Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

      2016 оны 09 сарын 13 өдөр

     Дугаар 183/ШШ2016/00648

          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, консул 4 гудамжны 122 тоотод оршин суух Хатигин овогт Лопилийн Сарантуяагийн /РД:ЛЮ59082121/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 39/1-д байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэмцэх тэтгэмж болох нийт 6 728 888 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, гэрч Н.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Сарантуяа миний бие “Автобуснэг” компанийн захирлын 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар кондукторын ажилд орсон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б/361 тоот тушаалаар өндөр настны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад тасралтгүй 8 жил, 8 сар ажилласан.

2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобуснэг” ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байтал надад 1 сарын тэтгэмж өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж өгөхийг хүлээсэн боловч өгөхгүй хохироож байна. Зохих байгууллагад хандаж байсан болно.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн ҮЭХ-оос хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй талаарх баримтыг хавсаргаж өгсөн тул өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 6 728 888 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Миний бие 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах байтал нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч эрхийг минь зөрчсөн. “Автобуснэг” ОНӨААТҮГ татан буугдсан учир үлдсэн сарын тэтгэмжийг хариуцах үндэслэлгүй гэж хэлээд 1 сарын тэтгэмжийг өгсөн байсан. Гэтэл хамт ажиллаж байсан н.Даваацэрэнтэй тааралдаж “...шүүхээр явж тэтгэмжээ авч байгаа. Байгууллага татан буугдсан гэдэг нь худлаа юм байна. Аж ахуйн нэгж байгууллагууд нийлүүлсэн учир эрх үүрэг нь шилжсэн юм байна. Миний 2 шатны шүүхийн шийдвэр байна...” гэж хэлсэн тул би бас үлдсэн тэтгэмжээ авахаар ҮЭХ-ны дарга Н.Төрбаттай очиж уулзсан. Тэгээд л шүүхэд хандаж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан шалтгаан нь мэдээгүй, байгууллага татан буугдсан гэж хэлсэн. Тэгээд хүмүүс шүүхээр явж авч байна гэхээр нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгууллагад хандаж үлдсэн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан боловч байгууллага өргөдөл, гомдол барагдуулдаг байгууллага биш гэж хэлээд хүлээж аваагүй.

Иймд 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 6 728 888 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч Л.Сарантуяа нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар кондуктороор ажилд орж ажиллаж байгаад Захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны Б/361 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 841 111 төгрөг олгосон. Нэхэмжлэгчийн дансанд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус нэг ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй. Энэ тухайгаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 онд байгуулагдсан хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй тухай ҮЭХ-нд мэдэгдсэн болно. Яагаад гэхээд Автобус нэг ОНӨААТҮГ нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын  А/778 дугаар захирамжаар татан буугдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ  татан буугдах хугацааны туршид мөрдөнөө” гэсэн заалтыг баримтлан ажиллаж байгаа. НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоолоор “А-1”, “А-3”, Цахилгаан тээвэр” компаниудыг иргэний хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 сарын 01-ны өдрөөс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах” өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл хамтын гэрээг  шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хамтыг гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулая гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин  хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдсэн. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар  баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна”, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан учраас манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хууль зүйн хувьд боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын “ Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу нэхэмжлэгчид тэтгэмж 871 111 төгрөг олгосон.  Хариуцагчийн татгалзлын гол үндэслэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны Б/361 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 тоот тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 841 111 төгрөг олгоод дансанд нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орсон байдаг. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд  тэтгэмж авах шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч даруй ажлаас  ажлаас чөлөөлөгдөөд 1 жил 8 сар  тэтгэмжээ аваад 1 жил 7 сарын дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

“Автобуснэг” компанийн ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээ байдаг. Уг гэрээг бид үйл ажиллагаандаа  мөрдлөг болгохгүй. Энэ тухай бичгээр мэдэгдсэн байдаг. “Автобуснэг” компани Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А778 тоот захирамжаар татан буугдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-т “аж ахуйн нэгж байгууллага татан буух үед хамтын гэрээг татан буух үе хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж заасан. 132 дугаар тогтоолоор “Цахилгаан тээвэр”, “Автобуснэг”, “Автобус-3” компаниудыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийлүүлэн Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болгон өөрчилсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т “хамтын гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ажил олгогч болон ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ талаар байгууллага дээр хэлэлцээр хийгдээгүй. Харин шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдсэн байдаг. Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 4 үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажиллаж байгаа тул тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй. Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 5.2-т заасан учраас хамтын 3 гэрээг мөрдөж ажиллаж боломжгүй учир нэхэмжлэгчид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 841 111 төгрөг олгосон. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/361 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Л.Сарантуяагийн дансанд 1 сарын тэтгэмж орсон. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд тэтгэмж шаардах эрх нь үүснэ. Ажлаас чөлөөлөгдсөний дараа  1 жил 7 сарын хугацааны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар “эрхээ зөрчигдсөнөө мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах” ёстой. Гэтэл Л.Сарантуяа нь шүүхэд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч н.Даваацэрэнгээс мэдсэн гэж байна. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дансанд нь мөнгө дутуу орсныг хараад дутуу олгогдсоныг мэдэх ёстой байсан. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх нь үүссэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Сарантуяа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 6 728 888 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад 8 жил 8 сар ажилласан 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар байхад 1 сарын тэтгэмж олгож хохироосон, байгууллага татан буугдсан гэдэг үндэслэлээр эрх зөрчсөн гэсэн.

Хариуцагч нь “Автобуснэг” ОНӨҮГазар нь татан буугдсан учир хамтын гэрээг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохгүй, мөн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Л.Сарантуяа нь 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №10 тоот Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобуснэг” компанийн захирлын тушаалаар кондуктороор ажилд орж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №Б/361 тоот “Автобуснэг” ОНӨҮГазрын даргын тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар Сонсголон бригадын кондукторын ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна. /хэргийн 4, 6-8-р хуудас/

           Мөн нэхэмжлэгч Л.Сарантуяад 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Б/137 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 841 111 төгрөгний тэтгэмжийг олгожээ. /хэргийн 5-р хуудас/

            “Автобуснэг” ОНӨҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №132 дугаар тогтоолоор татан буугдаж, үйл ажиллагаа хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн тул Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар эрх, үүрэг хариуцлага нь шинээр бий болсон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжсэн бөгөөд нэхэмжлэгчид “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тэтгэмжийг олгосон талаар зохигч талууд маргаагүй болно.

            “Автобуснэг” ОНӨҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр “Хамтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсныг Хан-Уул дүүргийн Засаг даргад бүртгүүлсэн, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хамтын гэрээний хугацааг гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар сунгасан байх тул хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд хамтын гэрээний ажил олгогч талыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ гэж үзнэ.

            Тус гэрээний 8.5-д зааснаар “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад нь байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 3-21 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох”-оор заасан ба нэхэмжлэгч Л.Сарантуяа нь 8 жил 8 сар ажилласан тул түүнд 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох ёстой байхад “Автобуснэг” ОНӨҮГ-ын эрх залгамлагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Гэвч нэхэмжлэгчид тэтгэмжийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Б/137 тоот тушаалаар олгосон байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөрийн №0000000360 тоот даалгавраар тэтгэмжид 841 111 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хэргийн 39-р хуудас/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэдгийг хамт ажиллаж байсан Д.Даваацэрэнгээс мэдсэн, байгууллагадаа хүсэлт гаргаж байсан нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдоно, мөн хамтын гэрээний талаар маргаантай байсны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтэрсэн гэж тайлбарласан.

            Хариуцагч нь эрхээ зөрчигдсөн гэдгийг Д.Даваацэрэнгээс мэдсэн гэдгийг зөвшөөрөхгүй, тэтгэмж олгогдсоноор мэдэх боломжтой байсан, 1 жил 6 сарын хугацаанд байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэж маргасан.

            Хөдөлмөрийн гэрээний буюу хамтын гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Б/137 тоот тушаал гарснаар буюу мэдэх ёстой байсан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тэтгэмжид 841 111 төгрөгийг шилжүүлснээр үүссэн байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэдгийг Д.Даваацэрэнгээс мэдсэн гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хамтын гэрээнд заасан тэтгэмжийг бүрэн олгоогүй гэдгийг тэтгэмж авахдаа мэдсэн гэж тайлбарласан болно.

            Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Автобуснэг” ОНӨҮГ нь татан буугдсан, хамтын гэрээтэй холбоотой асуудлаар маргаантай байсан тул гомдол гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх нөхцөл байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Автобуснэг” ОНӨҮГ нь татан буугдаж, үүрэг хариуцлага нь шинээр бий болсон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжсэн, хамтын гэрээтэй холбоотой маргаантай байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар тэтгэмж олгогдсон, мөн нэхэмжлэгч нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.

            Гэрч Н.Төрбат нь байгууллагад маргаан таслан комисс байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөхгүй байна гэж гомдол гаргасан гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүсэлтээ гаргасан болох нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн албан тоот, нэхэмжлэгчийн хүсэлт, талуудын тайлбараар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Л.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 6 728 888 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд  хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН