой заагаагүй, аль аль хуулийнх нь хэрэглээний явцад эрх зүйн үр дагаврууд үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн үзэл баримтлалд үндэслэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнссэн асуудлыг хөндөхгүй орхив.

 

Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” гэж заажээ.

 

Л.Бын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан зүйл, хэсэгт хөнгөрснөөр эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн зүйл, хэсгээр үйлдсэн хэргийг нь зүйлчлэхээр байх боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болон мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг болон хэд хэдэн тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх нь Л.Бын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

 

Ялтны өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн давж заалдах гомдлын “... Хуучин үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар "Тэнсэх" албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүх тухайн гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулаад уг оногдуулсан хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзах тодорхой хугацаа тогтоож өгөхөөр зохицуулагдсан байсан. Тэгвэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль/2015 оны/-ийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулсан байна. Урьд үйлчилж байсан Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд уг хуулийн 58 дугаар зүйлд зааснаар буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлахаар зохицуулж байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль/2015 оны/-ийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, уг хуулийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, 6.9 дүгээр зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлан шийдвэрлэхээр заажээ. ...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй.

 

Иймд дүүргийн прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцэл, ялтан Л.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг /давж заалдах гомдлын хүлээн авснаас бусад хэсэг/ нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэлэлцэх асуудлуудыг заасан бол мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ  шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж дахин зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн шийдвэрлэхээр байгаад цаашид анхаарч хуульд нийцүүлэн хуралдааныг явуулах нь зүйтэй.